| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 312/2025/00103/И |
| Дугаар | 312/ШШ2025/00291 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 312/ШШ2025/00291
2025 02 18 312/ШШ2025/00291
Зохигч эвлэрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* /РД: *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **** тоотод байрлах, ******* ХХК /РД: *******, утас: *******, *******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие овогтой ******* 100 айлын барилгын материалын дэлгүүрт барилгын материал зарж борлуулан ажилладаг болно. ХХК надаас 2020 оноос материал авдаг болсон. Материал авах хугацаанд өгч авалцан явж байгаад 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр материалын мөнгө болох 21,572,500 төгрөгийг өгөөд 9 дүгээр сарын 08-наас хойш авсан бараа материалын мөнгө болох 10,000,000 төгрөгийг өдий болтол өгөхгүй, удаа дараа өгнө гэж явсаар өнөөг хүргэлээ. Иймд ХХК-аас 10,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ХХК Б.*******ээс барилгын материал худалдаж авдаг байсан нь үнэн. 2022 оны 09 дүгээр сараас хойш авсан бараа материалын үнэ 6,500,000 төгрөг байна. Бид бараа материалын үнэ болох 6,500,000 төгрөгийг ойрын хугацаанд төлөх болно. Иргэн Б.******* нь 10,000,000 төгрөг нэхэмжилсэн. Бид бараа материалын баримтад тулгуурлан 6,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн үлдэгдэл 3,500,000 төгрөгийг бараа материалын баримтаар нотолвол төлж болно. Манай компани захиалагч талтайгаа тохиролцоонд хүрч чадахгүй удсан тул Б.*******ийн мөнгийг төлж чадахгүй өдийг хүрсэн нь үнэн гэжээ.
3. Зохигчид шүүх хуралдаанд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* ХХК нь иргэн Б.*******ийн нэхэмжилсэн 10,000,000 төгрөгийн 6,500,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 3,500,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 50 хувь буюу 1,750,000 төгрөг, үлдэгдэл 50 хувь буюу 1,750,000 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд хариуцагч ******* ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд эвлэрлийн гэрээ байгуулж ирүүлсэн байх ба хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 10,000,000 төгрөгөөс 6,500,000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн, үлдэх 3,500,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1,750,000 төгрөг, үлдэгдэл 1,750,000 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шүүхийн шийдвэр гарах хүртэл эвлэрэн хэлэлцэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Б.*******, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцэж байх тул зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 174,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Б.*******ийн нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эвлэрсэн ...10,000,000 төгрөгөөс 6,500,000 төгрөгийг төлсөн, үлдэх 3,500,000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 1,750,000 төгрөг, үлдэгдэл 1,750,000 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон... зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 174,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА