| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 1902000610016 |
| Дугаар | 2023/ДШМ/703 |
| Огноо | 2023-07-06 |
| Зүйл хэсэг | 22.1.2., 22.8.1.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан, |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2023/ДШМ/703
2023 07 06 2023/ДШМ/703
Л.Б, Ж.Г нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Хулан,
шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Д.Г,
нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЗ/1591 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Хулангийн бичсэн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 34 дүгээр эсэргүүцлийг үндэслэн Д.Б, Ж.Г нарт холбогдох эрүүгийн 1902000610016 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ж.Г, Д.Б нар бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж; Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь хэсэгт заасан Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэснийг,
Засгийн газрын 1995 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 96 дугаартай тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид шагнал, урамшил олгох журам”-ын 5-д заасан “Төрийн байгууллагын захиргаа нь мэргэжлийн өндөр ур чадвар, идэвх санаачилга гарган албан үүргээ тогтмол чанартай сайн биелүүлж, ажлын өндөр амжилт гаргасан, албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, мэдлэг мэргэжлээ байнга дээшлүүлж байгаа төрийн албан хаагчид улирлын ажлын нь үр дүнгээр албан тушаалын сарын цалингийн 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагнал олгож болно. Албан хаагчийг тийнхүү шагнаж урамшуулах үзүүлэлт, журмыг төрийн тухайн байгууллага боловсруулж хэрэгжүүлнэ” гэснийг,
Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 344 дугаартай тогтоолоор батлагдсан “Татварын улсын байцаагчид ажлын үр дүнгийн шагнал олгох журам”-ын 1.3. Сар тутам олгох ажлын үр дүнгийн шагналын хэмжээ нь тухайн улсын байцаагчийн сарын үндсэн цалингийн 30 хүртэл хувиас хэтрэхгүй байна”, 1.4. Татварын улсын байцаагчид ажлын үр дүнгийн шагнал олгох хөрөнгийн нийт хэмжээ нь татварын улсын байцаагчдын жилийн үндсэн цалингийн сангийн 25 хувиас хэтрэхгүй байна” , 2.3. “Татварын улсын байцаагчийн үр дүнгийн шагналыг олгохдоо Татварын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан журмыг үндэслэн дүгнэж, тухайн байгууллагын даргын шийдвэрээр сар бүр олгоно” гэснийг,
Татварын ерөнхий газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/151 дугаартай тушаалаар батлагдсан Татварын ерөнхий газрын харьяа татварын газар, хэлтсийн “Хөдөлмөрийн үлгэрчилсэн дотоод журам”-ын 7.16. “Мэргэжлийн өндөр ур чадвар, идэвхи санаачилга гарган албан үүргээ тогтмол чанартай сайн биелүүлсэн үйлчилгээний албан хаагчдад улирлын ажлын үр дүнг үндэслэн албан тушаалын сарын цалингийн 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний үр дүнгийн шагнал олгоно” гэснийг,
Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын 2018 оны 06 дугаар сарын 20- ны өдрийн А/33 дугаартай тушаалаар батлагдсан “Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн хөдөлмөрийн дотоод журам”-ын 7.12 “Мэргэжлийн өндөр ур чадвар, идэвх санаачилга гарган албан үүргээ тогтмол чанартай сайн биелүүлсэн үйлчилгээний албан хаагчдад улирлын ажлын дүнг үндэслэн албан тушаалын сарын цалингийн 40 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний үр дүнгийн шагнал олгоно” гэснийг тус тус зөрчиж;
“Дүүргийн 2018 оны төсөв батлах тухай” Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 16 дугаар тогтоолоор татвар хураалт, орлого бүрдүүлэлтэд баталсан 599,756,000 төгрөгийн төсвийн санхүүжилт болох 107,000,000 төгрөгийг “Шагнал урамшуулал олгох тухай” 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/90 дугаартай тушаал гарган дэд даргын үүрэг гүйцэтгэгч Б.З-д 20,000,000, Захиргааны тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Б-т 20,000,000, Хувь хүний татварын тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ю.Л-д 20,000,000, үйлчлэгч П.О-т 3,000,000, орон тооны бус байцаагч М.Ц-д 3,000,000, орон тооны бус байцаагч Х.А-д 3,000,000, хураагч З.С-т 3,000,000, орон тооны бус байцаагч Ө-д 3,000,000, орон тооны бус байцаагч С.С-д 3,000,000, хураагч Т.Т-т 3,000,000, хураагч Н.Э-д 4,000,000, орон тооны бус байцаагч Э.А-д 3,000,000, Татвар төлөгчтэй харилцах тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Э-д 4,000,000, Татварын хяналт шалгалтын тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Б-д 4,000,000, Эрсдэл статистикийн тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч А.Б-д 4,000,000, Эрсдэл статистикийн тасгийн компьютерын инженер А.Н-д 3,000,000, Татварын орлогын тасгийн даргын үүрэг гүйцэтгэгч Г.С-д 4,000,000 төгрөг, нийт 107,000,000 төгрөгийг урамшуулал хэлбэрээр олгож, улмаар П.О-ээс 2,500,000, Ю.Л-ээс 15,000,000, М.Ц-ээс 2,500,000, Х.А-аас 2.500.000, З.С-аас 2,500,000, И.Ө-аас 2,500,000, С.С-аас 2.500.000, Т.Т-аас 2,500,000, Н.Э-аас 3,400,000, Э.А-аас 2,500,000, Ц.Э-ээс 2,700,000, Б.Б-ээс 2,700,000, А.Б-аас 3,150,000, А.Н-аас 2,500,000, Г.С-аас 3,150,000 төгрөг буюу нийт 52,600,000 төгрөгийг байгууллагын шинэ жилийн арга хэмжээ болон аяны арга хэмжээнд зарцуулна гэх нэрээр буцаан авч, уг 52,600,000 төгрөгөөс Ю.Л, Ц.Э, Б.Б, А.Б, Г.С нарт тус бүр 2,500,000 төгрөг буюу нийт 12,500,000 төгрөгийг урамшуулал нэрээр бэлнээр өгч, 6,000,000 төгрөгийг шинэ жилийн арга хэмжээнд зарцуулж, 34,100,000 төгрөгийг хувьдаа авч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, өөртөө, бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Ж.Г, Д.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Улсын дээд шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 51 дүгээр тогтоолд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг бодитой тогтоох, мөн шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон үйлдэл, оролцоог нарийвчлан тодорхойлж, тогтоох зэрэг хэргийн шийдвэрлэлтэд ач холбогдолтой байж болох нотлох баримтыг цуглуулах мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй зэргээр хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж нотлоогүй” гэжээ.
Түүнчлэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл, Д.Г нарын гаргасан хүсэлтэд дурдсан “... Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Цэенхоролыг гэрчээр асууж, А/90 тоот тушаал, түүний хавсралтыг хэн, хэзээ бичсэнийг тодруулах, уг тушаал бүхий баримтуудыг хэн гаргасан, захиран зарцуулах зөвшөөрлийг хэрхэн өгсөн зэргийг тодруулах...” гэсэн нь хэргийн шийдвэрлэлтэд нотолгооны ач холбогдолтой байх тул уг хүсэлтүүдийг нь хүлээн авч шийдвэрлэв.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол”, 37.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлнэ.” гэж тус тус заасанд холбогдуулан нэгэнт Улсын дээд шүүх мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгосон, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтэд дурдсан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Цэенхоролыг гэрчээр асууж, А/90 тоот тушаал, түүний хавсралтыг хэн, хэзээ бичсэнийг тодруулах, уг тушаал бүхий баримтуудыг хэн гаргасан, захиран зарцуулах зөвшөөрлийг хэрхэн өгсөн зэргийг тодруулах ажиллагааг хийлгэх нь зүйтэй” гэж дүгнэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Хулан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “... Прокурорын яллах дүгнэлт, түүний хавсралтад төрд учирсан 107.000.000 төгрөгөөс хэн, хэдэн төгрөг хариуцах болон Ж.Г, Д.Б нарын оролцоо үйлдлийг тодорхой дүгнэсэн атал шүүхээс ямар мөрдөн шалгах тодорхой ажиллагаа хийлгэх нь ойлгомжгүй байдлаар шийдвэрлэсэн. Мөн Улсын дээд шүүхээс анхан шатны шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгосон боловч Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЗ/1509 дугаар “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” захирамж хүчинтэй байхаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй” гэж заасныг зөрчиж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЗ/1591 дугаар шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.
Шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Д.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй. Улсын Дээд шүүхийн тогтоолд “Шүүгдэгч Д.Б, Ж.Г нарыг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Хэргийн бүрдэл бүрэн гүйцэд тогтоогдоогүй” гэж үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгосон. Тийм учраас Улсын Дээд шүүхийн тогтоолын хэрэгжилтийг хангуулахын тулд хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Прокуророос шүүгдэгч Ж.Г, Д.Б нарыг “Бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нийт 12,500,000 төгрөгийг урамшуулал нэрээр нэр бүхий иргэдэд бэлнээр өгч, 6.000.000 төгрөгийг шинэ жилийн арга хэмжээнд зарцуулж, 34.100.000 төгрөгийг хувьдаа авч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, өөртөө, бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан” гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “Улсын Дээд шүүхийн тогтоолд дурдсанчлан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг бодитой тогтоох, шүүгдэгч нарын үйлдэл, оролцоог нарийвчлан тодорхойлох, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтэд дурдсан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан н.Ц-ыг гэрчээр асууж, А/90 тоот тушаал, түүний хавсралтыг хэн, хэзээ бичсэнийг тодруулах, уг тушаал бүхий баримтуудыг хэн гаргасан, захиран зарцуулах зөвшөөрлийг хэрхэн өгсөн” зэргийг тодруулах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.
Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой гэж үзнэ.
Хэрэгт шүүгдэгч Ж.Г, Д.Б нарын гэм бурууг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт авагдаагүй байхаас гадна гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг бодитой тогтоож, шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоог нарийвчлан шалгаж тогтоосны эцэст шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгүүлэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЗ/1591 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ц.Хулангийн бичсэн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 34 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН