Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 312/ШШ2025/00078

 

2025 01 14 312/ШШ2025/00078

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа би,

Нэхэмжлэгч: *** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******, утас: *******/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******, утас: /-д холбогдох

90,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.******* нь 2024 оны 08 дугаар сарын 26-ны үед Ш.******* гэдэг хүнтэй утсаар холбогдоод хөргөгчөө засуулах тухай ярьсан. 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ирж үзээд хөргөгчний шингэн дууссан байна гэдэг онош тавьж заслаа, одоо зүгээр гээд төлбөр 90,000 төгрөгийг тухайн хүний дансанд нь шилжүүлсэн. Тухайн үед баталгаа яах вэ гэж асуухад болохгүй бол утсаар яриарай гээд явсан. 15 хоногийн дараа эргээд хуучин хэвэндээ орсон. Залгаад ярихад би очиж үзнэ гээд үздэггүй, дахиад хэд хэд залгаад хэлэхэд би ажилтай байна, маргааш нөгөөдөр очно гэж хэлээд утсаа авахаа больсон. Нөхрийнхөө утсаар залгахад мөн яг ижил тайлбар хэлээд сүүлдээ утсаа авахгүй ийм байдлаар яг 4 сар гаруй хугацаа боллоо. Аргаа бараад цагдаад хэлж дуудуулж үзсэн боловч яг одоо очлоо гээд одоо болтол ирээгүй. Иймд би энэ хүнийг анхнаасаа залилан хийсэн байна гэж ойлгож байна. Бидний төлбөрийг барагдуулж өгнө үү. Жич анхнаасаа оношоо мэдэхгүй шингэн дууссан гэж буруу оношлож би мөнгөөрөө шингэн хийсэн гэж яриад байгаа боловч, яг хийсэн эсэхийг батлах боломжгүй, бид бас тохиролцъё гэж хэлж үзсэн. Тэр шингэн шахсан хөлсөө аваад бусдыг нь өгчих гээд дансаа хүртэл явуулсан боловч очиж үзэж байж болно гэсэн мөртлөө ирэхгүй 4 сар гаруй болж биднийг үл тоож харьцаж байгаа болно. Бас танай муу хуучин хөргөгч засвар авахгүй юм байна гэдэг. Манай хөргөгч орос зил хөргөгч, хуучин боловч задаргаа ороогүй энэ хүн задалсан. Ийм учраас *******гээс 90,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ш.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие *******гийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.******* хариуцагч Ш.*******д холбогдуулан 90,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 90,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг төлж барагдуулахаар тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Н.*******гийн 90,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ш.******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгөөс 2,275 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвөөс 2,275 төгрөгийг, хариуцагч Ш.*******гээс 2,275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ   Г.ЖАРГАЛТУЯА