Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2024/0860

 

2024 10 31 128/ШШ2024/0860

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т СӨХ /РД:/,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: О.Б,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б /ВЮ*******/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Д,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Н /Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Хуулийн хэлтсийн мэргэжилтэн/,

Гуравдагч этгээд: Х М Г ХХК /*******/,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Д /НФ/,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: О.Б //,

Маргааны төрөл: Орчны газар ашиглах эрхийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхсаруул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Т СӨХ-оос 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 17 дугаар албан бичгээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандан ... М ХХК нь ...Нийслэлийн Засаг даргын ...А/61 дүгээр захирамжаар ...5832 м.кв газрыг эзэмшиж байна. Тус компанийн эзэмшиж буй газар нь Газрын тухай хуулийн 441 дүгээр зүйлд заасан сууц өмчлөгчдийн холбоонд орчны ашиглавал зохих газар буюу дүгээр байрны оршин суугчид Т СӨХ-ны орчны газарт хамаарч байх тул дээр дурдсан компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулж өгнө үү... гэх хүсэлтийг гаргасан байдаг.

1.2. Уг хүсэлтэд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 01-08/6361 дүгээр албан бичгээр ...хүсэлтэд дурдсан авто зогсоол болон хүүхдийн тоглоомын талбайн доорх газар нь тус компанийн эзэмших эрх бүхий газарт хамаарч байх бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу танай сууц өмчлөгчдийн холбооны хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжгүй... гэх хариуг хүргүүлснээр,

1.3. Т СӨХ-оос Нийслэлийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/61 дүгээр захирамжаар Мон ХХК-д олгосон нэгж талбарын дугаар бүхий 5832 м.кв газраас Т сууц өмчлөгчдийн холбооны ашиглах газарт хамаарах хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан бөгөөд тус шүүхийн 2024 оны 02 дугаар сарын -ны өдрийн 128/ШЗ2024/1878 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлжээ.

1.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд эцсийн байдлаар тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагадаа: Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/36 дугаар тушаалын 803 м.кв-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, Х г ХХК-ийн 5,898 м.кв газраас Т СӨХ-ийн орчны газарт хамаарах 803 м.кв газрыг ашиглах эрхийг олгохгүй байгаа Нийслэлийн Засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож Т СӨХ-д ашиглах эрхийг олгож, гэрчилгээг олгохыг даалгах-аар тодорхойлсон.

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч Т СӨХ-оос шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлдээ: ...Т СӨХ нь Нийслэлийн Б дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэр, дүгээр байрны орчны газрыг ашиглах хүсэлтийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хандан гаргасан бөгөөд тус албанаас 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 01-08/6361 дүгээр албан бичгээр хүсэлтэд дурдсан авто зогсоол болон хүүхдийн тоглоомын талбайн газар нь М ХХК-ийн эзэмшлийн газарт хамаарч байна гэх үндэслэлээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг дурдаж манай орон сууц өмчлөгчдийн холбооны хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Тус сууц өмчлөгчдийн холбоо энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нт 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хандаж орчны газрыг ашиглах хүсэлтээ дахин гаргасан. Гэтэл Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас хүсэлтэд дурдсан авто зогсоол болон хүүхдийн тоглоомын талбайн доорх газар нь бусдад эзэмшүүлсэн газарт хамаарч байна гэх үндэслэлээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Манай сууц өмчлөгчдийн холбооны хувьд орчны газраа Газрын тухай хуулийн 441 дүгээр зүйлийн 441.5-д Орчны газрыг сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулах шийдвэрийг Газрын тухай хуулийн 21.2, 21.3, 21.4-т заасан эрх бүхий албан тушаалтан гаргах ба уг шийдвэрийг үндэслэн газрын асуудал эрхэлсэн алба, газрын даамал сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захиралтай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын баталсан загварын дагуу гэрээ байгуулна гэж заасны дагуу ашиглах гэрээ байгуулахаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хандсан боловч бусдын эзэмшилд байгаа гэх шалтгаанаар орчны газрыг ашиглах гэрээ байгуулахаас үндэслэлгүйгээр татгалзаж байна.

М ХХК нь манай байрны баруун урд хэсэгт орон сууцны барилга, авто зам барьсантай холбогдуулж Т СӨХ-ны ашиглавал зохих орчны газрыг чөлөөлөх, заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй тохиолдолд зогсоолд байрлаж буй машинуудыг зайлуулах арга хэмжээ авах тухай мэдэгдэл удаа дараалан ирүүлсэн. Энэ нь оршин суугчдын амьдран суух нөхцөлд сөргөөр нөлөөлсөн үр дагавар бүхий үйл ажиллагаа гэж бидний зүгээс үзэж байна. Манай сууц өмчлөгчдийн холбооноос дээр дурдсан компанийн мэдэгдэлд Нийслэлийн Засаг даргын газрын захирамжаар олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээгээр олгосон газрын хэмжээ, зааг, байршилд өөрчлөлт оруулж, хөршийн эрхийг хүндэтгэсэн, оршин суугчдын аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн арга хэмжээ авах талаар санал тавьсан ч хүлээж авахаас татгалзсан. Барилгын компаниуд хүүхдийн тоглоомын талбайг буулган орцтой нь тулган орц, гарц гаргах (авто зам тавих) тохиолдолд манай байрны оршин суугчдын ялангуяа, хүүхдийн амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхээр байна... гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Нийслэлийн Б дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэр дүгээр байрны орчны хэсгийг ашиглах хүсэлтийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан. Тус албанаас 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар бүхий албан бичгээр хүсэлтэд дурдсан танай эзэмшихийг хүсэж байгаа газар болох авто зогсоол болон хүүхдийн тоглоомын газар нь М ХХК-ийн эзэмшилд хамааралтай гэх үндэслэлээр Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийг дурдаж Т СӨХ-ийн хүсэлтийг хангаж боломжгүй гэх хариуг өгсөн. Манай зүгээс уг шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн Засаг даргад 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр газар ашиглах хүсэлтээ бичгээр илгээж, дахин хүсэлт гаргасан. Гэтэл Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мөн дээр дурдсан үндэслэлээр буюу бусдын эзэмшилд байна гэх үндэслэлээр хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан. Газрын тухай хуулийн 441 дүгээр зүйлийн 441.5 дахь хэсэгт заасны дагуу орчны газрыг Сууц өмчлөгчдийн холбоонд эзэмшүүлэх шийдвэрийг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, 21.4-т заасан эрх бүхий албан тушаалтан буюу Засаг дарга гаргах ба уг шийдвэрийг үндэслэн газрын асуудал эрхэлсэн газрын даамал сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захиралтай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын баталсан зааврын дагуу гэрээ байгуулж, орчны газрыг ашиглуулах ийм зохицуулалттай. Уг зохицуулалтын дагуу бид өөрийн орчны газрыг ашиглах гэрээ байгуулахаар Нийслэлийн засаг дарга буюу Улаанбаатар хотын захирагчид хандсан боловч бусдын эзэмшил, ашиглалтад байна буюу Нийслэлийн Засаг даргын захирамж хүчинтэй байна. Үүнийг хүчингүй болгох үндэслэл байхгүй гэх үндэслэлээр татгалзсан. Тухайн үед М гэж компани байсан одоо Х г гээд орон сууцны төсөл хэрэгжүүлж, нийтдээ 5,898 м.кв газрыг эзэмшиж байгаа компани. Яг гол асуудал болох бидний эрх, ашиг сонирхол хэрхэн хөндөгдөж байгаа вэ гэвэл, Т СӨХ бидний амьдарч байгаа байрны суурин хэсгээр эзэмшиж байгаа. Тэр байрнаас гарахаар бусдын эзэмшил ашиглалтад орчихсон. Одоогийн байдлаар дандаа Х г ХХК-ийн эзэмшил газар дээр бид машинаа байрлуулж, мөн хүүхдийн тоглоомын талбай, саравч байрлаж байгаа. М ХХК-ийн зүгээс тухайн хэрэгжүүлж буй төсөлтэй нь холбогдуулан манай эзэмшлийн газраас машины зогсоол болон хүүхдийн тоглоомын талбай, саравч зэрэг байгууламжуудаа чөлөөл гэдэг шаардлагыг албан бичгээр өнгөрсөн зун ирж тавьсан. Тухайн үед Т СӨХ энэ газар бол манай газар биш юм байна. Х г ХХК-ийн эзэмшлийн газар байна гэдгийг олж мэдсэн. Ингээд бид орчны газраа ашиглая, сууц өмчлөгчдийн холбоонд орчны газраа ашиглах хуулийн зохицуулалт байна гэж үзэж эрх бүхий байгууллагуудад хандсан боловч тус бүрдээ татгалзсан хариуг ирүүлсэн тул эзэмших эрх олгохгүй байгаа шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгоод даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангуулахаар шүүхэд хандсан.

Барилгын төсөл хэрэгжүүлэгч компанийн хувьд эзэмшиж байгаа газартаа автомашины зам барина. Энэ газар бидний эзэмшлийн газар учраас танай тайлбарыг хүлээн авахгүй гэсэнд манай зүгээс машины автозам тавьснаар хүүхдийн амь нас эрсдэх, оршин суугчид байрнаасаа гараад шууд машинд дайруулж болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдал үүсэхээр байгаа учраас бидний зүгээс эрх ашиг хөндөгдөж байна. Холбогдох 803 м.кв газрыг бид ашиглах нь зүйтэй бөгөөд гэрээ байгуулж холбогдох байгууллагаар шийдүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаад шүүхэд өгсөн.

Иймд Х г ХХК-ийн 5,898 м.кв газраас Т СӨХ-ийн орчны газарт хамаарах 803 м.кв газрыг ашиглах эрхийг олгохгүй байгаа Нийслэлийн Засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Т СӨХ-д ашиглах эрхийг олгож, гэрчилгээ олгохыг даалгаж өгнө үү... гэв.

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч Т сууц өмчлөгчдийн холбооноос Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/61 дүгээр захирамжаар М ХХК-д олгосон нэгж талбарын дугаар бүхий 5832 м.кв газраас Т сууц өмчлөгчдийн холбооны ашиглах газарт хамаарах хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тухай дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нийслэлийн Б дүүргийн дугаар (хуучнаар 4 дүгээр) хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж хэсэгт байх Т сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа явуулж буй Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/ дугаар захирамжаар орон сууц, үйлчилгээний зориулалтаар 685 м.кв талбай бүхий газрыг иргэн Д.Бд эзэмшүүлсэн нэгж талбарт, 16 давхар орон сууц баригдсан байх бөгөөд дээрх барилга нь барилгын норм дүрмийг зөрчиж орчны газаргүй байгаа нь дээрх зөрчлийг үүсгээд байна.

Орон сууцны барилгын урд талд газар эзэмшигч М ХХК нь Нийслэлийн Засаг даргын 1996 оны захирамжаар анх тухайн газрыг эзэмшиж эхэлсэн байх бөгөөд эргэлтийн цэгийг өөрчилж байгаагүй болно. Мөн Т сууц өмчлөгчдийн холбооны газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг гэж заасан байдаг. Иймд Т сууц өмчлөгчдийн холбоо нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь заалтын дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээр хариу тайлбар өгч байна. Учир нь Т СӨХ нь анх 2008 онд н.Д гэдэг иргэнд сууц өмчлөгчдийн газрыг эзэмшүүлж байсан. Ингэж эзэмшихдээ 685 м.кв газрыг эзэмшээд, уг газар Т СӨХ-д шилжиж очсон байдаг. Нэхэмжлэгч өөрийн тайлбартаа манайх барилгынхаа суурь газрыг эзэмшдэг гэж байна. Суурь 685 м.кв газартаа тааруулаад барилгаа барьчихсан байна гэсэн үг. Т СӨХ-ийн эзэмшиж байгаа газар буюу барилга барьсан компани Газрын тухай хууль болон Барилгын тухай хуульд заасан газар эзэмшигчийн үүргийг биелүүлээгүй нь тодорхой байна. Газрын тухай хуульд эзэмшил газрынхаа арваас доошгүй хувийг ногоон байгууламж тохижилтоор ашиглах гэж байдаг бол Барилгын тухай хуульд 70/30 харьцаатай буюу 30% болон түүнээс доошгүй талбайг тохижуулж, өөрсдөдөө зогсоол, ногоон байгууламжаа үүсгэх үүрэгтэй байтал өөрсдийн эзэмшил газартаа барилга барьсан байна. Мөн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд удаа дараа хүсэлт өгсөн боловч татгалзсан хариу өгсөн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох гэдэг нэхэмжлэлийн шаардлага байна. Т СӨХ нь өөрийн эзэмшлийн 685 м.кв газраа хууль ёсны дагуу эзэмшиж байгаа. 803 м.кв нь манай эзэмшил газар гэдэгт Газрын тухай хуулийн дугаар зүйлийн .1-д зааснаар газрыг зөвхөн гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, .4-т зааснаар хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-т зааснаар бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх гэсэн үүргүүдээ Т СӨХ нь ноцтой зөрчиж байна. Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд удаа дараа гаргасан гэх хүсэлтдээ бидний орчны газрыг бидэнд ашиглуулаач ээ гэдэг хүсэлт өгч байгаа боловч тухайн ашиглаж байгаа газар нь Х г ХХК буюу өмнөх эзэмшигч болох М ХХК-ийн эзэмшил газарт бүрэн хамаарч байсан. М ХХК нь газраа Т СӨХ-оос хугацааны хувьд өмнө эзэмшиж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой байна. Тиймээс Т СӨХ-ийн хуульд заасан ямар эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа нь тодорхойгүй байна. Бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг авна гэсэн хууль бус шаардлага гаргаад байгааг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

Дөрөв. Гуравдагч этгээдийн хариу тайлбар, татгалзал:

4.1. Гуравдагч этгээд Х г ХХК-аас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ... Т СӨХ-ны нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож буй Х г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Х г ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2024 оны 02 сарын 29-ний өдрийн А/36 дугаартай захирамжаар М ХХК-ийн газар эзэмших эрхийг шилжүүлж авсан бөгөөд нэгж талбарын 16******* дугаартай, 5828 м.кв газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмшиж байгаа болно. Манай компани 2023 оноос тус газар дээр Neverland town үйлчилгээний талбай бүхий 247 айлын орон сууцны барилгын төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд эхний блок буюу 16 давхар, 111 айлын орон сууцны барилгыг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс хүлээн авсан болно.

Т СӨХ өөрсдийн орчны газар гэж үзэж буй хэсэг нь манай эзэмших эрх бүхий газартай давхцалтай, 111 айлын орон сууцны барилгын орчны газарт хамаарч байгаа барилгын зураг төсөлд авто замын орц, гарц, авто замын байгууламж байхаар тусгагдаж батлагдсан хэсэг юм. М ХХК нь барилга угсралтын ажил эхэлсэнтэй холбогдуулан тухайн газрыг чөлөөлүүлэхээр Т СӨХ-д удаа дараа хандаж байсан ч огт арга хэмжээ авахгүй байсаар Газрын тухай хуулийн 441-д зааснаар СӨХ-ны орчны газарт хамаарах хэсгийг өөрсдөд нь олгож, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь хууль бус бөгөөд манай компанийн эзэмших эрх бүхий газар дээр баригдсан орон сууцны барилгын оршин суугчдын эрх ашгийг хөндөж болохуйц, Neverland town хотхоны орчны газрыг шүүхээр далайлган авах оролдлого гэж үзэж байна.

Газрын тухай хуулийн 441 зүйлийн 441.7-д Сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулах орчны газрын хэмжээг тогтоохдоо Барилгын тухай хуулийн 8 дугаар зүйл болон барилгын холбогдох норм, дүрмийг баримтална гэж заасан ба 2016 оны Барилгын тухай хуулийн 14-р зүйл /2008 оны хуучин Барилгын тухай хууль 8-р зүйл/-д Барилга байгууламжид тавигдах шаардлагыг дараах байдлаар хуульчилсны, 14.1. Барилга байгууламж дараахь шаардлагыг хангасан байна 14.1.1. зураг төслийн дагуу баригдсан байх 14.1.2. барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх 14.1.3. байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх 14.1.4. зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх. Мөн хуулийн 14.2-т Барилга байгууламжийн гадна тохижилтын талбай, ногоон байгууламж хот төлөвлөлтийн норм, нормативын баримт бичигт заасан хэмжээнээс багагүй байна гэж заасан ба Т СӨХ-ны орон сууц буюу иргэн н.Бын барьж ашиглалтад оруулсан Б дүүргийн -р хорооны -р байр нь энэхүү шаардлагыг хангаагүй баригдсан, оршин суугчид нь орчны газар байхгүй орон сууцыг худалдан авсан, оршин сууж байгаа нь шинээр баригдсан Neverland town хотхоны барилгын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэхгүй бөгөөд Х г ХХК-ийн газар эзэмших эрхэд халдах үндэслэл болохгүй юм.

Иймд Т СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

4.2. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Т СӨХ-ийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийслэлийн Засаг даргын орчны газрыг ашиглуулах эрх олгохоос татгалзсан тухай шийдвэрийг хууль ёсны дагуу, үндэслэл бүхий гарсан шийдвэр гэж үзэж байгаа. Х г ХХК нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/36 дугаарт тушаалаар М ХХК-ийн эзэмшиж байсан нэгж талбарын 16******* дугаартай 5,828 м.кв газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмшиж байгаа. Тус эзэмшил бүхий газар дээр 2023 оноос эхлээд Нью ланд таун нэртэй 247 айлын үйлчилгээтэй орон сууцны барилга угсралтын ажил эхэлсэн. Эхний ээлжид 16 давхар, 111 айлын орон сууц бүрэн ашиглалтад ороод, айлууд нь ороод эхэлчихсэн амьдарч байгаа. 2 дугаар ээлжийн барилга угсралтын ажил явагдаж байгаа. 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр эхний ээлжийн 111 айлын орон сууцны барилгыг улсын комисст хүлээлгэж өгсөн баримтыг хэргийн материалд өгсөн. Т СӨХ-ийн бидний орчны газар гэж үзээд байгаа газар нь 5,829 м.кв бүхий Х м г ХХК-ийн эзэмшилд багтсан. Тухайн эзэмшил бүхий газраар барилгынхаа эскиз зураг, ерөнхий төлөвлөгөөгөө батлуулаад, мөн ажлын зураг нь батлагдчихсан. Үүгээрээ 247 айлын орон сууцны авто замын хөдөлгөөн буюу машин орж, гарах орц гарцыг шийдвэрлэсэн хэсэг дээр тоглоомын талбай байгуулчхаад манай газраа гэдэг маргаан үүсгээд байгаа. Т СӨХ-д тухайн 803 м.кв газрыг эзэмших эрх байхгүй. Эзэмшиж байсан гээд яриад байгаа нь хууль эрх зүйн үндсэн баримт бичгээр нотлогдохгүй. Тухайн газар дээр 111 айлын орон сууц ашиглалтад орсон цаг үеэс эхлээд Х м г ХХК-ийн барьсан барилгад оршин сууж байгаа оршин суугчдын эрх ашиг зөрчигдөж эхэлж байгаа. Тэр хэсгээр автомашинаа оруулж гаргах болон автомашины зогсоолын хэсгээр төлөвлөгдчихсөн байгаа газар дээр хаалт тавьчхаад одоог хүртэл эзэмших, ашиглах эрхийг маань зөрчиж байгаа.

Нэхэмжлэгч сууц өмчлөгчдийн холбоо нь Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.7-д зааснаар манай орчны газар гэж тайлбарлаад байгаа. Гэтэл тухайн зүйл заалт дээр орчны газар гэж тогтоохын тулд Барилгын тухай хууль /2008 он/-ийн 8 дугаар зүйл, Барилгын тухай хууль /2016 он/-ийн 14 дүгээр зүйлд тавьсан шаардлага мөн барилгын холбогдох норм дүрмийг баримтална гэж байгаа. Үүнд, барилга байгууламж нь дараах шаардлагыг хангасан байна. Зураг төслийн дагуу баригдсан байх, барилга байгууламжийн норм нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх, байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх, 14 дүгээр зүйлийн 14.1.4-т зааснаар зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх гэсэн үндсэн 4 шаардлагыг тавьсан. Тухайн үед 685 айлын орон сууцны барилга нь барилгын норм дүрэм буюу авто замын зогсоол болон ногоон байгууламж нь нийт эзэмшил газрын 30% дээр, барилгажих талбай нь 70% дээр байна гээд олон нийтийн барилгын стандарт норм дүрэмд заагаад өгчихсөн байдаг. Нэгэнт норм, дүрмийг зөрчиж барилгаа барьчхаад Х м г ХХК-ийн эзэмшиж байгаа газраас аваад, норм дүрмийн шаардлагыг хангуулна гэсэн ойлголт байхгүй. Нөгөө талдаа Х г ХХК-ийн талбай дээр оршин сууж байгаа хүмүүсийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөнө. Мөн норм журмын дагуу явагдаж байгаа манай барилга бас норм дүрмийн шаардлага хангахгүй болчихно. Өөрсдөө норм дүрмийн шаардлага хангахгүй барилга ашиглалтад оруулсан. Тухайн ашиглалтад орсон барилгыг оршин суугчид нь хүлээн авч, амьдраад өчнөөн олон жил болсны дараа энэ чинь манай орчны газар, та нар эзэмшиж байгаа газраа өг гэдэг байдлаар Нийслэлийн Засаг даргыг бидний эзэмшлийн газрыг хүнд өгөөд байна гэдэг байдлаар тайлбар гаргаад байгаа нь хууль бус юм.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заалтыг зөрчөөд буюу бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газартай давхцал бүхий байгаа хэсгийг Нийслэлийн Засаг дарга шийдэх ямар ч боломжгүй юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй. Мөн Нийслэлийн Засаг даргаас гаргасан татгалзал бүхий хариу нь хууль зүйн үндэслэлтэй байна. Үүнийг эс үйлдэл гэж үзэх боломжгүй... гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэгч Т сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/ нь 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хурлаар Холбооны дүрмийг баталж байгуулагдсан гэх ба Улаанбаатар хот, Б дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах дүгээр байр /нэг орцтой 13 давхар барилга/-ны нийт оршин суугч-сууц өмчлөгчдийн эрх, ашгийг хангах, дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, цэвэрлэгээ, ашиглалт хамгаалалтыг зохион байгуулах чиг үүрэгтэй, эрх бүхий этгээдээс 380 дугаартай гэрчилгээ авсан, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нэмэлт өөрчлөлтөө бүртгүүлсэн,

3. Уг СӨХ-ны айлын орон сууцны барилга доорх газрын эрхийн түүхийг судлан үзвэл, нийслэлийн Газрын алба, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дэргэдэх техникийн зөвлөлийн 2008 оны 09 дүгээр сарын 04, 22-ны өдрүүдийн хурлаас гарсан дүгнэлтийг хянан үзээд, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай 464 дүгээр захирамжийн хавсралтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг шинээр баталгаажуулсны дотор иргэн Д.Д /Б дүүрэг, 4 дүгээр хороо, орон сууц үйлчилгээний зориулалтаар 685 м.кв, 5 жил эзэмшүүлэх/-ын нэр жагсаалтын дугаарт бичигдсэн,

4. Улмаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх техникийн зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 28, 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх шилжүүлэх тухай А/ дугаар захирамжийн хавсралтаар 37 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг шилжүүлэн баталгаажуулсны дотор иргэн Д.Б /Б дүүрэг, 4 дүгээр хороо, орон сууц үйлчилгээний зориулалтаар, өмнөх газар эзэмшигч Д.Д, 685 м.кв, 5 жил эзэмшүүлэх/-ын нэр жагсаалтын 03 дугаарт бичигдсэн, ингэхдээ өмнөх Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 464 дүгээр захирамжийн Д.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгосон.

5. Ингэснээр, Б овогт Дийн Бд Б дүүргийн 4 дүгээр хороонд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/ дугаартай захирамжийг үндэслэн нэгж талбарын 16******* дугаар бүхий 685 м.кв газрыг 5 жилийн хугацаатай орон сууц, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр гэрээ байгуулж, 2014 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.

6. Энэхүү газрын эзэмших эрхийн хугацаа 2019 онд дууссан ба 2016 онд байгуулагдсан Т СӨХ-ны зүгээс орчны газраа хүлээж авсан, үргэлжлүүлэн ашигласан үйл баримт байхгүй байна.

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон Х г ХХК-ийн шилжүүлэн авсан газар эзэмших эрх нь анх Нийслэлийн Засаг даргын 1996 оны 08 дугаар сарын -ны өдрийн Барилгын байршил тогтоож, газар эзэмшүүлэх эрх олгох тухай А-191 дүгээр захирамжаар М ББХК-д орон сууцны барилга барихад зориулан Б дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төмөр замын эмнэлгийн баруун талд 1,3 га газар олгосон ба улмаар уг газрын эзэмших эрх 2010 онд талбайн хэмжээнд өөрчлөлт оруулж 2016 онд хугацааг нь сунгасан, харин зориулалт нь өөрчлөгдөөгүй байна.

8. Энэ байдал нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2/2925 дугаар албан бичигт ...архивын 2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн мэдээлэлд газрын нэгж талбарын болон талбайн хэмжээ өөрчлөгдөж 18******* дугаартай 5828 м.кв талбайтайгаар бүртгэгдсэн байх ба 2024 оны 10 дугаар сарын 22-ны байдлаар өөрчлөгдөөгүй..., гэснээр тогтоогдож байна.

9. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай А/61 дүгээр захирамжаар хавсралтаар 4 аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгасны дотор жагсаалтын 1-д М ХХК *******, Б дүүрэг, 4 дүгээр хороо, үйлчилгээ, орон сууцны зориулалтаар, 5832 м.кв, 10 жил эзэмшүүлэхээр бичигдсэн, ингэхдээ Нийслэлийн Засаг даргын өмнөх 2010 оны 783 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон.

10. Энэхүү хүчин төгөлдөр газар эзэмших эрхийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай А/36 дугаар тушаалын 1 дэх заалтаар газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2024 оны 03, 04, 06 дугаар хурлаар танилцуулагдан, зөвшөөрсөн дүгнэлт гарч, материалын бүрдэл хангасан 9 иргэн, аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлж шийдвэрлэсний дотор хавсралтын 3 дугаарт Х г ХХК, *******, өмнөх эзэмшигч М ХХК, үйлчилгээ, орон сууцны зориулалтаар, 5828 м.кв, 15 жил эзэмшүүлэхээр, өмнөх шийдвэр нь Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/61 дүгээр захирамж гэжээ.

11. Энэ шийдвэрийн дагуу 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Х г ХХК-д Б дүүрэг, дугаар хороо, 2 дугаар хороолол, Нарны зам хаягт байрлах нэгж талбарын 16******* дугаар бүхий 5828 м.кв газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 2 жилийн хугацаатай эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн Э-22******* дугаарт бүргэсэн 00******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Б дүүргийн Газрын алба, Х г ХХК нарын хооронд байгуулсан үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 5828 м.кв талбай бүхий газрыг 2 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх 01******* дугаартай гэрээ байгуулагдсан байна.

12. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 01-05/24 дугаар албан бичгээр Б дүүргийн дугаар хороо, Энх тайвны өргөн чөлөө гудамж, Т СӨХ-оос тус Газрын албанд гаргасан хүсэлт, хавсаргасан баримт, уг хүсэлтэд өгсөн хариу тайлбар-ыг нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлснээс үзвэл,

12.1. Нэхэмжлэгч Т СӨХ-оос 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Хүсэлт гаргах тухай 17 дугаар албан бичгээр Нийслэлийн Газрын албанд хандан Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/61 дүгээр захирамжаар М ХХК-ийн эзэмшиж буй 5832 м.кв газар нь Газрын тухай хуулийн 441 дүгээр зүйлд заасны дагуу орчны газрыг Сууц өмчлөгчдийн холбооны газарт хамаарч байх тул компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах-ыг, 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Хүсэлт гаргах тухай 19 дүгээр албан бичгээр Нийслэлийн Засаг даргад хандан ...ашиглавал зохих орчны газрыг чөлөөлөх, заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй тохиолдолд зогсоолд байрлаж буй машинуудыг зайлуулах арга хэмжээ авахаар мэдэгдэл ирүүлсэн..., автозам баригдсан тохиолдолд манай байрны оршин суугчдын хүүхдийн эрүүл мэндэд ноцтой хохирол үүсэхээр байна. Газрын тухай хуулийн 441 дүгээр зүйлд заасан газар буюу Сууц өмчлөгчдийн холбооны орчны газарт хамаарч байх тул компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулж, сууц өмчлөгчдийн холбооны ашиглавал зохих газрыг олгох-ыг хүсэж хүсэлт гаргасан ба Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 01-08/6361 дүгээр албан бичгээр ...хүсэлтэд дурдсан авто зогсоол болон хүүхдийн тоглоомын талбайн доорх газар нь тус компанийн эзэмших эрх бүхий газарт хамаарч байх бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар танай СӨХ-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжгүй, мөн албаны 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01-08/7132 дугаар албан бичгээр ...хүсэлтэд дурдсан танай оршин суугчдын зөвшөөрөлгүй ашиглаж буй авто зогсоол болон хүүхдийн тоглоомын талбайн доорх газар нь бусдад эзэмшүүлсэн газарт хамаарч байх бөгөөд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасны дагуу танай СӨХ-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжгүй гэх хариуг тус тус өгчээ.

13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан: Нийслэлийн Б дүүргийн дугаар /хуучнаар 4 дүгээр/ хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж хэсэгт байрлах Т СӨХ-ийн үйл ажиллагаа явуулж буй газар нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 04- ний өдрийн А/ дугаар захирамжаар иргэн Д.Бд орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн 685 м.кв талбай бүхий газарт 16 давхар орон сууц баригдсан ба уг барилга нь барилгын норм дүрмийг зөрчиж орчны газаргүй байгаа нь дээрх зөрчлийг үүсгэсэн, сууц өмчлөгчдийн холбооны газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэх тайлбар,

14. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс гаргасан: барилгын норм, дүрмийг зөрчиж барилгаа барьчхаад Х г ХХК-ийн эзэмшиж байгаа газраас аваад, норм дүрмийн шаардлагыг хангуулах гэж буй нь үндэслэлгүй..., Х г ХХК-ийн талбай дээр оршин сууж байгаа хүмүүсийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөх, мөн норм ба дүрмийн дагуу явагдаж байгаа манай барилга бас шаардлага хангахгүй болно..., тухайн ашиглалтад орсон барилгыг оршин суугчид нь хүлээн авч, амьдраад өчнөөн олон жил болсны дараа манай орчны газар, та нар эзэмшиж байгаа газраасаа өг гэдэг байдлаар Нийслэлийн Засаг даргаас шийдвэр гаргуулахаар тайлбарлан маргах нь хууль бус гэх тайлбар,

15. Х г ХХК-д олгосон нэгж талбарын 16******* дугаартай 5828 м.кв газрын хувийн хэрэг, иргэн Д.Бд олгосон нэгж талбарын 16******* дугаартай 685 м.кв газрын хувийн хэргийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 09 дүгээр сарын -ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 01-05/6514 дугаартай албан бичгээр ирүүлсэн нотлох баримт зэрэг нь хэрэгт авагдсан.

16. Ийнхүү дээр дурдсан үйл баримтууд, хэрэгт цугласан бусад нотлох баримт, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбарыг маргаан бүхий харилцаанд хэрэглэгдэх Газрын тухай хуулийн холбогдох заалтын агуулгатай хамааруулан тайлбарлан үзвэл,

16.1. Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2. хуульд өөрөөр заагаагүй бол дараах газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт зохицуулалттайгаар нийтээр ашиглах-аар маргаагүйг тэмдэглээд, харин мөн хууль, зүйлийн 6.4. нийтийн зориулалттай орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон зүлэг, ... хүүхдийн тоглоомын талбай,... машины зогсоол зэрэг барилгын нормын дагуу баригдсан байгууламжийг арчлан хамгаалах зориулалтаар Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4.1.6-д заасан орчны газрыг сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулж болно, мөн хуулийн 441 дүгээр зүйлийн 441.1. Сууц өмчлөгчдийн холбооны нэрийн өмнөөс тухайн холбооны гүйцэтгэх захирал орчны газрыг ашиглах тухай хүсэлтээ ...уг асуудлаар шийдвэр гаргах эрх бүхий аймаг, сум, нийслэлийн Засаг даргад гаргана, 441.5. орчны газрыг сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулах шийдвэрийг Газрын тухай хуулийн 21.2, 21.3, 21.4-т заасан эрх бүхий албан тушаалтан гаргах ба уг шийдвэрийг үндэслэн газрын асуудал эрхэлсэн алба, газрын даамал сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захиралтай ...гэрээ байгуулна гэж заасныг үндэслэлээ болгосныг,

16.2. Түүнчлэн ...Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.3. шинэ нөхцөл байдал бий болсноор нийтийн ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэж зааснаар дүгээр байрны 400 шахуу иргэний нийтлэг ашиг сонирхол хөндөгдөхөөр ийм нөхцөл байдал үүссэн, 49.3.5. нийтийн ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх, эсхүл түүнийг зайлуулахын тулд гэж зааснаар гаргасан шийдвэрээ хүчингүй болгоод, 803 м.кв гэдгээр нь эзэмших эрхийн гэрчилгээг нь олгох боломжтой, энэхүү эрх зүйн зөрчилгүй захиргааны актыг цуцлахаар зохицуулалтыг Газрын тухай хуульд нийцүүлээд 300 гаруй иргэний эрх, ашиг сонирхлыг хамгаалах боломжтой... гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

17. Хэрэв шүүх, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлд заасан зохицуулалтаар эрх зүйн зөрчилгүй актыг цуцлах шийдвэрийг гаргах ёстой гэж үзвэл, мөн хууль, зүйлийн 49.2. энэ хуулийн 49.1-д заасан захиргааны актыг ижил агуулгаар дахин батлах шаардлагатай, эсхүл хууль зүйн үндэслэлгүй бол цуцлахгүй гэж заасан урьдач нөхцөлийг хэрхэн авч үзэх вэ гэдэгт дүгнэлт өгөх шаардлагатай, тодруулбал хариуцагчаас гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг цуцлах байдлаар /нэхэмжлэгч тал нь эерэг нөлөөлөл бүхий эрх зүйн зөрчилгүй акт гэдгийг хүлээн зөвшөөрсөн/ нийтийн ашиг сонирхолд нөлөөлсөн үндэслэлд хамааруулж, сүүлд бий болсон нөхцөл байдал гэж үзэж шийдвэр гаргах эрхгүй болохыг тухайн зүйлд /49.2-т/ нь өөрт нь заасан, гуравдагч этгээдийн зүгээс газар эзэмших эрхийг эрхийн гэрчилгээгээр, гэрээний дагуу эзэмшиж хэрэгжүүлэхдээ Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар газар эзэмших гэрээг нь дуусгавар болгох, мөн хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл /гэрээгээ ноцтой зөрчсөн г.м/ тогтоогдоогүй энэ талаар дүгнэсэн болох нь нэхэмжлэгчид хариу өгсөн албан бичгээр нотлогдож байна.

18. Хамгийн гол нь маргаан бүхий харилцаанд хэрэглэгдэх Газрын тухай нарийвчилсан хуулийн зохицуулалтыг алгасаж, Захиргааны ерөнхий хуулийн зохицуулалтад оруулж нэхэмжлэлийг ханган хариуцагчид даалгахаар шийдвэрлэж, хууль хэрэглээний эрэмбийг шүүх зөрчих үндэслэлгүй.

19. Иймд хариуцагч захиргааны байгууллагаас гуравдагч этгээдэд орон сууцны зориулалттай эзэмшүүлсэн маргаан бүхий 803 /5828/ м.кв газрын газар эзэмших эрх нь газрын нэгж талбар болон зориулалтын өөрчлөлтгүйгээр Газрын тухай хуулийн дугаар зүйлийн .1. газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 28 дугаар зүйлийн 28.1.3. аж ахуйн нэгж, байгууллагын, 30 дугаар зүйлийн 30.1. газрыг М Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ... эзэмшүүлж болно, 31 дүгээр зүйлийн 31.1. газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн М Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна, 31.3. хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна, 34 дүгээр зүйлийн 34.1. ... газар эзэмшүүлэх шийдвэрийг үндэслэн... газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ, 37 дугаар зүйлийн 37.2. ...эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж,... гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана, 38 дугаар зүйлийн 38.4. газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг ... шийдвэр гаргана... зэрэгт заасны дагуу, энэ зохицуулалтын хүрээнд хэрэгжиж байгаа болох нь нотлогдож, энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2. Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 21.2.4. ...нийцүүлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг шийдвэрлэх, 33 дугаар зүйлийн 33.1.2. ...заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг ... шийдвэрлэнэ гэж заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж, хариуцагч Засаг даргаас маргаан бүхий захирамжийг гаргасан, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д заасан гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших талаарх газар эзэмшигчийн /гуравдагч этгээдийн/ эрхийг маргаан бүхий газар дээр газар эзэмших эрхгүй болон газрын давхцалгүй байгаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан, шүүх хуралдаан дээр тайлбарласан үндэслэлээр хүчингүй болгох боломжгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

20. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэл гаргагчаас мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.4, 21 дүгээр зүйлийн 21.2.4, дугаар зүйлийн .1, 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.1.1, 441 дүгээр зүйлийн 441.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т СӨХ-оос, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/36 дугаар тушаалын 803 м.кв-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, Х г ХХК-ийн 5,898 м.кв газраас Т СӨХ-ийн орчны газарт хамаарах 803 м.кв газрыг ашиглах эрхийг олгохгүй байгаа Нийслэлийн Засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож Т СӨХ-д ашиглах эрхийг олгож, гэрчилгээг олгохыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН