Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2023/ДШМ/693

 

    2023             07             06                                      2023/ДШМ/693        

                                              Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

       Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Сувданчимэг,

шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Л.Амартогос, 

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/630 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2208035690630 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

...,

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 820 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгэж, хорих ялыг тус тус нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 2 жилээр тогтоож шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Б.Б- нь 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотоос Г.Н-ийн эзэмшлийн Самсунг фирмийн А-70 загварын гар утас, цааны арьсан эмэгтэй, урт түрийтэй өвлийн гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас нийт 860.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн зүйл,  хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Б-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жилийн хорих ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн 820 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил, 5 сар, 27 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 3 жил, 5 сар, 27 хоногийн хугацаагаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б-гээс 860,000 /найман зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Н-т олгож, шүүгдэгч Б.Б-гийн эдлэх хорих ялын хугацааг 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие шүүх хуралдаанд хийсэн үйлдэлдээ гэмшиж, харамсаж байгаагаа илэрхийлсэн. Хохирогч Г.Н- шүүх хуралдаанд оролцоогүй бөгөөд прокурор 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар санал гаргасан, миний өмгөөлөгч “6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа “шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй” гэж үзсэн боловч прокурорын санал болгосон 1 жилийн хорих ялыг хүндрүүлж 2 жилийн хорих ялаар шийтгэсэнд гомдолтой байна. 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 820 дугаар шийтгэх тогтоолоор ял шийтгэлтэй холбоотой хохирол төлбөр байхгүй. Энэ хэргийн хохирол болох 860.000 төгрөгийг хохирогч Г.Н-т нөхөн төлөх болно. Аль болох хурдан хугацаанд төлж барагдуулах болно. Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, найз Г.Н-ээсээ маш их ичиж гэмшиж байна. Найзаасаа уучлалт гуйхыг хүсч байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болчимгүй, буруу бодол тээж хэцүү үед туслах гэсэн, сайхан сэтгэлээр хандсан найзыгаа гомдоосондоо үнэхээр их ичиж байна. яаралтай хохирлыг нь нөхөн төлөөд ялаа эдэлж дуусч гараад өөрийн биеэр уучлалт гуйх болно. Иймд анхан шатны шүүх хуралдаанд прокурорын гаргасан санал болон өмгөөлөгчийн хэлсэн саналыг харгалзан үзэж надад оногдуулсан 2 жилийн хугацаатай хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Амартогос тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Б.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч түүнд оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү.” гэв.

Прокурор Ж.Сувданчимэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, түүний урьд шүүхээс 2 удаа ял шийтгэгдсэн байдал болон хохирогчид хохирол төлбөр төлөөгүй байдал зэргийг харгалзаж анхан шатны шүүхээс түүнд хорих ял оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Б- нь 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, ... тоотоос Г.Н-ийн эзэмшлийн Самсунг фирмийн А-70 загварын гар утас, цааны арьсан эмэгтэй, урт түрийтэй өвлийн гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас нийт 860.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч Г.Н-ийн “... Би Б- гэх хүнтэй анх 2021 оны 01-р сард танилцсан найзууд байгаа юм. 2022 оны 10-р сарын 16-ны өдөр гэртээ байж байхад Б- над руу залгаад уйлаад “чи хаана байна” гэж асуухаар “гэртээ байна" гэж хэлсэн чинь “манай нөхөр намайг зодоод байна, очих газар байхгүй" гэж хэлэхээр нь манайд хүрээд ир гээд 40.000 төгрөгийг Б-гийн данс руу шилжүүлсэн. Удалгүй цагийн үед Б- манай гэрт 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво, 1 кг бууз авч ирсэн. Б- бид хоёр бууз чанаж идээд пиво уугаад хоорондоо юм ярьж суусан. Пиво дуусчихаар нь Б-д “найз нь унтлаа шүү” гэж хэлээд хүүхдээ тэврээд баруун талын орон дээр унтаад өгсөн. Унтаж байгаад 20 цаг өнгөрч байхад сэрсэн чинь Б- гэрт байхгүй өөрийнхөө гутлаа үлдээгээд явсан байсан. Би гар утсаа хайсан чинь олдохгүй байхаар нь 99310205 дугаараас өөрийн 95635116 дугаар луу залгасан чинь холбогдох боломжгүй байсан. Б-гийн 99676641 дугаар луу залгасан чинь утсаа авахгүй байсан. Годон гутал байсан газраа үзсэн чинь байхгүй байсан тул 102 дугаарт дуудлага өгсөн. Манай гэрээс миний эзэмшлийн А-70 маркийн гар утас, цаа бугын арьсан гутал алга болсон. 2022 оны 10-р сарын 16-ны өдөр манай гэрт бид гурваас өөр хүн байгаагүй. Гомдолтой байна ...” /хх 12, 15, 98/ гэж эд хөрөнгөө алдсан газар, цаг хугацаа, болсон үйл явдал, алдагдсан эд хөрөнгийнхөө шинж байдлын талаар тус тус тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

“Мастер үнэлгээ" ХХКомпанийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 22/020 дугаартай хөрөнгийн үнэлгээний “Самсунг А-70 загварын гар утсыг 230.000 төгрөг, цааны арьсан, эмэгтэй урт түрийтэй гутлыг 630.000 төгрөг ...” гэх дүгнэлт /хх 65-66/,

           ялагдагчаар Б.Б-гийн “... Н-ийн дуудаад сэрэхгүй байхаар нь би өвлийн гутал 1хос, 2 камертай скайтелын утсыг аваад ... гэртээ харьсан.  Тухайн үед би гутлыг нь өмсөөд гарсан. ... утас нь одоо манай гэрт буюу Чингэлтэй дүүргийн 19-р хороо Яргайтын 1-21 тоотод байгаа. ...” /хх 26-27, 79-80/ гэх мэдүүлэг,

            гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 8/ зэргээр давхар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Б.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан бөгөөд шүүхээс Б.Б-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын хэмжээ нийцсэн байна гэж дүгнэв.

          Шүүгдэгч Б.Б-гээс “ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг” хүссэн ба ингэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, учруулсан хохирлыг нөхөн төлнө гэх нөхцөл байдлуудыг иш татсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

            Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа төрийн цээрлэл нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой. Иймээс ч шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэн нэгний хүсэл зоригт нийцүүлэх шаардлагагүй болно.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Б.Б- нь хулгайн гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан буюу урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй, төлөх эсэхээ илэрхийлсэн нотлох баримтыг хэрэгт хавсаргаж ирүүлээгүй байхаас гадна анхан шатны шүүхээс сонгож оногдуулсан хорих ял нь шүүгдэгч Б.Б-гийн үйлдсэн гэмт хэргийнх нь шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэм буруу, хувийн байдалтай тохирсон бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “... Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно.”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй.” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэв.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-гийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Шүүгдэгч Б.Б-гийн 2023 оны 05 дугаар сарын 18-наас 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 49 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/630 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-гийн 2023 оны 05 дугаар сарын 18-наас 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүртэл нийт 49 /дөчин ес/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

          2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Т.ШИНЭБАЯР

       ШҮҮГЧ                                                                  Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

       ШҮҮГЧ                                                                       Н.БАТСАЙХАН