| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2024/00344 |
| Дугаар | 146/ШШ2025/00015 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 146/ШШ2025/00015
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: М.Д-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч М.Д, нарийн бичгийн дарга Н.Ням нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч М.Д нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би эрүүл мэндийн шалтгаанаас болоод групп тогтоолгосон юм. Тэгээд нийгмийн даатгалын байгууллага дээр очоод ажилласан жилээ тооцуулж үзтэл нэг жил дутуу байна гэсэн. Хөдөлмөрийн дэвтрийн тушаалыг заавал Өвөрхангай аймгийн Архив орж шүүж гаргадаг юм байна. Гэтэл 1989 онд цэргээс халагдаж ирээд Энхтайван нэгдэлд ажилд орсон тушаал нь олдохгүй байгаа. Бусад тушаал нь гарч ирсэн. Тиймээс Өвөрхангай аймгийн Хужирт сумын Энхтайван нэгдэлд 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл мужаанаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч М.Д-ийн хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
Хүсэлт гаргагч М.Д нь
Өвөрхангай аймгийн Хужирт сумын Энхтайван нэгдэлд 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл мужаанаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд мэдүүлсэн тайлбар мөн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
-1986 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр олгосон 378769 дугаартай хөдөлмөрийн дэвтэр,
-Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 136 дугаартай архивын лавлагаа,
- Өвөрхангай аймгийн Хужирт сумын Энхтайван нэгдэлд даргын 1991 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 07 дугаартай тушаал,
-Гэрч Ш.Д-ийн “Би Өвөрхангай аймгийн Хужирт сумын Энхтайван нэгдлийн туслах үйлдвэрт 1981-1992 онд нэгдэл тарах хүртэл мужаанаар ажилласан. М.Д нь залуухан хүү 1989 онд манай нэгдлийн туслах үйлдвэрт ажилд орж байсан. Ажилд орсон оныг санаад сарыг сайн санахгүй байна. М.Д нь 1989, 1990 онд ажилласан. Нэгдэл ч 1992 онд тарсан. Тухайн үед цалин ажил хийсэн хэмжээгээр авдаг, дундаж нь 200-300 төгрөг, сайн ажил хийвэл 400-500 төгрөг авдаг байсан. Нэгдлийн даргын удирдлага дор туслах үйлдвэр, сүүний үйлдвэр, хөрөө раамын хэсэг, малчид гээд бригадуудад хуваагдаж бригад бүр тусдаа даргатай байсан. М.Д нь 1989-1990 оны хооронд тасралтгүй ажилласан” гэх мэдүүлэг,
-Гэрч Ц.Г-ын “Би Өвөрхангай аймгийн Хужирт сумын Энхтайван нэгдлийн туслах үйлдвэрийн Мужаан цехэд мужаанаар 1982 оны 01 дүгээр сараас 1990 оны 10 дугаар сарыг хүртэл ажилласан. М.Д нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын Энхтайван нэгдлийн туслах үйлдвэрийн Мужаан цехэд 1987 онд цэрэгт явахаасаа өмнө хэсэг хугацаанд ажиллаад 1987 оны намар цэрэгт явж 1989 оны намар халагдаж ирээд Мужаан цехдээ мужаан, сийлбэрчнээр 1990 оныг дуустал ажилласан. Бид Хужирт сумандаа хоршоо байгуулахаар болж нэгдлээс өөрийн хүсэлтээр гарсан. Бид хоёр сийлбэр хийдэг байсан. Тухайн үедээ ажил хийсэн хэмжээгээр цалинждаг байсан. Бид хоёр сийлбэр хийгээд 1000 төгрөгөөс буудаггүй цалин авч байсан. Нэгдэл нь мужаан цех, сүүний үйлдвэр, хөрөө раам, гахай тахианы аж ахуй, авто тээвэр, мал аж ахуй, газар тарилан зэрэг үйлдвэрлэл явуулдаг байсан. Нэгдэл 1991 оноос тарж эхэлсэн. М.Д нь 1989-1990 оны хооронд тасралтгүй ажилласан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагч М.Д-ийг Өвөрхангай аймгийн Хужирт сумын Энхтайван нэгдэлд 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл мужаанаар ажиллаж байсан болохыг тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА