| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/00064 |
| Дугаар | 146/ШШ2025/00036 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 146/ШШ2025/00036
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: О.О-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч О.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ням нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О.О нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О овогтой О миний бие 1989 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс Өвөрхангай аймгийн Хархорин сумын 34 дүгээр авто баазын харьяа Тээврийн товчоонд диспетчер, улсын байцаагч гэсэн мэргэжлээр 1993 он дуустал ажилласан. Тэгээд нөхөрт гараад 1994 оноос Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын уулын баяжуулах үйлдвэрийн диспетчерээр ажиллаж байгаад 2000 онд Улаанбаатар хотын удирдлагын академид хоёр жилээр сураад түүнээс хойш байнга Улаанбаатар хотод ажил эрхэлсэн. Би Хархорин сумын авто баазад диспетчер хийдэг байсан. Нэг өдөр гараад гурав хоног амардаг байсан. Хөдөлмөрийн дэвтэр байхгүй учраас архиваас ажилд томилсон тушаал шүүхэд гарч ирэхгүй байгаа. Тиймээс ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан.
Иймд О.О намайг 1989 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1993 олныг дуустал Өвөрхангай аймгийн Хархорин сумын 34 дүгээр авто баазын харьяа Тээврийн товчоонд диспетчерээр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч О.Оын хүсэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн ба хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
Хүсэлт гаргагч О.О нь
Өвөрхангай аймгийн Хархорин сумын 34 дүгээр Авто баазын харьяа Тээврийн товчоонд 1989 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл диспетчерээр ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд мэдүүлсэн тайлбар мөн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
-Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 33 дугаартай Архивын лавлагаа,
- Өвөрхангай аймгийн Хархорин сумын 34 дүгээр Авто баазын харьяа тээврийн товчооны 1989 оны 04, 1991 оны 01, 04, 1992 оны 06, 1193 оны 09-11 дүгээр саруудын цалингийн тооцооны хүснэгт
-Гэрч Т.О-ийн “Би Өвөрхангай аймгийн Хархорин сумын 34 дүгээр авто баазад 1988 оны 07 дугаар сараас 1998 оныг хүртэл сэлбэгийн няраваар ажиллаж байсан. Энэ хугацаанд О.О нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын 34 дүгээр авто баазын тээврийн товчооны диспечерээр 1989 оны 04 дүгээр сард анх ажилд орж байсан. Ингээд 1993 оныг дуустал тасралтгүй ажилласан. Орсон он сарыг яаж санаж байна вэ гэхээр би өмнө жилийнх нь 07 дугаар сард ажилд орсон байсан. Он гараад 02 дугаар сард А.У, 04 дүгээр сард нь О.О ажилд орсон. Бид ойролцоо ажилд орсон үеийн хүмүүс байсан тул найзалдаг байсан юм. Бид тухайн үед 300-550 төгрөг авдаг байсан. Тухайн үед Хархорин сумын 34 дүгээр авто бааз нь Захиргаа, аж ахуйн хэсэг, санхүү, засварчид, техникийн алба, тээврийн товчоо гэсэн бүрэлдэхүүнтэй байсан. 200-аад жолоочтой байсан. О.О 1989-1993 оны хооронд тасралтгүй ажилласан” гэх мэдүүлэг,
-Гэрч Г.Н-ийн “Би Өвөрхангай аймгийн Хархорин сумын 34 дүгээр авто баазад 1983 оноос 1998 оныг хүртэл засварчнаар ажиллаж байсан. Дунд нь үйлдвэрлэлийн осолд орж 1978-1990 оны хооронд ажиллаагүй. О.О нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын 34 дүгээр авто баазын Тээврийн товчооны диспечерээр 1989-1993 оны хооронд ажиллаж байсан. 1993 онд өөр газар ажилд орохоор болсон гээд шилжээд явж байсан. Бид нэг дор ажиллаж өглөө бүр хуралд хамт суудаг байлаа. О.О нь хот хооронд орсон гарсан бүх жолооч нарын бүртгэлийг хийдэг байсан. О.О нь зарчимч, хүн их загнадаг хүн байсан. Тухайн үед засварчид хийснээрээ цалинждаг байсан. 500-600 төгрөг авдаг байсан. Хархорин сумын 34 дүгээр авто бааз нь Захиргаа, аж ахуйн хэсэг, санхүү, засварчид, техникийн алба, тээврийн товчоо гэсэн бүрэлдэхүүнтэй байсан. 200-аад жолоочтой байсан. О.О нь Хархорин сумын 34 дүгээр авто баазад 1989-1993 оны хооронд тасралтгүй ажилласан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагч О.О-ын Өвөрхангай аймгийн Хархорин сумын 34 дүгээр Авто баазын харьяа тээврийн товчоонд 1989 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл диспетчерээр ажиллаж байсан болохыг тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА