Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2023/ДШМ/518

 

 

 

 

2023             05                16                                   2023/ДШМ/518

                          

Л.Т, Л.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай 

                                                                                                                                                                                                                                                                                                          Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.Намжил,

шүүгдэгч Л.Т, түүний өмгөөлөгч Д.Очирдорж,

шүүгдэгч Л.Б-ын өмгөөлөгч О.Батсүх,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/111 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Намжилын бичсэн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 09 дүгээр эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Л.Т, Л.Б нарт холбогдох эрүүгийн 2205026962030 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. ...,

2. ...,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1097 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр торгох ялыг биелүүлж дууссан.

Шүүгдэгч Л.Б-, Л.Т- нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 17-21 цагийн хооронд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... -байрны ... тоотод оршин суух хүргэн ах Д.Б-ы гэрт очиж, ойр дотнын хүн болох төрсөн эгч Л.У, түүний охин Б.М /10 нас 1 сар 26 хоногтой/ нарын биед үйлдлээрээ санаатай нэгдэж, бие биеийнхээ үйлдлийг дэмжин халдаж, Л.Т нь эгч Л.У-ийг “Дуугарахгүй бол охиныг чинь ална” гэж Б.М-ийн зүүн шуу дотор хэсэгт хайчаар 6 см урттай шарх үүсгэн эрүүл мэндэд нь хохирол учруулан, тэднийг гэртээ чөлөөтэй зорчих эрхийг нь хязгаарлаж скочоор хүлж, эрхшээлдээ байлган “Нөхрийг чинь ирэхээр нь ална, дахин утсаа авахгүй байх үйлдэл гаргаж болохгүй, нэг удаа өршөөлөө” гэж хүргэн ах Д.Б-ыг утсаар “Би цалинг чинь өгч чадахгүй” гэхэд “Өөрөөр авах арга бас байдаг шүү дээ, чамайг ална” гэх мэт үг хэллэг, үйлдлээр айлган сүрдүүлж, зэвсэг хэрэглэж, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн,

мөн заналхийлэх үйлдлийг хийх явцдаа бүлэглэн үйлдлээрээ нэгдэж, төрсөн эгч Л.У-ийн нүүрэн тус газарт гараараа ээлжлэн цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун сарвуу, зүүн бугуй, сарвуунд цус хуралт” бүхий гэмтэл, бага насны 10 нас 1 сар 26 хоногтой Б.М-ийн эрүүл мэндэд “зүүн шууны дотор доод хэсэгт зүсэгдсэн” шарх, Л.Б нь Б.М-ийг уйллаа гэх шалтгаанаар хоолойг нь залгуурын утас мэт зүйлээр боож өвтгөн шаналгаж тарчилган зовоож, “2 нүдний алимын салстад цус харвалт, хоёр талын шанаа, хацар, эрүүнд цэгчилсэн цус харвалт, эрүүний зүүн доод хэсэгт, хүзүүний зүүн урд хэсэгт цус хуралт” бүхий гэмтлүүдийг үүсгэн, онц харгис хэрцгийгээр, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Л.Б нь дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа “Сейф онгойлго” гэж төрсөн эгч Л.У руу хашхиран, 10 нас 1 сар 26 хоногтой Д.М-ийг өшиглөн, айлган сүрдүүлж, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, сейфийг онгойлгуулан эд хөрөнгө болох үнэт эдлэлийг өөртөө шилжүүлэн авч, 2.076.500 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн,

Л.Т нь дээрэмдэх гэмт хэргийн улмаас олсон алт, монетан бөгж, алтан гинж гэдгийг мэдсээр байж, эд зүйлийг 200.000 төгрөгөөр өөрийн нэрээр барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж, хувийн хэрэгцээнд захиран зарцуулж, мөнгө угаасан ...” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Л.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 11.6 дугаар зүйлийн 2, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Л.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, шүүгдэгч Л.Т-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж, шүүгдэгч Л.Т, Л.Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргээс хохирогч Д.Б-ыг заналхийлсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Л.Б-, Л.Т- нарыг хохирогч Л.У-, насанд хүрээгүй хохирогч Б.М- нарыг бүлэглэн, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн “Заналхийлэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, бүлэглэн, хоёр түүнээс олон хүнийг бага насны хүүхэд болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Л.Т-, Л.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, ялын хязгаарыг Сонгинохайрхан дүүргийн бүс нутгаар тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Б-, Л.Т- нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-аас 100.000 төгрөг, шүүгдэгч Л.Т-өөс 100.000 төгрөгийг тус тус гаргуулж, иргэний нэхэмжлэгч С.Д-д олгож шийдвэрлэжээ.

Прокурор Г.Намжил бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Шүүхийн шийтгэх тогтоолыг 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч танилцаад, шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд, насанд хүрээгүй хохирогч Б.М-ийн “ ... Би айгаад жоохон дуугарсан чинь аманд оймс чихээд нөтебүүк цэнэглэгчийн хар залгуураар хоолой боогоод би амьсгалж чадахаа больсон, суллаад хэсэг байж байгаад суллаад чангалаад суллаад нийт 3 удаа Б- ах боосон ... хоолой боохоос өмнө гар хөл хүлээд Б- ах сейф онгойлго гэж надад хэлээд, би кодыг мэддэг тул онгойлгосон. Б- ах ухаад ээжийн алтан гинж, алтан бөгжийг авсан ... Т- ах Б- ахад хандаж одоо явъя, авсан юмаа өг гэж хэлсэн, Б- ах юу яриад байгаа юм бэ, амласандаа хүр л дээ аавыг нь ирэхээр алаад явъя гэсэн ...” /хх-ийн 48-51/, ... Б- ах ирээд гар хөлийг хүлээд ... сейф онгойлго гээд ээж рүү орилсон чинь ээж үгүй гэсэн ... би кодыг нь мэднэ гээд онгойлгож өгсөн ... ээжийн үнэт эдлэлийг авсан ... Т- ах хулгай хийх гэж ирээгүй шүү буцаагаад тавь гэсэн ... энэ явдал маш удаан үргэлжилсэн ...” гэх мэдүүлэг / 52-54 тал/,

хохирогч Л.У-ийн “ ... Б- хөргөгчид байсан ... тал виног уутал Т- архи уух гэж ирээгүй гэтэл Б- ямар хамаатай юм бэ гээд виногоо уучихаад над руу “сейфнийхээ кодыг хэл” гэхээр “би чадахгүй” гэтэл Б- М-ийг нэг удаа өшиглөсөн, би хэлээд өгье гэсэн, М- “ахаа би мэднэ тайлаад өгье” гэсэн. Л.Б- үнэд хүрэх эд зүйл буюу алтан гинж, бугуйвч, бөгж, монетон бугуйвч ээмэг, гинжнүүдийг жижиг хайрцганд хийгээд халаасандаа хийсэн. Т- “хулгай хийх гэж ирээгүй шүү, наадуулаа буцааж тавь” гэхэд Б- ямар хамаатай юм бэ, нөхрийг алаад шоудаж байгаад шоронд орно гэсэн ...” / хх-ийн 33-41 тал/,

гэрч Д.Б-ы “ ... эхнэрийн төрсөн дүү Т-, Б- 2 өдөр 15 цаг өнгөрч байхад ирээд “охиныг скочоор хоолойг нь боогоод, гар хөлийг нь хүлээд, эхнэрийг өшиглөж зодоод “хүнтэй утсаар ярьж хэлбэл охиныг ална” гэж хутга, хайч тулгаж сүрдүүлээд, “охиныг чинь түрүүлж алаад, нөхрийг чинь ирэхээр хутгалж ална” гээд өдөржин сүрдүүлж байгаад орой 21 цагийн үед эхнэрийн алтан гинж, алтан бугуйвчийг аваад гараад зугтаасан байсан ...” /хх-ийн 19-21/ зэрэг мэдүүлгүүдээр хэргийн бодит байдал, үйл баримт агуулгын хувьд ноцтой зөрүүгүй байхад дээрх мэдүүлгүүдийг анхаарч үзэлгүй орхигдуулсан.

Насанд хүрээгүй хохирогч Б.М-ийн удаа дараа тогтвортой өгсөн мэдүүлгээр шүүгдэгч Л.Б- нь “сейф онгойлго” гэж төрсөн эгч Л.У- руу хашхиран, насанд хүрээгүй Д.М-ийг өшиглөн, айлган сүрдүүлж, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, сейфийг онгойлгуулан эд хөрөнгө болох үнэт эдлэлийг өөртөө шилжүүлэн авч байгаа үйл баримт, мөн шүүгдэгч Л.Т- нь дээрэмдэх гэмт хэргийн улмаас буюу шүүгдэгч Л.Б-ыг ямар аргаар хэрхэн бусдын эд зүйлийг авсныг лавтай сайн мэдсээр байж, эд зүйлийг өөрийн нэрээр барьцаалан зээлдүүлэх газарт 200.000 төгрөгөөр барьцаалж, мөнгийг хувийн хэрэгцээнд захиран зарцуулж, мөнгө угаасан гэмт хэргүүдийг үйлдсэн талаарх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байхад хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна гэж дүгнэлээ. Мөн анхан шатны шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчимд” нийцээгүй дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэгдсэн үйлдэл, арга, гэм буруугийн хэлбэр, нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол, хор уршиг зэргийг харгалзан үзээгүй, хэт хөнгөн ял оногдуулсан гэж үзэж байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/111 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн.” гэв.

Шүүгдэгч Л.Т-ийн өмгөөлөгч Д.Очирдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Л.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн  бодит байдалтай нийцсэн. Прокурор эсэргүүцэлдээ шүүгдэгч нарт хэт хөнгөн ял оногдуулсан гэж бичсэн. Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл Эрүүгийн хуульд заасан, мөн буруутгаж байгаа гэмт хэргийн үндсэн шинжид хамаарч байгаа учраас тухайн зүйл хэсэгт заасан ялыг оногдуулсан шийтгэх тогтоол үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялтайгаас шүүх дээд хэмжээ буюу 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь хөнгөдсөн зүйл биш. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн нь мөн хөнгөн ял гэж үзэхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн өөрчлөлтөөр давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээгүй болсон прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлгүй, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Л.Б-ы өмгөөлөгч О.Батсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн зүгээс прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзсэн. Гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөлийн хувьд хүнийг алахаар очсон үйл баримт байхгүй. Хавтаст хэргийн 117, 118, 119-122 дугаар талд сэжигтнийг баривчилсан тогтоол, сэжигтнээс мэдүүлэг авсан тэмдэглэл байдаг. Л.Б-аас сэжигтнээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг үнэлэх боломжгүй. Учир нь баривчлахаас өмнөх цаг хугацаанд буюу 18 цаг 5 минутад мэдүүлэг авч, 19 цаг 20 минутад дуусгачихаад дараа нь тогтоол танилцуулсан үйл баримт харагддаг. Анхан шатны шүүх дээрэмдэх гэмт хэргийн хувьд үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Л.Б- эхлээд сейфнээс газрын бичиг баримт аваад, байсан зүйлүүдийг аваад Л.Б- буцаагаад газар шиддэг. Тэгээд гарахаасаа өмнө эгчээсээ надад хоол, ундны мөнгө байхгүй, зурагтны төлбөр гарсан гэж хэлдэг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Л.Т- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх зүйл байхгүй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд дурсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Л.Б-, Л.Т- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

            Прокуророос шүүгдэгч Л.Б-, Л.Т- нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 17-21 цагийн хооронд Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... -байрны 12 тоотод оршин суух хүргэн ах Д.Б-ы гэрт очиж, ойр дотнын хүн болох төрсөн эгч Л.У-, түүний охин Б.М- /10 нас 1 сар 26 хоногтой/ нарын биед Л.Т- нь эгч Л.У-ийг “Дуугарахгүй бол охиныг чинь ална” гэж Б.М-ийн зүүн шуу дотор хэсэгт хайчаар 6 см урттай шарх үүсгэн эрүүл мэндэд нь хохирол учруулан, тэднийг гэртээ чөлөөтэй зорчих эрхийг нь хязгаарлаж скочоор хүлж, эрхшээлдээ байлган “Нөхрийг чинь ирэхээр нь ална, дахин утсаа авахгүй байх үйлдэл гаргаж болохгүй, нэг удаа өршөөлөө” гэж хүргэн ах Д.Б-ыг утсаар “Би цалинг чинь өгч чадахгүй” гэхэд “Өөрөөр авах арга бас байдаг шүү дээ, чамайг ална” гэх мэт үг хэллэг, үйлдлээр айлган сүрдүүлж, заналхийлсэн үйлдлийг зэвсэг хэрэглэж, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлсан гэмт хэрэгт,

мөн заналхийлэх үйлдлийг хийх явцдаа бүлэглэн үйлдлээрээ нэгдэж, төрсөн эгч Л.У-ийн нүүрэн тус газарт гараараа ээлжлэн цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацар, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун сарвуу, зүүн бугуй, сарвуунд цус хуралт” бүхий гэмтэл, бага насны 10 нас 1 сар 26 хоногтой Б.М-ийн эрүүл мэндэд “зүүн шууны дотор доод хэсэгт зүсэгдсэн” шарх, Л.Б- нь Б.М-ийг уйллаа гэх шалтгаанаар хоолойг нь залгуурын утас мэт зүйлээр боож өвтгөн шаналгаж тарчилган зовоож, “2 нүдний алимын салстад цус харвалт, хоёр талын шанаа, хацар, эрүүнд цэгчилсэн цус харвалт, эрүүний зүүн доод хэсэгт, хүзүүний зүүн урд хэсэгт цус хуралт” бүхий гэмтлүүдийг учруулсан үйлдлийг онц харгис хэрцгийгээр, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

Л.Б- нь дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа “Сейф онгойлго” гэж төрсөн эгч Л.У- руу хашхиран, 10 нас 1 сар 26 хоногтой Д.М-ийг өшиглөн, айлган сүрдүүлж, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, сейфийг онгойлгуулан эд хөрөнгө болох үнэт эдлэлийг өөртөө шилжүүлэн авч, 2.076.500 төгрөгийн хохирол учруулан үйлдлийг “Дээрэмдэх” гэмт хэрэгт,

          Л.Т- нь дээрэмдэх гэмт хэргийн улмаас олсон алт, монетан бөгж, алтан гинж гэдгийг мэдсээр байж, эд зүйлийг 200.000 төгрөгөөр өөрийн нэрээр барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалж, хувийн хэрэгцээнд захиран зарцуулсан үйлдлийг “Мөнгө угаах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “ ... хохирогч Л.У-ийн “... Б- бид хоёр 00-ын өрөө орсон чинь надад хандан “Одоо очоод хоол унд байхгүй, ажилгүй, зурагтын мөнгө гарсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Наад үнэт эдлэлээсээ аваад яв” гэж хэлээд алтан гинж, алтан бөгжийг өгсөн. Тэгтэл халаасандаа хийгээд гарсан. Тэр 2 явсны дараа Т- утсаар залгаад “Б-д таны алтан гинж, бөгж байна” гэхээр нь “Ломбардад хямд тавьчих” гэсэн. Дахиж залгаад “Нэг бөгж байна” гэсэн. Тэгэхээр нь “Хамт тавьчих” гэсэн. Өөр зүйл болоогүй...” гэсэн мэдүүлгээр дээрэмдэх болон мөнгө угаах гэмт хэргийн шинжүүд үгүйсгэгдэж байна.” хэмээн дүгнээд прокуророос Л.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг,  Л.Т-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Л.Б-, Л.Т- нарыг цагаатгаж шийдвэрлэжээ.                                                                                

Гэвч шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Л.Б-, Л.Т- нарыг цагаатгаж шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, өөрөөр хэлбэл тодорхой үйлдэл хийж бусдын эд хөрөнгийг авсныхаа дараа болсон үйл явдлыг яллах дүгнэлтэд дурдагдсан тухайн эд хөрөнгийг хэрхэн олж авсан талаар нотлох баримтуудтай харьцуулан нэг бүрчлэн няцаан үгүйсгээгүй, харилцан зөрүүтэй нотлох баримтуудаас нэгийг нь үнэлсэн тохиолдолд нөгөөг хэрхэн үгүйсгэж байгаад дүгнэлт хийгээгүй, үндэслэл болгосон нотлох баримтын агуулга, тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэлээ огт тусгалгүйгээр дээрх байдлаар дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтын шаардлагад нийцээгүй байна.

Хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх шатанд бүхий л ажиллагаа хуульд нийцэж явагдсаныг шалгасны эцэст тухайн нотлох баримтуудыг үнэлэхдээ гэмт явдлыг бүтэц, сэдэлт, санаа зорилго, орон зай, цаг хугацаа, шалтгаант холбоо зэрэгтэй хамааралтай эсэхийг сайтар нягталсны эцэст дүгнэлт хийн шийдвэрлэх байтал сонгон авч үнэлсэн ганц баримтаар хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарахад сөргөөр нөлөөлжээ.

Түүнчлэн шүүгдэгчид холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тохиолдолд түүнийг цагаатгаж шийдвэрлэх байтал зарим үйлдэл холбогдол, хэргийг нь хэрэгсэхгүй болгохдоо цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургадугаар бүлэгт хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд хуулийн ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан.

            Иймд дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  шүүгдэгч Л.Б-, Л.Т- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн шийдвэрлэв.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/111 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                           ШҮҮГЧ                                                          Л.ДАРЬСҮРЭН

               ШҮҮГЧ                                                          Н.БАТСАЙХАН