Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2023/ДШМ/445

 

 

 

2023             04               25                                      2023/ДШМ/445

                          

С.И-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай 

                                                                                                                                                                                                                                                                                                              Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Л.Содбаяр,

хохирогч О.Б,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/192 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.И-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн эрүүгийн 2211013081562 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

...,

Шүүгдэгч С.И- нь 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “СБ” худалдааны төвд үйл ажиллагаа явуулах “А” зоогийн газарт хохирогч О.Б-тай маргалдаж, түүнийг жирэмсэн болохыг мэдсээр байж хэвлий хэсэг рүү нь өшиглөж, халдаж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “умайн булчингийн чангарал, ихэсийн бүрэн бус ховхрол бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: С.И-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн жирэмсэн болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 /гурван/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, байнга оршин суух Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зэргээс бусад тохиолдолд хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлгүйгээр гарч явахыг хориглож хязгаарлалт тогтоон хэрэгжилтэнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлд зааснаар С.И-гаас 391.726 төгрөгийг гаргуулж, хохирогч О.Б-д олгож, хохирогч О.Б нь цаашид гарах гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой эмчилгээний зардлыг Иргэний хуульд заасан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.И гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний бие 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр иргэн О.Б-тай маргалдан биед нь халдаж зодсон хэрэгт холбогдож, шүүхээс гэм буруутайд тооцож, 3 сарын хугацагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүх хуралдаанд учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч гомдолгүй гэсэн болно. Миний бие Нар хажид сүмд ламын ажил хийдэг бөгөөд уг сүм нь Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байдаг тул өдөр бүр Баянгол дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрээс гарч явах шаардлагатай болдог. Мөн би 2 настай хүүхэдтэй, ажилдаа явах бүртээ хүүгээ Баянгол дүүргийн 5 хорооны нутаг дэвсгэрт байрлах хадам ээжийндээ хүргэж өгдөг. Иймд миний хувийн байдлыг харгалзан зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэв.

Хохирогч О.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнөх шүүх хуралдаанд С.И “Би ажил хөдөлмөр эрхэлдэггүй, гэртээ хүүхдүүдээ хардаг” гэж хэлсэн. Гэтэл одоо яагаад гэнэт ажил хөдөлмөр эрхэлдэг гэж байгааг гайхаж байна. Мөн намайг гомдолгүй гэж шүүх хуралдаанд хэлсэн мэтээр гомдолдоо дурдсан байна. Би гомдолгүй гэж огт хэлээгүй, шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэл гомдолтой байгаа талаараа хэлсэн. ... Мөн хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй.” гэв.

Прокурор Л.Содбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэтдээ: “Прокурорын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 19 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон дараах дүгнэлтийг гаргаж байна. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь, анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон. Дээрх гэмт хэрэг нь 2022 оны 7 дугаар сард үйлдэгдсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад С.И- оргон зайлсны улмаас хэргийг багагүй хугацаагаар түдгэлзүүлсэн. Хэдийгээр шүүгдэгч нь гэм буруу, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа гэх боловч шүүх хуралдаанаар гэм буруутайд тооцогдсоны дараа 5 хоногийн завсарлага авч 391.000 төгрөгийн хохирол төлбөрийг хохирогчид төлж барагдуулаагүй. Мөн завсарлага дууссаны дараа шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй зэрэг нөхцөл байдал нь түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээргүй байна. Түүнчлэн шүүгдэгч нь бага насны 4-5 хүүхэдтэй, гэртээ хүүхдүүдээ хардаг, ямар нэгэн ажил эрхэлдэггүй гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн. Зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахад татгалзах зүйлгүй талаар хэлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдана. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

С.И нь 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “СБ” худалдааны төвд үйл ажиллагаа явуулах “А” зоогийн газарт хохирогч О.Б-тай маргалдаж, түүнийг жирэмсэн болохыг мэдсээр байж хэвлий хэсэг рүү нь өшиглөж, зодсоны улмаас эрүүл мэндэд нь “умайн булчингийн чангарал, ихэсийн бүрэн бус ховхрол бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

            Хохирогч О.Б “... 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр би нөхөр Батбилэгийн ажилладаг “СБ” худалдааны төвийн 1 давхарт байдаг цайны газарт очсон юм. Тэгэхэд И гэх хүүхэн хамт байсан. И нь Б-т хандаж наад нэг хүүхнээ явуулаач гэж хэлэхээр нь маргалдсан. И нь явлаа гэж гарч яваад буцаад архи авч орж ирж уусан. Тэгээд над руу И агсам тавьж хоолны таваг шидсэн. Намайг үсдээд миний гэдэс рүү 2 удаа хөлөөрөө өшиглөсөн. ... би гадагшаа гарсан чинь миний араас гарч ирээд дахиж миний үснээс зулгааж, гэдэс рүү 2 удаа өшиглөсөн, ... би тухайн хэрэг болох үед 8 сартай жирэмсэн байсан юм. ... Би Б-ийг бодоод гомдолгүй гэж хэлж байсан чинь И нь утасны цаанаас элдвээр доромжлоод байгаа болохоор дургүй хүрээд гомдоод байна. ... эмчилгээний зардал 1.046.626 төгрөгний зардал гарсныг нэхэмжилнэ” /хх 7, 9/ гэж тухайн газар, цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед халдсан С.И-тай маргалдах болсон шалтгаан, эрүүл мэндэд учирсан хохирлынхоо талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

           гэрч Ж.С-ийн “... 2022 оны 7 дугаар сарын 21-ний орой Б нь манай эх хүүхдийн төвийн яаралтай тусламжаар үзүүлж ирэхдээ хүнд өшиглүүлээд хэвлий хэсгээр өвдөж, доошоо юм гарч, толгой өвднө гэсэн оноштой ирсэн юм. Хүлээж авахад хэвлийн доод хэсгээр эмзэглэлтэй, умайд тонустай, цус эргэлтийн систем болон ургийн талаас өөрчлөлтгүй, эхэсийн захаас бага зэрэг ховхролттой гэж яаралтай тусламжийн тасагт ЭХО-д харахад ураг орчмын шингэн бага учир эрсдэлтэй жирэмсэн судлалын тасагт хэвтүүлсэн. ... Дээрх хэвлийд өшиглүүлснээр умайд тонус өгч, дутуу төрөх болон эхэс ховхрох эрсдэл байсан тул эмчилгээ яаралтай авснаар хэвийн байдалд нь оруулсан.” /хх 35-36/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 10487 дугаар “О.Б-ийн биед умайн булчингийн чангарал, ихэсийн  бүрэн бус ховхрол тогтоогдлоо.  Умайн булчингийн чангарал, ихэсийн  бүрэн бус ховхрол нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Умайн булчингийн чангарал, ихэсийн  бүрэн бус ховхрол нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх 20-22/,

           яллагдагчаар С.И-ийн “... 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 13 цаг өнгөрч байхад Б-ийн салсан эхнэр Б нь миний ажиллаж байсан Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “СБ” худалдааны төвд байрлах “А” зоогийн газарт ирсэн юм. Тэгсэн манай нөхөр Б-ийн салсан эхнэр О.Б нь ирээд намайг “чи гар утасны цаанаас их том юм билээ, халтар авгай минь” гэж үгээр дайрч, доромжилж, хэрүүл эхлүүлсэн. ... Б чанга хашгирч орилоод байхаар нь “чи ер нь яах” гээд байгаа юм бэ гэж хэлээд ширээ гараараа ... Б- бид хоёр хоорондоо үсдэлцээд байж байхад Батбилэг бид хоёрын дундуур орж салгасан. Тэгээд би цайны газрын гадаа коридорт зогсож байтал араас Б- намайг үсдэхээр нь би өөрөөсөө холдуулах гээд хөлөөрөө нэг удаа л өшиглөсөн юм. ... салсан нөхөр Батбилэгээс нь болж гэр бүлийн зөрчилдөөн үүссэн юм. Хааяа Батбилэг рүү Б- нь залгадаг. Энэ мэт асуудлаас болж Б-тай маргах шалтгаан үүссэн юм. ...” /хх 42/ гэх мэдүүлгүүд,

хохирогч О.Б-гийн өвчний түүх дэх 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн ЭХЭМҮТ гарах үеийн эпикриз “ ... Жирэмслэлт IV-III 34-35 долоо хоног ... Ихээс ховхролтыг сэжиглэн цусны дэлгэрэнгүй шинжилгээг өдөр болгон авч хянасан. Эхэд төрөлтийн үед ихэс ховхролт, цус алдалт, ургийн бүтэлт, ураг амьгүй болох зэрэг эрсдэл, хүндрэлүүд байгаа талаар тайлбарласан. ... ” /хх 23-26/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 4/ зэргээр давхар нотлогджээ.

Дээрх үйл баримтаас өмнө болон дараа нь О.Б бусдад зодуулсан эсхүл өөр бусад хүчин зүйлээс болж биедээ тухайн гэмтлийг авсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч С.И-гийн хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, гэм буруутайд тооцож дүгнэсэн анхан шатны дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцэж байна.

Шүүгдэгч С.И-гаас “... Миний бие НХ сүмд ламын ажил хийдэг, уг сүм нь Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байдаг. Иймд миний хувийн байдлыг харгалзан зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.

Дээр дурдсан үндэслэл, зарчим, нөхцөл байдлуудыг удирдлага болгосны үндсэн дээр анхан шатны шүүх шүүгдэгч С.И-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Харин шүүх шүүгдэгч С.И-д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих чиглэлийг тогтоохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ.” гэж заасныг зөрчсөн буюу “... эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зэргээс...” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд олгогдсон эрх хэмжээнээс хэтэрсэн чиглэлийг зааж тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.  

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.И-гийн албан ёсны хаяг болох Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулахаар шийдвэрлэв.

Түүнчлэн шүүгдэгч С.И нь анхан шатны шүүх хуралдаанд “би ажил хийдэггүй” гэсэн байхаас гадна тэрээр Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах НХ сүмд ламаар ажилладаг гэснийг нотлосон баримт хэрэгт авагдаагүйг дурдах нь зүйтэй.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор хуульчилсан бөгөөд бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар гэм хорыг арилгах үүрэгтэй.

          Нөхөн төлөгдөх эрүүл мэндийн хохирол нь хохирогчийн эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сайжруулахтай холбогдон гарсан бодит зардлын хэмжээгээр, харин эд хөрөнгийн хохирол нь гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээгээр тодорхойлогддог.

          Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад, хохирогч О.Б-гийн зүгээс өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан зардалд баримтаар нийт 1.092.006 төгрөгийг нэхэмжилсэн байхад шүүх тус баримтуудаас алийг нь үнэлсэн эсэх нь тодорхойгүй байна.

          Өөрөөр хэлбэл,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байхаас гадна шүүгдэгч С.И-гаас 391.726 төгрөгийг гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

          Тодруулбал, хохирогч О.Б-гаас гаргаж өгсөн 1.092.006 төгрөгийн нотлох баримтуудаас огноо нь тодорхойгүй “Мөнхийн тун” ХХК эмийн сангийн 18.000 төгрөгийг eбаримт болон “Төгс Фармакон” эмийн сангийн 2022 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 43.700 төгрөгийн, 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн н.Э-ийн ДоХэрлэн-Улаанбаатар руу зорчсон 25.450 төгрөгийн, О.Б-гийн ДоХэрлэн-Улаанбаатар хот руу зорчсон 50.900 төгрөгийн хот хоорондын орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар бүхий нийт 187.350 төгрөгийн баримтууд нь гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнөх цаг хугацаатай буюу тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг хэмээн үзэх үндэслэлгүй.

          Харин хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар нотлогдсон хэмжээнд 904.656 төгрөгийг шүүгдэгч С.Идрагаас гаргуулж, хохирогч О.Б-д олгох нь зүйтэй байна.

          Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч С.Идрагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/192 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

          3 дахь заалтын “... шүүгдэгч С.И-г байнга оршин суугаа буюу Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зэргээс бусад тохиолдолд хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлгүйгээр гарч явахыг хориглож ... ” гэснийг  “... шүүгдэгч С.И-г байнга оршин суугаа буюу Нийслэлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлгүйгээр гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоож, уг ялын хэрэгжилтэнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.”,

          5 дахь заалтын “... С.И-гаас 391.726 төгрөгийг гаргуулж, ....” гэснийг “... С.И-гаас 904.656 төгрөгийг гаргуулж, ...”  гэж тус тус өөрчилсүгэй.

          2. Шүүгдэгч С.И-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

          3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ОЧМАНДАХ

 

                                    ШҮҮГЧ                                                          Б.ЗОРИГ

 

                                    ШҮҮГЧ                                                          Н.БАТСАЙХАН