Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00030

 

Т.Ггийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/02757 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Ггийн хариуцагч Б.Ч, Л.Б нарт холбогдуулан гаргасан Т.Г, Б.Ч нарын хооронд байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 44б байр, 1 тоот орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц:Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Чийн ажилладаг компани барьцаа хөрөнгө авч ир гэсэн учир 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Б.Чтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Байраа Б.Чт зарах ямар ч зорилго байгаагүй. Б.Ч түр зуур байраа миний дээр шилжүүлчих, барьцаа хөрөнгө шаардаад байна гэж хэлсэн. Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 44б байр, 1 тоот орон сууц нь банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байсан. Б.Ч 16 000 000 төгрөгийг, би 9 000 000 төгрөг нийт 24 000 0000 төгрөгийн барьцаанаас чөлөөлж авсан. Миний хувьд бичиг үсгийн болон хуулийн мэдлэггүй байдлаас шалтгаалж ийм зүйл болсон. Б.Ч нь миний нэр дээр байдаг гарааш, хашаа, байшинг мөн зээлийн барьцаанд тавьсан. Хамтын ажиллагааны хугацааны өр, авлагын тооцоог нийлж дуусгасан гэж бодож байна. Хуулийн мэдлэггүй учир байшингаа өгсөн. Иймд 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, уг хэлцлээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлэхийг хариуцагч Б.Ч, Л.Б нарт даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, уг хэлцлээр шилжүүлсэн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 44б байр, 1 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 20 000 000 төгрөгөөр худалдахаар байгуулсан гэрээгээ нэхэмжлэгч тал үгүйсгэж байна. Т.Г нь шүүхийн өмнө бичиг үсэг, хууль мэдэхгүй мэтээр худал хэлж байгаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага уншиж, тайлбарлаж байгаагаас харагдана. 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дараах үндэслэлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Т.Г, Г.Бат-Өлзий нар гурилын өрийн үлдэгдэл 100 000 000 орчим төгрөг байна. Өрөө өгөхгүй тохиолдолд цагдаагийн байгууллагад хандлаа гэж хэлэхэд, ...үйлдвэр барьж байгаа. Тус үйлдвэрийг зарж эсвэл зээлийн барьцаанд тавьж, мөнгийг асуудалгүй гаргаж өгнө. Үлдэгдэл мөнгийг бэлнээр өгнө. Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 44б байр, 1 тоот орон сууцыг 56 000 000 төгрөгөөр тооцож өгье гэж аман байдлаар хэлцэл хийж тохиролцсон. 2019 оны 6 дугаар сард худалдан авсан байрандаа очиход Т.Г, Г.Бат-Өлзий нар байгаагүй. Төлбөрийг үлдэгдлийг төлөх хугацааг тодорхой тохирч тохирсон хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд 0,5 хувийн алданги тооцохоор гэрээ байгуулж байсан. Одоогийн байдлаар 45 980 000 төгрөгийг Т.Г, Г.Бат-Өлзий нараас авах авлагатай байгаа. Л.Б давхар хохирч байгаа учир сөрөг нэхэмжлэл гаргаж хугацаа алдах шаардлага байхгүй гэж өмгөөлөгч зөвлөсний үндсэн дээр 45 980 000 төгрөгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг тусад нь Т.Г, Г.Бат-Өлзий нараас нэхэмжилнэ. 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гүйлгээний утга дээр баярлалаа, уучлаарай, эгч нь маргааш нь мөнгийг өгнө гэх зэргээр бичиж байгаа нь надад өртэй байсан гэдгийг нотолно. Эдгээр дансны хуулганууд нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээтэй огт хамааралгүй. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Нотариатын байгууллага дээр очиж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Хүчин төгөлдөр гэрээ байна. Орон сууцыг зарсан хүнд хүндрэл учруулж байна. Т.Г нь хугацаа авах гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон сууцыг авахаасаа өмнө очиж үзэхэд 2 бага насны хүүхэд, 1 настай эмэгтэй байсан. Орон сууцыг очиж үзсэнийхээ дараа авахаар шийдэж 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Б.Чтэй гэрээ байгуулж 38 500 000 төгрөгийг дансаар, 1 500 000 төгрөгийг бэлнээр, монгол гэрийг 25 000 000 төгрөгөөр тооцож бартер хийж нийт 55 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Орон сууцыг худалдаж авсны дараа Б.Ч 1 сарын хугацаанд хүлээж бай. Миний таньдаг хүн байгаа гэсэн. 1 сарын дараа очиход байрнаас гараагүй байсан учир цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн. Орон сууцанд амьдарч байсан хүмүүс байрыг чинь суллаж өгнө гэж хэлсэн. Уг үйл явдал болсон орой Б.Чийн хамт Т.Гтай очиж уулзсан. Т.Г 2 дүүгийнхээ дэргэд би Б.Чт байраа зараагүй. Ямар сонин юм бэ ... гэж хэлсэн. 2 дүүгээ машинаас буусны дараа ...эгч нь зарсныг мэдэж байгаа. 2 дүүгээсээ мөнгө авсан учир хажууд нь хэлж чадсангүй. Миний дүү 1 сарын хугацаа өгөөч... гэж хэлсэн. Би маргаан Б.Чтэй гуравласан уулзалт хийж энэ асуудлыг шийднэ гэж гуйсаар байгаад өнөөдрийн нөхцөл байдалд хүрсэн. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Ч, Л.Б нарт холбогдох Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 44б байр, 1 тоот орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Т.Ггийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Ггаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүхэд хоёр нэхэмжлэлийн шаардлага гаргасаар байхад нэг шаардлагыг нь шийдээд нөгөөг шийдээгүй шийдвэрлэсэнд хариуцагч Т.Г би гомдолтой байна. Хариуцагч Б.Ч нь миний ажилладаг компани барьцаа хөрөнгө авч ир гээд байнаа та байраа тур миний нэр лүү шилжүүлчих тэгэхгүй бол цалингаа авч чадахгүй байна гэж шаардаж эсвэл цагдаад өгнө гэж сүрдүүлж байсны улмаас 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Тухайн үед эрх зүйн мэдлэг дутмагаас барьцааны гэрээ байгуулах байсан боловч Б.Чийн шаардлага, саналыг зөвшөөрч тухайн байраа худалдсан мэтээр дүр үзүүлж худалдах, худалдан авах гэрээ хийж Б.Чийн нэр лүү шилжүүлсэн. Нэхэмжлэгч Т.Г би анханаасаа Б.Чт байраа зарах хүсэл зориг байгаагүй тус байраа худалдахдаа нэг ч төгрөг Б.Чээс аваагүй шилжүүлсэн. Гэтэл худалдах, худалдан авах гэрээн дээр 20 000 000 төгрөг гэж бичүүлсэн байсан. 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлж хийсэн хэлцэл байхад анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч Т.Г би хариуцагч Б.Чээс 2018-2020 онд гурил худалдан авсан төлбөрийг төлж байсан үйп баримт, тооцоо нийлсэн баримт, Т.Г би төлбөр тооцоог бүрэн төлж барагдуулсан Хаан банкин дахь дансны хуулгааар нотлогдож байгаа. Хариуцагч Б.Чт ямар ч төлбөр тооцоо байхгүй байхад миний байрыг Л.Бад худалдсан байсан. Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд дээрхи үндэслэлийг харгалзан үзэж гомдлыг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Т.Г нь хариуцагч Б.Чт холбогдуулан 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хариуцагч Б.Ч, Л.Б нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Т.Г нь маргааны зүйл болох 1 өрөө орон сууцыг зээлээр худалдан авсан гурилын үлдэгдэл төлбөрт барьцаалж, хариуцагч Б.Чийн нэр дээр шилжүүлсэн гэж, хариуцагч Б.Ч нь нэхэмжлэгч Т.Г маргаж буй орон сууцыг 100 000 000 орчим төгрөгийн гурилын өр төлбөрийн 56 000 000 төгрөгт тооцож худалдсан гэж тус тус маргаж байна.

 

Хэргийн 5 дугаар талд Т.Г, Б.Ч нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бичгээр хийсэн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ авагдсан байх бөгөөд уг гэрээнд талууд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 44б байрны 01 тоот 1 өрөө орон сууцыг 20 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцжээ.

 

Дээрх гэрээгээр маргааны зүйл болох орон сууцны өмчлөх эрхийг Т.Г нь Б.Чийн нэр дээр шилжүүлж тэрээр өмчлөгч болсон боловч уг орон сууцны эзэмшлийг шилжүүлээгүйгээс Т.Г өнөөг хүртэл эзэмшиж байгаа үйл баримт талуудын тайлбараар тогтоогдсон байна.

Ийнхүү талууд гэрээг өөр өөрөөр тайлбарлаж мэтгэлцэж байгаа тохиолдолд нотолгооны үүргийн хуваарилалтаар хариуцагч Б.Ч маргааны зүйл болох орон сууцыг худалдан авсан гэх нөхцөл байдлаа нотлох үүрэгтэй талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй.

 

Хариуцагч Б.Ч нь нэхэмжлэгч Т.Гг зээлээр худалдаж авсан гурилын өр төлбөрт тооцож, маргаж буй орон сууцыг худалдан авсан гэх тайлбарыг гаргасан боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй болно. Иймд талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг барьцааны гэрээг халхавчилж хийсэн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр төрлийн хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр төрлийн хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь тухайн хэлцлээр бий болох үр дагаврыг зориуд санаатай хийгчийн хувьд бий болгох зорилгогүй байдаг.

 

Шүүх дээрх худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэсэн боловч уг хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу арилгаж харилцан буцаах боломжгүй болжээ.

 

Учир нь хариуцагч Б.Ч маргааны зүйл болох орон сууцыг хариуцагч Л.Бад 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр 30 000 000 төгрөгөөр худалдсан үйл баримт хэргийн 49, 70-71 дүгээр тал дах худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, талуудын тайлбар зэрэг баримтаар тогтоогдсон. Энэ талаар талуудын хэн аль нь маргаагүй байна. Тодруулбал, маргаж буй орон сууцыг Б.Чээс худалдан авсан Л.Б нь Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасан дээрх хүчин төгөлдөр бус хэлцлийн талаар мэдэх боломжтой этгээд биш тул уг этгээдийн эрх ашиг хөндөгдөх ёсгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв болжээ.

 

Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараас дүгнэвэл Л.Б нь өөрийн өмчлөлийн зүйлтэй холбоотой Цагдаагийн байгууллагад Т.Ггийн талаар өргөдөл гаргасныг Т.Г, Б.Ч нарын хооронд байгуулагдсан дээрх хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан гэж үзэхгүй. Худалдан авсан орон сууцанд өөр хүн амьдарч, чөлөөлөхгүй байсантай холбоотойгоор цагдаагийн байгууллагад хандсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Иймд хариуцагч Л.Быг Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу маргаж буй орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзнэ.

 

Нөгөө талаар, Б.Ч Л.Б нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна Б.Чийн орон сууцыг өмчлөлдөө авсан өмнөх хэлцэл хүчин төгөлдөр бус байх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасанд хамаарахгүй юм.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Т.Г нэхэмжлэлийн хоёр шаардлага гаргасныг дутуу тодорхойлсны улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны болоогүй байгааг хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбарын хүрээнд дүгнэлт хийж залруулах боломжтой.

 

Нэхэмжлэгч Т.Г, хариуцагч Б.Чт холбогдуулан түүнтэй 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хариуцагч Б.Ч, Л.Б нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр буцаан шилжүүлэхийг даалгах гэсэн хоёр шаардлага гаргасан байна.

 

Анхан шатны шүүх эхний хэлцэл буюу 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож шийдвэрлэсэн. Хэлцлийг дүр үзүүлж хийсэн хэлцэл гэхээсээ илүүтэй өөр хэлцлийг халхавчилж хийсэн агуулгатай байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т хэсэгт заасныг баримтлан шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний, мөн маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Т.Ггийн нэр дээр буцаан шилжүүлэх тухай Б.Ч, Л.Б нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулав.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2020/02757 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Т.Г, Б.Ч нарын хооронд байгуулагдсан 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 44б байр, 1 тоот орон сууцны өмчлөх эрхийг Т.Ггийн нэр дээр буцаан шилжүүлэх тухай Б.Ч, Л.Б нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ