Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 146/ШШ2025/00011

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Р.Г-ын хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Р.Г, нарийн бичгийн дарга А.Баасансүрэн оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Р.Г нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Говь-Алтай аймгийн Дарви сумын Ундрал нэгдэлд 1988 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл туслах нягтлан бодогчоор ажиллаад Өвөрхангай аймгийн Хархорин суманд шилжиж ирсэн. Говь-Алтай аймгийн архиваас ажиллаж байсан тухай баримт хайлгуулахад цалин авч байсан баримт нь гарч ирээд, ажилд орсон, гарсан тушаал байхгүй байсан. Тэгээд Говь-Алтай аймагт байдаг дүүгээ явуулаад архиваас баримт хайгуултал устгалт оруулсан гэсэн. Тухайн үед хамт ажиллаж байсан хүмүүс бурхан болсон байна лээ. Надад өөр нотлох баримт олдохгүй байна.

2025 оны 03 дугаар сард тэтгэвэрт гарахаар байгаа тул ажиллаж байсан жилээ тогтоолгох гэсэн юм.

Иймд намайг Би Говь-Алтай аймгийн Дарви сумын Ундрал нэгдэлд 1988 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл туслах нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Р.Г-ын хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв. 

Хүсэлт гаргагч Р.Г нь

Говь-Алтай аймгийн Дарви сумын Ундрал нэгдэлд 1988 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл туслах нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд мэдүүлсэн тайлбар мөн дараахь нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

-1983 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон 277162 дугаартай хөдөлмөрийн дэвтэр,

-Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 507 дугаартай архивын лавлагаа,

-Говь-Алтай аймгийн Дарви сумын Ундрал нэгдлийн 1988, 1989 оны 01-12 дугаар сарын цалингийн тооцооны хүснэгт

-Ш.М-ын “Би Говь-Алтай аймгийн Дарив сумын Ундрал нэгдэлд зоотехникчээр ажиллаж байсан. Намайг энэ нэгдэлд ажиллаж байхад Р овогтой Г нь 1988 оны 08 дугаар сараас 1990 оны 02 дугаар сарыг хүртэл тооцооны нябогоор ажиллаж байсныг нотолж байна” гэсэн тодорхойлолт,

-Ч.А-ийн “Би Говь -Алтай аймгийн Дарив сумын Худалдаа бэлтгэлийн ангид нягтлан бодогчоор ажиллаж байх үед Р овогтой Г нь Говь -Алтай аймгийн Дарив сумын Ундрал нэгдэлд 1988 оны 08 дугаар сараас 1990 оны 02 дугаар сарыг хүртэл туслах нябогоор ажиллаж байсныг мэдэх хүний хувьд гэрчилж байна” гэсэн тодорхойлолт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагч Р.Г-ыг Говь-Алтай аймгийн Дарви сумын Ундрал нэгдэлд 1988 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл туслах нягтлан бодогчоор ажиллаж байсан болохыг тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ц овогт Р.Г 1988 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 1990 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн Дарви сумын Ундрал нэгдэлд туслах нягтлан бодогчоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАЧ, ШҮҮГЧ                             Ц.ДАГИЙМАА