| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0043/Э |
| Дугаар | 56 |
| Огноо | 2018-01-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | С.Энхтуул |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Билгүүн,
Улсын яллагч С.Энхтуул,
Шүүгдэгч З.Б /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Э.Тт холбогдох эрүүгийн 201725031143 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Боржгон овогт Э.Т, Монгол Улсын иргэн, 1998 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум, 2 дугаар баг, Ширхэнцэг сббхк гудамж 1 байрны 6 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:МЗ98061116/.
Шүүгдэгч З.Б нь 2017 оны 5 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гэрсэнз бааранд Б.Алтангэрэлийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, мөн тус баарны эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээн Т.Дөлгөөнд 806.500 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч З.Бөөс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Хандсүрэн, Болдбаяр, Хандсүрэн эгчийн дүү Батжаа нарын хамт гадуур явж байгаад “Гэрсэнз” хаан ресторанд орсон. Тухайн рестораны доошоо будаг шатаар бууж байхад манай найзыг нэг залуу мөрлөсөн. Тэгээд намайг мөрлөсөн. Тэгэхээр нь би тэр залууг түлхсэн. Тэгээд бид нарыг доошоо бууж байхад нөгөө залуу Хандсүрэн эгчийн толгой руу пивоны шилээр цохиод маргаан болсон” гэсэн мэдүүлэг,
Яллагдагч З.Бөөс мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..нүдний шилтэй залуу нь намайг мөрлөөд би түлхээд шатаар доошоо буугаад явсны дараа Хандсүрэн эгчийн толгойг пивоны шил шидээд цохиод авсан. Тэгээд би буцаж очоод зууралдаад зодоон эхэлсэн. Намайг мөрлөхөд дургүй хүрсэн ..тухайн үед зодоон болж байхад би паабын ханан дээр байсан жаазтай гурван зургийг авч шидсэн. Текний хажуу талд байсан сандлыг аваад текний ар тал руу нь шидсэн ..Алтангэрэлийн уруул руу мөргөж унагаасан ..” гэсэн мэдүүлэг /хх-61-62х/,
Хохирогч Б.Алтангэрэлээс мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..Тэр 3 залуугийн хамгийн өндөр нь Төгөлдөр байсан юм. Харин нөгөө 2 нь Төгөлдөрийн хажууд хамаагүй намхан байсан юм. Төгөлдөр л миний нүүр лүү мөргөсөн юм. Харин тэр үед нөгөө 2 залуу нь хажуугаар хөл рүү өшиглөөд байх шиг байсан. Би дээд давхарт цонхныхоо хөшигнүүдийг хаачихаад хаалгаа хаагаад буугаад ирэхэд Төгөлдөр нь нүдний шилтэй гэж яриад байгаа Очирдоржтой хоорондоо барьцалдчихсан байсан юм. Тэгэхээр нь би наанаас нь очоод салгах гэтэл Төгөлдөр миний урдаас согтуу дайраад надтай барьцалдаж авсан юм ..Төгөлдөр сандал авч байгаад шилэн хүзүү, нуруу хэсэгт хавсарч цохьсон. Төгөлдөр сандал аваад текний ар хэсэг рүү шидчихсэн. Тэгээд тэр архи пивийг хагалсан ..” гэсэн мэдүүлэг /хх-35-36х/,
Хохирогч Т.Дөлгөөнөөс мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..Уг паабыг Арвижих, Алтангэрэл найзуудтайгаа нийлж ажиллуулдаг бөгөөд би дээрх 2 хамтардаг залуугаа ахлаж ажилладаг юм. 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө манай Гэрсэнз хаан нэртэй пабад сүүлд нь нэрийг нь мэдсэн Төгөлдөр гэх залуу Алтангэрэлийг зодох явцдаа манай Гэрсэнз хаан паабын эд хөрөнгийг эвдэж сүйтгэсэн байсан. Хэрэг болох үед би байгаагүй учир ямар шалтгааны улмаас ийм зүйл болсон талаар мэдээгүй. Маргааш өглөө нь очиход паабын камер, архи, пиво зэрэг зүйлүүдийг хагалж эвдэж сүйтгэсэн байсан. Би үнэлгээтэй танилцлаа, үнэлгээтэй холбоотой ямар нэг санал хүсэлт байхгүй..” гэсэн мэдүүлэг /хх-38-39х/,
Гэрч М.Болдбаяраас мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..Төгөлдөр дараа нь орж ирсэн залуугийн уруул руу нь мөргөчихсөн. Тэгэхээр нь би шууд гарч яваад хажуу талын байранд байдаг Ганбаатар ах руу утсаар нь дуудаад Төөгий энд зодоон хийчихлээ, хүрээд ир аваад гаръя гэж хэлсэн ..Тэгээд ороод хартал паабын дотор талд жаазтай зурагнууд хагарчихсан, текэн дээр байсан эд зүйлүүд хагарчихсан байсан ..Тэгээд би Төгөлдөрийг авч гарах гэтэл нэг залуу нь Төгөлдөрийг барьчихаад зууралдаад салахгүй байсан. Тэгэхээр нь би нөгөө залууг нь хойш татаад алгадаад хойноос нь тэврээд татаад газарт унагаасан .. ” гэсэн мэдүүлэг /хх-40-41х/,
Гэрч Б.Ганбаатараас мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..би тухайн үед Энэрэлтэй хамт ороод салцгаасан. Тэгээд Төгөлдөрийг авч гарсан. Тухайн үед Төгөлдөр ханан дээр өлгөөстэй байсан жаазнуудыг аваад газар шидэж байсан ..” гэсэн мэдүүлэг /хх-44х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 6497 тоот шинжээчийн дүгнэлтэд:
“1. Б.Алтангэрэлийн биед уруулд няцарсан шарх, хүзүүний ар доод хэсэг, баруун зүүн тохойд зулгарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх тухайн өдөр үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-53х/,
Эд зүйлийн үнэлгээ /хх-87-88х/,
Шүүгдэгч З.Бийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-66х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-67х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч З.Б нь 2017 оны 5 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гэрсэнз бааранд Б.Алтангэрэлийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, мөн тус баарны эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээн Т.Дөлгөөнд 806.500 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч З.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Алтангэрэл, Т.Дөлгөөн нар нь гэм хорын хохирлын мөнгө бүрэн хүлээн авсан, цаашид гомдол саналгүй гэсэн хүсэлт /хх-78-79х/-ээ мөрдөн шалгах ажиллагааны үед гаргаж өгсөн байх тул шүүгдэгч З.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дэх хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны дотор төлүүлэх, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.