Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 303/ШШ2025/00123

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  оршин суух,  регистрийн дугаартай,******* овогт ******* *******

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Б.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Б.******* миний бие нь 1970 оны 04 сарын 25-ны өдөр Баянхонгор аймаг, Баацагаан суманд төрсөн. Одоо 55 настай. Малчнаар өндөр насны тэтгэвэрт гарах насанд хүрсэн.

Миний бие нь 1986 оны 06 дугаар сард 8 дугаар анги төгсөөд Баянхонгор аймгийн Баацагаан сумандаа ах ******* хамт Чойбалсангийн зам нэгдэлд мал маллаж байгаад 1988 оны 10 сарын 16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан. 1990 оны 10 дугаар сарын 11-ны өдөр цэргээс халагдан ирж Чойбалсангийн зам нэгдэлдээ бог мал маллан малчнаар ажиллаж байгаад 1992 онд хувьчлалд орсноор нэгдлээс мал аван гарч хувийн малчин болсон. Одоог хүртэл Баянхонгор аймгийн Баацагаан сумын Зүүн Хаяа 6 дугаар багт мал маллан ажиллаж амьдарч байна. Өндөр насны тэтгэвэрт орох хугацаа болж байгаатай холбоотой хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул 1986-1988 он, 1990-1992 онд нэгдэлд малчнаар ажиллаж байснаа тогтоолгох шаардлагатай болсон. Малчнаар ажиллаж байсан байдлаа нотлох зорилгоор архиваас баримт шүүлгэхэд 1986-1988 онуудад цалингийн бичилт, 1988, 1991-1992 онуудад Чойбалсангийн зам нэгдлийн бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, хавсралтын хамт гарсан. Мөн мал тооллогын баримтууд 1990-1996, 1998-2019 он дээр малчнаар мал тоолуулсан болох нь гарсан.

Иймээс нийгмийн даатгалын байцаагчийн зөвлөмж хуудсанд бичигдсэн 1986- 1988, 1990-1992 онуудад миний бие нь малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 973 дугаар архивын лавлагаа, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 702 дугаар архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн даргын 1988 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 37 дугаартай тушаал, түүний хавсралт, Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн бүх гишүүдийн хурлын 1991 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр тогтоол, Цагаан ээж ХК-ийн 1992 оны нэрсийн жагсаалт, Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 000010647 дугаартай лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 13/164 тоот албан бичиг, хүсэлт гаргагч Б.*******ын ХААТР-1, 21 маягтын хуулбарууд, гэрч ******* мэдүүлгийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Хүсэлт гаргагч Б.*******ын 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, мөн 1991 оны 9 дүгээр сарын 20-ны 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: Б.******* нь 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, мөн 1991 оны 9 дүгээр сарын 20-ны 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан болох нь түүний 1987-1988 онуудад авч байсан цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 973 дугаар архивын лавлагаа, Б.******* нь шагнал авсан тухай Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн даргын 1988 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 37 дугаартай тушаал, түүний хавсралт, нэгдлийн гишүүнээр элсүүлэх тухай Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн бүх гишүүдийн хурлын 1991 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр тогтоол, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч ******* мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Мөн хүсэлт гаргагч О.Цэцэгмаад 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр олгосон Хүн амын регистрийн картын маягтын 014 дугаар бүртгэлд: овог, нэр- ******* овогтой *******, ажилладаг байгууллага- нийтийн аж ахуй үйлчилгээ, эрхэлдэг ажил-шавар будаг, эрхэлж эхэлсэн он-1986 он, оршдог сум-Баацагаан гэж тэмдэглэжээ.

5. Харин хүсэлт гаргагч Б.*******ын 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал ажиллаж байсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, архиваас цалин гараагүй байх тул дээрх хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

6. Иймд хүсэлт гаргагч Б.*******ын 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, мөн 1991 оны 9 дүгээр сарын 20-ны 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Баацгай овогт ******* *******ын 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, мөн 1991 оны 9 дүгээр сарын 20-ны 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Г.БАТЗАЯА