| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0175/З |
| Дугаар | 128/ШШ2024/0913 |
| Огноо | 2024-11-18 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2024/0913
2024 11 18 128/ШШ2024/0913
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны х анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Бь /РД:УО*******/,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Э //,
Хариуцагч: Б дүүргийн Засаг дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.А /Б дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны Газар зохион байгуулагч/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ж /Б дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн/,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б /Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Хуулийн хэлтсийн мэргэжилтэн/,
Гуравдагч этгээд: Б.Д /РД:Ч3/,
Нэхэмжлэлийн шаардлага: Б дүүргийн Засаг даргын 2014 оны А/546 дугаар, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/41 дүгээр захирамжийн Б.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Б дүүргийн Засаг даргын 2023 оны А/1129 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э, хариуцагч Б дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээд Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатарзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Х үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Иргэн Ч.Б Б дүүргийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 380 дугаар захирамжаар Б дүүргийн дугаар хороо, ЦИС-ийн гудамж 1-27 тоот хаягт байрлах 700 м.кв, нэгж талбарын 13 дугаар бүхий газрыг эзэмшиж байгаад 2018 оны 05 дугаар сарын -ны өдөр өөрийн хүсэлтээр төрсөн охин Б.Бьд шилжүүлэн өгсөн.
1.2. Б.Бь Б дүүргийн дугаар хороо, ЦИС-1 гудамжны 27 тоот хаягт байрлах 680 м.кв талбай бүхий нэгж талбарын 13 дугаар бүхий уг газрыг Б дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/376 дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж газар эзэмших эрхийн 0 дугаартай гэрчилгээг авсан.
1.3. Харин Б дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/546 дугаар захирамжаар Бн Дд Б дүүргийн дугаар хорооны ЦИС-ын 27а тоотод 367 м.кв газрыг иргэний ахуйн зориулалтаар эзэмшүүлсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын -ны өдрийн А/41 дүгээр захирамжаар тус газрыг Бн Дд өмчлүүлсэн байна.
1.4. Б дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/1129 дүгээр захирамжаар Газрын тухай хулийн 35 дугаар зүйлийн 35.3.5, 40 дүгээр зүйлийн 40.1.6-т заасныг үндэслэн иргэн Б.Бийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.
1.5. Иргэн Б.Биас Нийслэлийн Засаг дарга, Б дүүргийн Засаг даргад тус тус холбогдуулан Б дүүргийн Засаг даргын 2014 оны А/546 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/41 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гаргаснаар тус шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 1512 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж эхэлсэн ба,
1.6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгчээс Б дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/1129 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгчээс анх шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлдээ: Б.Бь Б дүүргийн дугаар хороо, ЦИС-1 гудамжны 27 тоот хаягт байрлах 680 м.кв талбай бүхий нэгж талбарын 13 дугаар бүхий газрыг Б дүүргийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/376 дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж газар эзэмших эрхийн 0 дугаартай гэрчилгээг авсан.
Б.Бийн аав Ч.Б нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 34 дүгээр зарлиг, Засгийн газрын 2002 оны 93 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Батлан хамгаалахын сайдын 2004 оны 108 дугаар тушаалаар Зэв ТӨҮГ-г татан буулгасантай холбогдуулан Б дүүргийн хорооны нутаг дэвсгэрт байрлах модны үйлдвэрийн байршил газрыг Батлан хамгаалах яам, түүний харьяа агентлаг, анги байгууллагуудад одоо ажиллаж байгаа болон тэтгэвэр чөлөөнд гарсан офицер, ахлагч нарт эзэмшүүлэхээр шийдвэрлэсний дагуу Б дүүргийн засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 380 дугаартай захирамжаар Б дүүргийн дугаар хороо, ЦИС-ийн гудамж 1-27 тоот хаягт байрлах 700 м.кв талбай бүхий нэгж талбарын 13 дугаар бүхий газрыг эзэмшиж байгаад 2018 оны 05 дугаар сарын -ны өдөр өөрийн хүсэлтээр төрсөн охин Б.Бь надад шилжүүлэн өгсөн. Ч.Бт эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн газрын хэмжээ бодит байдал дээр 1055.44 м.кв талбайтай боловч тухайн үед дүүргээс тавьсан шаардлагын дагуу эзэмшүүлэх захирамж гаргахдаа 700 м.кв талбайн хэмжээтэй гарсан.
Дээрх шийдвэрүүдийг миний бие Б дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн /937 дугаартай албан бичгээр мэдсэн бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өмгөөлөгчөөрөө дамжуулан Нийслэлийн Засаг дарга Х.Н*******т хандаж Б дүүргийн Засаг даргын 2014 оны А/546 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/41 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгуулахаар хүсэлт гаргасан боловч хариу ирүүлээгүй тул хуульд заасны дагуу 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Б.Бь миний бие Б дүүргийн Засаг даргын 2014 оны А/546 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/41 дугаартай захирамжаас үүдэн өөрийн эзэмшлийн газартаа нэвтрэх боломжгүй болсон ба өөрөөр хэлбэл, иргэн Ч.Дд миний эзэмшил газрын орц гарцыг хааж миний газраас тастан эзэмшүүлж өмчлүүлснээс болж миний бие өөрийн эзэмшил газартаа орох гарах ямар ч боломжгүй болж хохирохын сацуу газрын албаны холбогдох мэргэжилтэн, дарга нар ч энэхүү хууль бус үйл ажиллагаанд хувийн сонирхлоор оролцсон байж болзошгүй гэж үзэж байна.
Иргэн Б.Бь миний эзэмшил газраас тастан, миний эзэмшил газрын орц гарцыг хааж иргэн Ч.Дд газар эзэмшүүлж, өмчлүүлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна, 35 дугаар зүйлийн 35.3.5-д бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх гэснийг зөрчиж иргэн Ч.Дд газар өмчлүүлсэн байгаа нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын цахим сангаас тодорхой харагдаж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу Б дүүргийн Засаг даргын 2014 оны А/546 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/41 дүгээр захирамжийн иргэн Ч.Дд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
2.2. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлдээ: ...Б дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдийн А/1129 дугаартай захирамжаар миний эзэмшил газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр буюу гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэл зааж миний эцгээсээ шилжүүлж авсан газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн.
Нийслэлийн Б дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албаны 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн /989 дугаартай Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн албан бичигт дээрх байршлын орц гарцыг хаасан нэгж талбарын 13******* дугаар бүхий 366 м.кв газрыг иргэн Б.Д өмчилж авсан байна гэж дурджээ. Дээрх албан бичгээс үзвэл миний эзэмшлийн газрын орц гарцыг хааж, газартаа орох гарах боломжгүй нөхцөл байдлыг Б дүүргийн Газрын албаны эрх бүхий албан тушаалтнууд бий болгосон нь өөрсдийнх нь албан бичигт тодорхой дурдсан, миний бие бусдын өмчлөлийн газраар дамжин өөрийн эзэмшил газартаа орох боломжгүй нөхцөл байдлыг төрийн байгууллага бий болгосон атал эцэст нь газраа эзэмшээгүй нь буруу гэх байдлыг иргэн надаас хайж байгаа нь хууль болоод шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна.
Б дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдийн А/1129 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай гомдлыг 2024 оны 01 сарын 25-ны өдөр Нийслэлийн Засаг даргад гаргасан ч Засаг даргын Тамгын газрын 2024 оны 02 дугаар сарын -ны өдрийн 06/841 дугаартай албан бичгээр миний гаргасан гомдлыг шийдвэрлэх боломжгүй талаар хариу ирүүлснийг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсан.
Иймд Б дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдийн А/1129 дугаартай захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.Бийн хувьд Б дүүргийн Засаг даргын 2014 оны А/546 болон Нийслэлийн Засаг даргын А/41 дугаартай захирамжаас үүдэн өөрийн эзэмшил газартаа нэвтрэх боломжгүй болсон. Яагаад нэвтрэх боломжгүй болсон бэ гэхээр зөвхөн баруун талаасаа нэвтэрдэг өөрөөр хэлбэл, газар Б.Д гэдэг хүний эзэмшилд байдаг. Бусад газраас нь оръё гэхээр орох ямар ч боломжгүй, 3 тал нь битүү байснаас болоод өнөөдөр эзэмшил газраа эзэмших, ашиглах боломжгүй болсон. Үүний дагуу газрын эзэмших эрх цуцлагдсан байдаг. Ингээд Б.Дд эзэмшүүлж өмчлүүлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй байна, 35 дугаар зүйлийн 35.3.5-д бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх гэснийг зөрчиж иргэн Б.Дд газар өмчлүүлсэн байгаа нь холбогдох албан бичиг буюу 2023 оны 05 дугаар сарын 19-ний /989 дугаартай албан бичиг дээр тодорхой дурдагдсан. Яагаад гэвэл, газрын алба орц гарцыг хааснаа хүлээн зөвшөөрсөн агуулгатай албан бичиг 01 дүгээр сарын 15-ны өдөр үйлдсэн байдаг. Энэхүү захирамжийг гаргахдаа холбогдох хуулийн заалтыг зөрчөөд бусдын эрх, хууль ёсны ашиг, сонирхлыг зөрчсөн гэж үзэж байгаа учраас эзэмшүүлсэн болон өмчлүүлсэн захирамжийн Б.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.
Нэмэгдүүлсэн шаардлагын тухайд энэхүү газраа эзэмшиж байх хугацаанд бусдын эзэмшлээс болоод өөрийн газрыг эзэмших, ашиглах боломжгүй байсан. Үүнээс улбаалаад Б дүүргийн Засаг даргын 2023 оны 12 сарын 25-ны өдрийн А/1129 дугаартай захирамжаар Б.Бийн эзэмшлийн газрыг цуцалж шийдвэрлэсэн. Цуцлахаас өмнө Б.Бьд газар эзэмших эрхийг цуцлах нөхцөл байдал үүслээ гэж мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан тайлбаруудаа өгч байсан. Б дүүргийн Газрын албанаас цуцлахтай холбоотой мэдэгдэл нь тухайн дурдсан хугацаанд буцааж хариу ирүүлнэ үү гэснээс хойш Б.Бь авсан даруйдаа буюу маргааш нь хариу тайлбараа газрын алба уруу хүргүүлсэн. Газрын албанд хүргүүлж амжсан уу, үгүй юу захирамж нь гарсан. Энэхүү захирамж гарах үндэслэл нь зөвхөн 2 жил дараалан ашиглаагүй гэсэн шалтгааныг дурдсан байдаг. Гэтэл ашиглах нөхцөл байдлыг гуравдагч этгээд хаагаад өгчихсөн байгаа. Үүнийг Газрын албанаас зөвшөөрсөн. Орц, гарцыг хаасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэгэхээр бусдын хууль бус үйлдлээс болоод, мөн Газрын албаны хууль бус үйлдэл ч байгаа гэж харж байгаа. Энэхүү үйлдлээс болоод газар эзэмших эрх маань цуцлагдсан гэж үзэж байгаа учраас Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/41 дүгээр захирамж болон Б дүүргийн Засаг даргын А/1129 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлагыг гаргаж байна... гэв.
Гурав. Хариу тайлбар, татгалзал.
3.1. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзлын үндэслэлдээ: ...Иргэн Б овогтой Дд Б дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын -ны өдрийн А/41 дүгээр захирамжаар дугаар хорооллын ЦИС-ын гудамжны 27а тоотод 367 м.кв хэмжээтэй газрыг өмчлүүлсэн байна. 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2023/42 дугаартай өмгөөлөгч Ц.Эын гаргасан хүсэлтэд 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01- 11/7076 албан тоотоор хариуг хүргүүлсэн.
Б дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/1129 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох захирамж гарсан. Уг захирамжид Б дүүргийн 40 дүгээр хороо, Ц Их сургуулийн 1 дүгээр гудамжны 27 тоот хаягт байршилтай 700 м.кв газрыг эзэмшигч Бын Бийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байна.
Б дүүргийн дугаар хороонд байрлах 13******* нэгж талбарын дугаар бүхий 367 м.кв газрыг иргэн Б.Дд өмчлүүлсэн нь нэхэмжлэгч Ч.Бийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй, мөн тус газрын өмчлөх эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна, 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь хэсэгт бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх гэж заасны дагуу хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Ч.Бийн эзэмшлийн газар биш бөгөөд Ч.Бийн эрх, ашгийг хөндөөгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.... гэжээ.
3.2. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...маргаан бүхий газар дээр Б.Д нь 2005 оны 07 сарын 18-ны өдөр хүсэлт, гомдлоо гаргаад түүний дагуу газар эзэмших эрх нь 2014 оны захирамжаар үүссэн. Тухайн захирамж гарсны дараа тухайн газар дээрээ өмчлөх эрхийн гэрчилгээг олгох талаар хүсэлт гаргасан дагуу өмчлөгч болсон. Энэ нь хууль ёсны дагуу бөгөөд бүрэн эрхийнхээ хүрээнд газрын эзэмших эрхийг олгосон. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу Б.Дгийн газар нь ямар нэгэн байдлаар Б.Бийн газартай давхцал байдаггүй. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлдээ бодит байдал дээрээ 1055 м.кв байсан манай газраас 366 гаруй м.кв-ыг нь Б.Дд олгосон байна гэдэг тайлбарыг хэлдэг. Гэвч бодит байдал дээр яг захирамж дээрээ 700 м.кв байдаг. Ямар нэгэн байдлаар Б.Бийн газраас хасаж олгосон зүйл байхгүй. Геодези зураг зүйн ерөнхий газрын ирүүлсэн сансрын зураг дээрээс ч харагддаг.
Мөн Б.Бийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон А/1129 захирамжийг хүчингүй болгох шаардлагын тухайд, сонсох ажиллагааны мэдэгдлийг хугацаанд нь хүргүүлсэн. Захирамжийн үндэслэлд Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн, 40.2, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг баримталсан. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь хэсэгт газар эзэмшигч газраа өөрөө хамгаалах ёстой гэх агуулга байдаг. Тухайн газар Б.Бийн бодит эзэмшил ашиглалтад байгаагүй, Б.Дгийн бодит эзэмшил ашиглалтад байсан. Б.Д бол 2005 оноос хойш амьдарсан гэдэг тайлбараа хэлдэг. Мөн ямар нэгэн байдлаар эзэмшиж, ашиглах гэсэн хүсэлт гаргасан зүйл байдаггүй. Тэгэхээр тухайн газрыг ашиглах гэсэн хүсэл зориг нь тодорхойгүй. Одоо нэхэмжлэлийг гаргаж байгаа нь бас сонин байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбараа дэмжиж байна... гэв.
3.3. Хариуцагч Б дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзлын үндэслэлдээ: ....Б дүүргийн дугаар хороо одоогийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 18 /шинэ нэгж талбарын 13/ дугаар бүхий 700 м.кв газрыг Б дүүргийн Засаг даргын 2008 оны 380 дугаар захирамжаар ЦИС -ийн гудамж 1-27 хаягт иргэн Ч.Б /РД:ЧЖ*******/-т 10 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. Улмаар Б дүүргийн Засаг даргын 2018 оны А/376 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжийг үндэслэн Б дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 13 дугаар бүхий 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэн Ч.Баас Б.Бь /РД:УО*******/-т газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн байна.
Иргэн Б.Да /РД:Ч3-с тус албанд 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр ирүүлсэн гомдлын дагуу тус дүүргийн 40 дүгээр хорооны хэсгийн ахлагч А.Ц, хөрш зэргэлдээ айлын төлөөлөл болох Б.Г нарыг байлцуулан 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны А/187 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 7.2.3. Бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад олгосон газартай давхцаж буй эсэхийг нягталж үзэх, 7.2.5. Хөршүүдийн болон тухайн нэгж талбарын орц, гарцыг тодорхойлох, энэ журмын 2 дугаар хавсралтын дагуу тухайн нэгж талбартай хил залгаа хөршүүдийг байлцуулах гэж заасны дагуу 231127/01 тоот хөршүүдтэй хийсэн тэмдэглэлийг үйлдэж албажуулсан болно.
Иймд иргэн Б.Бьд газар эзэмших эрх олгосон байршил нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.3.5. бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг тус тус зөрчсөн үндэслэлээр Б дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн /1179 тоот албан бичгээр Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааны хугацаатай мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн болно. Иргэн Б.Биас тус албанд хариу тайлбарыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ирүүлсэн бөгөөд тус дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/1129 тоот захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.... гэжээ.
3.4. Хариуцагч Б дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...анх Ч.Бт 2008 оны А/380 гэсэн захирамжаар Б дүүргийн дугаар хороо хуучнаар 1-27 тоотыг 10 жилийн хугацаатай 700 м.кв газрыг эзэмшүүлсэн байдаг. 2018 онд Ч.Баас Б.Бьд газар эзэмшүүлэх эрхээ шилжүүлсэн. Энэ хугацаанд хүчингүй болсон захирамжийн үндэслэл маань Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан буюу 2008 оноос хойш бүхэл бүтэн жил хашаа нь хоосон байсан гэх үндэслэлтэй. Мөн Газрын тухай хуульд зааснаар газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй гэсэн заалтаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Газрын албанаас мэдэгдлийг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нэг удаа хүргүүлсэн. Хариу тайлбартаа Б.Биас газар эзэмших эрхээ эдлэх гээд хашаагаа ч юм уу, гэр барин амьдрах гэхээр манай орц, гарц дээр Б.Д гэх хүн дээр газар эзэмших эрх үүсгэснээс болоод орох боломжгүй байсан гэсэн тайлбар гаргасан. Энэ тайлбар нь газар эзэмших эрхийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2, 4.10-т өөрийн эзэмшил газрын хил зааг, эргэлтийн цэг тэмдгийг газар эзэмшигч нь өөрөө хамгаалалтдаа авч бүрэн бүтэн байдлыг хариуцна гэж заасан. Тэгэхээр орц, гарц дээрээ олгосноос болоод биш өөрсдөө хашаагүйгээр олон жил байлгасны улмаас хүчингүй болгосон байгаа.
Мөн баруун талын 1-27а тоот хаягт газар эзэмшүүлсэн бөгөөд орц, гарцгүй болгосон боловч, батлагдсан ерөнхий төлөвлөгөөнд нэхэмжлэгчийн орц, гарц нь зүүн хойноосоо байдаг. 1-27а тоот нь орц, гарцыг хаагаагүй зүүн хойноос opox ёстой. Энэ нэгж талбар нь 2021 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар 1-27 тоотыг иргэн газраа давуу эрхээр үнийг нь төлж өмчилж авсан гээд м.кв нь 875 болж өөрчлөгдсөн. Нягталж үзэхэд 2018 онд давуу эрхээрээ өмчлүүлсэн болохоос биш 2014 онд газар эзэмших эрх дүүргийн Засаг даргын захирамжаар олгохдоо эдний орц, гарцыг хааж баруун талд нь олгосон асуудал байдаггүй... гэв.
Дөрөв. Гуравдагч этгээдийн хариу тайлбар, татгалзал:
4.1. Гуравдагч этгээд Ц.Д шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, татгалзлын үндэслэлдээ: ...Би 3 өнчин хүүхэдтэй Б дүүргийн дугаар хороо, одоогийн 40 дүгээр хороонд 1-27 тоотод 2005 оноос хойш амьдарч байгаа. Энэ газар дээр анх буухад хогтой байсан. 5 машин хог, 10 машин үртсийг ачиж, тэр газрыг шороогоор тэгшилж буусан. Би Б дүүргийн Тамгын газарт 20-30 жил ажилласан, ганцхан дүүрэгт ажиллаж амьдарсан өрх толгойлсон эмэгтэй, Архангай аймгийн Их тамир сумын Өндөр Гонгорын ганц хүүтэй амьдарч байсан. Тэрээр Батлан хамгаалах их сургуулийн жолооны багшаар ажиллаж байгаад хүнд өвчний улмаас 1999 онд хорвоогийн мөнх бусыг үзсэн. Би тэр газрыг авсны дараа Батлан хамгаалах яамны орон сууц хариуцсан Балжинням гэдэг хүн ирээд маргааш иргэний үнэмлэх 50,000 төгрөг аваад Батлан хамгаалах яамны орон сууц дээр очоорой гэсэн. Очиход миний иргэний үнэмлэхийг канондоод 50,000 төгрөг авсан. Батлан хамгаалах сургуулиас 2 хүнд тэр газар олгогдсон байдаг. Нэг нь жолооч, нэг нь манай талийгаач байдаг. Тэр хүн бас намайг очиход очсон байсан. Тэгээд би бичиг баримтуудаа өгчхөөд хөөцөлдсөн. Би өнчин хүүхдүүдээ сайн сайхан явуулахын тулд том охиноо Батлан хамгаалах их сургуулийн Санхүү удирдлагын анги, хүүгээ Шинжлэх ухаан, технологийн их сургуульд оруулсан. Охиныгоо энэ миний насан туршийн өмч шүү гээд эзэмшил газраа өгсөн. Талийгаач Батлан хамгаалах их сургуулийн гараашинд машинаа тавьдаг байсан, би залуу байсан. Тэгээд талийгаачийн маань машинаа тавьдаг байсан газраас 10 метрийн зайд газар маань байгаа. Би төрд олон жил ажиллахдаа нэг ч удаа газар авч байсан түүх байхгүй. Би тэр хашаанд дөрвүүлээ ирээд одоо арван хэдүүлээ болсон. Миний ач, зээ нар бүгд тэр газар дээр маань миний хог шороог янзалж, өвөө нь тэнгэрт хальсан ч гэсэн ач, зээ нартаа Батлан хамгаалах их сургууль сайхан сэтгэл гаргаж, Батлан хамгаалах яам, С.Б гэх генерал хүртэл орон сууц хариуцсан хүнд хэлж, Улсын Их Хурлын гишүүн Батлан хамгаалахын сайд байсан Гүррагчаа гуай хүртэл хэлж манай мундаг сайн хүн байж байгаад тэнгэрт одсон хүнд, эхнэр нь төрийн албанд насаараа ажиллаж байхад ганц ч газаргүй гээд энэ газрыг эзэмшүүлсэн. Энэ хашаан дотор үр хүүхдүүд маань 20 жил бужигнаж бүгдээрээ хөлд орсон. Том нь 12-р анги, 11-р анги, 6-р анги гээд 3 зээ маань хөлд орсон юм. Газрын албанд ааваасаа үлдсэн охиндоо би тэр 27-г өгье, би ганцаараа юм чинь 27а гэх газрыг нь авъя гэсэн. Бид нарын бичиг баримт 20-30 жил дандаа 27-р явж байгаа. 27а гэдэг бол би өөрөө жаахан юмыг нь авчихъя гэсэн учиртай юм. Тэгээд би охиндоо тэр газрыг бичээд өг гэсэн. Баганат өргөө гээд компани манай охинд 2 өрөө байр гарааш гээд надтай болохоор 1 өрөө гарааш өгнө гэсний дагуу Б дүүргийн Засаг дараг Ганчимэг болон Баганат өргөө компанитай 2010-аад оны үед гуравласан гэрээ хийгээд Баганат өргөө компани байраа бариад зарим нэг нь ашиглалтад орохгүй дараагаар нь би элэгний хорт хавдар тусаж элгээ 60% тайруулсны дараа Газрын алба дээр очиход манай охинд бичигдэхгүй болчихсон. Яагаад гэсэн чинь Засаг дарга солигдсон манай ах Госпиталийн мэс заслын эмч юм, ахдаа тус болж энэ газрыг чинь авлаа. Гэрээ хийж Засаг даргын хувьд ахдаа тусалж байна, шүүхэд хандаад аваарай гэж хэлсэн. Дараагаар нь Газрын албаны Баттөгс гээд зохион байгуулагчид хандан охиндоо энэ газрыг өгөх гээд байна гэхэд танай баруун талын хашаа жаахан маргаан гарсан та 100 м.кв өгчих тэгэхээр чинь би гэрчилгээг охин дээр чинь бичээд өгье гэхээр нь эгч нь энэ олон жил амьдарчхаад яаж энэ газраа өгөх вэ дээ гэсэн чинь тэгвэл би газрыг чинь бичиж өгөхгүй гэсэн. Ингээд энэ газар миний охин дээр бичигдэхгүй энэ олон жил болж байгаа юм. Газар дандаа 27 тоотоор явсан байгаа. Та бүхэн газрыг минь гаргуулж хэдэн өнчин хүүхдэд минь тус болж 20 жил амьдарсан юм чинь одоо зээнцрээ үзэх хүртлээ амьдрах хүсэлтэй байна... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэл түүнд хамаарах шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан түүний өмгөөлөгчийн тайлбар, нэхэмжлэлийг хариуцагч нараас эс зөвшөөрч гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, гуравдагч этгээдийн тайлбар зэргийг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж, маргаан бүхий захиргааны актуудын хууль зүйн үндэслэлийг хянаж, нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, харин нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад хамаарах хэсгийг хариуцагчаас дахин захиргааны акт гаргуулахаар түдгэлзүүлж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхэд хамаарах үйл баримтын тухайд.
2.1. Б дүүргийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын -ны өдрийн Иргэдэд иргэний ахуйн зориулалтаар газар эзэмших эрх олгож гэрчилгээжүүлэх тухай 380 дугаар захирамжийн хавсралтын 13 дугаарт зааснаар Ц их сургуулийн гудамжны 1-27 тоот хаяг, 700 м.кв газрыг Чын Б /РД:ЧЖ/-т 10 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэсэн.
2.2. Б дүүргийн Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай А/376 дугаар захирамжаар одоо эзэмшиж байгаа газраа бусдад нэр шилжүүлэн эзэмшүүлэхээр хүсэлтээ ирүүлсэн 83 /наян гурав/ иргэний 49915 м.кв газрын эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлж шийдвэрлэсний дотор уг захирамжийн хавсралтын 24 дүгээрт Б дүүргийн дугаар хороо, Ц их сургуулийн гудамжны 1-27 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18дугаартай, 700 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай Бын Бь /РД:УО*******/-д шилжүүлсэн ба өмнөх эзэмшигч Чын Б гэх тэмдэглэгээтэй.
2.3. Дээрх захирамжийг үндэслэн нэхэмжлэгчид 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр нэгж талбарын 13 дугаар бүхий 680 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр эрхийн улсын бүртгэлийн Э-22 дугаарт бүртгэж, 00 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, мөн шийдвэрийг үндэслэн Б дүүргийн Газрын алба болон газар эзэмшигч Б.Бь нарын хооронд Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх №01110-2018/10268 дугаар гэрээг 15 жилийн хугацаатай байгуулагдсан.
2.4. Нэхэмжлэгч нь ийнхүү 2018 онд газар эзэмших эрхийг шилжүүлэн авч, 2021 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ авч, гэрээ байгуулсан цаг хугацаанаас хойш газрын эрхийг бодитойгоор хэрэгжүүлж байгаагүй байна.
3. Гуравдагч этгээдийн газар эзэмших эрхтэй холбоотой үйл баримтын талаар.
3.1. Б дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Газар эзэмших эрх олгох, баталгаажуулах тухай А/546 дугаар захирамжаар олон жил тогтвор суурьшилтай амьдарч буй хашааны газартаа болон шинээр газар эзэмших эрхийн гэрчилгээ авахыг хүсэж хүсэлтээ ирүүлсэн хавсралтад нэр дурдсан 889 иргэнд 523455 м.кв газар эзэмших эрхийг олгож баталгаажуулсан-ы дотор хавсралтын 449 дугаарт Б дүүрэг, дугаар хороо, Ц их сургуулийн гудамжны 27а тоот хаягт, 367 м.кв газрыг иргэний ахуйн зориулалтаар таван жилийн хугацаатайгаар Б.Дд эзэмшүүлэх гэж шийдвэрлэснээр,
3.2. Дээрх захирамжийг үндэслэн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ш овогт Бн Дд нэгж талбарын 18******* дугаарт, 367 м.кв газрыг иргэний ахуйн зориулалтаар 00******* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.
3.3. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын -ны өдрийн Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, шийдвэрийн зарим заалтыг өөрчлөх, хүчингүй болгох тухай А/41 дүгээр захирамжаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор 2003-2014 онуудад баталсан нийслэлийн хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээний дагуу нэгдүгээр хавсралтад заасан 726 иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нь нэг удаа үнэгүй өмчлүүлж шийдвэрлэсэн ба газар өмчилж авсан иргэдийн жагсаалтын 246 дугаарт Б дүүргийн дугаар хороо, Ц их сургуулийн гудамжны 27а тоот хаягт байршилтай, 367 м.кв газрыг эзэмшигч Б.Дд өмчлүүлэх гэж шийдвэрлэснээр,
3.4. Энэхүү Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/41 дүгээр захирамжийн дагуу Б дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт 367 м.кв газрыг Бн Дд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2015 оны 01 дүгээр сарын -ны өдрийн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай дугаар шийдвэрээр гэрчилгээ олгожээ.
3.5. Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 0003814 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгохдоо Ш овогт Бн Д /РД:ЧЗ*******/-д Б дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, Ц их сургуулийн гудамж, 27а тоот хаягт байршилтай, 18******* нэгж талбарын дугаартай, 367 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн Г-22******* дугаарт бүртгэж гэжээ.
4. Нэхэмжлэлийн үндсэн шаардлагад хамаарах маргаан бүхий захиргааны акт /захирамжууд/-ын хууль зүйн үндэслэлийн тухайд.
4.1. Хариуцагч Б дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Газар эзэмших эрх олгох, баталгаажуулах тухай А/546 дугаар захирамж нь тухайн үед хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байсан, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 энэ хуулийн ... дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах, 29 дүгээр зүйлийн 29.1. иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан ... эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-аас илүүгүй байна гэж хуульчилсныг үндэслэн гарсан бол,
4.2. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын -ны өдрийн Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх, шийдвэрийн зарим заалтыг өөрчлөх, хүчингүй болгох тухай А/41 дүгээр захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4. Монгол Улсын иргэнд энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх, 12 дугаар зүйлийн 12.1.3. ... дүүргийн Засаг даргын өргөн мэдүүлснээр иргэний газар өмчлүүлэх тухай өргөдлийг хүлээн авч, ... газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах, 21 дүгээр зүйл. Газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны 8/41, 9/48, ... 2013 оны 13/52, 2014 оны 21/29 дүгээр тогтоолыг үндэслэн гарсан.
4.3. Нэхэмжлэгч талаас ...дүүргийн газрын алба нэхэмжлэгчийн нийт эзэмшлийн 1055.44 м.кв газраас 366 м.кв талбайгаар авч, Ц их сургуулийн гудамжны 1-27 тоот газрын орц, гарцыг хааж эзэмшүүлж, өмчлүүлсэн, үүнээс шалтгаалж өөрийн эзэмшил газартаа нэвтрэх боломжгүй байгаа, хариуцагч нараас Б.Дд газрыг эзэмшүүлж, өмчлүүлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн байдлаар давхцаагүй байна, 35 дугаар зүйлийн 35.3.5. бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх гэснийг зөрчсөн ... зэргээр маргаж, мэтгэлцсэн.
4.4. Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, хуульд заасан шаардлагыг хангасан иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх, газар эзэмших эрхийг шилжүүлэх, газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах, нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үр шимийг нь дээшлүүлэх зэрэг олон зохицуулалтыг Газрын тухай хууль болон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар өөртөө хадгалж хэрэгжүүлэх бүрэн эрхийг хариуцагч Б дүүргийн болон Нийслэлийн Засаг даргад олгосон, энэ утгаараа шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тайлбарласан үндэслэлээр маргаан бүхий Б дүүргийн Засаг даргын 2014 оны А/546 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/41 дүгээр захирамжийн гуравдагч этгээдэд холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоох, хүчингүй болгох үндэслэлгүй байна.
4.5. Тодруулбал, маргаан бүхий харилцаанд хэрэглэгдэх хамгийн нарийвчилсан хууль нь Газрын тухай хууль ба хариуцагч Б дүүргийн болон Нийслэлийн Засаг дарга нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2. газар төрийн хяналт, хамгаалалтад байх, 4.1.4. газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх зэрэг төрөөс газрын талаар баримтлах зарчмыг хангуулж, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1. нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, ...хэрэгжилтийг зохион байгуулж хангах, 20.2.2 газар эзэмшигчээс ...хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах зэргээр хуульчилсан бүрэн эрхийг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.
5. Хэрэгт нотлох баримтаар авагдсан, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Нотлох баримт хүргүүлэх тухай 2/3018 дугаар албан бичгээр ирүүлсэн баримтад: ...иргэн Б.Дгийн гэх газар нь Газрын кадастрын мэдээллийн сангийн 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн архивын мэдээлэлд нэгж талбарын 18******* дугаартай 366 м.кв талбайтайгаар ЧЗ******* регистрийн дугаар дээр анх бүртгэгдэн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны байдлаар өөрчлөлт ороогүй. Харин иргэн Б.Бийн гэх газар нь Газрын кадастрын мэдээллийн сангийн 20 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн мэдээлэлд нэгж талбарын 18******* дугаартай 699 м.кв талбайтайгаар ЧЖ******* регистрийн дугаар дээр анх бүртгэгдэж, 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн архивын мэдээлэлд нэгж талбарын дугаар болон талбайн хэмжээ өөрчлөгдөж 18648311775702 дугаартай 679 м.кв талбайгаар бүртгэгдсэн. Дээрх газар нь Газрын кадастрын мэдээллийн сангийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн мэдээлэлд шинэчлэгдэн бүртгэгдэхдээ иргэн Б.Бь /РД:УО*******/-ийн нэр дээр бүртгэгдэн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дуусах хугацаа өгч бүртгэлгүй болсон байна гээд газрын кадастрын мэдээллийн сангийн мэдээллийг архивын зурган мэдээлэл, агаар сансрын зурагтай давхцуулан зургаар үйлдэж ирүүлжээ.
6. Энэ байдал нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газрын давхцал байхгүй болохыг нотолж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг үгүйсгэж байна.
7. Маргаж буй газар нь нэг хаяг, байршилд байх бөгөөд маргаан бүхий захирамжаар /үндэслэх хэсгийн 3.1, 3.3-д заасан/ гуравдагч этгээдэд, мөн үндэслэх хэсгийн 2.2-д заасан захирамжаар нэхэмжлэгчид гээд хэн алинд нь /хөрш, зэргэлдээ/ ижил зориулалтаар газар эзэмшүүлсэн, энэ тохиолдолд дугаар хороо, 40 дүгээр хороо, Ц их сургуулийн гудамжны 1-27 гэсэн хаяг яригдах боловч шүүхээс шаардсаны дагуу Б дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Тайлбар, нотлох баримт хүргүүлэх тухай 07/1386 дугаар албан бичгээр ирүүлсэн баримтад: ...Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Хорооны бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай 12/36 дугаар тогтоолоор Б дүүргийн дугаар хороо нь хуваагдан шинээр 40 дүгээр хороо болж байгуулагдсан гээд, иргэн Б.Биас хандан гаргасан Б дүүргийн дугаар хороо Ц их сургуулийн гудамжны 1-27 хаягт оршин суудаг гэх 2018 оны 05 дугаар сарын -ны өдрийн өргөдөл, иргэн Б.Дгаас хандан гаргасан Б дүүргийн дугаар хороо Ц их сургуулийн гудамжны, 1-27а тоот хаягт оршин суудаг гэх 2014 оны 09 дүгээр сарын -ны өдрийн өргөдлийг хавсарган ирүүлжээ.
8. Үүнээс үзэхэд, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5. бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх газар эзэмшигчийн үүргийг гуравдагч этгээдээс зөрчсөн гэж түүний газар эзэмших эрхийг дуусгавар болгох үндэслэл үүсэхгүй, нэхэмжлэлийн үндэслэл тогтоогдохгүй, хариуцагч Б дүүргийн Засаг даргын маргаан бүхий захирамжаар гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн захиргааны үйл ажиллагаа хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрхийг хөндөөгүй байна.
9. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1. Газар өмчлөгч иргэн дараах эрхтэй, 27.1.1. бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар олгогдсон хэмжээ, хязгаарын дотор өмчийнхөө газрыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, 38 дугаар зүйл. Газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглох, 38 дугаар зүйлийн 38.1. Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь бусад этгээд аливаа хэлбэрээр саад учруулахыг хориглоно гэж зааснаар гуравдагч этгээдийн газар өмчлөх эрхийг зөрчих байдлаар нэхэмжлэгчийн үндсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, хариуцагч Нийслэлийн Засаг даргын Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1. иргэдэд газар өмчлүүлэх талаарх төрийн нэгдсэн бодлого, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах, 21 дүгээр зүйлийн 21.1. Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана гэх бүрэн эрхийн хүрээнд гаргасан маргаан бүхий захирамж нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
10. Нэхэмжлэгчийн гаргасан нэмэгдүүлсэн шаардлагын тухайд.
10.1. Б дүүргийн 40 дүгээр хороо, Ц их сургуулийн 1 дүгээр гудамжны 27 тоот хаягт байршилтай 700 м.кв газрыг эзэмшигч Бын Бь /РД:УО*******/ нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тухайн газрыг 2 жилээс дээш хугацаанд ашиглаагүй, мөн бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх заалтыг зөрчсөн гэж үзэж, дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/1129 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгон шийдвэрлэжээ. Ингэхдээ энэ захирамж гарсантай холбогдуулан тус дүүргийн Засаг даргын 2018 оны А/376 дугаар захирамжийн хавсралтын 24 дүгээрт бичигдсэн Б.Бьд холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцсон байна.
10.2. Хариуцагчаас сөрөг нөлөөлөл бүхий дээрх захиргааны актыг гаргахдаа 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 231127/01 дугаар Хөршүүдтэй хийсэн тэмдэглэл үйлдсэн, үүнд: Б дүүрэг, 40 дүгээр хороо, нэгж талбарын 13 дугаар бүхий газар. Хөрш 1: Ц их сургуулийн гудамж 1-25 тоот оршин суугч Ггаас хөрш айл Д нь миний мэдэх 2008 оноос хойш амьдарч байна. Хөрш 2: Хэсгийн ахлагч А.Цаас миний мэдэхээр Д нь 20-иод жил амьдарч байгаа нь үнэн гэжээ.
10.3. Шүүх, нэхэмжлэгчийг газар эзэмших эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ захиргааны байгууллагатай байгуулсан газар эзэмшүүлэх тухай гэрээг зөрчсөн, газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн зэрэг үйл баримт тогтоогдсон гэдгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11. шүүх х нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэх заалтыг хэрэглэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь маргаан бүхий актаар тогтоогдсон үйл баримтыг болон маргааны зүйлд хамаарах газрын эрхийн зөрчлийг нэхэмжлэгч гаргаагүй гэж дүгнэхэд учир дутагдалтай, хариуцагчаас нэхэмжлэгчийг бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх заалтыг зөрчсөн гэж буруутгахдаа захиргааны шийдвэр гаргах ажиллагааг дахин гүйцэтгэх шаардлагатай, энэ тохиолдолд гуравдагч этгээдийн гаргасан гомдлын дагуу захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлээд байгаа эсэх, яагаад бусдын газар эзэмших эрхийг зөрчсөн гэж үзэж буйг, уг зөрчил нь газар эзэмших гэрээний зөрчилд хамаарч үр дагавар үүсгэж байгаа юу, үгүй юу гэдгийг, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацааг хэдийнээс тоолж байгаа болох зэргийг гэрч болон бусад баримтаар дахин судлан үзэж шийдвэрлэх үүрэгтэй, энэ талаар шүүх шууд тогтоон шийдвэрлэх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байна гэж үзлээ.
10.4. Хэрэв газар эзэмшигчээс газар эзэмших эрх, үүргээ зөрчих, газрын тухай хууль тогтоомжийг зөрчих зэрэг үйл баримт тогтоогдсон тохиолдолд мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар газар эзэмших эрхийг нь дуусгавар болгох, 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1. Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авах бүрэн эрхтэй ба хариуцагчийн энэ эрхийг шүүхийн зүгээс шууд хааж үгүйсгээгүй болохыг тэмдэглэж байна.
11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэл гаргагчаас мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.
1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Биас Б дүүргийн болон Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Б дүүргийн Засаг даргын 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/546 дугаар захирамжийн, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын -ны өдрийн А/41 дүгээр захирамжийн гуравдагч этгээд Б.Дд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.3.5, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6-д заасныг баримтлан нэмж судлах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаар Б дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан маргаан бүхий Б дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/1129 дүгээр захирамжийн биелэлтийг дахин шинэ захиргааны акт гаргах хүртэл 4 /дөрөв/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас дахин шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий акт болох Б дүүргийн Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/1129 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар энэхүү шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг х оролцогчид тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь эс зөвшөөрвөл мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны х давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН