Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 146/ШШ2025/00029

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Д.О-ын хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, нарийн бичгийн дарга А.Баасансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Д.О нь шүүхэд гаргасан хүсэлдээ: “Д.О би Өвөрхангай аймгийн Бүрд суманд 1987-2000 он хүртэл малчнаар ажилласан. Миний бие өндөр насны тэтгэвэрт орох гэтэл 1994, 1995, 1996, 1997 оны Өвөрхангай аймгийн Бүрд сумын Засаг даргын тамгын газрын мал тооллогын нэгдсэн бүртгэлд Д.О, Чи.Д гэж буруу бүртгэгдсэн тул шүүхээр дээрх бүртгэлд бүртгэлтэй болохоо тогтоолгох шаардлагатай болсон. Ч.Д гэдэг нь миний аав юм. Иймд Д.О намайг Өвөрхангай аймгийн Бүрд сумын 1994, 1995, 1996, 1997 оны мал тооллогын нэгдсэн бүртгэлд  бүртгэлтэй болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.О нь Өвөрхангай аймгийн Бүрд суманд оршин суудаг малчин хүн байгаа. Энэ хүн нь 2024 оны 11 дүгээр сард малчнаар тэтгэвэрт орох гээд материалаа бүрдүүлээд архиваас баримтуудаа автал 1996-1997 оны мал тооллогын зарим баримтууд дээр нэрийг нь Д.О гэж хагасалж бичсэн. Зарим баримт нь Д гээд аавынх нь нэрээр биччихсэн баримтууд гарч ирсэн. Эдгээр онуудад энэ хүн нь өөрөө мал маллаж байсан нь үнэн. Тухайн үед тоолуулахдаа мал тооллогын комиссын хүмүүс нь нэрийг нь хагасалж бичих, буруу бичих зэргээр алдаа гаргасан байснаас болоод шүүхээр мал тооллогын баримтад бүртгэлтэй болохыг тогтоож залруулж өгнө үү гэдэг байдлаар нэхэмжлэлийг гаргасан байгаа. 1994-1997 оны дансны бүртгэлд Д.О-ийн нэрийг буруу бичигдсэнийг залруулж бүртгэлтэй болохыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Ажиллаж байсан байдлаа тогтоолгоё гэж нэхэмжлэл гаргачихаар ийм баримтууд байгаад байгаа болохоор нэхэмжлэлийн шаардлагаа эхлээд мал тооллогын баримтад бүртгэлтэй болохыг тогтоож өгнө үү гэж гаргасан. ... Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал мөн учраас мал маллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.О-ийн хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв. 

Хүсэлт гаргагч Д.О нь

Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3 дугаар багт 1994 оноос 1997 оны хооронд мал маллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэдүүлсэн тайлбар мөн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

-Өвөрхангай аймгийн Бүрд сумын Засаг даргын тамгын газрын архивын 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 09 дугаартай лавлагаа,

- Өвөрхангай аймгийн Бүрд сумын Засаг даргын тамгын газрын архиваас олгосон 1994-1997 онуудын малын А дансны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

- Д.О-ийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

-Ч.Д-ийн нас барсны бүртгэлийн лавлагаа,

-Өвөрхангай аймгийн Бүрд сумын Засаг даргын тамгын газрын архивын 1994-1997 оны жилийн эцсийн мал тооллогын бүртгэлд үзлэг хийсэн тэмдэглэл,

-Гэрч Б.Д-ын “Би Д.О миний 2 дахь хүүхэд байгаа юм. Малын А дансанд нэрийг бичихдээ О-ийн С гэсэн нэрийг хасаад товчлоод О гэж малын дансанд бичигдсэн байгаа. Харин Д гэдэг нь бол эцгийнх нь нэрээр бичсэн байсан. Д нь О-гийн төрсөн эцэг бөгөөд 1938 онд Улаанбаатар хотод төрсөн, мал маллаж амьдардаг байсан. Малын А дансыг хөтлөхдөө их хайхрамжгүй хөтөлсөн ба О-г О гэж товчилж, эсвэл эцгийнх нь нэрээр бичсэн байсан. Гэтэл одоо тэтгэвэрт орох гэтэл малын А дансных нь нэр зөрүүтэй бичигдсэнээс болоод тэтгэвэрт орж чадахгүй байгаа. О нь төрсөн эцэг болох Д-р овоглож явдаг” гэх мэдүүлэг,

-Гэрч Д.Ц-ийн “Би Д.О миний төрсөн дүү бөгөөд бид эхээс наймуулаа.  Малын А дансанд О-ийн нэрийг бичихдээ О гэж сүрэн гэснийг хасаад товчлоод О гэж малын дансанд бичигдсэн. Мөн Д гэдэг нь манай төрсөн эцэг. Гэтэл 1995 оны малын А дансны бүртгэлд эцэг буюу Д гэж бичсэн байгаа юм. Манай аав Д 1938 онд Улаанбаатар хотод төрсөн, мал маллаж амьдардаг байсан. О нь төрсөн эцэг болох Д-р овоглож явдаг. Малын А дансыг хөтлөхдөө их хайхрамжгүй хөтөлсөн ба О-г О гэж товчилж, эсвэл эцгийнх нь нэрээр бичсэн байсан. Гэтэл одоо тэтгэвэрт орох гэтэл малын А дансных нь нэр зөрүүтэй бичигдсэнээс болоод тэтгэвэрт орж чадахгүй байгаа. Д.О нь 1988 оноос 1990 оныг хүртэл цэргийн алба хааж байгаад 1990 оны 10 дугаар сард халагдаж ирээд эцэг эхийн хамт мал маллаж эхэлсэн, одоог хүртэл мал маллаж байгаа гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагч Д.О-ийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3 дугаар багт 1994 оноос 1997 оны хооронд мал маллаж байсан болохыг тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б овогт Д.О-ийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3 дугаар багт 1994 оноос 1997 оны хооронд мал маллаж байсан болохыг тогтоосугай.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ц.ДАГИЙМАА