Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 126/ШШ2024/0163

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Х************** хязгаарлагдмал хариуцлагатай компани /цаашид ХХК гэх/-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч О.А*********** , санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Д.П*********** нарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга П.Жавзанпагма, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б*********** , хариуцагч Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч О.А*********** , санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Д.П*********** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь;

1.Нэхэмжлэлийн шаардлага:

Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч О.А*********** , байцаагч Д.П*********** нарын тогтоосон 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 36-05/35 тоот актыг хүчингүй болгуулах.

2.Хэргийн нөхцөл байдлын талаар товч:

Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын /ахлах/ байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 36-05/35 дугаартай төлбөрийн актаар Х*********** ХХК нь Мөрөн хот үүсэж хөгжсөний 210 жил, Хотгойд хурд 2019, Хангайн бүсийн даншиг наадамд хүрээ цам үзүүлэх зардал 10.0 сая төгрөг, Техникийн бодлогын баримт бичгийг шинээр боловсруулж мөрдөх арга хэмжээнд 5.0 сая төгрөг, нийт 15.0 сая төгрөгийн ажил гүйлгээ гаргаагүй гэх ба юунд зарцуулсан баримт байхгүй, нягтлан бодох бүртгэлийн үнэн зөв байх зарчмыг баримтлаагүй гэж үзэн Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 13 дугаар зүйлийн 13.5, 13.6 дахь заалтыг зөрчсөн гэж үзэн компанийн ашгийг татварын бус орлогод төвлөрүүлээгүй буруутай албан хаагчдаар төлүүлэх, албан хаагчид эс зөвшөөрвөл компани 15.0 сая төгрөгийг аймгийн төрийн сангийн хүү, торгуулийн 100170000982 тоот дансанд 2024 оны 06 дугаар сарын 25-ны дотор төвлөрүүлэхийг захирал З.Б*********** , ерөнхий нягтлан бодогч Д.Б*********** нарт хариуцуулжээ.

3.Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны талаар:

Х*********** ХХК-ийн урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гаргасан гомдлыг Монгол Улсын Сангийн сайд хянаад 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01/5708 дугаар бичгээр Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын /ахлах/ байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 36-05/35 дугаартай төлбөрийн актыг хэвээр үлдээжээ.

4.Нэхэмжлэгч Х*********** хязгаарлагдмал хариуцагчтай компани /цаашид ХХК гэх/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

4.1.Хөвсгөл аймгийн Х*********** ХХК-ийн өмчлөгч нь Хөвсгөл аймгийн иргэдийн Тэргүүлэгчдийн Хурал бөгөөд энэ хурлаас 2019 оны 71.8 сая төгрөгийн ногдол ашгийг зарцуулах эрхийг тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд шилжүүлсний дагуу Төлөөлөн удирдах зөвлөлөөс Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон Компанийн дүрэмд зааснаар ногдол ашиг хуваарилах тухай шийдвэрийг гаргаж нийт 71.8 сая төгрөгийг хуваарилсан юм.

4.2.Гэвч хариуцагч байгууллагаас 2019 оны ашиг сонирхол 71.8 сая төгрөгийг Хөвсгөл аймгийн Х*********** ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 07 дугаар тогтоолоор зарцуулсан нь буруу гэж үзэж дээрх актыг тогтоосон бөгөөд уг шийдвэр нь хууль бус тул хүчингүй болгож өгөхийг хүссэн шаардлагыг гаргаж байна.

4.3.Энэ акт нь нэгэнт Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр хууль ёсны дагуу зарцуулсан асуудлаар гарч ирсэн бөгөөд 71.8 сая төгрөгийг татварын бус орлогод төвлөрүүлж төлөх нь манай байгууллагын эрх ашгийг шууд хөндсөн зүйл болж байна.

4.4.Түүнчлэн үүнтэй холбоотойгоор аймгийн төрийн сангийн хүү, торгуулийн дансанд 15.0 сая төгрөгийг төвлөрүүлж төлөх нь мөн манай байгууллагын эдийн засгийн хувьд бие даасан хараат бус байх, техник технологийг сайжруулах, жилийн ямар ч улиралд эрчим хүчээр иргэд аж ахуйн нэгж байгууллагыг найдвартай хангах эрхэм зорилгыг хөндсөн шийдвэр юм.

4.5.Манай байгууллага уг маргаантай актын талаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа явуулсан бөгөөд Монгол Улсын Сангийн сайд зөвшөөрөхгүй гэсэн шийд өгснийг 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөр хүлээн авч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

4.6.Иймд Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны ахлах байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 36-05/35 тоот төлбөрийн актыг хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгож өгнө үү.

4.7.Тус компанийн 2019 оны Санхүүгийн тайлангаар 71.8 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж тухайн ашгийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан бичгийн дагуу тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөр хэлэлцэн 7 төсөл арга хэмжээг зохион байгуулж санхүүжүүлэхээр батлагдсан.

4.8.Үүнээс техникийн бодлогын баримт бичиг боловсруулж мөрдөх арга хэмжээний зардлыг санхүүжүүлээгүй техникийн бодлогын баримт бичиг хийгдээгүй болно.

4.9.Иймд тус зардал нь тухайн жилд хэмнэгдэж оны эцсийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэлд буюу компанийн ашиг алдагдлын дүнд байгаа болно гэжээ.

5.Нэхэмжлэгч Х*********** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б***********  шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

5.1.Эрчим хүчний байгууллагын үйл ажиллагааны өмнөөс би хэлэх ёстой юм. Тогтоосон актыг зөвшөөрч байгаа. Ямар асуудалд гомдолтой байгаа гэхээр энэ асуудал нийгмийн эрх ашигтай нийцэх юм уу, Эрчим хүчний байгууллага хүнд байдалд байгаа. Өнөө маргаашаа өнгөрөөж байгаа эрчим хүчний системд энэ нийцэх юм уу, дарамтлаад яваад байж болох юм уу гэдэг талаас нь би тайлбарлаж байгаа. Энэ асуудал учир дутагдалтай байна.

5.2.Үүнд намын үзэл орж байна. Өөр журмаар явсан бол арай өөрөөр шийдэгдэх ёстой байсан. Дээд албан тушаалтнаас нь бүгдийг нь зохицуулж байна. Тэгэхгүй бол болохгүй. Тэр байдлаараа бусдыг ажлаас халдаг, эрсдэлд оруулдаг. Захиргааны хэргийн шүүх бол нийтийн эрхийг хамгаалах ёстой. Үүнд нийцүүлж энэ хэргийг шийдвэрлэж өгөөч гэж хүсэж байна.

5.3.Х*********** ХХК-д 71,8 сая төгрөгийн акт тогтоосон. Үүнээс 15,000,000 төгрөг ямар ч баримтгүй. Эзэмшигч нь хуулиараа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Энэ байгууллагыг санхүүжүүлэхэд яг юу нь болохгүй гэж байгаа юм.

5.4.Сүүлд 5.0 сая төгрөг үлдсэн. Энэ байгууллага эрчим хүчээр хангаж чадахгүй болбол яах юм. Энэ асуудлыг нийтийн эрх ашгийн үүднээс шийдэх ёстой. Тргэдийн хуралд 15.0 сая төгрөгийг өгөөд яах юм. Утгагүй байна. Ноцтой, үр дагавар ихтэй. Монгол Улсын эрчим хүчний эх үүсвэрт нөлөөлнө. Эрчим хүч даахгүй байгаа нөхцөлд шүүгч бодох ёстой.

5.5.Монгол Улсын сангийн яамны Ерөнхий санхүүчийн гаргасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцэхгүй. Хянасан шалгасан зүйл байхгүй. Хэрэгт энэ талаар баримт байхгүй.

5.6.Эд нарын гаргасан санал дүгнэлт бол зүгээр л нэг цаасан дээр бичсэн зүйл. Би үүнийг ойлгож байна. Эзэн холбогдогч нь би, тавьсан эзэн нь би үүнийг би хамгаална гэдэг үүднээс шүүх хуралдаанд оролцож байгаа. Тэрийг би ойлгож байгаа. Гэхдээ энэ бол бодит байдалд нийцэхгүй.

5.7.15.0 сая төгрөгийг эднийд өгөөд яах юм. Энэ мөнгө улс орны эрчим хүчинд хэрэгтэй. Тэгээд ч буруу. Шүүхэд гаргаж өгсөн баримт нь 15.0 сая төгрөгийн ямар ч нотолгоогүй юм байна гэсэн зүйл яригдаж байгаа. 15.0 сая төгрөгийн баримт гаргаж өгсөн. 5.0 төгрөгийн хүрээнд л асуудал байгаа юм. Тэр нь одоо болтол байгаа. Түүнийг өгөхөд огт асуудал байхгүй. Тийм учраас хэргийн бодит байдалд нийцүүлж шийдвэрлэж өгнө үү гэв.                                                                   

6.Хариуцагч санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор О.А*********** , санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Д.П*********** нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

6.1.Бид Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2023 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн Засаг даргаар батлуулсан 26 тоот удирдамжаар Х*********** ХХК-ийн 2020-2022 оны санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт хийхэд орон нутгийн өмчид ногдох хувьцааны ногдол ашгийг орон нутгийн төсвийн харилцах дансанд төвлөрүүлэн зарцуулах ёстой байтал 2019 оны 71.8 сая төгрөгийг Х*********** ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол гарган дараах арга хэмжээнд зарцуулсан байгаа нь Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь Аймаг, нийслэлийн төсвийн татварын бус орлого дараах орлогоос бүрдэнэ гэсэн заалт, 2019 оны 71.8 сая төгрөгийг Х*********** ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор зарцуулах шийдвэр гаргасан бөгөөд Мөрөн хот үүсэж хөгжсөн 210 жил, Хотгойд хурд 2019, Хангайн бүсийн даншиг наадамд (хүрээ цам) үзүүлэх зардал 10.0 сая төгрөг, Техникийн бодлогын баримт бичиг-ийг шинээр боловсруулж мөрдөх арга хэмжээнд 5.0 сая төгрөг нийт 15.0 сая төгрөгийг ажил гүйлгээ гаргаагүй гэх ба юунд зарцуулсан баримт байхгүй байгаа нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх үнэн зөв байх гэсэн заалт, мөн хуулийн 13.5 дахь Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна гэсэн заалт, мөн хуулийн 13.6 дахь Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн учир төлбөрийн акт тогтоосон болно.

6.2.Х*********** ХХК нь 2024.06.13-ны өдрийн 1/259 албан бичгээр санхүүгийн яаманд гомдол гаргахад 2024.07.02-ны өдрийн 01/5708 албан бичгээр дараах шийдвэрийг гаргасан.

6.3.Хөвсгөл аймгийн Х*********** ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 7 дугаар тогтоолоор Компанийн 2019 оны үйл ажиллагааны ашиг болох 71.8 сая төгрөгийг зарцуулах тухай шийдвэр нь Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт Аймаг, нийслэлийн төсвийн татварын бус орлого дараах орлогоос бүрдэнэ гэж, мөн зүйлийн 23.7.1 дэх заалт орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн орон нутгийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг гэж, Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Дүрэм шинэчлэн батлах тухай 61 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Х*********** ХХК-ийн дүрмийн 1.4 дэх заалт Х*********** Хөвсгөл аймгийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байна, 2.1 дэх заалтад Компани нь 100 хувь /хувьцааг нь Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал/ Хөвсгөл аймгийн өмчийн хязгаарлагдмал хариуцлагатай компани юм, 5.1 дэх заалтад Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө нь хувьцаанаас бүрдэх бөгөөд нэг бүр нь 10.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1,680,000.0 ширхэг хувьцаатай байна, 6.1 дэх заалтад Ногдол ашиг хуваарилах эсэх тухай Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гаргах бөгөөд Хувьцаа эзэмшигчдийн хурлаар баталгаажуулна, 8.1 дэх заалтад ... Хувьцаа эзэмшигчдийн хурал аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байх бөгөөд түүний эрхийг Тэргүүлэгчид хэрэгжүүлнэ гэж заасныг тус тус зөрчсөн байх тул төлбөрийн акт нь үндэслэлтэй байна гэж Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.5 дахь заалтад заасны дагуу Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын /ахлах/ байцаагчийн 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 36-05/35 дугаартай төлбөрийн актыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн.

6.4.Орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн орон нутгийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг орон нутгийн төсвийн харилцах дансанд төвлөрүүлэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор зарцуулах ёстой байтал 2019 оны 71.8 сая төгрөгийг Х*********** ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөл нь тогтоол гарган зарцуулсан нь хууль зөрчсөн үйл ажиллагаа болсон тул 71.8 сая төгрөгөөр нэхэмжлэх нь зүйтэй байна гэжээ.

7.Хариуцагч Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч О.А***********  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

7.1.Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны 2023 оны батлагдсан төлөвлөгөөний дагуу хяналт шалгалтыг хийсэн. Бүрэлдэхүүний хувьд манайх бүтцээрээ орсон бөгөөд олон хүмүүс оролцсон. Жил жилээр нь салгаж үзсэн. Ахалж байсан улсын ахлах байцаагч ерөнхий танилцуулгаа бэлдсэн. Миний хувьд акт, нотлох баримтын хувьд манай улсын байцаагч Д.П*********** гаргасан.

7.2.Х*********** ХХК орон нутгийн өмчийн үйлдвэрийн газар юм. Хувьцаа эзэмшигчдийн хувьд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байх ёстой. Иргэдийн хурлаас томилогдсон Төлөөлөн удирдах зөвлөл нь эрх үүргийн хувьд ногдох ашгаа хуваарилах, зарлах эрхтэй.

7.3.Аймгийн иргэдийн хурал хувьцаа эзэмшигчийн хувьд 100 хувь эзэмшигч нь учраас Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасан аймаг, нийслэлийн төсвийн татварын бус орлого дараах орлогоос бүрдэнэ. Мөн хуулийн 23.7.1 дэх хэсэгт зааснаар орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн орон нутгийн өмчид ногдох ашиг бол төсвийн бүрэлдэхүүн хэсэг байна гэж заасан.

7.4.Тийм учраас бүрэн хувьцаа эзэмшигч төрийг төлөөлж байгаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрөө зарласан ногдол ашгаар орон нутгийн төсвийн орлогоо бүрдүүлж тэндээсээ төсвийн дахин хуваарилалтаар хуваарилах бүрэн эрх нь иргэдийн хуралд байгаа.

7.5.Бид компанийн дүрмийг авч үзсэн. Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол бол ашгийг хөрөнгөд зарцуулах эрх байхгүй. Ганцхан хөрөнгө захиран зарцуулах эрх нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд байгаа. Хувьцаа эзэмшигч бол аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал түүний эрхийг тэргүүлэгчид хэрэгжүүлнэ.

7.6.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний нэгж, түүний удирдлагын тухай хуульд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг зааж өгсөн. Үүнд орон нутгийн өмчийн өмчлөлийн заалт байгаа. Аймгийн иргэдийн хуралд хадгалагдана. Тийм учраас уг хуулийн хүрээнд аймгийн иргэдийн хурал орон нутгийн төсвийн орлогод оруулсан ногдол ашгийг дахин хуваарилалтаар захиран зарцуулах эрхтэй. Зарласан ногдол ашгийг төрийн үйл ажиллагааг төлөөлж байгаа иргэдийн хурлын орон нутгийн төсвийн бүрэлдэхүүн хэсэгт шилжүүлэхийг Төсвийн тухай хуулиар зааж өгсөн. Хуулийн хүрээнд ийм эрхзүйн зохицуулалт байгаа.

7.7.Нийт дүнгээр 71.8 сая төгрөгийг Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор зарцуулахаар шийдвэр гаргасан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Т***********-аас Х*********** ХХК-ийн захирал Г.О***********-тхандан Мөрөн хот үүсэж хөгжсөний 210 жилийн ой, Хотгойдын хурд наадмын нээлтийн арга хэмжээнд хүрээ цам үзүүлэх зардалд 10.0 сая төгрөг танай байгууллага санхүүжүүлж ажилласан. Уг зардал нь Засаг даргын тамгын газрын төсөвт батлагдаагүй учраас боломжгүй. Иймд төлөөлөн удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн компанийн дансны үлдэгдэл буюу ашгаас тооцсон авлагыг барагдуулж ажиллана уу гэсэн албан бичиг өгсөн байгаа. Энэ шийдвэрийг ойлгохгүй байна. Энэ бол иргэдийн хурлын шийдвэр биш. Иргэдийн Хурлын бүрэн эрхийг иргэдийн Хурал түүний Тэргүүлэгч хэрэгжүүлнэ гэж байгаа.

7.8.Бид хэрэгт танилцах явцад бас нэг тайлбар өгсөн байсан. 5.0 сая төгрөг манай хуримтлагдсан ашигт байгаа. Х*********** ХХК ногдол ашгаа хуулийн хүрээнд төсвийн орлогод шилжүүлээгүй байна. Тийм учраас бидний тавьсан акт эрх зүйн хувьд зөв гэж үзэж байна.

7.9.Ногдол ашгийг орон нутгийн төсөвт орлого оруулна. Харин хувьцаа эзэмшигч иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд буцаад эрчим хүчний үйл ажиллагааг сайжруулах зохих хэмжээний арга хэмжээнд зарцуулах, төсвийн тодотгол, төсвийн төлөвлөлтөд оруулан шийдвэрлэх боломж байгаа. Дан ганц үүнийг хураагаад авчхаж байгаа асуудал биш. Тухайн эрчим хүчний үйл ажиллагааг дэмжих, тасралтгүй явуулах үйл ажиллагааг дэмжих гэсэн үндэслэлээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал төсөвтөө зохих хэмжээний ногдол ашгаас хувь үйл ажиллагаагаа тайлагнаад олгож болно.

7.10.Эхний ээлжинд Төсвийн тухай хуулиар төсвийн дансанд төвлөрөх ёстой. Үүнийг дахин хуваарилалтаар зарцуулах бүрэн эрх нь иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд байгаа. Нийт ногдол ашгийг бүгдийг нь төвлөрүүлэх ёстой.

7.11.Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гаргаж зарцуулах эрхийг нь өгсөн гэх боловч цаг хугацааны хувьд ийм зөрүүтэй учраас анхан шатны баримтын хуулийн үндэслэл дутуу байна гэж үзээд 15.0 төгрөгийн акт тавьсан. Урьдчилж ногдол ашгийг гаргасан. 5.0 төгрөг одоо хуримтлагдсан ашигтаа байгаа. Үүнийг орон нутгийн төсвийн орлогод төвлөрүүлэх ёстой гэв.

8.Хариуцагч санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Д.П*********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

8.1.Тухайн актад 3 дугаар сарын 11-ний өдөр сонсох ажиллагаа явагдсан байдаг. Сонсох ажиллагаанд Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга байсан Хуншагай, нягтлан бодогч байсан Будсүрэн, одоогийн захирал Бадрал, тухайн үеийн нягтлан бодогч Бат-Оргил оролцсон.

8.2. 3 дугаар сарын 15-ны өдрийн 1/37 албан бичгээр тухайн Төлөөлөн Удирдах зөвлөлийн тогтоолын хавсралтад анхан шатны баримтаа ирүүлнэ үү гэсэн. Мөрөн хот үүсэж хөгжсөний 210 жилийн ой, Хотгойдын хурд наадмын нээлтийн арга хэмжээнд хүрээ цам үзүүлэх зардалд 10.0 сая төгрөг батлагдсан. Энэ нь 2020 онд гүйлгээ гараагүй. 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр энэ гүйлгээ гарсан байдаг. Уг мөнгөн гүйлгээний журналыг нотлох баримтаар өгсөн. 2020 оны 3 сарын 3-ны өдрийн 1/51 дугаартай албан бичгээр уг гүйлгээ гарсан болохыг нотолж байна.

8.3.Мөрөн хот үүсэж хөгжсөний 210 жилийн ой, Хотгойдын хурд наадмын Хүрээ Цам үзүүлэх зардалд нийт 10.0 сая төгрөгийг танай байгууллага санхүүжүүлж ажилласан байна гэсэн тоотыг өгсөн байна. Энэ талаар мөнгөн гүйлгээний журнал дээр байгаа.

8.4.Албан бичгийг үндэслэн 10.0 сая төгрөг Төлөөлөн удирдах зөвлөлд гаргаж байгаа нь эргээд хуулиа зөрчиж байгаа үйлдэл.

8.5.Техникийн бодлогын баримт бичгийг шинээр боловсруулах гээд 5.0 сая төгрөг тогтоолоор гаргах гэж баталсан боловч энэ нь анхан шатны баримтгүй, огт гаргаагүй. Хэргийн материалтай сая танилцахад хуримтлагдсан ашигт байгаа гэсэн. Хуримтлагдсан ашигт байгаа бол 10.0 төгрөг хуримтлагдсан ашигт байгаа. Яагаад гэвэл 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ашиг гарахаас өмнө зарцуулагдсан учраас хэвээр нь зарцуулагдаагүй бол ашиг нь 81.8 сая төгрөгөөр тайлагнагдахаар байгаа. Ногдол ашгаа зарлаад гаргаагүй учраас Төсвийн тухай хуулиараа төсвийн бүрэлдэхүүн болгох нь зүйтэй.

8.6.Орон нутгийн өмчийн компани өөрөө худалдан авах ажиллагааны тухай хуульдаа захирагдаагүй анхан шатны баримт бүрдэл болгоогүй нэхэмжлэх, Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг үндэслэсэн. Тийм учраас бид нар 71,800,000 төгрөг нэхэмжлэх нь зүйтэй гэсэн шүүхийн тайлбар хүргүүлсэн байгаа.

8.7.Үүнд намын үзэл суртал огт хамаагүй. Төрийн албан хаагч өргөсөн тангаргийн хүрээнд анхан шатны баримтаар нотлогдож байгааг хараат бус, бие даасан байдлаар гаргасан.

8.8.Энэ баримт нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5.1.4 дэх хэсэгт заасан үнэн зөв байх зарчим мөн 13.5-д заасан анхан шатны баримтыг үйлдсэн түүнийг зөвшөөрсөн шалгасан ажилтан гарын үсэг зурсан, тамга тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Мөн цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримтад цахим гарын үсэг зурж баталгаажуулсан байна. 13.6 дахь хэсэгт анхан шатны баримтын үнэн зөв түүнийг үйлдсэн зөвшөөрсөн шалгасан, хүлээн авсан ажилтан хариуцах заалт, 13.7 дахь хэсэгт анхан шатны баримтын бүрдэлгүй ажил гүйлгээг бүртгэх санхүүгийн тайланд тусгахыг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчиж байгаа тул актыг тогтоох үндэслэл болсон байгаа.

8.9.Мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан бичиг нь эрх зүйн шийдвэр биш гэж үзэж байгаа. 71.8 сая төгрөгийн тогтоол гаргаад үр ашигтай зарцуулсан зүйл байхгүй байгаа.

8.10.Нэхэмжлэх болон Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор зарлага гаргаж байгаа нь акт тавих бүрэн үндэслэл болж байгаа. Эрчим хүчний байгууллага ашигтай ажиллаж байгаа юм уу, алдагдалтай ажиллаж байгааг тогтоох нь бидний үүрэг.

8.11. 15.0 сая төгрөгт бидний акт өөрчлөгдөөгүй. Үүнд нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудын зөрчсөн. Нотлох баримт анхан шатны баримтууд байхгүй байсан учраас төлбөрийн акт тавихаар тогтоож байгаа.

8.12. 71.8 сая төгрөгөөр бодохоор 10.0 сая төгрөг огт гараагүй байгаа. 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол гаргахад 71.8 сая төгрөгийн ашигтай байна. Ашгийг 7 арга хэмжээнд хуваарилсан байсан. Тэр 71.8 сая төгрөгөөс 10.0 сая төгрөг огт гараагүй 5.0 сая төгрөг огт гараагүй, хуримтлагдсан ашигт байгаа. 10.0 сая төгрөг нь гарчихсан юм шиг тайлбарласан байна. Өмнө гарсан 10.0 сая төгрөгөө иргэдийн хуралд Мөрөн сумын Тамгын газраас шийдвэрлэж өгөөч энэ танайд үүссэн авлага байна гэдэг байдлаар тайлагнагдаад тэр нь 3 дугаар сарын 3-ны албан бичгээр нотлогдож байгаа.

8.13.Хүрээ цам 10.0 төгрөг 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр мөнгөн гүйлгээний журналд гарчихсан харагдаж байгаа. Хэрэв тэр гараагүй байсан бол 81.8 сая төгрөгөөр Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гаргах байсан. Тэгэхээр тэр 10.0 сая төгрөгийг гарчихсан гэж ярьж байгаа нь өрөөсгөл юм. 15.0 сая төгрөг тэр компанийн хуримтлагдсан ашигт байгаа. Яагаад гэвэл ногдол ашгаа зарлаагүй юм. Ногдол ашгаа зарлаад мөнгөн хөрөнгөө бусдад өгчихсөн бол энэ гарсныг нотлох ёстой. Тэгэхээр уг 15.0 төгрөг огт гараагүй хуримтлагдсан ашигт байгаа.

8.14.Ногдол ашиг 71.8 сая төгрөгийг татварын бус орлогод оруулах ёстой гэсэн өмнөх тайлбараасаа татгалзаж 15.0 сая төгрөгийг төлүүлэх актаа хамгаалж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь;

9.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Х*********** ХХК-ийн Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч О.А*********** , улсын байцаагч Д.П*********** нарт холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны ахлах байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 36-05/35 тоот төлбөрийн актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

10.Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын /ахлах/ байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 36-05/35 дугаартай төлбөрийн актаар 15 сая төгрөгийг аймгийн төрийн сангийн хүү, торгуулийн 100170000982 тоот дансанд төвлөрүүлэхийг захирал З.Б*********** , ерөнхий нягтлан бодогч Д.Б*********** нарт хариуцуулжээ.

11.Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон ..., бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно, 37.5-д Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно гэж зааснаар сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт байна.

12.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь ..., хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

3 дугаар зүйлийн 3.1-д Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: ... 3.1.3."нэхэмжлэл" гэж ..., хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, ... эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг гэж заасан тул нэхэмжлэгч Х*********** ХХК нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

13.Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.5-д Дотоод аудитын албаны дүрмийг Засгийн газар батална гэж заасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 483 дугаар тогтоолоор батлагдсан Дотоод аудитын дүрэм-ийн 4.5-д Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагч байх бөгөөд Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газрын шийдвэрээр олгоно, 11.1-д Улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногт багтаан Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргана, 11.2-т Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагч гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно гэжээ.

14.Х*********** ХХК нь Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын /ахлах/ байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 36-05/35 дугаартай төлбөрийн актыг эс зөвшөөрч Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргасны хариуд Монгол Улсын Сангийн сайдын 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 01/5708 тоот албан бичгээр төлбөрийн актыг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

15.Х*********** ХХК нь Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын /ахлах/ байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 36-05/35 дугаартай төлбөрийн актыг хүчингүй болгуулахаар 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

16.Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 126/ШЗ2024/0284 дүгээр захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж ирүүлэх хугацаа тогтоосон боловч тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаж ирүүлээгүй тул 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 126/ШЗ2024/0303 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцаажээ.

17.Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж ирүүлэх хугацаа тогтоосон 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 126/ШЗ2024/0284 дүгээр шүүгчийн захирамжийг нэхэмжлэгч Х*********** ХХК-д гардуулахдаа шүүхийн ажилтан хэнд гардуулан өгсөн тухайгаа тэмдэглээгүй, гарын үсгийн тайллыг нь бичүүлээгүй байх тул нэхэмжлэгч Х*********** ХХК-ийг нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж ирүүлэх хугацааг хэтрүүлснийг буруутгах боломжгүй.

18.Иймд нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана: 14.1.1.дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол гэж заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна гэж үзэв.

19.Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар хэргийн оролцогчид маргаагүй болно.

20.Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанаас Х*********** орон нутгийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2020-2022 оны санхүүгийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн нь Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.49-д дотоод аудит гэж төсвийн хөрөнгийг зүй зохистой, үр ашигтай зарцуулах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн төсвийн дотоод хяналтын үйл ажиллагааг ойлгохоор, 69 дүгээр зүйлийн 69.1-д Төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулна, 69.3-т Дотоод аудитад ... төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн санхүүгийн үйл ажиллагааг хамаарна гэж заасанд нийцэж байна.

21.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9-д Улсын байцаагч дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ... 10.9.8.хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах, 10.12-т Салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч энэ хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ... 10.12.2.аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх гэж,

22.Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.5-д Дотоод аудитын албаны дүрмийг Засгийн газар батална, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 483 дугаар тогтоолоор батлагдсан Дотоод аудитын дүрэм-ийн 5.2-т Санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагчийн эрхтэй дотоод аудитор буюу санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч нь энэ журмын 5.1-д зааснаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: ... 5.2.5. анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, санхүүгийн тайланд хяналт тавих, 7.5-д Санхүүгийн хяналт шалгалтын улсын (ахлах) байцаагч нь шалгалтаар тогтоосон ажлын үр дүн, зөрчил, түүнийг арилгах талаар цаашид авах арга хэмжээг тодорхойлсон шалгалтын тэмдэглэл, санхүү, төсөв,  нягтлан бодох бүртгэлийн холбогдолтой хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтны төлөх торгууль, төлбөрийг заасан нэг бүрчилсэн акт, албан шаардлага бичнэ гэж тус тус заасан тул Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын /ахлах/ байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 36-05/35 дугаартай төлбөрийн актыг хариуцагч нар хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан байна.

23.Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын /ахлах/ байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 36-05/35 дугаартай төлбөрийн актаар Х*********** ХХК-ийн ногдол ашиг 71.8 сая төгрөгийг Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоорх 7 арга хэмжээг тус бүр авч үзэхэд Мөрөн хот үүсэж хөгжсөний 210 жил, Хотгойд хурд 2019, хангайн бүсийн даншиг наадамд хүрээ цам үзүүлэх зардал 10 сая төгрөг, Техникийн бодлогын баримт бичгийг шинээр боловсруулж мөрдөх арга хэмжээнд 5 сая төгрөг, нийт 15 сая төгрөгийн ажил гүйлгээ гаргаагүй гэх ба юунд зарцуулсан баримт байхгүй, нягтлан бодох бүртгэлийн үнэн зөв байх зарчмыг баримтлаагүй гэж үзэн Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 13 дугаар зүйлийн 13.5, 13.6 дахь заалтыг зөрчсөн гэж үзэн компанийн ашгийг татварын бус орлогод төвлөрүүлээгүй буруутай албан хаагчдаар төлүүлэх, албан хаагчид эс зөвшөөрвөл компани 15 сая төгрөгийг аймгийн төрийн сангийн хүү, торгуулийн 100170000982 тоот дансанд 2024 оны 06 дугаар сарын 25-ны дотор төвлөрүүлэхийг захирал З.Б*********** , ерөнхий нягтлан бодогч Д.Б*********** нарт хариуцуулжээ.

24.Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төр, аймаг, сум, нийслэл, дүүрэг, иргэн болон хуулийн этгээд өмчлөгч байна гэж заасан.

25.Хөвсгөл аймаг нь Х*********** ХХК-ийн өмчлөгч бөгөөд компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болох нь Х*********** ХХК-ийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.

26.Нэхэмжлэгч Х*********** ХХК-ийн зүгээс Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр хууль ёсны дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр Мөрөн сумын 210 жилийн ой, Хангайн бүсийн даншиг наадамд хүрээ цам үзүүлэх зардалд зориулж 10.0 сая төгрөг зарцуулсан гэж төлбөрийн акт тогтоосныг зөвшөөрөхгүй. Техникийн бодлогын баримт бичиг шинээр боловсруулж мөрдөх зардалд 5.0 сая төгрөгийг зарцуулаагүй, дансны үлдэгдэлд байгаа гэсэн агуулгаар,

27.Хариуцагч Х*********** ХХК нь компаниас Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар руу 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 10 сая төгрөг шилжүүлсэн. Гэтэл энэ 10 сая төгрөгийг зарцуулах тухай Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр нь 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гарсан байдаг. Өөрөөр хэлбэл шийдвэр гарахаас өмнө мөнгийг шилжүүлсэн. Хэрэв энэ 10.0 сая төгрөг компанийн ашиг юм бол Х*********** ХХК-ийн 2019 оны жилийн эцсийн ашиг 71.8 биш 81.8 сая төгрөг байх ёстой болно. Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр компанийн ногдол ашгийг зарцуулах ёсгүй. Хувьцаа эзэмшигчдийн Хурлын шийдвэр гарч ногдол ашгийг аймгийн татварын бус орлогод төвлөрүүлээд тэндээсээ иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр зарцуулагдах ёстой гэж тус тус маргасан.

28.Х*********** ХХК нь Мөрөн сумын 210 жилийн ой, Хотгойд хурд 2019, Хангайн бүсийн даншиг наадмын арга хэмжээнд зориулж 10.0 сая төгрөгийг Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар руу 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн болох нь Х*********** ХХК-ийн мөнгөн гүйлгээний журналаас түүвэрлэлт хийсэн баримт, Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1/51 тоот албан бичгээр нотлогдсон.

29. Х*********** ХХК-аас Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар руу Мөрөн сумын 210 жилийн ой, Хотгойд хурд 2019, Хангайн бүсийн даншиг наадамд хүрээ цам үзүүлэх зардалд зориулж 10.0 сая төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэнтэй нэхэмжлэгч маргаагүй.

30.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь" гэж мөнгө хүлээн авсан, эсхүл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх аргыг ойлгохоор, 5 дугаар зүйлийн 5.1.4-т Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийн үнэн зөв байх зарчмыг баримлахаар, 6 дугаар зүйлийн 6.1-д Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлнө, 10 дугаар зүйлийн 10.1-д Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлангийн жил тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болно, Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-д Төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна гэж тус тус заасан.

31.Х*********** ХХК нь нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтлөх бөгөөд зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэнэ.

32.Х*********** ХХК-аас Мөрөн сумын 210 жилийн ой, Хотгойд хурд 2019, Хангайн бүсийн даншиг наадамд хүрээ цам үзүүлэх арга хэмжээнд зориулж 10.0 сая төгрөгийг Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар руу 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэснээр 2019 оны санхүүгийн тайлангийн жил дуусахад энэхүү 10.0 сая төгрөг нь компанийн 2019 оны ашиг болон бүртгэгдэж үлдэх үндэслэлгүй.

33.Иймд хариуцагчийн 2019 оны 07 сарын 25-ны өдөр зарцуулсан 10.0 сая төгрөг компанийн ашиг юм бол Х*********** ХХК-ийн 2019 оны жилийн эцсийн ашиг 71.8 биш 81.8 сая төгрөг байх ёстой болно гэсэн тайлбар хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэгч Х*********** ХХК Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 5 дугаар зүйлийн 5.1.4, 6 дугаар зүйлийн 6.1, 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг зөрчсөн байна.

34.Нэхэмжлэгч Х*********** ХХК нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр, Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг үндэслэн компанийн 2019 оны ашгаас Мөрөн сумын 210 жилийн ой, Хотгойд хурд 2019, Хангайн бүсийн даншиг наадамд хүрээ цам үзүүлэх арга хэмжээнд зориулж 10.0 сая төгрөгийг Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар руу шилжүүлсэн тул хууль зөрчөөгүй гэх тайлбарт дараах дүгнэлт хийв.

35.Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрийг гаргах бөгөөд уг шийдвэрт хувьцаа бүрд ногдох ашгийн хэмжээ, ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдөр болон ногдол ашиг төлөх өдөр зэргийг заана, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 61 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Х*********** ХХК-ийн дүрмийн 6.1-д Ногдол ашиг хуваарилах эсэх тухай Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэр гаргах бөгөөд Хувьцаа эзэмшигчдийн Хурлаар баталгаажуулна, 6.2-т Ногдол ашиг хуваарилах асуудлыг Компанийн тухай хуулийн 46, 47 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ, 8.1-д Компанийн эрх барих дээд байгууллага нь Хувьцаа эзэмшигчдийн хурал байна. Хувьцаа эзэмшигчдийн хурал нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байх бөгөөд түүний эрхийг Тэргүүлэгчид хэрэгжүүлнэ. ..., 9.4-т Төлөөлөн Удирдах Зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: ... 9.4.15. Компаниас хуваарилах ногдол ашгийн хэмжээ болон түүнийг төлөх журам, хугацааг тодорхойлох гэжээ.

36.Тодруулбал Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар Х*********** ХХК ногдол ашиг хуваарилах эсэх шийдвэрийг хэрхэн гаргах талаар дүрмээрээ тогтоох боломжтой байна.

37.Тус компанийн дүрэмд зааснаар ногдол ашиг хуваарилах эсэх шийдвэрийг Төлөөлөн удирдах зөвлөл гаргах бөгөөд Хувьцаа эзэмшигчдийн Хурлаар буюу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид баталгаажуулах ёстой байв.

38.Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27-д "орон нутгийн төсөв" гэж аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Зөвлөлөөс баталсан, тухайн шатны төсөвт харьяалагдах ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг ойлгохоор, 23 дугаар зүйлийн 23.1-д Төсвийн орлого нь татварын орлого, татварын бус орлогоос бүрдэнэ, 23.3-т Татварын бус орлого нь төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн болон орон нутгийн  өмчид ногдох хувьцааны ногдол ашиг, ... орлогоос бүрдэнэ, 23.7-д Аймаг, нийслэл болон улсын зэрэглэлтэй хотын төсвийн татварын бус орлого дараах орлогоос бүрдэнэ: 23.7.1.орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн орон нутгийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг гэж заасан.

39.Өөрөөр хэлбэл тус компанийн ногдол ашгийг Хувьцаа эзэмшигчдийн хурал буюу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид баталгаажуулж аймгийн төсвийн татварын бус орлогод оруулах нь хуульд нийцнэ.

40.Гэтэл Х*********** ХХК-аас Мөрөн сумын 210 жилийн ой, Хотгойд хурд 2019, Хангайн бүсийн даншиг наадамд хүрээ цам үзүүлэх зардалд зориулж 10.0 сая төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Мөрөн сумын Засаг даргын Тамгын газар руу шилжүүлэхдээ Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3.анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог ойлгохоор, 13 дугаар зүйлийн 13.1-д Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно, 13.5-д Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна, 13.6-д Анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна, 13.7-д Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно гэснийг тус тус зөрчиж гүйлгээ[1][1] хийсэн.

41.Энэ нь бүхэлдээ Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д Аймаг, нийслэл болон улсын зэрэглэлтэй хотын төсвийн татварын бус орлого дараах орлогоос бүрдэнэ: 23.7.1.орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн орон нутгийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг гэснийг зөрчжээ.

42.Иймд Х*********** ХХК-аас Мөрөн сумын 210 жилийн ой, Хотгойд хурд 2019, Хангайн бүсийн даншиг наадамд хүрээ цам үзүүлэх зардалд зориулж 10.0 сая төгрөгийг санхүүжүүлснийг төрийн сангийн хүү, торгуулийн дансанд төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7.1, Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т нийцэж байна.

43.Нэхэмжлэгч Х*********** ХХК-ийн 2019 оны ногдол ашиг 71.8 сая төгрөгөөс Техникийн бодлогын баримт бичгийг шинээр боловсруулж мөрдөх зардалд 5.0 сая төгрөгийг санхүүжүүлээгүй, техникийн бодлогын баримт бичиг хийгдээгүй, тус зардал нь тухайн жилд хэмнэгдэж оны эцсийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэлд буюу компанийн ашиг алдагдлын дүнд байгаа гэжээ.

44.Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Төсвийн орлого нь татварын орлого, татварын бус орлогоос бүрдэнэ, 23.7-д Аймаг, нийслэл болон улсын зэрэглэлтэй хотын төсвийн татварын бус орлого дараах орлогоос бүрдэнэ: 23.7.1.орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн орон нутгийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг гэж заасан тул Х*********** ХХК-ийн 2019 оны ногдол ашиг 71.8 сая төгрөгөөс зарцуулагдаагүй үлдсэн 5.0 сая төгрөгийг аймгийн Төрийн сангийн хүү, торгуулийн дансанд төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т нийцэж байна.

45.Нэхэмжлэгч Х*********** ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн дагуу зарцуулсан асуудлаар акт тавьсныг зөвшөөрөхгүй гэсэн агуулгаар маргаж байгаа.

46.Гэтэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тус компанийн 2019 оны ногдол ашгийг зарцуулах эрхийг Төлөөлөн удирдах зөвлөлд олгосон ямар нэгэн шийдвэр гараагүй болох нь хэрэгт авагдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 02/284 тоот албан бичгээр[2][2] нотлогдоно.

47.Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7.1-д орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн орон нутгийн өмчид ногдох хувьцааны ногдол ашиг нь аймгийн төсвийн татварын бус орлогод хамаарах талаар заасныг мэдээгүй, эсхүл хуулийг буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуулийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүйг дурдья.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7 дахь хэсэгт заасныг баримтлан Х*********** ХХК-ийн Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч О.А*********** , санхүүгийн хяналт шалгалтын улсын байцаагч Д.П*********** нарт холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 36-05/35 тоот төлбөрийн актыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ГАНЧИМЭГ