Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 2023/ДШМ/612

 

    2023             6            08                                      2023/ДШМ/612

Б.Б-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн  Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Д.Очмандах, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Нямдорж,

хохирогч “Б” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Б-, түүний өмгөөлөгч Ө.Болортуяа, Э.Билэгсайхан,

шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/218 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч “Б” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Б- болон түүний өмгөөлөгч Н.Тайван, Ө.Болортуяа, Э.Билэгсайхан нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Б-д холбогдох 2110004960913 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

... ,

Шүүгдэгч Б.Б- нь Хан-Уул дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” ХХК-ийн худалдааны менежерээр ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр буюу 2019 оноос 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, “Б” ХХК-д их хэмжээний буюу 278.271.208 төгрөгийн хохирол учруулж хөрөнгө завших гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2. дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Б-г үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Хөрөнгө завших” гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл, заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-д 15.000 /арван таван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 03 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт Б.Б-аас 271.007.541 /хоёр зуун далан нэгэн сая долоон мянга таван зуун дөчин нэг/ төгрөгийг гаргуулж, хохирогч “Б” ХХК-д итгэмжпэгдсэн төлөөлөгч Ө.Б-/-д олгож шийдвэрлэжээ.

Хохирогч “Б” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Б-, түүний өмгөөлөгч Н.Тайван, Ө.Болортуяа, Э.Билэгсайхан нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “... Шүүгдэгч Б.Б- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг, тайлбартаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээнд маргахгүй хүлээн зөвшөөрдөг. Анхан шатны шүүх нь шүүгдэгч Б.Б-д Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “Хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, уг хэргийн хувьд нотлогдвол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон гэж дүгнэж гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн үндэслэлтэй. Шүүгдэгч Б.Б-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас “Б” ХХК-ийн эд хөрөнгөд нийт 278.271.208 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны болон хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийт 20.463.667 төгрөгийн хохирлыг нөхөн төлснийг хасч, үлдэгдэл 257.807.541 төгрөг, үүн дээр гэмт хэргийн хор уршигт тооцож хохирогчоос баримттай гаргасан аудитын шинжилгээний ажлын хөлсөнд төлсөн 13.200.000 төгрөг нэхэмжилснийг нэмж нийт 271.007.541 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч байна. Харин шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дээрх хэм хэмжээнд нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор багтсан байхаас гадна тухайн сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зүй зохистой харьцаагаар нийцсэн байх “шударга ёсны зарчим”-ыг хангасан байх шаардлагатай. Гэтэл анхан шатны шүүх “шийтгэх тогтоол”-ын тодорхойлох хэсэгтээ үндэслэлгүй дүгнэсэн. Учир нь, анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-гийн амлалтыг үндэслэж хариуцлага ногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн явдал. Тухайлбал, анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-гийн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын тодорхой хэсэг болох 20,463,667 төгрөгийг нөхөн төлсөн, үлдсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан түүнд 15,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн бөгөөд шүүгдэгч Б.Б- нь нөхөн төлсөн гэх 20,463,667 төгрөгийг  ...  нийт 21 удаагийн гүйлгээгээр 2 жил 1 сар буюу 25 сарын хугацаанд төлсөн. ... Ийнхүү төлөхдөө хэрэг мөрдөн шалгах ажиллагаа идэвхтэй хэрэгжиж байх 2021 оны эхний 3 дугаар сард л тодорхой төлөлт хийсэн байхаас 2022 оны 3 дугаар сарын байдлаар 2.000.000 төгрөг төлж, үүнээс хойш жилийн дараа буюу 2023 онд хэрэг шүүхээр хэлэлцэхийн өмнө л дахин 4 орчим сая төгрөг төлсөн байдаг. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч хохирлоо барагдуулах асуудалд туйлын хойрго хандсан байхад энэ байдлыг харгалзаагүй нь хууль хэрэглээний алдаа гэж үзэж байна. Шүүхээс шүүгдэгч Б.Б-гийн орлого олох боломжтой эсэхийг үзлэг, шалгалт хийж баримтжуулалгүйгээр зөвхөн шүүгдэгчээс шүүхэд гаргаж өгсөн түрээсийн гэрээнд үндэслэн шийдвэр гаргасан. Б.Б- нь цаашид хохирлын нөхөн төлөлтийг сар бүр тогтмол хийх боломжтой эсэх нь эргэлзээтэй ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн хүнд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, хөнгөрүүлэх нөхцөлийг зохицуулсан бөгөөд Б.Б- нь анх удаа гэмт хэрэг үйлдэж, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч уг илэрхийлэл нь үндэслэлгүй, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байхад анхан шатны шүүхээс 15.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь үндэслэлгүй байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтад заасан “эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” буюу мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

Хохирогч “Б” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Б- тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Хохирогч “Б” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Б-гийн өмгөөлөгч Э.Билэгсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа буруу шийдвэр гаргасан. Учир нь, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-г гэм буруутайд тооцож, нийт 15.000.000 төгрөгийн торгох ялыг 3 жилийн хугацаанд хувааж төлнө, 271.000.000 төгрөгийн хохирлыг хохирогчид барагдуулна гэж шийдвэрлэсэн. ... торгох ял оногдуулсан нь Б.Б-гийн үйлдэл, хохирол төлбөр төлсөн байдалтай огт нийцээгүй. ... Б.Б-гийн нэр дээр орон сууц, автомашин гэх зүйл байдаггүй. Санхүүгийн мэдлэггүй байдлаасаа болж 20.000.000 төгрөгийн зөрүү үүсгэсэн бол үүнийг ойлгож болно. Гэтэл 270.000.000 төгрөгийн зөрүүг санхүүгийн тооцоолол алдсан гэж үзэх боломжгүй учир бид хэргийн бодит байдалд нийцээгүй мэдүүлэг өгсөн гэж үзэж байна. ... Хэрэг анх шүүхэд шилжих үед шүүгдэгч Б.Б-гаас автомашины засвар газар түрээсэлж байгаа гэсэн гэрээ гаргаж өгөөд “Би цаашид хохирлоо төлнө” гэж хэлсэн. Б.Б-гийн гаргаж өгсөн анхны гэрээ 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэсэн огноотой хэрнээ 1 жилийн дараагаас уг гэрээ нь хэрэгжиж, 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдөр дуусахаар заасан байсан. Гэтэл Б.Б- нь дээрх гэрээний дагуу үйл ажиллагаа явуулсан гэдэг боловч бүтэн 1 жилийн хугацаанд ямар ч хохирол төлөөгүй. Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэх  өмнөх гэрээг гаргаж өгөөгүй хэрнээ давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны үеэр гэрээ гаргаж өгч байгаа боловч санхүүгийн хувьд хэдэн төгрөгийн орлого олдог нь тодорхойгүй зөвхөн гэрээ гаргаж өгч байна. Мөн шүүгдэгч Б.Б- нь яг л өмнөх жишгийн дагуу шүүх хуралдаан болохын өмнө 4.500.000 төгрөгийн хохирлыг төлсөн. Шүүгдэгч Б.Б- нь 270.000.000 төгрөгийн хохирол учруулснаас 20.000.000 төгрөгийн хохирлыг төлсөн. Өөрөөр хэлбэл Б.Б- 1 жил гаруй хугацаанд завших үйлдэл гаргаад 2 жилийн хугацаанд 7.1 хувийн хохирлыг төлсөн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар анхан шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Хохирогч “Б” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Б-гийн өмгөөлөгч Ө.Болортуяа тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч Б.Б- нь 12.249.067 төгрөгийг хэрэг үүсэхээс өмнө төлсөн гэдгийг хохирогч хүлээн зөвшөөрдөг учир хэрэг үүсэхээс өмнө бид үндсэн хохирлоос хассан гэж хохирогч мэдүүлдэг. Тийм учраас миний үйлчлүүлэгч Б.Б- нь өнөөдрийн байдлаар 36.000.000 төгрөгийн хохирлыг төлсөн. Б.Б-гийн 2022 оны туршид 82.000.000 төгрөгийн гүйлгээ хийсэн бөгөөд үүнээс цэвэр ашиг нь 23.000.000 төгрөг болсон талаар баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Шүүгдэгч Б.Б- нь дээрх мөнгөөр авто угаалгын газар ажиллуулж олсон орлогоосоо сар бүр хохирлоо төлж 6 жил 1 сарын дотор нийт хохирлоо төлж барагдуулна гэсэн тооцоог шүүхэд гаргаж өгсөн. Түүний дагуу 2023 оны 6 дугаар сарын  02-ны өдөр 4.500.000 төгрөгийн хохирлыг төлсөн. Мөн миний үйлчлүүлэгч нь хохирлоос гадна түрээс, торгуулийн ялаа төлж барагдуулна гэсэн зорилготой ажиллаж байгаа. Шүүгдэгч нь хохирлоо төлөхийн тулд маш их хичээсний эцэст өнөөдөр хохирлоо төлөх төлбөрийн эх үүсвэртэй болсон. Б.Б- нь 20.000.000 төгрөгийг хохиролдоо шилжүүлэх үү гэхэд нь өмгөөлөгчийн зүгээс 200.000.000 төгрөгийн хохирлыг төлөхийн тулд орлогын эх үүсвэртэй бай гэсэн зөвлөгөөг өгсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилгыг заасан. Миний үйлчлүүлэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдлууд нь оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх шинжийг хангасан. Харин миний үйлчлүүлэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хүндрүүлэх зүйл хийгээгүй. Энэ хэрэгт анхнаасаа өмгөөлөгчөөр явж байсан хүний хувьд хэлэхэд “Б” ХХК-ийн санхүүгийн асуудал маш будилаантай. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Прокурор Н.Нямдорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хохирогч талаас давж заалдах гомдол гаргаснаас биш прокурорын зүгээс эсэргүүцэл бичээгүй. Гэвч анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-д оногдуулсан ял хөнгөдсөн. Шүүгдэгч Б.Б-гийн үйлдлийн улмаас 270.000.000 төгрөгийн хохирол учирсан. Мөн шүүгдэгч нь сард 4.500.000 төгрөгийн орлоготой байхад анхан шатны шүүхээс 3 жилийн хугацаанд хохирлоо хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэсэн. Шүүгдэгч Б.Б-гийн сарын орлого болох 4.500.000 төгрөгийг сар бүр хохиролд төлнө гэж тооцохоор 3 жилийн хугацаанд 162.000.000 төгрөгийн хохирлыг төлөхөөр байна. Гэтэл ийм байдлаар хохирол төлөхөөр тогтоож, торгуулийн ял оногдуулсан нь хэргийн бодит байдал нийцэхгүй учир ял хөнгөдсөн гэж дүгнэхээр байгаа хэдий ч Эрүүгийн хэрэн хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтад заасан үндэслэлүүд тогтоогдоогүй. Хэрэв давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэн хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан үндэслэл байна гэж үзвэл анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх нь нээлттэй.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Б.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Прокуророос Б.Б-г Хан-Уул дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б" ХХК-ийн худалдааны менежерээр ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр буюу 2019 оноос 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, “Б” ХХК-д их хэмжээний буюу 278.271.208 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч Б.Б-г 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Б- нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож шийдвэрлэжээ.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,  түүний гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарт бодитой хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр түүнд 15.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцэхгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Хэдийгээр анхан шатны шүүх шүүгдэгчид тухайн зүйлд заасан торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо ялын зохистой харьцаа, ял шийтгэлийн биелэгдэх боломж зэрэг хүчин зүйлсийг оновчтой сонгон оногдуулж чадаагүй байна гэж дүгнэлээ.

Учир нь гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд тохирсон байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр ял оногдуулах нь шударга ёсны зарчим, эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-г үргэлжилсэн үйлдлээр “Хөрөнгө завших” гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, 271.007.541 төгрөг гаргуулан хохирогч “Б” ХХК буюу тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн байх бөгөөд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршгийг арилгах, энэ шийдвэр нь тухайн этгээдэд торгуулийн ял оногдуулснаар биелэгдэх боломж багатай байдалд хүргэж байгаа нь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго, зорилтод нийцэхгүй байна.

Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч “Б” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Б болон түүний өмгөөлөгч Н.Тайван, Ө.Болортуяа, Э.Билэгсайхан нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Б.Б- нь 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр “Б” ХХК-ийн Хаан банкны 5622115443 тоот дансанд 4.500.000 төгрөг шилжүүлснийг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/218 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                        ШҮҮГЧ                                                                      Д.ОЧМАНДАХ

 

            ШҮҮГЧ                                                                      Н.БАТСАЙХАН