Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00032

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2020/02668 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А ХХК-ийн хариуцагч Л.Нид холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 105 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Ч,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Ө,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ХХК-иас Л.Н нь 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 70 000 000 төгрөгийг, сарын 6 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлсэн. Гэтэл зээлдэгч нь өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул хариуцагч Л.Ноос зээл 70 000 000 төгрөг, гэрээнд заасан алданги 35 000 000 төгрөг, нийт 105 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч Л.Н нь зээлийн хүүд 8 400 000 төгрөгийг төлсөн нь үнэн гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед А ХХК-ийн захирал н.Ганбаатар нь өөрийн найз Төрийн банкны захирлаар ажиллаж байсан Б.Дэлгэрбаярт 70 000 000 төгрөг зээлүүлэхийн тулд надаар 70 000 000 төгрөгийн зээл авахуулсан. Зээлийн гэрээ байгуулснаас хойш А ХХК-ийн зүгээс зээлийн төлбөр төл гэж огт хэлээгүй. Мөн зээлийн төлбөрт 8 400 000 төгрөгийг төлсөн нь зээлээс хасагдах ёстой. Мөн алдангийн хэмжээ хэт өндөр байх тул шүүхээс багасгаж өгнө гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Ноос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 83 300 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21 700 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 682 304 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Л.Ноос улсын тэмдэгтийн хураамжид 574 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний хувьд зээлийн гэрээг сүүлд судлан үзэхэд 1 сарын хугацаатай байгуулсаныг нь шүүхэд нэхэмжлэл гаргасаны дараа мэдсэн. 2 сарын зээлийн хүүг төлсөн учир, үндсэн зээлээс 1 сарын хүүг хасах нь зүйтэй бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр нь 65 800 000 төгрөг гэж ойлгож байна. Нэхэмжлэгч хуульд заасны дагуу алданги нэхэмжилсэн байх бөгөөд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу 65 800 000 төгрөгийн 50 хувь нь 32 900 000 төгрөг гэж ойлгоод байна. Гэтэл шүүх тооцооллын алдаа гаргаж алдангийн хэмжээг 35 000 000 төгрөг гэж үзсэн байх бөгөөд үүнээс 50 хувь бууруулан шийдвэрлэжээ. Хэдийгээр шүүх миний Монгол улсад ажил хөдөлмөр огт эрхэлж байгаагүй, одоогийн байдлаар эрхэлсэн тодорхой ажил, санхүүгийн эх үүсвэргүй байдлыг минь харгалзан үзсэн гэж алдангийн хэмжээг багасгасанд талархаж байгаа боловч тооцооллыг зөв хийхийг хүсч байна. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд хэрэгт цугларсан нотлох баримтууд, миний төлбөрийн чадваргүй болон санхүүгийн эх үүсвэргүй байгаа бодит нөхцөл байдлууд, коронавируст халдварын бүхий л салбарын бизнесийн санхүүгийн үйл ажиллагаанд нөлөөлж байгаа байдлуудыг харгалзан үзэж алдангийн хэмжээг дахин бууруулан багасгаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Л.Нид холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 105 000 000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

А ХХК, Л.Н нарын хооронд 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр ЗГ17/02 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчид 70 000 000 төгрөгийг, 30 хоногийн хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн дүнгээс 0.5 хувийн алданги тооцох нөхцлөөр талууд харилцан тохиролцжээ. /хх9-11/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Л.Н нь А ХХК-ийн бэлэн мөнгөний зарлагын баримтаар 70 000 000 төгрөгийг хүлээн авч зээл, зээлийн хүүд 8 400 000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байна. /хх-13/

 

Хариуцагч Л.Н нь зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй гэрээгээр хүлээсэн үүрэг зөрчсөн бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.2-т гэрээний хугацаа дуусахад зээл болон хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд төлөөгүй өдрийн тоогоор зээлийн үлдэгдэл дүнгээс 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг зээлдэгч зээлдүүлэгчид үл маргах журмаар төлнө. Хэрэв зээлдэгч сард 2-4 удаа төлөхөөр график гаргуулаад төлөөгүй, хугацаа хэтэрсэн хоног тутамд хугацаандаа төлөгдөөгүй төлбөрөөс 0.2 хувийн алданги тооцно гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн тул А ХХК нь алданги шаардах эрхтэй.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч Л.Ноос зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 65 800 000 төгрөг, алданги 17 500 000 төгрөг нийт 83 300 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцож Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар шүүх эрх хэмжээний хүрээнд алдангийн хэмжээг 50 хувь хүртэлх хэмжээгээр багасгаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгчид хариуцагчаас 17 500 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэнийг тооцоололын алдаа гэж үзэхгүй бөгөөд хууль зөрчөөгүй, хэргийн нөхцөл байдалд нийцсэн тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...2 сарын зээлийн хүүг төлсөн учир, үндсэн зээлээс 1 сарын хүүг хасаад үндсэн зээл 65 800 000 төгрөгөөс 50 хувиар тооцож алдангийг тооцох ёстой байтал шүүх буруу тооцсон гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул гомдлыг хангах боломжгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2020/02668 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 245 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ