Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 124/ШШ2024/0034

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “Б Б” ХХК, /РД: ....... /

            Нэхэмжлэгч: “Н” ХХК, /РД: ....... /

        Хариуцагч: Увс аймгийн Засаг дарга нарын хооронд төсөвт байгууллагуудын халаалтын эзлэхүүн тогтоосон хэмжилт хууль бус эсэхийг тогтоохтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нууцзаяа, нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

            1.1. Увс аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Төсвийн байгууллагуудын барилгын талбай, эзлэхүүний хэмжилтийн тухай” 01/233 дугаар албан бичиг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах;

            1.2. “Б И” ХХК-ийн хийсэн төсвийн байгууллагуудын барилгын халаалтын талбай, эзлэхүүнийг тогтоосон хэмжилтээс Увс аймгийн З, Ө сумуудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж тодорхойлсон.

            Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

            2.1. Нэхэмжлэгч “Б Б” ХХК, “Н” ХХК нь Увс аймгийн З болон Ө сумуудын төвлөрсөн дулаан хангамж үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эрхлэн явуулдаг.

            2.2. “Төсвийн байгууллагуудын барилгын халаалтын зардал тооцох талбай, эзлэхүүнийг шинэчлэн тогтоох” ажил гүйцэтгэх гэрээг захиалагч тал болох Увс аймгийн Засаг дарга Ч.Ч, гүйцэтгэгч тал “Б И” ХХК-ийн захирал Л.Р нар 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулж, гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн хэмжилтийн ажлын гүйцэтгэлийн тайланг гаргаж ажлыг хүлээлгэн өгсөн байна.

            2.3. Улмаар Увс аймгийн Засаг даргаас “Б И” ХХК-ийн гаргасан хэмжилтийн тооцооллыг үндэслэн хэмжилтийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 01/233 дугаар албан бичгээр даалгажээ.

            2.4. Нэхэмжлэгч “Б Б” ХХК болон “Н” ХХК нь Увс аймгийн Засаг даргаас “Б И” ХХК-ийн гаргасан хэмжилтийн тооцооллыг үндэслэн хэмжилтийг дагаж мөрдөхийг даалгасан 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 01/233 дугаар албан бичиг эс зөвшөөрч, аймгийн Засаг даргад гомдол гаргаж, 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг захиргааны хэрэг үүсгэсэн.

            2.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, маргааны үйл баримт адил учир дээрх захиргааны хэргүүдийг нэг мөр, шуурхай шийдвэрлэх үүднээс хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэж байна.

            Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

            3.1. Нэхэмжлэгч “Б Б” ХХК болон “Н” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэмжилт хийхэд манай компанийг оролцуулж хийх ёстой байсан. Энэ талаар хэмжилт хийж байгаа компани бидэнд мэдэгдээгүй. Хэргийн материалтай танилцах явцад тухайн хэмжилтийг дадлагажигч оюутан болон сангийн инженер гэх хүмүүс хийсэн байсан. Хэмжилтийг барилгын инженер буюу мэргэжлийн хүмүүсээр хэмжилт хийх ёстой байсан гэж үзэж байна. Миний зүгээс нэг байрыг инженертэй хамт маргаан бүхий цонх, хаалгад хэмжилт хийхэд метр куб нь дутуу байсан. Манай талын хэмжсэнээр 1606 м.куб байхад тухайн хэмжилт хийсэн компанийн хэмжсэнээр 1500 м.куб байна. Увс аймгийн Засаг даргад компанийн зүгээс мэдэгдсэн гэх тайлбар гаргасан байна. Гэтэл бидэн мэдэгдээгүй. Миний зүгээс залгаж холбогдоход “...болоогүй байна” гэх тайлбар хэлж байгаад орой хэмжилт хийгээд дууссан гэж ярьсан. Би 1 байранд хэмжилт хийхэд 1 цаг зарцуулж байсан. Гэтэл өглөө очоогүй байсан хүмүүс орой хэмжиж дууссан гэхээр худлаа хэмжсэн үү, хэмжилт зөрөөтэй байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж тайлбарлав.

          3.2. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Увс аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 01/233 тоот албан бичгээр чиглэл өгсөн шийдвэр нь гадагшаа чиглэсэн,  эрх зүйн үр дагавар үүсгэсэн албан бичиг. Тухайн захиргааны акт нь халаалтын зардалд тооцох талбайн эзлэхүүний хэмжилтийг барилгын компаниар 2023 онд хийлгэсэн. Тухайн хэмжилтийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө гэх агуулга бүхий шийдвэр юм. Захиргааны актыг гаргахдаа тухайн актыг хэрэгжүүлэх хугацааг зааж болдог. Гэвч 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ямар нэгэн тушаал, шийдвэргүйгээр тухайн хэмжилтийг үндэслэж төлбөр тооцоо төлж байсныг мэдээд гомдол гаргасантай холбоотойгоор 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр захиргааны актыг гаргахдаа хэмжих хугацааг урагшлуулсан байдаг. Ингэснээрээ ямар нэгэн акт гаргаагүй байж хууль бус шийдвэрийг хэрэгжүүлж байсныг нотолж байгаа. Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар аймгийн Засаг дарга нь эрчим хүчний салбарын бодлогыг тухайн орон нутагт хэрэгжүүлэх үүрэгтэй. Захиргааны аливаа шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд захирагдах ёстой. Тухайн хэмжилт хийх талаар 2022 онд аймгийн Засаг даргын захирамжууд гаргаж байсан. 2022 оноос хойш 2023 онд Засаг дарга шийдвэр гаргахдаа “Барилга инженерүүд” ХХК-ийг татан оролцуулж байна гэж дүгнэж байгаа. “Б И” компанийн хэмжилт дангаараа ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгэхгүй. Тухайн хэмжилтийг захиалж, үр дүнг хэрэгжүүлж байгаа Засаг даргын шийдвэр учраас нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад тухайн хэмжилтээр  Увс аймгийн Ө болон З сумын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Тухайн хэмжилтийг хийхдээ Увс аймгийн Засаг дарга шийдвэр гаргахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн сонсох ажиллагаа, байлцуулах оролцоог нь хангаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5., 4.2.6, 4.2.8-д заасан зарчмуудыг тухайн Засаг даргын шийдвэр нь зөрчиж гаргасан. Эзлэхүүний хэмжилтийн материалаас харахад ойролцоо эзлэхүүнтэй талбайн хэмжилт ойролцоо гарах ёстой. Миний зүгээс нягтлахад З сумын 80 хүүхдийн дотуур байрны хувьд талбайн хэмжээ нь 685 м.кв, эзлэхүүн нь 1655.60 м.куб гэж байна. Наранбулаг сумын цэцэрлэгийн хувьд талбайн хэмжээ 592.93 м.кв гэтэл эзлэхүүн нь 1690.21 м.куб байна. Тухайн 2 байгууллагын хэмжилтийг харьцуулж харахад Наранбулаг сумын цэцэрлэг нь З сумын 80 хүүхдийн дотуур байрнаас 17.72 метр квадратаар бага байна. Гэтэл эзлэхүүн нь 34.61 м.кубээр их байна. Энэ мэтчилэн үнэн зөв байсан эсэхэд эргэлзэж байна. Тухайн ирүүлсэн баримтад зураг, хэмжиж байгааг баталгаажуулсан баримт байхгүй. Тиймээс тухайн орон сууцын барилгын талбайг хэмжих стандарт буюу MNS6085:2009 гэх стандартыг баримталж байна гэсэн боловч “Аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаас зөрөөтэй байна. Тухайн заалтад Аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилгоор баригдсан барилгад дулааны тоолуур суурилуулах боломжгүй тохиолдолд халаалтын төлбөрийн эзлэхүүнээр тооцно. Тухайн барилгын халаалтын төлбөр тооцох эзлэхүүнийг 1 өрөөний урт, өргөн, давхрын бодит өндрийн хэмжээгээр тодорхойлно гэж заасан. Нэхэмжлэгчийн хэлсэн тайлбарыг дэмжиж байна. Сантехникийн инженер нь тэтгэвэрт гарсан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, 2 дадлагажигч оюутантай хэмжилт хийхдээ бичиг баримтад тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн гарын үсгийг зуруулаагүй ч гэсэн хүлээж байх ёстой байсан. Тухайн хэмжилтийг харагдах байдал, үүнд үндэслэсэн Увс аймгийн Засаг даргын гаргасан шийдвэрээс шалтгаалж тусгай зөвшөөрөл эзэмшигч  “Б Б” ХХК болон “Н” ХХК-уудад эдийн засгийн хувьд бодит хохирол учирч байна. Тухайн компаниуд нь Үндсэн хуульд зааснаар тохирсон цалин хөлсөө авах эрхтэй. Гэтэл өмнө байсан хэмжилтийг дахин хэмжиж өөрчлөөд, нэхэмжлэгч нарын төлбөр, тооцоог дутуу олгосон. Иймд Увс аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 01/233 тоот албан бичгээр чиглэл өгсөн шийдвэр болон “Б И” ХХК-ийн хийсэн төсвийн байгууллагуудын барилгын халаалтын талбай, эзлэхүүнийг тогтоосон хэмжилтээс Увс аймгийн З, Ө сумуудад холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү” гэж тайлбарласан.

         3.3. Хариуцагч Увс аймгийн Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан албан бичиг нь захиргааны актын бие даасан шинжийг агуулаагүй. Хэмжилтийн үнэн эсэхийг тусгай зөвшөөрөл эзэмшигч, захиалагчтай гэрээ байгуулсан “Б И” ХХК хариуцах ёстой. Нэхэмжлэгчийн зүгээс хэмжилтэд эргэлзэж байгаа бол хөндлөнгийн шинжээч томилуулж хэмжилт хийлгүүлж болно. Тухайн хэмжилт хүчингүй боллоо гэхэд манай зүгээс өмнө мөрдөж байсан дүрмээр халаалтын төлбөр, тооцоо хийх боломжгүй. Тухайн өмнөх дүрэм нь “Аж ахуйн харилцааны дүрэм”-ээр хүчингүй болсон. Өмнөх дүрмээр тухайн барилгын гадна хананаас дотор хананы хоорондох эзлэхүүнээр төлбөр тооцоо хийж байсан. Тухайн дүрмийг хүчингүй болгосон учраас төлбөр тооцооны өмнөх дүрмээр тооцох боломжгүй байгаа. 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 292 дугаартай тогтоолын 2 дахь заалтад батлагдсан дүрмийг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа мөрдөж ажиллахыг дулаан түгээх дулаанаар зохицуулалтаа хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт үүрэг болгосон. Тухайн заалтад заасан дүрмийг тусгай зөвшөөрөл эзэмшигч нар мөрдөөгүйн улмаас Увс аймгийн Засаг дарга нь Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан эрх үүргийнхээ дагуу тухайн хэмжилтийг хийлгэсэн” гэж маргаж байна.

ҮНДЭСЛЭХ нь:

            1.  Шүүх хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үзэж, үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийн хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

            2. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Төсөвт байгууллагуудын халаалт тооцох эзлэхүүний хэмжээг шинээр хэмжилт хийж тогтоох ажиллагаанд биднийг оролцуулаагүй..., ...хэмжилт буруу хийгдсэн, өмнө нь байсан хэмжилтээс эрс багассан, хэмжилтийг дагаж мөрдөх шийдвэр гаргахаас өмнө тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт мэдэгдээгүй..., ...маргаан бүхий шийдвэр 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гарсан байтал үйлчлэлийг нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлэхээр тавьсан нь хууль бус...” гэж тайлбарлаж байна.

            3. Хариуцагч Увс аймгийн Засаг дарга болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс “...Чиглэл өгсөн албан бичиг нь захиргааны актын бие даасан шинжийг агуулаагүй, ...2018 оны “Аж ахуйн харилцааны дүрэм” болон Эрчим хүчний зохицуулах хорооноос өгсөн зөвлөмжийн дагуу хэмжилтийг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээр хийж гүйцэтгүүлсэн, ...аймгийн Засаг дарга Эрчим хүчний тухай хуулийн 7.1-д заасныг хэрэгжүүлж ажилласан ба өмнөх хэмжилтүүд төсөвт байгууллагуудын халаалтын талбайн эзлэхүүнийг тооцохдоо барилгын гадна хананаас хэмжилт хийж тооцсон байдаг, харин шинээр төсөвт байгууллагуудын халаалтын талбайн эзлэхүүнийг тооцохдоо “Орон сууцны  барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” буюу MNS 6058:2009 стандартыг баримтлан талбай хэмжээг тооцож гаргасан...” гэж тайлбар гарган маргасан.

            4. Увс аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 01/233 дугаар “Төсвийн байгууллагуудын барилгын талбай, эзлэхүүний хэмжилтийн тухай” албан бичгээр сумын нэгдсэн халаалтын зуухнаас дулаанаар хангагдаж буй төсвийн байгууллагуудын барилгын халаалтын зардлыг тооцох талбай, эзлэхүүний хэмжилтийг холбогдох журмын дагуу шинэчлэн тогтоосон тул 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж ажиллахыг даалгасан байх ба хавсралтаар Увс аймгийн сумуудын төсөвт байгууллагуудын талбай /м.кв/, эзлэхүүнийг /м.куб/ тогтоосон хэмжилтийг хавсаргажээ.

            4.1. “Б Б” ХХК-ийн хувьд Увс аймгийн З суманд төвлөрсөн дулаан хангамж үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг бөгөөд маргаан бүхий албан бичгээр 320 хүүхдийн сургууль, 80 хүүхдийн дотуур байр, дотуур байрны гал тогоо, цэцэрлэгийн барилга, ЗДТГ-ын байр, соёлын төв, эрүүл мэндийн төв, ахмадын байр, Хаан банк, цагдаагийн барилга нийт талбай 4826.87 м.кв, эзлэхүүн 14880.95 м.куб байхаар;

            4.2. “Н” ХХК-ийн хувьд Увс аймгийн Ө суманд төвлөрсөн дулаан хангамж үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг бөгөөд маргаан бүхий албан бичгээр ЗДТГ-ын байр, эрүүл мэндийн төв, 75 хүүхдийн цэцэрлэг, соёлын төв, цагдаагийн барилга, спорт заал нийт талбай 7476.67 м.кв, эзлэхүүн 26060.22 м.куб байхаар тус тус тогтоожээ.

            5. “Төсвийн байгууллагуудын барилгын халаалтын зардал тооцох талбай, эзлэхүүнийг шинэчлэн тогтоох” ажил гүйцэтгэх гэрээг захиалагч тал болох Увс аймгийн Засаг дарга Ч.Ч, гүйцэтгэгч тал “Б И” ХХК-ийн захирал Л.Р нар 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан байх бөгөөд гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн хэмжилтийн ажлын гүйцэтгэлийн тайланг гаргаж ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 35-63, 2 дугаар хавтаст хэргийн 34-57 дугаар хуудас)

            6. Улмаар, Увс аймгийн Засаг даргаас “Б И” ХХК-ийн гаргасан хэмжилтийн тооцооллыг үндэслэн хэмжилтийг дагаж мөрдөхийг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 01/233 дугаар албан бичгээр даалгажээ.

            7. Увс аймгийн Засаг даргаас 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 01/233 дугаар “Төсвийн байгууллагуудын барилгын талбай, эзлэхүүний хэмжилтийн тухай” албан бичгээр халаалтын зардлыг тооцох талбай, эзлэхүүний хэмжилтийг шинэчлэн тогтоосныг мөрдөж ажиллахыг үүрэг болгосноор дулаан хангамж үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг аж ахуйн нэгжид сөрөг нөлөөлөл бүхий үр дагаврыг үүсгэж байна.

            7.1. Тодруулбал, З сумын төсвийн байгууллагуудыг дулаанаар хангагч “Б Б” ХХК болон Ө сумын төсвийн байгууллагуудыг дулаанаар хангагч “Н” ХХК-д үйлчлэл нь чиглэгдэж байгаа бөгөөд дулааны төлбөр тооцох тооцоолол өөрчлөгдөх үр дагавар үүсгэсэн, гадагшаа чиглэсэн захиргааны акт юм.

            8. Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрчим хүчний тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, нутаг дэвсгэрийнхээ эрчим хүчний хангамжийн талаархи бодлого боловсруулан холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна”, 31 дүгээр зүйлийн 31.1-д “Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд хийх эрчим хүчний хэрэглээний тооцоог эрх бүхий байгууллагын баталгаажуулсан тоолуурын заалтыг үндэслэн мөрдөгдөж байгаа тариф, гэрээний үнийн дагуу тооцно” гэж,  3 дугаар зүйлийн 3.1.21-д “аж ахуйн харилцааны дүрэм” гэж хангагч, хэрэглэгчийн хоорондын гэрээний нөхцөл, шаардлага, үйлчилгээний түвшин, чанар, төлбөрийн нөхцөлийг тусгасан хэм хэмжээ болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн харилцааг зохицуулсан хэм хэмжээг ойлгохоор тус тус заажээ.

            9. Мөн Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 292 дугаар тогтоолоор баталсан  “Аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 5.3-д “Тоолуургүй хэрэглэгчийн төлбөр тооцох нөхцөл” гээд 5.3.1-д “Аливаа барилга байгууламж, орон сууц нь дулааны тоолуур суурилагдаагүй бол дулааны эрчим хүчний төлбөр тооцоог энэхүү дүрэмд заасны дагуу эзлэхүүн болон талбайн хэмжигдэхүүнээр гэрээний дагуу тооцно. Орон сууцны барилгыг ахуйн зориулалтаар нь ашиглаж, хүн амьдарч байгаа бол талбайн хэмжигдэхүүнээр, үүнээс бусад нөхцөлд эзлэхүүнээр тооцно”, 5.3.4-д “Аж ахуйн үйл ажиллагаа явуулах зориулалтаар баригдсан барилгад, дулааны тоолуур суурилуулах боломжгүй тохиолдолд халаалтын төлбөрийг эзлэхүүнээр тооцно. Тухайн барилгын халаалтын төлбөр тооцох эзлэхүүнийг өрөөний урт, өргөн, өндөр /давхрын бодит өндөр/-ийн хэмжээгээр тодорхойлно”, 6.1-д “Энэхүү дүрмийн биелэлтэд хангагч, хэрэглэгч талууд болон Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний хяналтын улсын байцаагч хяналт тавина”  гэж тус тус зохицуулсан.

            10. Тухайлбал, дээрх хууль, холбогдох дүрмийн зохицуулалтуудаас үзвэл дулааны эрчим хүчийг дулааны тоолуураар хэмжиж тооцоолохоор зохицуулсан ба дулааны тоолуураар төсвийн байгууллагууд хангагдаагүйн улмаас дулааны төлбөр тооцох хэмжээг шинэчлэн тогтоох шаардлага үүсэж хариуцагч аймгийн Засаг даргын зүгээс орон нутгийн төсвийн хөрөнгөөр тендер шалгаруулалт зохион байгуулан, шалгарсан барилгын зураг, төсөл боловсруулах чиглэлээр тусгай зөвшөөрөл бүхий “Б И” ХХК-тай төсвийн байгууллагуудын халаалтын төлбөр тооцох эзлэхүүний хэмжилт хийх ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хэмжилт хийлгэж, мөрдүүлсэн нь Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.20-д заасан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны орон нутгийн энэ хуулийн 14.1.18, 14.1.19-д зааснаас бусад төсвийн ерөнхийлөн захирагч байх”, мөн зүйлийн 14.2.3-т зааснаар “Өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах”, Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “эрчим хүчний тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” чиг үүргийн хүрээнд энэхүү асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээтэй байна.

            11. Өөрөөр хэлбэл, аймгийн Засаг даргын зүгээс төсвийг үр ашигтай удирдах үүргийнхээ хүрээнд сумуудын төсвийн байгууллагуудын дулааны төлбөр тооцоог хийх эзлэхүүний хэмжээг дагаж мөрдөхийг үүрэг болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.

            12. Хэдийгээр, нэхэмжлэгч талын “хэмжилт хийх ажиллагаанд биднийг оролцуулаагүй” гэж маргаж байгаа боловч хариуцагчийн зүгээс дээрх хэмжилт хийх ажлын хуваарийг гарган 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01/1680 дугаар албан бичгээр сумуудын Засаг дарга, төсөвт байгууллагын дарга, эрхлэгч нарт чиглэл хүргүүлж, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 3/1687 дугаар албан бичгээр дулаан хангамж үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт хамтран ажиллах талаар мэдэгдлийг хүргүүлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. (1 дүгээр хавтаст хэргийн 173-180, 2 дугаар хавтаст хэргийн 204-208 дугаар хуудас)

            13. Түүнчлэн, нэхэмжлэгч нараас “...хэмжилтийг дагаж мөрдөх шийдвэр гаргахдаа бидэнд мэдэгдээгүй” гэх тайлбарлаж байх боловч сонсох ажиллагаа гэдэг нь захиргааны байгууллагаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжийг олгох зохицуулалт бөгөөд нэгэнт хариуцагч аймгийн Засаг даргын зүгээс орон нутгийн төсвийн хөрөнгөөр тендер шалгаруулалт зохион байгуулан, барилгын зураг, төсөл боловсруулах чиглэлээр тусгай зөвшөөрөл бүхий “Б И” ХХК-аар төсвийн байгууллагуудын халаалтын төлбөр тооцох эзлэхүүний хэмжилт хийж гүйцэтгэсэн талаар нэхэмжлэгч нар мэдэж байсан, нэхэмжлэгч нарт хэмжилтийг 2024 оны төсвийн жил буюу 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх шийдвэр гаргахдаа мэдэгдээгүй буюу сонсох ажиллагаа явуулах нь үр нөлөөгүй бөгөөд сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж хариуцагчийг буруутгах, энэ үндэслэлээр маргааны бүхий захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

            14. Нөгөө талаар, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна”, 28.2-т “Иргэнтэй байгуулах эрчим хүчээр хангах гэрээнд хэрэглэх эрчим хүчний хэмжээ, чанар, төлбөр, тооцооны журам, гэрээ байгуулагч талуудын эрх, үүрэг, хариуцлага тооцох журам, эрчим хүчний шугам сүлжээний эзэмшлийн зааг, шаардлагатай бусад асуудлыг тусгана”, 28.3-т “Хуулийн этгээдтэй байгуулах эрчим хүчээр хангах гэрээнд энэ хуулийн 28.2-т зааснаас гадна эрчим хүчний хэрэглээний горим, сар бүрийн хуваарь, хэрэглэгч хуулийн этгээдийн харилцах данснаас төлбөрийг банкны байгууллагаар шууд хийлгэх нөхцөл, төлбөрийн барьцаа болон шаардлагатай бусад асуудлыг тусгана” гэж заасан бөгөөд дулаанаар хангах гэрээнд ямар нөхцөлөөр дулааныг хэмжиж, төлбөр тооцоог хэрхэн хийх талаар гэрээний талууд харилцан тохиролцох боломжтой юм.

            15. Иймд нэхэмжлэгч “Б Б” ХХК болон “Н” ХХК-аас Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Увс аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 01/233 дугаар албан бичгээр чиглэл өгсөн шийдвэр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

            16. ““Б И” ХХК-ийн хийсэн төсвийн байгууллагуудын барилгын халаалтын талбай, эзлэхүүнийг тогтоосон хэмжилтээс Увс аймгийн З, Ө сумуудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

            17. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т ““нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;” гэж, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ” гээд 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх” гэж, 52 дугаар зүйлийн 52.5-д “Энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна” гээд 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж нэхэмжлэлийн шаардлагын төрөл болон түүнийг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн төрлийг ялгамжтай зохицуулжээ.

           18. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд иргэн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээхээр хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасан нэхэмжлэлийн төрөл (боломж)-өөс аль тохирохыг сонгон авч, нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох ба шүүх энэхүү тодорхойлсон шаардлагын хүрээнд хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасан шийдвэрийг гаргах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч этгээд нь зөрчигдсөн эрхээ сэргээх эрх нь нэг л шаардлагын хүрээнд хамгаалагдах боломжтой байхад тэрхүү нэг маргаанд бүхий л, эсхүл хэд хэдэн төрлөөс зэрэг сонгон авч нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргах боломжгүй. (Г.Банзрагч. Захиргааны процессын эрх зүй., УБ., 2019, 156 дахь тал)

          19. Тодруулбал, нэхэмжлэгчээс нэгэнт маргаж буй захиргааны хэрэг үүсгэсэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй “Б И” ХХК-ийн хийсэн талбайн эзлэхүүнийг тогтоосон хэмжилтийг хүчингүй болгуулах гэсэн нэмэгдүүлсэн шаардлага нь ижил төстэй байх бөгөөд шүүхээс Увс аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 01/233 дугаар албан бичгээр чиглэл өгсөн шийдвэр хууль бус эсэхээс хамааран “Б И” ХХК-аас хийсэн төсвийн байгууллагуудын барилгын халаалтын талбай, эзлэхүүнийг тогтоосон хэмжилт нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдох тул энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бие даасан нэхэмжлэлийн шаардлага гэж үзэхээргүй байна.

          20. Түүнчлэн, хариуцагч аймгийн Засаг даргын зүгээс орон нутгийн төсвийн хөрөнгөөр тендер шалгаруулалт зохион байгуулан төсвийн байгууллагуудын халаалтын төлбөр тооцох эзлэхүүний хэмжилтийг ажил гүйцэтгэх гэрээгээр “Б И” ХХК хийсэн байхад нэхэмжлэгч “...төсвийн байгууллагуудын халаалтын төлбөр тооцох эзлэхүүний хэмжилтийг буруу хийсэн” гэх үндэслэлээр хариуцагчаар Увс аймгийн Засаг даргыг тодорхойлон маргаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ”, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг нийтийн эрх зүйн этгээд нь хариуцагч гэж ойлгоно” гэж заасантай нийцээгүй байна.

             21. Өөрөөр хэлбэл, аймгийн Засаг дарга нь маргаан бүхий хэмжилтийн ажлыг хийж гүйцэтгээгүй, мөн хэмжилтийн буруу, зөвийг хянах эрх бүхий этгээд биш юм.

          22. Иймд дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж тус тус зааснаар ““Б И” ХХК-аас хийсэн барилгын талбай, эзлэхүүнийг тогтоосон хэмжилтээс Увс аймгийн З, Ө сумуудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

            23. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.1, 106.3.14 дэх заалтуудад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Б Б” ХХК болон “Н” ХХК-ийн Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Увс аймгийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 01/233 дугаар албан бичгээр чиглэл өгсөн шийдвэр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэг, 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б Б” ХХК болон “Н” ХХК-ийн ““Б И” ХХК-ийн хийсэн төсвийн байгууллагуудын барилгын халаалтын талбай, эзлэхүүнийг тогтоосон хэмжилтээс Увс аймгийн З, Ө сумуудад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

  

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           О.БАТДОРЖ