| Шүүх | Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чинбатын Мөнхболор |
| Хэргийн индекс | 126/2024/0144/З |
| Дугаар | 126/ШШ2024/0165 |
| Огноо | 2024-12-17 |
| Маргааны төрөл | Газар, |
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 126/ШШ2024/0165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Д.И*********** ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн,
Хариуцагч: Бүрэнтогтох сумын Засаг дарга Л.А***********
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д*********** нарын газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, сунгахыг даалгахтай холбоотой газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.И*********** , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн, хариуцагч Бүрэнтогтох сумын Засаг дарга Л.А*********** хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д*********** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Д.И*********** өөс Бүрэнтогтох сумын Засаг даргад холбогдуулан Газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгахгүй байгаа Бүрэнтогтох сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож тэжээлийн ургамлын усалгаагүй тариалангийн зориулалтаар эзэмшиж байгаа 50 га газрын эзэмших эрхийг сунгах шийдвэр гаргахыг Бүрэнтогтох сумын Засаг даргад даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Хоёр. Хэргийн үйл баримт, процесс, маргааны үндэслэлийн талаар
2.1. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/40 дүгээр захирамжаар Бүрэнтогтох сумын 6 дугаар баг, Эрчим баг, Төмөртийн тал хаягт байрлах 50 га газрыг тэжээлийн ургамлын усалгаагүй тариалан-гийн зориулалтаар 4 жилийн хугацаатайгаар шилжүүлэн эзэмшүүлсэн байна.
2.2. Нэхэмжлэгч Д.И*********** нь гэрчилгээний хугацаа дуусахаас өмнө буюу 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах тухай хүсэлтээ гаргасан бөгөөд Бүрэнтогтох сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1/83 тоот албан бичгээр ... Эрчим багийн иргэдийн Нийтийн Хурлаас 2021 онд Д.И*********** ийн эзэмшиж байгаа 50 га газраас хашаалсан байгаа 15 га газрыг өөрт нь өгч, үлдсэн 35 га газрыг цуцалж өгөхийг хүссэн... иргэдийн хүсэлтийг судалж үзэх шаардлагатай гэсэн хариуг өгч нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэжээ.
2.3. Уг хариуг нэхэмжлэгчид гардуулж, хүргүүлэх ажиллагааг хийсэн талаар баримтыг хариуцагчаас гаргаж өгөөгүй бөгөөд нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагад дурдаж буй асуудлаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар дээд шатны Засаг даргад гомдол гаргасан байх бөгөөд Хөвсгөл аймгийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 1/1436 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн, улмаар нэхэмжлэгчээс 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч Д.И*********** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би тус Бүрэнтогтох сумын Эрчим 6 дугаар багийн Төмөртийн ам гэх газарт тэжээлийн ургамлын усалгаагүй тариалангийн зориулалтаар 50 га газрыг тус сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/40 дүгээр захирамжаар 4 жилийн хугацаатай эзэмшиж, энэ хугацаанд зориулалтын дагуу эзэмшсээр ирсэн.Ингээд Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ гаргах... гэж заасны газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлтээ гарган хуулинд заасны дагуу холбогдох баримт бичгүүдийг хавсаргаж хүргүүлсэн боловч Бүрэнтогтох сумын Засаг дарга нь хариу өгөөгүй болно.
Газрын тухай хуульд зааснаас өөр шалтгаанаар бусдын газар эзэмшихэрхийг цуцлах, сунгахаас татгалзах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нөгөө талаар сунгасан болон сунгахгүй гэсэн талаар ямар нэгэн захиргааны акт гаргаагүй тул Засаг даргын энэ эс үйлдэхүйг би хууль бус гэж үзэж байна, Учир нь миний хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйн улмаас миний газар эзэмших эрх зөрчигдөж, тариалалтын хугацаа өнгөрч би эдийн засгийн хувьд ч хохирч байна.
Би 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдөр энэхүү нэхэмжпэлийг шүүхэд гаргасан боловч нэхэмжлэлийг заавал урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагатай гэж хүлээн авахаас татгалзсан тул би захирамжинд заасны дагуу урьдчилан шийдвэрлүүлэхээр Хөвсгөл аймгийн Засаг даргад гомдол гаргасан боловч Аймгийн Засаг дарга нь 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 1/1436 тоот албан бичгээр хариу өгсөн тул шүүхэд хандаж байна.
Би газар эзэмших хугацаандаа газраа зориулалтын дагуу эзэмшиж хуулинд заасан хугацаанд нөлөөллийн үнэлгээ хийлгэж байсан, нөлөөллийн үнэлгээгээр ямар нэгэн сөрөг дүгнэлт гарч байгаагүй учраас Бүрэнтогтох сумын Засаг даргын зүгээс дээрх газрын эзэмших эрхийн хугацааг сунгахаас татгалзах хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна.
Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна, мөн 35.1.5-д Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах гэж заасны дагуу би эзэмшсэн газрынхаа эзэмших эрхийг сунгуулах эрхтэй, тиймээс ч анх удаагаа газар эзэмших эрхээ сунгуулахаар хүсэлт гаргасан. Тиймээс миний газар ззэмших эрхийг сунгахгүй байгаа Бүрэнтогтох сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, миний эзэмшиж багаа Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим 6 дугаар багийн нутаг Төмөртийн тал гэх газарт байрлах 6*********** нэгж талбарын дугаар бүхий, тэжээлийн ургамлын усалгаагүй тариалан-ийн зориулалтаар эзэмшиж байгаа 50 га талбай бүхий газрын, эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 40 жилийн хугацаагаар сунгасан шийдвэр гаргахыг Бүрэнтогтох сумын Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.
3.2 Нэхэмжлэгч Д.И*********** шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Миний хувьд Х*********** ХХК-иас энэхүү газрыг эрх шилжүүлж авсан бөгөөд тухайн жилдээ буюу 3 сард газраа хашаалж тариалалт хийж эхэлсэн. Тиймээс миний зүгээс тухайн газарт 2020 оноос хойших хугацаанд тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа. Намайг тухайн газарт үйл ажиллагаа явуулж байх хугацаанд тухайн нутаг орны иргэдийн мэдээлэлгүй байдлаас болж, нутгийн иргэд болох тухайн газрын ойролцоо байрлах хоёр айлын иргэн газар хашааллаа гэх байдлаар эсэргүүцсэн байдалтай уулзаж байсан. Х*********** ХХК-ийн эзэмшиж байсан газрыг миний зүгээс 2009 онд эрх шилжүүлж, хуулийн дагуу худалдаж авсан байсан учраас тухайн сумын захиргаанд газрынхаа бичиг баримтыг бүрдүүлж өгсөн. Тиймээс ч тухайн газрын гэрчилгээ миний нэр дээр шилжсэн байдаг. Миний хувьд тухайн газрыг эзэмшиж байх хугацаандаа буюу жил бүр алгасахгүй газар дээрээ тариалалт хийгээд эзэмшээд явж байсан. Ингэж тариалалт хийж байх хугацаандаа жил бүр газрынхаа тариалалтын хэмжээг ихэсгэн тариалалт хийдэг байсан. Учир нь газрыг эзэмшсэн эхний жилдээ 50 га газрын талбайд бүхэлд нь тариалалт хийх эдийн засгийн хувьд дутагдалтай боломжгүй байсан учраас жил бүр тариалалт хийхдээ эхний жилдээ 10 га газрыг ашигласан бол дараагийн жил 5 га газраар нэмэгдүүлэн тариалалт хийгээд явж байсан. Тиймээс миний зүгээс хуучин ашиглаж байсан 10 га газар дээр нэмж 25 га газрыг ашиглаж, одоогийн байдлаар 40 орчим га газарт тариалалт хийж, ашиглаагүй үлдсэн 10 га газар байгаа. Тухайн үед Байгаль орчны газар болон Мэргэжлийн хяналтын газарт миний зүгээс хүсэлт тавьсны үндсэн дээр тухайн газарт дээрх байгууллагын хүмүүс очиж, тухайн газарт тариалалт хийгээд ашиглаад явж болно гэх хариуг өгсөн байдаг. Мөн нутгийн иргэдийн хүсэлтийг үндэслэж тухайн газар дээр Мэргэжлийн хяналтын улсын байцаагч газар дээр очиж ажилласнаар тухайн газарт ямар нэгэн зөрчил байхгүй гэх дүгнэлтийг гаргаж байсан. Миний хувьд газрыг эзэмшиж байсан хугацаандаа Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн зүйл байхгүй учраас цаашид тухайн газар дээрээ тариалалтаа хийгээд ашиглаад явах хүсэлтэй байгаа юм. Тиймээс дээрх газрын хугацаа 2024 онд дуусаж байгаа учраас хугацааг нь сунгах талаар Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргад хандсан боловч хариу өгөхгүй өдийг хүрсэн учраас миний зүгээс шүүхэд хандсан. Тухайн сумын газрын даамал болон Засаг даргатай холбоотой ямар нэгэн маргаан хийж байгаагүй. Иймд тухайн газрыг сунгахаас татгалзах үндэслэл байхгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна гэв.
3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сунгахаас татгалзсан хууль зүйн үндэслэл байх ёстой. Гэтэл хариуцагч талаас ямар үндэслэлээр тухайн газар эзэмших эрхийг сунгахгүй байгаа талаар болон татгалзаж байгаа бол ямар үндэслэлээр татгалзаж байгаа нь мэдэгдэхгүй, энэ талаар бидэнд хариу өгөхгүй ойлгомжгүй нөхцөл байдал үүсгээд байгаа юм. Хариуцагч талаас тайлбар хэлэхдээ иргэдийн хүсэлт ирсэн учраас гэдэг боловч сумын иргэдийн зүгээс ямар хүсэлт гаргасан талаар албан ёсны бичгийн нотлох баримт байдаггүй юм. Тиймээс дээрх нөхцөл байдлаас харахад хувь хүний газар эзэмшиж байгаа байдлыг ноцтойгоор зөрчиж байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байгаа юм. Хэрвээ нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг нь цуцлах гэж байгаа бол нэхэмжлэгчид хуульд заасны дагуу мэдэгдэх, сонгох ажиллагаа явагдах ёстой байсан. Гэтэл эдгээр ажиллагаагүй явагдаагүй, ямар нэгэн хариу үйлдэл нэхэмжлэгчид үзүүлээгүй ойлгомжгүй байдлыг үүсгээд байгаа юм. Нэхэмжлэгчийн хувьд тухайн газрыг эзэмшиж ирсэн үеэс эхлэн газраа зориулалтын дагуу ашиглаж, газрынхаа татвар төлбөрийг жил бүр төлөөд явж байсан болох татварын албанаас авсан тодорхойлолт зэргээс харагддаг. Иймд Газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгасан шийдвэр гаргахгүй байгаа Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын эс үйлдэхүйг тогтоож, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн нутаг дэвсгэрт байрлах усалгаагүй тариалангийн зориулалтаар ашиглаж байгаа, нэхэмжлэгч Д.И*********** ийн 50 га газрын эзэмших эрхийг сунгасан шийдвэр гаргахыг Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргад даалгах өгнө үү гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна гэв.
Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар
4.1. Хариуцагч Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг дарга Л.А*********** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бүрэнтогтох сумын Эрчим 6 дугаар багийн нутаг, Төмөртийн ам гэх газар тэжээлийн ургамлын усалгаагүй тариалангийн зориулалтаар 50 га газрыг Мөрөн сумын иргэн Д.И*********** нь 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 4 жилийн хугацаатай эзэмшсэн. Эзэмших хугацаандаа 15 га газрыг нь зориулалтын бус буюу хүнсний ногооны зориулалтаар, үлдсэн 35 га газрыг огт ашиглаагүй учраас Эрчим багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолоор тус газрыг цуцлах саналыг сумын Засаг даргад хүргүүлсэн. Тус саналыг үндэслэн Д.И*********** ийн эзэмшиж буй газрын хугацааг сунгаагүй бөгөөд газар эзэмших хугацааг сунгах хүсэлтийн тайлбарыг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1/83 тоот албан бичгээр хариуг хүргүүлсэн. Иймд Мөрөн сумын иргэн Д.И*********** ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг үл зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.2. Хариуцагч Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг дарга Л.А*********** шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Тухайн газрыг анх Х*********** гэх компани ашиглаж байсан юм билээ. Энэ компани газраа бүрэн хэмжээгээр ашиглалгүй бага хэмжээгээр ашиглаад явж байсан байдаг. Харин сүүлд Д.И*********** гэх хүнд тухайн газар шилжиж очсоноор энэ хүн газраа бүрэн эзэмшиж, газрынхаа талбайг бүрэн хэмжээгээр ашиглах болсноор нутгийн ард иргэдийн зүгээс сумын Засаг даргад хүсэлт ирүүлсэн байдаг. Тиймээс сумын Засаг даргын хувьд ард иргэдийнхээ хүсэлтийг хүлээж авах ёстой учир хүлээж авсан. Тухайн хүсэлтийг хуулийн хугацаанд иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж, тухайн газрын хугацааг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл энэ асуудлыг шийдвэрлэхээс өмнө газартай холбоотой асуудал шүүхэд шилжсэн байсан. Тэгэхээр нутгийн иргэдээс хүсэлт ирсэн. Уг хүсэлт шийдвэрлэгдээгүй байсан учир нэхэмжлэгчийн хүсэлтэд хариу өгөхгүй тодорхой хугацаагаар удсан нөхцөл байдал байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэл, хариуцагчийн хариу тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч Д.И*********** өөс Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргад холбогдуулан Газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгахгүй байгаа Бүрэнтогтох сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож тэжээлийн ургамлын усалгаагүй тариалангийн зориулалтаар эзэмшиж байгаа 50 га газрын эзэмших эрхийг сунгах шийдвэр гаргахыг Бүрэнтогтох сумын Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/40 дүгээр захирамжаар Бүрэнтогтох сумын 6 дугаар баг, Эрчим баг, Төмөртийн тал хаягт байрлах 50 га газрыг тэжээлийн ургамлын усалгаагүй тариалан-гийн зориулалтаар 4 жилийн хугацаатайгаар шилжүүлэн эзэмшүүлсэн байх бөгөөд газар эзэмших эрхийн 0000193869 дугаартай гэрчилгээг олгож, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 06713-2020/00037 тоот гэрээг байгуулсан байна.
4. Нэхэмжлэгч Д.И*********** нь гэрчилгээний хугацаа дуусахаас өмнө буюу 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах тухай хүсэлтээ гаргасан бөгөөд Бүрэнтогтох сумын Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1/83 тоот албан бичгээр ... Эрчим багийн иргэдийн Нийтийн Хурлаас 2021 онд Д.И*********** ийн эзэмшиж байгаа 50 га газраас хашаалсан байгаа 15 га газрыг өөрт нь өгч, үлдсэн 35 га газрыг цуцалж өгөхийг хүссэн... иргэдийн хүсэлтийг судалж үзэх шаардлагатай гэсэн хариуг өгч нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэжээ.
5. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 30 дугаар зүйлийн 30.1-д Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна 37 дугаар зүйлийн 37.1-д Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана, 37.1.1-д Газар эзэмших эрхийн гэрчилгээ, 37.1.2-т Газрын төлбөрийг төлсөн тухай баримт, 37.1.3-д Байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаархи тодорхойлолт гэж тус тус заасан.
5. Энэхүү маргааны үйл баримтын тухайд нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахаас өмнө сунгуулах тухай хүсэлтээ гаргасан байхын зэрэгцээ хуульд заасан хавсаргах баримт бичгийг бүрэн хавсаргасан болох нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, газрын төлбөр төлсөн талаар баримт, 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчийн Эко Ти Эс Би ХХК-тай байгуулсан Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлан боловсруулах гэрээ-гээр тус тус тогтоогдож байна.
6. Хариуцагчаас шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Эрчим багийн иргэдийн Нийтийн Хурлаас 2021 онд Д.И*********** ийн эзэмшиж байгаа 50 га газраас хашаалсан байгаа 15 га газрыг өөрт нь өгч, үлдсэн 35 га газрыг цуцалж өгөхийг хүссэн... иргэдийн хүсэлтийг судалж үзэх шаардлагатай... гэсэн байх бөгөөд дээрх үндэслэлээр татгалзаж буй хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлгүй.
7. Учир нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба цахим системд бүртгэж, газар эзэмших гэрчилгээ, гэрээг баталгаажуулна гэж заасан.
8. Дээрх зохицуулалтын дагуу сумын Засаг дарга нь эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах асуудлыг хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хянан шийдвэрлэхээр байна.
9. Гэтэл хариуцагчаас ...иргэдээс нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцлах хүсэлт өгсөн... гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахаас татгалзсан нь дээрх хуулийн заалтад нийцээгүй үндэслэлгүй бөгөөд 15 хоногийн дотор хариу өгөх үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй нь хууль бус байна.
10. Иймд хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгуулахтай холбоотой хүсэлт, түүнд хавсаргасан баримт болон хариуцагчаас шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: нэхэмжлэгч газар эзэмших эрхийн хугацаа сунгахад шаардлагатай бичиг баримтуудаа бүрэн өгсөн тул өөр татгалзах шалтгаан байхгүй гэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн тэжээлийн ургамлын усалгаагүй тариалангийн зориулалтаар эзэмшиж байгаа 50 га газрын эзэмших эрхийг сунгах шийдвэр гаргахыг Бүрэнтогтох сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 30 дугаар зүйлийн 30.1, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.И*********** ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Д.И*********** ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгахгүй байгаа Бүрэнтогтох сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тэжээлийн ургамлын усалгаагүй тариалангийн зориулалтаар эзэмшиж байгаа 50 га газрын эзэмших эрхийг сунгах шийдвэр гаргахыг Бүрэнтогтох сумын Засаг даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Засаг даргаас 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХБОЛОР