| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2018/0010/Э |
| Дугаар | 14 |
| Огноо | 2018-01-09 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | А.Золзаяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 14
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Янжинлхам
Улсын яллагч: А.Золзаяа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин нарыг оролцуулан Мөрдөн байцаах албаны хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс мөрдөн байцаалт явуулж, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Эрдэнэбаярт холбогдох эрүүгийн 1702000220032 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн 1968 оны 12 дугаар сарын 15-нд Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2 хүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг Техникчидийн 34 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Далд Чоно овогт Лхамжавын Эрдэнэбаяр /РД:МЕ-68121511/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Эрдэнэбаяр нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Харгана гэх газарт 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 21-ний өдрийг хүртэлх хугацаанд техник төхөөрөмж ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаль орчин түүний баялагт 5.082.935 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч Л.Эрдэнэбаярын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 07 сарын 18-наас эхлэн алт олборлохоор ажиллаж байх явцад 2017 оны 07 дугаар сарын 23-нд шалгалтынхан ирж үйл ажиллагаагаа зогсоосон. Хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон үйлдэлдээ гэмшиж байна. Би улсад 30 жил ажилласан болохоор гэртээ хүүхдээ хараад ажилгүй байх надад хэцүү байсан учир ийм зүйл хийсэн. Хууль бус зүйл хийсэндээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг
Хохирогч О.Батсайханы 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Л.Эрдэнэбаяр нь 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нуутаг дэвсгэр Харганы ам гэх газарт ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаль орчинд хохирол учруулсан байна. Л.Эрдэнэбаярын хууль бусаар ашигт малтмал олборлосон газар нь Чайна Трейд ХХК-ний эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын МВ-007911 дугаартай тусгай зөвшөөрлтэй байсан боловч Гол мөрний урсац бүрэлдэх эх усны сан бүхий газрын хамгаалалтын бүс ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулиар хүчингүй болсон байна. Уг газар нь дээрх хуулийн хамгаалалтын бүстэй давхцалтай байна. Л.Эрдэнэбаярын хууль бус үйл ажиллагааны улмаас нийтдээ 0.07 га талбай эвдэгдэж экологи-эдийн засгийн нийт хохирол 5.082.935 төгрөг болсон. Энэхүү үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Иймд Л.Эрдэнэбаяраас уг хохирлыг нөхөн төлүүлэх саналтай байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар тал/
Гэрч Б.Бат-Эрдэнийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс хойш алт олборлож ажиллаж байхад 2017 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл ажилласан. Би тэнд стана маркийн автомашины мотор ажиллуулж ус татах ажил хийдэг байсан. Би яг хэдэн грамм алт угааж авсныг мэдэхгүй байна. Тэд нар өөрсдөө л угаадаг би зөвхөн мотор ажиллуулдаг ажилтай байсан. Алтаа Л.Эрдэнэбаярын хүү Эрхбат угааж ялгаж авдаг байсан. Бид нар Хьюндай маркийн улсын дугааргүй 1 эксковатор, гар аргаар хийсэн алт угаах зориулалтын жижиг оврын гитаран усан буу ажилладаг байсан. Манай ажиллаж байсан газар өмнө нь Орос, Монголын ангиуд алт олборлож эвдэгдэж хаягдсан газрын улыг нь ухаж угаадаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр тал/
Гэрч Э.Эрхбатын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс хойш алт олборлож ажиллаж байхад 2017 оны 07 дугаар сарын 21-ний хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Харгана гэх газарт эцэг Л.Эрдэнэбаяр, Погоди гэж дууддаг Бат-Эрдэнэ билүү Эрдэнэбат билүү сайн санахгүй байна нэг ах, Ерөө суманд аавын хөрш Алтаа гэдэг ах нарын хамт 4-үүлээ шар өнгийн эксковатортай гар аргаар өөрсдөө хийсэн алт угаах зориулалттай жижиг оврын гитаран усан буутай алт олборлож ажилласан. Манай ажиллаж байсан газар хуучин Орос анги ашигласан газрын эфел улын доогуур алт олборлож байсан юм. Өдөрт 3-4 грамм алт л олборлодог байсан. Олборлосон алтаа металлаар нь жинлэж түлш шатахуун авдаг байсан. Улаанбаатар хотоос нэг компаний хашаан дотор хувьчлагдсан эксковаторыг Нямбаяр гэж хүнээс алтаа ухаж мөнгө болгоод худалдаж авахаар тохиролцсон. Гэрээ хийсэн юм байхгүй амаараа тохиролцсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр тал/
Гэрч Б.Алтайгийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр суман дээр гэртээ байхад хөрш Л.Эрдэнэбаяр хамт урагшаа уурхай руу яваад ирье гэхээр нь Эрдэнэбаярын машинд сууж уурхай дээр нь ирсэн. Тэгээд 2-3 хонож байхад Улаанбаатар хотоос цагдаа нар ирж шалгаж үйл ажиллагааг маань зогсоосон. Би Л.Эрдэнэбаярын уурхайд ямар нэгэн ажил хийгээгүй, зүгээр л байдаг байсан. Би тэнд зүгээр л агаар салхинд гарах гэж очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр тал/
Гэрч Х.Алтынтасын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Л.Эрдэнэбаяр нь огт зөвшөөрөл байхгүй. Сумаас 2017 онд нөхөрлөлүүдэд нөхөн сэргээлт болон бичил уурхайн зөвшөөрөл олгож гэрээ байгулаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр тал/
Гэрч Б.Нямбаярын 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Надад шар өнгийн Хьюндай-2800 маркийн эксковатор байдаг. Энэ эксковаторыг манай ээж Цэенпил Байгууламж ХХК-аас 140 ширхэг хувьцаандаа авсан юм. 2017 оны 07 дугаар сарын эхээр наадмын баяраас өмнө над дээр Л.Эрдэнэбаяр гэдэг хүн хүүгийн хамт ирж эксковаторыг маань худалдаж авъя ажиллаж байгаад мөнгийг нь өгье гэж амаар тохиролцсон юм. Бичгээр гэрээ хэлцэл хийгээгүй. Нийт 15 сая төгрөгөөр худалдахаар тохиролцсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар тал/
Шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №01 дугаартай:
“-Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Харгана гэх газарт иргэн Л.Эрдэнэбаярын хууль бусаар ашигт малтмал хайх олборлох үйл ажиллагааны улмаас 708 м2 буюу 0.07 га хэмжээтэй, угаасан шорооны хэмжээ буюу ухашын хоосон орон зайн эзлэхүүн нь 439,1 м3 хэмжээтэй нэг ширхэг ухаш үүссэн байна.
-Иргэн Л.Эрдэнэбаярын үйл ажиллагааны улмаас ямар нэг голын голдирол өөрчлөгдөөгүй ойн сан бүхий газарт хохирол учраагүй болно. Усан санд хохирол учруулсан бөгөөд хохирлын үнэлгээний тайланд тооцож оруулсан болно.
-Иргэн Л.Эрдэнэбаярын үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн талбайд учруулсан экологи эдийн засгийн хохирлын хэмжээ нь 5.082.935 төгрөг болж байна.
-Иргэн Л.Эрдэнэбаярын үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийхэд 352.091 төгрөг шаардагдах тооцоо гарч байна...” гэх дүгнэлт /хх-ийн 56-59 дүгээр тал/
Экологи эдийн засгийн хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 59-91 дүгээр тал/
Үнэлгээний тайлан /хх-ийн 94-105 дугаар тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 6-9 дүгээр тал/
Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-ийн 11-12, 19 дүгээр тал/
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 121-124 дүгээр тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 125 дугаар тал/
Ашигт малтмал газрын тосны газрын албан тоот /хх-ийн 127 дугаар тал/
Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа /хх-ийн 132 дугаар тал/
Байгаль орчин аялал жуулчлалын газрын албан тоот хавсралтын хамт /хх-ийн 134-135 дугаар тал/
Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн лавлагаа /хх-ийн 148 дугаар тал/
Нийслэлийн газрын албаны албан тоот /хх-ийн 149 дүгээр тал/
Банкуудын лавлагаа /хх-ийн 150-158 дугаар тал/
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 160 дугаар тал/
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Иргэдийн төлөөлөгчдын хурлын тэргүүлэгчдийн албан тоот /хх-ийн 161-167 дугаар тал/
Байгууламж ХХК-ний захирлын тушаал /хх-ийн 170-172 дугаар тал/
Болд төмөр Ерөө гол ХХК-ний тодорхойлолт /хх-ийн 174 дүгээр тал/
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 175 дугаар тал/
Л.Эрдэнэбаярын өргөмжлөл, үнэмлэхний хуулбарууд /хх-ийн 176-180 дугаар тал/
Хохирогч О.Батсайханы 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин байцаасан тэмдэглэлд: “...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4 дүгээр хэсгийн 5 дахь заалтад Газар учирсан хохирлыг тухайн ангиллын газрын экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр төлүүлэхээр зааснаар тооцож бодвол 5.082.091 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлэхээр 15.248.805 төгрөг болж байна. Үүнийг нөхөн төлүүлэх эсэх асуудлыг шүүхээр хэргийг эцэслэн шийдвэрлэх үед шийдвэрлүүлэх саналтай байна. Л.Эрдэнэбаяр нь байгаль орчинд 5.082.091 төгрөгийн хохирол учруулсан нөхөн сэргээлтийн зардал нь 352.091 төгрөг болж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 181 дүгээр тал/
Иргэний нэхэмжлэгч Б.Нямбаярыг 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгөсн: “...Одоо Л.Эрдэнэбаяраас Хьюндай-2800 маркийн эксковаторын үнэ болох 15.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Эксковаторыг Эрдэнэбаяраас буцааж авахгүй мөнгөө авна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 184 дүгээр тал/
Л.Эрдэнэбаярын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 116-117 дугаар тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох
баримтуудыг дүгнэхэд
Шүүгдэгч Л.Эрдэнэбаяр нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Харгана гэх газарт 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 21-ний өдрийг хүртэлх хугацаанд техник төхөөрөмж ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаль орчин түүний баялагт 5.082.935 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.
Үүнд; Хохирогч О.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 28-32, 181 тал/, гэрч Б.Бат-Эрдэнийн /хх-ийн 39-42/, Э.Эрхбатын /хх-ийн 43-47/, Б.Алтайгийн /хх-ийн 48-49/, иргэний нэхэмжлэгч Б.Нямбаярын /хх-ийн 23-24/ мэдүүлгүүд, шинжээчийн 02 тоот дүгнэлт, үнэлгээний тайлан /хх-ийн 57-91/, Голден Ассет ХХК ий үнэлгээний тайлан 94-105/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06-09 тал/ тал зэрэг болно.
Тухайн хэрэгт хохирогч, гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр шүүгдэгч Л.Эрдэнэбаяр нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Харгана гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулан байгаль эклогид 5.082.935 төгрөгийн хохирол учируулсан болох нь нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг шүүх үнэн зөв гэж үзэв.
Шүүгдэгч Л.Эрдэнэбаярт холбогдох хэрэгт Нийслэлийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Л.Эрдэнэбаярыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан “...Хууль бусаар ашигт малтмал олборлох...” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Л.Эрдэнэбаяр нь Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас бодит учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Байгаль орчин аялал жуулчлалын яамны хуулийн хэлтсийн мэргэжилтэн О.Батсайханы зүгээс “...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дүгээр зүйлийн 5 дахь заалтад газарт учирсан хохирлыг тухайн ангиллын газрын экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр төлүүлэхээр зааснаар тооцож бодвол 5.082.091 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлэхээр 15.248.805 төгрөг болж байна. Үүнийг нөхөн төлүүлэх эсэх асуудлыг шүүхээр хэргийг эцэслэн шийдвэрлэх үед шийдвэрлүүлэх саналтай байна” гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна.
Учир нь: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-д “...Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна.” гэж заасан байх тул шүүх өөрөө санаачлагаараа нөхөн төлбөр тавьж хохирлыг мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5-д зааснаар 3 дахин нэмэгдүүлж шийдвэрлэх боломжгүй юм.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон эрх бүхий этгээд нь дээрх хуулийн дагуу байгаль орчны хяналтын улсын байцаагчаар нөхөн төлбөр тогтоолгож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.
Хууль бусаар ашигт малтмал хийх, ашиглах, олборлох гэмт хэрэгт нь “Хүрээлэн байгаа байгаль орчны эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаарч байгаа ба энэ гэмт хэргийн объект нь ашигт малтмалын хайгуул хийх, олборлох журам бөгөөд халдлагын зүйл нь ашигт малтмал юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1.”ашигт малтмал” гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг”, 4.1.6.”ашигт малтмал хайх” гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг; 4.1.7.”ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг; гэж тус тус заасан байна. Энэ ашигт малтмал гэдэг ойлголтонд шүүгдэгчийн олборлолт хийж байсан ”алт” хамаарч байгаа юм.
Ашигт малтмалын тухай хуулинд зааснаар ашигт малтмал ашиглах гэдэг ойлголтонд “олборлох” гэдэг ойлголт давхар багтаж байгаа төдийгүй, шүүгдэгчийн газрын хөрсийг хуулж, ухаш үүсгэсэн байдлыг ашиглах олборлох үйл ажиллагаа явуулсан гэж шүүх үзэж байна.
Түүнчлэн түүний газрын хэвлийгээс алт буюу ашигт малтмал авсан, ашиг олсон эсэх нь энэ гэмт хэргийн бүрэлдэхүүн ойлголт, гэм бурууд хамааралгүй бөгөөд түүний үйлдлийн улмаас байгаль эклогид хор хохирол учирчээ.
Монгол улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн “1. Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. 2.Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн...” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн” гэж тус тус заасан байна.
Шүүгдэгчид оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.
Шүүгдэгч Л.Эрдэнэбаяр нь эклоги эдийн засгийн хохирол 5.082.935, нөхөн сэргээлтийн зардал 352.091 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан Улаанбаатар хотын банкны 2018 оны 01 дүгээр сарын 05 ны өдрийн орлогын мэдүүлэгт үндэслэн түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцсон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4-д зааснаар шүүгдэгч Л.Эрдэнэбаярын гэмт үйлдэлдээ ашигласан түүний өмчлөлийн Хюандай 2800 маркийн эксковаторыг хурааж улсын орлогод оруулж, шийдвэрлэх боломжгүй байна.
Учир нь Голден Ассет ХХК нь 1975 онд үйлдэрлэгдсэн Хюандай 2800 эксоваторыг 1996 2001 онуудад үйлдэрлэгдсэн эксоваторуудтай харьцуулан үнэлсэн нь үнэн зөв гэж үзэхэд учир дутагдалтай, эргэлзээтэй болсон байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан жинхэнэ өмчлөгч Б.Нямбаярт олгож, хохирогчийг уг техникийн үнэлгээг дахин гаргуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн 1994 онд үйлдэрлэгдсэн Ниссан Атлас маркийн цагаан өнгийн 08-58 СЭҮ улсын дугаартай, 1998 онд үйлдвэрлэгдсэн Ниссан патрол маркийн хар өнгийн 26-28 улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг эклоги эдийн засгийн болон нөхөн сэргээлтийн зардал нөхөн төлөгдсөн тул битүүмжлэлээс чөлөөлж шүүгдэгч Л.Эрдэнэбаярт буцаан олгохоор тогтов.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гар аргаар хийсэн Стана маркийн машины хуучин моторыг ус татах помптой холбосон ус татах зориулалттай хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Далд чоно овогт Лхамжавын Эрдэнэбаярыг мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 д заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Далд чоно овогт Лхамжавын Эрдэнэбаярт 01 жилийн хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Л.Эрдэнэбаярт оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д зааснаар ялтан Л.Эрдэнэбаярт оногдуулсан 01 жилийн хорих ялыг тэнсэж 01 жилийн хугацаагаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг шүүхийн шйидвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар ялтан оршин суугаа газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан шүүхээс хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож яд оногдуулахыг анхааруулсугай.
7.Ялтан Л.Эрдэнэбаяр энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8.Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн Хюандай 2800 маркийн шар өнгийн эксковаторыг битүүмжлэлээс чөлөөлж Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг 25 дугаар хороо Хайрханы 11- 20 тоотод оршин суугч Б.Нямбаярт /ЧЙ78080616/, 1994 онд үйлдэрлэгдсэн Ниссан Атлас маркийн цагаан өнгийн 08-58 СЭҮ улсын дугаартай, 1998 онд үйлдвэрлэгдсэн Ниссан патрол маркийн хар өнгийн 26-28 улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг битүүмжлэлээс чөлөөлж ялтан Л.Эрдэнэбаярт тус тус буцаан олгосугай.
9.Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гар аргаар хийсэн Стана маркийн машины хуучин моторыг ус татах помптой холбосон ус татах зориулалттай хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
10.Хохирогч О.Батсайхан эксковаторын үнэлгээ, хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажилллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
11.Ялтан Л.Эрдэнэбаярт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийдэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ