| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2018/0009/Э |
| Дугаар | 13 |
| Огноо | 2018-01-09 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 13
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч А.Энхтуяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваасүрэн
Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баярмаа
Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар Б.Тэмүүлэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1731001300064 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн 2003 оны 07 дугаар сарын 02-нд Улаанбаатар хотод төрсөн, 14 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, өвөө, ээж, аав 3 дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5-р баг, 5-р хэсэг, 095 тоотод оршин суух Спортын бүрэн дунд сургуулийн 9а ангид суралцдаг улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй Монгол овогт Баярмаагийн Тэмүүлэн /РД:УП03022799/
Холбогдсон хэргийн талаар:
Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Тэмүүлэн нь 2017 оны 10 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сутай” нэртэй хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч 271.120 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт доорх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Тэмүүлэнгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Мятав, Бат-Очир Тэмүүжин бид хэд тоглож байгаад Мягаагийнд орсон. Тэндээс 23 цаг болж байхад гараад Төгсөөгийн өвөлжөөний тэнд тоглож байхад Тэмүүжин дэлгүүр ухах уу гэхээр нь яахын бэ гэсэн чинь Мятав, Тэмүүжин хоёр төмөр тасдагч аваад ир гэхээр нь би авчирч өгсөн. Хаалгыг нь онгойлгоод орсон. Ороод надад хамгийн түрүүн нүдэнд харагдсан гар утас цэнэглэгч, ундаа гэх мэт зүйлс авсан. Бусад хүүхдүүд юу юу авсныг сайн мэдэхгүй байна. Гараад намаг руу яваад идэж уугаад авсан утсаа өглөө цагдаа ирэхээр нь эргүүлээд өгсөн...” гэх мэдүүлэг.
Хохирогч Ш.Жаргалын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр дэлгүүртээ худалдаа хийгээд өдөржин сууж байсан. Тухайн өдөр дэлгүүрээр манай олон хүн үйлчлүүлсэн. Ингээд орой 01 цагийн үед дэлгүүртээ цэвэрлэгээгээ хийгээд дэлгүүрээ цоожлоод амарсан. Шөнө манай хашааны нохой 02 цагийн үед хуцаад байсан. Тэгэхээр нь тухайн үедээ босч цонхоор харсан чинь гадаа хашаанд ямар нэгэн зүйл харагдаагүй болохоор нь эргээд унтаад өгсөн. Ингээд 06 цагийн үед босоод үхрээ саах гэж гэрээсээ гарахад манай дэлгүүр рүү ордог гадна талын цоож нь эвдэрсэн байхаар нь Цагдаагийн газар мэдэгдсэн. Дэлгүүрээс ундаа, чихэр, гоймон, тамхи, утасны цэнэглэгч, чихэвч зэрэг зүйлс алга болсон байсан. Миний бодож байгаагаар 350.000 орчим төгрөгийн эд зүйл алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр тал/
Хохирогч Ш.Жаргалын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “...Миний хувьд Б.Тэмүүлэнгийн зүгээс хохирлыг барагдуулсан байгаа учир гаргах гомдол санал алга байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 86 дугаар тал/
Гэрч Б.Баярмаагийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний том хүү Б.Тэмүүлэн нь 2003 оны 07 дугаар сарын 02-нд Улаанбаатар хотод төрсөн. Одоо 14 настай бага насандаа цэцэрлэгээр хүмүүжиж сургуульд элсэн орсон. Одоо Спорт сургуулийн 9б ангид суралцдаг. Миний 2 хүү уг нь их гайгүй томоотой үгэнд сайн ордог, элдэв зан ааш гаргаад байдаггүй. Би сая төрсөн юм. Төрөх гээд хэсэг эмнлэгээр яваад хүүхдээ задгай орхисон нөхөр маань ажил төрөл гээд гэртээ бараг байдаггүй. Ингээд л хамаагүй гадуур явж болж бүтэхгүй хүүхдүүдтэй нийлээд хэрэгт холбогдчихлоо...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/
Гэрч Б.Сувданчимэгийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Тэмүүлэнгийн ар гэрийн байдал гайгүй дундаж ээж нь уул нь анхаарал тавьдаг надтай холбоотой байдаг. Тэмүүлэн хичээлээ хийгээд дотуур байранд байх үедээ зүгээр хичээл номондоо яваад байдаг юм харин гэррүүгээ явахаараа хичээлээ тасдаад ирдэггүй юм. Жоохон тэнэх дуртай хүүхэд хичээл сурлагадаа гайгүй авъяастай хүүхэд юм. Хүмүүжлийн хувьд гайгүй хүний үг сайн авдаг. Сая нэг хэсэг 10 дугаар сард хичээлээ тасдаад 1 сар гаруй алга болсон би ээжтэй нь утсаар ярихад хэрэгт холбогдоод хичээлд нь явуулахгүй байгаа гэж хэлж байсан. Б.Тэмүүлэнгийн хувьд анги хамт олонтойгоо нийтэч хичээлээс гадуурх үйл ажиллагаанд их идэвхитэй оролцдог өөрийгөө илэрхийлэх чадвар сайтай, их сэргэлэн хүүхэд уг нь хичээл таслахгүй бол их сайн сурахаар хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 87-88 дугаар тал/
Шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 61 дугаартай:
“1.Хэргийн газраас илрүүлж бэхжүүлэн авсан 2, 4 гэж дугаарласан гарын мөрүүд нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн 1, 3 гэж дугааралсан гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй.
2.Шинжилгээнд тэнцэж байгаа 2 гэж дугаарласан гарын мөр нь Папилон санд MN003310004648 дугаараар кодлон оруулсан Дорлиг овогтой Мятавын баруун гарын эрхий хурууны өндгөн хэсгээр үүсгэгдсэн байна.
3.Дээрх тохирч байгаа гарын мөр нь гарын мөрийн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдэгүүдээр тохирч байна.
Шинжилгээнд ирүүлсэн гарын мөрүүд нь нэг хүнийх болон өөр хүнийх болохыг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 19-24 дүгээр тал/
Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 51-52 дугаар тал/
Б.Тэмүүлэнгийн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 53 дугаар тал/
Сэлэнгэ аймгийн Спортын бүрэн дунд сургуулийн тодорхойлолт /хх-ийн 65 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 дугаар тал/
Төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 67 дугаар тал/
Б.Тэмүүлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр тал/
Б.Тэмүүлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 47 дугаар тал/
Б.Тэмүүлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр яллагдагчаар дахин байцаасан тэмдэглэл /хх-ийн 92-93 дугаар тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох
баримтуудыг дүгнэхэд
Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Тэмүүлэн нь 2017 оны 10 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сутай” нэртэй хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч 271.120 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Шүүгдэгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Ш.Жаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 10-12/, гэрч Б.Баярмаагийн /хх-ийн 13/ мэдүүлгүүд болон шинжээчийн 61 тоот дүгнэлт /хх-ийн 19-24/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-08/ зэрэг болно.
Шүүх дээрх хохирогчийн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэв.
Учир нь уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ш.Жаргалын мэдүүлэг нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн чанартай бусад баримтуудаар нотлогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Тэмүүлэнгийн үйлдэлд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “..Хулгайлах гэмт хэргийг хүний орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байх тул дээрх зүйл ангид заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Б.Тэмүүлэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ 2003 оны 07 дугаар сарын 0- нд төрсөн гэмт хэрэгт холбогдох үедээ 14 нас 03 сар 07 хоногтой байсан, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэргийг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулахгүйгээр хүмүүжлийг чанартай албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хохирогч Ш.Жаргалаас хавтаст хэргийн материалтай танилцах үедээ шүүгдэгчид холбогдуулан нэхэмжлэх зүйл гомдол санал алга гэсэн тайлбарт үндэслэн шүүгдэгч Б.Тэмүүлэн иргэний хариуцагч Б.Баярмаа нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно.
Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Тэмүүлэн энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.
Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр тасдагчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Монгол овогт Баярмаагийн Тэмүүлэнг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “....орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 3, 8.7 дугаар зүйлийн 1, 2, 4 зүйлүүдэд заасныг журамлан шүүгдэгч Монгол овогт Баярмаагийн Тэмүүлэнд мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хорих ял шийтгэл оногдуулахыг тэнсэж 03 жилийн хугацаатай хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эх Б.Баярмаад олгож, хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгасугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Монгол овогт Баярмаагийн Тэмүүлэнг оршин суугаа газар сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Тэмүүлэн шүүхээс даалгасан үүрэг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Тэмүүлэн уг хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
6.Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн төмөр тасдагчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8.Шүүгдэгч Б.Тэмүүлэнд урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ