| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00017/И |
| Дугаар | 303/ШШ2025/00136 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 303/ШШ2025/00136
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******************
Хариуцагч: **********************т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн мөнгөн тэтгэлгийн 3,460,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *****************, хариуцагч *****************, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Бүжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ************ нь ************* холбогдуулан хүүхдийн мөнгөн тэтгэлгийн 3,460,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний охин *****************нь 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн. Эцэг ***************** нь хүүхдийн мөнгөн тэтгэмж 100,000 төгрөгийг өөрийн нэр дээр холбуулан хадгаламжид хийж байгаа нэрийдлээр өөрөө авч хэрэглэж байсан. Үүнийг нь би 2024 оны 03 дугаар сард мэдсэн. Иймээс төрснөөс хойшхи хүүхдийн 100,000 төгрөг болох нийт 3,460,000 төгрөгийг *************** гаргуулж өгнө үү. Миний бие **************** албан ёсоор хүүхдийн тэтгэлгийг шүүхээр тогтоолгосон болно. 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сар хүртэлх төрөөс олгосон хүүхдийн мөнгө 3,460,000 төгрөгийг ********************** гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ************** нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Би ***************** 2020 онд танилцаад дотно харьцаатай болж 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр охин ************************* төрсөн. Бид цаашдаа хамт амьдрахаар шийдэж 2022 онд албан ёсоор хурим хийж гэр бүл болсон. Гэхдээ гэрлэлтээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй байсан. Би амьдрах хугацаандаа ажлаа хийж эхнэр хүүхдээ хоёроо юугаар ч дутаахгүй хүний зэрэгтэй амьдарч байсан. ******************* 2024 оны 02 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргаж хүүхдийн тэтгэлэг тогтоогдсон, би сар бүр хүүхдийн тэтгэлээ төлж байгаа. Анх 2021 онд охин маань төрж тэр үеэс төрөөс олгогддог хүүхдийн 100 000 төгрөгийн тэтгэмж ХААН банкны 5249314779 тоот дансанд ордог бөгөөд энэ мөнгийг тухай бүр нь бид гэр бүлийн хэрэгцээндээ зарцуулдаг байсан. Би ****************** нууж өөр зүйлд зарцуулсан асуудал огт байхгүй. Би нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж, мэс заслын тасагт сувилагчаар ажилладаг эхнэр 4 настай дагавар охинтой бид 2 гэр бүл болсон тул ажилгүй 2 хүүхдээ хараад гэртээ байдаг бөгөөд ганц хүний тогтмол цалин гэр бүлийн 4 хүний хэрэгцээнд хүрэхгүй шахам байдаг байсан. Уг хүүхдийн мөнгө юунд зарцуулагдаж байсныг **************** өөрөө мэдэж байсан. Цалингаас өөр орлогогүй тул би 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ХААН банкнаас 5,000,000 төгрөгийн цалингийн зээлийг 2,6 сарын хугацаатай авч гэр бүлийн хэрэгцээндээ зарцуулсан. Тухайн үед эмнэлгийн ажилчдын цалин маш бага сардаа 800,000 орчим төгрөгийн цалин авч байсан. Би хэдийгээр тусдаа амьдарч байгаа ч намар хүүхдүүдийн хичээл сургууль эхлэх үеэр хувцас хунар өгсөн, 2024 оны 12 дугаар сард ч бас юм хум авч өгсөн. Одоо би цалингийн зээлтэй , хүүхдийн тэтгэлэг сар бүр төлж байгаа. Би хүүхдийн мөнгийг тухай бүр нь гэр бүлийн өдөр тутмын хүнсний болоод бусад хэрэгцээнд зарцуулсан тул ****************** нэхэмжилсэн 3,460,000 төгрөгийн төлөхөөс татгалзаж байна гэжээ.
3. Зохигч шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч ***************** би нэхэмжлэлийн шаардлага болох 2,260,000 төгрөгөөс татгалзаж хариуагч ************* 1,200,000 төгрөг гаргуулахаар харилцан тохиролцсон болно. Хариуцагч *************** нь 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор миний Хаан банкны 5248077747 тоо данс руу 1,200,000 төгрөг шилжүүлэхээр болсон. Иймд бидний эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ************** нь *************** холбогдуулан хүүхдийн мөнгөн тэтгэлгийн 3,460,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч *************** нь нэхэмжлэлийн шаардлагаас 2,260,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч **************** нь 1,200,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь нотлогдож байна.
Дээрх эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч *****************улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,310 төгрөгийн тал хувь болох 35,155 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 35,155 төгрөг, хариуцагч *************** 16,675 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ************** олговол зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ************* нэхэмжлэлтэй ************* холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч ************* нь нэхэмжлэлийн шаардлагаас 2,260,000 төгрөгийг татгалзаж, хариуцагч **************** нь 1,200,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч **************** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,310 төгрөгийн тал хувь болох 35,155 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 35,155 төгрөг, хариуцагч ******************* 16,675 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ************** олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА