Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2023/ДШМ/519

 

 

 

 

 

2023             05             16                                         2023/ДШМ/519

 

Б.М -д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Сэргэлэнбаатар,

шүүгдэгч Б.М -, түүний өмгөөлөгч Г.Энхболд,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/189 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М - гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2105020251085 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

...,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн.

Шүүгдэгч Б.М - нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн ... -дугаар хороо, ... - тоотод оршин суух Б.М -ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүний төрсөн ах Б.Н -д тохиолдсон хэрэг учралыг ашиглан З - гэгч зүс таних нэгнээр шүүгч, прокурор, мөрдөгчид нөлөөлж буй мэтээр утсаар яриулж Б.Н -н эзэмшлийн Хаан банкны ... - тоот данснаас өөрийн эзэмшлийн  Хаан банкны ... - тоот данс руу мөнгө шилжүүлэн авч, 5.670.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2020 оны 07 дугаар сарын 24-ний орой 19 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” төвийн 1003 тоотод маникюрын салонд зүс таних Д.Э -ээс “гар утсаар чинь яриад буцааагаад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогчийн эзэмшлийн “MI Xiaomi 9T” загварын гар утсыг авч 809.700 төгрөгийн хохирол учруулсан,

- 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А-” нэртэй ресторанд З.Э-д “утсаар чинь яриад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогчийн эзэмшлийн “Iphone 11 pro” загварын гар утсыг авч 2.300.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” зочид буудалд хамт байсан хохироч Б.Б-ээс хоол, хүнсний зүйл авахуулахаар өгсөн ... - дугаартай Хаан банкны картаас Баянгол дүүргийн 8 дугаар хороонд байрлах Хаан банкны АТМ-ээс бэлнээр мөнгийг гарган авч, 2.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.М -н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.М -г “бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэгт, мөн “Бусдын  итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний  өдрийн 129 дугаар шийтгэх тогтоолын 2, 3 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Б.М -д өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жилийн  хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт оногдуулсан /01/ нэг жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан /06/ зургаан сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг нийт /02/ хоёр жил /06/ зураан сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.М -нээс нийт 10.320.000 төгрөгийг гаргууулж, залилах гэмт хэргийн хохироч Б.М -т 5.670.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Г-д 350.000 төгрөг, О.Т-т 2.200.000 төгрөг, завших гэмт хэргийн хохирогч Б.Б-т 2.100.000 төгрөг тус тус олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.М - гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... миний бие 2019 онд гэмт хэрэгт холбогдож үүнээс болж аав, ээжтэйгээ маргалдаж гэрээсээ явсан. 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр охинтой болж, хүүхдээ 2 сартай байхад нь нөхрөөсөө салсан. Хүүхдээ өөрөө өсгөж, Баянгол дүүргийн 4-р хороо “... -” хотхоны ... -тоотод байр түрээслэн амьдарч байсан. Тухайн үед бусдыг хуурч амар хялбар аргаар мөнгө олж, уг гэмт хэргийг үйлдсэндээ гэмшиж байна. Миний бие гэм буруутайгаа маргадаггүй бөгөөд хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлж, хохирол төлбөрөө барагдуулахаа илэрхийлсэн. 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд оролцоход миний хэрэг бүрэн нэгтгэгдэж дуусаагүй байсан. 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн мөрдөн байцаагч Г.Ө ирж мэдүүлэг авсан. Миний эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд уг хэргийг нэгтгэж өгнө үү. Мөн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 129 тоот тогтоолын 1 жилийн тэнсэн хараглзах ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөлийн хуульд хамруулж өгнө үү. 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 189 дүгээр тоот тогтоолын 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн 6 сарын хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.М -н өмгөөлөгч Г.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд Б.М -н  залилангийн үйлдэл болон өмнө нь тэнссэн үйлдэл хамрагдаж байгаа. Анхан шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулаагүй шалтаан нь хохирлоо төлөөгүй, хохирол төлөхөө илэрхийлж байгаа боловч бодитой хөрөнгө байхгүй гэж хамруулаагүй. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт тухайн шүүгдэгч хохирол төлөхөө илэрхийлсэн байхыг заасан. Түүнээс хөрөнгөтэй, бодитой хохирлыг төлөх чадвартай гэдгийг шаардахгүй. Хулгайлах гэмт хэргийн хувьд 2019 онд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн. Энэ нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан журмаар тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгохоор зохицуулсан. Иймд 2019 оны тэнссэн үйлдлийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь хуулиар зохицуулагдсан байх тул хэрэглэж өгнө үү. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилангийн гэмт хэргийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солихоор зохицуулалт оруулж өгсөн. Анхан шатны шүүхээс 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өөрчилж өгнө үү. Завших гэмт хэрэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял гэсэн 4 төрлийн санкцтай ба шүүх хорих ялыг хэрэглэсэн. Б.М -н  хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруу дээрээ маргахгүй. Хохирол, төлбөрөө төлөхөө илэрхийлсэн учраас анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ял болгон өөрчилж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан залилангийн гэмт хэргийн 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж нэгтгэн үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 3 сарын хугацаагаар тогтоож өгнө үү.” гэв.

Прокурор Ц.Сэргэлэнбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.М - 3 удаагийн үйлдлээр бусдыг залилах гэмт хэрэг, 1 удаагийн үйлдлээр завших гэмт хэрэг үйлдэж,  Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2 жил 6 сарын хорих ял оногдуулсан. Прокурорын зүгээс 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, яллагдагч яллах дүгнэлтээ ирж гардан авахгүй байсны улмаас 1 сарын дараа буюу 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдөр шүүхэд хэрэг шилжсэн байхад шүүхийн шатнаас оргон зайлж, шүүхээс эрэн сурвалжлагдаж байгаад 2022 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчлан ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Өмгөөлөгчийн зүгээс залилах гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахаар байна гэсэн тайлбарыг хэлж байна. Өршөөл үзүүлэх тухай хуульд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэдэг ойлголт байгаа ч шүүгдэгчийн хувьд яллагдагчаар татагдсанаас анхан шатны шүүх хуралдаан хүртэл 1 жилийн хугацаанд  хохирол, төлбөрөө төлөх боломж байсан ч хохирол төлөх талаар ямар нэгэн үйлдэл хийгээгүй, мөн шүүхийн шатнаас оргон зайлсан байдаг. Хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэдгийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар тусад нь ойлгох боломжгүй. Хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн ямар нэгэн нотлох баримт, эрмэлзэл байх ёстой, шүүгдэгчийн хувьд огт байгаагүй. Завших хэргийн үйлчлэлийн хувьд Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарахгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.М - нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн ... -дугаар хороо, ... - тоотод оршин суух Б.М -ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, түүний төрсөн ах Б.Н -д тохиолдсон хэрэг учралыг ашиглан З - гэгч зүс таних нэгнээр шүүгч, прокурор, мөрдөгчид нөлөөлж буй мэтээр утсаар яриулж Б.Н -н эзэмшлийн Хаан банкны ... - тоот данснаас өөрийн эзэмшлийн  Хаан банкны ... - тоот данс руу мөнгө шилжүүлэн авч, 5.670.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2020 оны 07 дугаар сарын 24-ний орой 19 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” төвийн 1003 тоотод маникюрын салонд зүс таних Д.Э -ээс “гар утсаар чинь яриад буцааагаад өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогчийн эзэмшлийн “MI Xiaomi 9T” загварын гар утсыг авч 809.700 төгрөгийн хохирол учруулсан,

- 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А-” нэртэй ресторанд З.Э-д “утсаар чинь яриад өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогчийн эзэмшлийн “Iphone 11 pro” загварын гар утсыг авч 2.300.000 төгрөгийн хохирол учруулан залилан мэхлэх гэмт хэрэг,

- 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” зочид буудалд хамт байсан хохироч Б.Б-ээс хоол, хүнсний зүйл авахуулахаар өгсөн ... - дугаартай Хаан банкны картаас Баянгол дүүргийн 8 дугаар хороонд байрлах Хаан банкны АТМ-ээс 2.100.000 төгрөгийг бэлнээр гарган авч завшсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч Б.М -ийн “Манай төрсөн ах Н - 2019 оны 12 дугаар сард гэмт хэрэг үйлдэж Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгагдаж байсан юм. Тэр үед буюу 2019 онд зугаалгаар явж байхдаа тухайн Б.М - гэх эмэгтэйтэй танилцсан бөгөөд тухайн үед манай найзтай үерхдэг байсан юм. Би М -д учир байдлаа хэлтэл “найз нь таньдаг хүнээс асууж сураглая” гэж хэлсэн бөгөөд З -т гэх хүнтэй утсаар танилцуулж өгсөн юм. Тэгээд З -т болон М -н эзэмшлийн дансаар цувуулж 6 сая төгрөгийг авсан. Тэгээд хэрэг байдал бишдэж “манай ахын асуудлыг шийдэж болохооргүй байна” гэж хэлсэн. Мөнгөө буцаагаад авъя гэтэл тэр чигтээ алга болсон. Надтай миний утсаар холбогдож худлаа хэлж байгаад сүүлдээ холбоо барихгүй алга болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан юм. ... Би залилуулсан мөнгөө буцааж авмаар байна. Гомдолтой байна.” /2хх 89/,

хохирогч Д.Э -ийн “2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр эхнэр, хүүхдийн хамтаар гэртээ байж байтал манай эхнэр Хонгорзулын багын найз М - гэх эмэгтэй манай гэрт ирсэн юм. Тэгээд бид нар хөзөр тоглоод юм ярьж сууж байгаад М - манай гэрт хоносон. Маргааш өглөө нь манай найз Шижирийн эхнэрийн гоо сайхны салон дээр эхнэр болон М - нарын хамтаар очсон. Тэгээд М -, манай эхнэр 2 салоноор хумсаа янзлуулаад байж байтал М - “гар утсаар чинь ярьчихаад өгье” гэж хэлээд миний гар утсыг аваад салоноос гараад явсан. Тэгээд ор сураггүй алга болсон. Би М -д “М1-9Т1” загварын хар өнгийн гар утсаа алдсан. Би 2019 онд 1.200.000 төгрөгөөр Шангрилагаас худалдаж авч байсан юм. Би өөрийн гар утсаа мөрдөгч А-ээс бүрэн бүтэн хүлээн авсан, одоо ямар нэгэн хохирол байхгүй. “ /1хх 97/,

хохирогч З.Э-гийн “Би 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр өөрийн ажил дээрээ байж байсан чинь манай 10 жилийн ангийн найз М - гэх эмэгтэй нь өөрийнхөө фейсбүүк мессенжер хаягаасаа над руу “өдрийн хоол идэх үү” гэж мессэж бичихээр би “за за” гэж хэлсэн. Тэгээд М -тэй Гранд плаза худалдааны төвийн эсрэг талд байрлах “А-” нэртэй зоогийн газарт уулзах болсон. Ажлаасаа гараад очиход тус ресторанд М - ирсэн намайг хүлээж байсан. Тэгээд бид уулзаж хоолнуудаа захиалсан чинь М - “миний утасны цэнэг дууссан байна, чиний утсаар дүү рүүгээ залгаадахъя, дүү маань миний машинаас хүүхдийн сүү авах гэж ирж байгаа” гэж хэлэн миний утсыг авч дүү рүүгээ мессэнжер хаягаараа холбогдож зурвас бичилцээд байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа надад хандаж “дүү маань гадаа ирчихлээ чиний утсаар гадаа гараад яриадахъя” гэж хэлээд миний утсыг авч гарсан. Тэгээд дахиж орж ирээгүй. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан.” /1хх 218-219/,

хохирогч Б.Б-ийн “2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр манай найз Б уулзъя гэж дуудахаар нь очтол нэг махлаг бондгор хүүхэнтэй хамт байсан. Бид 3 “... -” нэртэй зочид буудалд хамт орж архи уусан. Тэгээд 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өглөө Б хамт байсан эмэгтэй гадагшаа гарч ууж идэх юм авахуулхаар өөрийн виза картаа өгөөд явуулсан. Удалгүй миний утсанд 20 минутын дараа зурвас ирэхэд миний данснаас 2.100.000 төгрөг гарсан байсан.” /1хх 19-20/, гэж шүүгдэгч Б.М -д эд хөрөнгөө өгөх болсон шалтгаан, үйл явдлын талаар тодорхой мэдүүлсэн байх бөгөөд тэдгээрийн мэдүүлэг нь:

гэрч Б.Н -н “Би 2019 оны 5 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст гэр бүлийн хүчирхийллийн асуудалд холбогдож шалгагдаж эхэлсэн бөгөөд тухайн үед манай төрсөн дүү М - надад хандаж “ахаа надад нэр нөлөө бүхий хүн байна таны цагдаад шалгагдаж байгаа асуудлыг зохицуулж өгч чадах юм шиг байна” гэж надад ярьж байсан юм. Тэгээд над руу нэг дугаараас залгаад “сайн байна уу, М -н найз З - гэдэг хүн байна. Би өөрөө авлигатай тэмцэх газар ажилладаг, таны хэрэг чинь хүнд хэрэг биш хөнгөн хэрэг байна, хэдэн төгрөг өгөөд шийдэгдчих юм шиг байна. Надад Сонгинохайрхан дүүргийн шүүгч ах байгаа, би таныг хэлээд өгөх үү” гэхээр нь би “тэгье” гээд зөвшөөрсөн юм. Тэр өдрөөс хойш хоёр өдрийн дараа над руу өөрийгөө З - гэх хүн холбогдож “ах би хэдэн хүнтэй уулзлаа. Надад хэдэн төгрөг хэрэг болоод байна, хоол цайнд орох гээд байна, та 500.000 төгрөг шилжүүлчих” гэж хэлэхээр нь би дүүгийн машин авна гээд хадгалсан мөнгөнөөс нь 500.000 төгрөгийг өөрийн данс руу авч байгаад Б.М - гэх эзэмшигчтэй Хаан банкны данс руу шилжүүлсэн. Энэ мэтээр З - гэх хүн над руу 2-3 удаа холбогдож “би танил шүүгчтэйгээ уулзаж байна, шүүгчийг нь солиулах гэж байна. Прокурор солиулах гэж байна, шалгаж байгаа мөрдөгчийг нь солиулах гэж байна, мөрдөн байцаагчид нь хэдэн төгрөг өгөхгүй бол болохгүй юм шиг байна.” гэх мэтээр над руу яриад тус бүрдээ мөнгө авч байсан. Тэгээд энэ байдлаар миний эзэмшлийн Хаан банкны данснаас М -н Хаан банкны данс руу 5.670.000 төгрөг шилжүүлсэн. Бусад байдлаар надаас уулзаад бэлэн мөнгө бас авч байсан. 2020 оны 03 сарын эхээр би “цагдаад шалгагдаж байгаа асуудал нь хүндэрчихлээ, шүүхээр ороод ял авах нь тодорхой болчихлоо” гээд М -, З - гэх хүмүүсээс мөнгөө буцааж нэхэж эхэлсэн. Гэвч З - гэх хүн өөрөө над руу холбогдож ярьдаг байсан, би тухайн З -гийн ярьдаг байсан утасны дугаар болон фейсбүүк чат руу холбогдох гэсэн боловч надтай нэг ч удаа харилцаагүй. Тэгээд би 2020 оны 04 дүгээр сард шүүхээр ороод 1 жил 3 сарын хорих ял авч биеэр эдлэн 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хугацаагаа дуусгаад гарч ирсэн. Би тус М -эс хохирлоо барагдуулж мөнгөө авмаар байна. Тус хүнд хуулийн хариуцлага оногдуулж өгнө үү.” /2хх 95-96, 132-133/,  

гэрч О.Т-ын “Би 2020 оны 9 дүгээр сарын 25-ны орой Теди худалдааны төвийн 2 давхрын лангуунаас IPhone 11 рго маркийн 2 гар утас, IPhone 10 маркийн гар утсан дээр зөрүү 3.500.000 төгрөг өгч худалдан авч, тус 2 IPhone маркийн гар утсыг эхнэр О-ийн хамт ашиглаж байна...” /1хх 246/,

гэрч А.Б-ын “2021 оны 09 дүгээр сарын 25-ны өглөө 05 цаг 30 минутад БГД 4-р хороо “... -” нэртэй буудалд Б-, М - гэх найзтайгаа орсон. Тэгээд 1 шил Эдэн нэртэй 0,75 мл граммтай архи хувааж уусан. Тэгээд өглөө 09 цаг орчим унтаад 14 цагт сэрсэн тэгээд байж байхад М нь Б-ийн виза картыг аваад хоол, архи, идэж уух юм авах гээд гарсан. Удалгүй 14 цаг 26 минутад Б- гэх найзын данснаас 2.100.000 төгрөгийн зарлага гарсан. Тэгээд гайхаад Б- М - рүү залгахад утас нь холбогдох боломжгүй, фейсбүүк дээр харагдахгүй болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан.” /1хх 25/,

иргэний нэхэмжлэгч Ц.Г-ын “Би 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр өөрийн ажилладаг Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 59 дүгээр байрны өргөтгөлд байрлах UВ ломбардад ажиллаж байсан. Тухайн өдрийн 19 цаг 40 минут орчимд утас авах уу гэж нэг охин орж ирсэн. Тэгээд надад МI-T9 загварын гар утас гэж хар өнгийн утас үзүүлсэн. Тэгээд хажуу талын ломбард мөнгөгүй байна гэнэ гэж хэлж байсан. Би МI-T9 загварын гар утсыг сайн мэдэхгүй учраас хажуу талын ломбард руу орж асуутал ломбардны залуу энэ утас гайгүй үзүүлэлт сайн утас байна, 350.000 төгрөг хүрнэ гэж хэлэхээр нь ажил дээрээ буцаж ороод М - гэдэг охиноос тус утсыг 350.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн охин нь 7 хоногийн хугацаагаар тавьчихъя гэж хэлээд тавьсан. Манай ломбард ихэвчлэн мөнгийг дансаар шилжүүлдэг юм. Тус М - гэх охинд 350.000 төгрөгийг дансаар шилжүүлье гэхэд би картгүй явж байна, очоод өөр хүний данс шилжүүлье гэж хэлээд яваад өгсөн. Ойролцоогоор 19 цаг 52 минутад М - холбогдож таксины жолоочийн данс өгчихье, энэ хүний данс руу шилжүүлчих гээд надад ... дугаарын данс өгсөн. Би тухайн данс руу 350.000 төгрөгийг ... 3006 гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Тухайн эмэгтэйн өгсөн данс эзэмшигчийн нэр нь Ц.Б гэх хүний данс байсан. ...” /1хх 105-106/,

сэжигтэн, яллагдагчаар Б.М -н “Би 2019 онд Г гэдэг залуутай үерхэж байсан бөгөөд дундаасаа нэг охинтой. Тухайн 2019 оны сүүлээр Г-ын найз М - гээд охин манай гэрт ирсэн бөгөөд надад ахыгаа цагдаагийн байгууллагад хүчингийн асуудлаар холбогдож шалгагдаж байгаа талаар хэлсэн юм. Тэр үед нь би энэ байдлыг ашиглаад мөнгө олж болох юм байна гэх бодол төрж байсан. Тэгээд М -т хандаж “хэрвээ хэрэг болбол надад нэр нөлөө бүхий танил найз байгаа шүү” гэж хэлээд салсан юм. Тэр өдрөөс хойш удалгүй надтай М - фейсбүүкээр холбогдоод “чамд нөгөө нэр нөлөө бүхий хүн чинь байгаа юу” гэж асуухад нь би “байгаа” гэж хэлтэл тухайн хүний утасны дугаарыг өгч холбогдуулж тус болохыг надаас хүссэн. Тэгээд би фейсбүүкээр өөрийн танил хүмүүстэй ярьж байгаад тухайн үед надтай сайнаар харилцдаг байсан З - гэх залуутай харьцаж  “мөнгө олох амархан арга байна, чи надад тусалчих би мөнгө авахаараа чамд мөнгө өгнө” гэж хэлсэн. Тэгээд би З - гэдэг найзыгаа утсаар яриулаад миний данс руу мөнгө шилжүүлж байхаар тохиролцсон. Тэгээд З -гоор тэр өдрөөс хойш хэд хэдэн удаа яриулаад 5 сая орчим төгрөг цувуулаад авчихсан. ... Тухайн мөнгийг өөрөө өөртөө зарцуулаад дуусгачихсан. Уг хүнээс мөнгө залилж авсан нь миний буруу. Би тухайн гэмт хэргийг үйлдсэндээ харамсаж байна.” /2хх 98-99/,

“... Х-ын найз залуу гэх Э -э гэх залуу байсан ... би тэрнээс барьж байсан гар утсаар чинь яриад өгье гэж хэлээд авч гараад эргэж орохгүйгээр шууд яваад Баянгол дүүргийн 25-р эмийн сангийн орчим байрлах ломбардад тэр утсыг 300,000 төгрөгөөр тавиад буцаж авахгүйгээр орхиод явсан ...” /1хх 126-127, 2хх 39-40/ гэх мэдүүлгүүд,

Б.М -н эзэмшлийн Хаан банкны депозит дансны хуулга /2хх 79-85/,

Б.Б-ийн ... - тоот Хаан банкны данснаас 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 14 цаг 25 минутад 2.100.000 төгрөгийн зарлага гарсан депозит дансны хуулга /1хх 7/,  

“Ашид Билгүүн” ХХК-ийн “IPhone 11 рго маркийн гар утас 1 ширхэгийг 2.300.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 248-250/,

Дамно ХХК-ийн “MI Xiaomi 9Т” загварын гар утас 1 ширхэгийг 809.700 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 117/,

2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр О.Т-аас 353248100991528, 353248100930583 имэй дугаартай хар ногоон өнгийн IPhone 11 рго загварын гар утас 1 ширхэг, Теди худалдааны төвийн баталгааны хуудас 1 ширхэгийг тус тус хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /2хх 2/,

2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэн О.Т-аас гаргаж өгсөн хар ногоон өнгийн IPhone 11 рго загварын гар утсыг хохирогч З.Э-д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2хх 8/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлүүд /хх 1-184, 193, 2-67, / зэргээр давхар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн шүүгдэгч Б.М -г үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, мөн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байд... - нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Б.М -, түүний өмгөөлөгч Г.Энхболд нараас “... 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд Б.М -н  залилангийн үйлдэл болон өмнө нь тэнссэн үйлдэл хамрагдаж байна. ... Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 129 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн тэнсэн хараглзах ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөлийн хуульд хамруулж, хэрэгсэхгүй болгож, мөн шүүхээс 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн 6 сарын хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж,  17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өөрчилж өгнө үү.” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлсон бол мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдлээр гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаар” тус тус хуульчилсан байна.

Дээр дурдсан үндэслэл, зарчим, нөхцөл байдлуудыг удирдлага болгосны үндсэн дээр анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.М - гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирчээ.

          Харин, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна.” 5-т “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.”, 6.9 дүгээр зүйлийн 1-д “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж хуульчилсан.

          Гэтэл шүүх дээрх хуульд заасан журмыг зөрчиж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон атлаа шүүгдэгч Б.М -д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял оногдуулаагүйгээр  шууд 1 жилийн ялыг нэмж нэгтгэж, эдлэх ялын хэмжээг тогтоосон  зөрчил гаргасныг дурдьвал зохино.

             Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталж, мөн оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөж буй “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн;” бол өршөөлийн хуульд хамруулахаар, 9 дүгээр зүйлд өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрлийг зааснаас гадна, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн зарим хэсэгт Өршөөл үзүүлэх тухай хуулийг хязгаартай хэрэглэхээр хуульчилсан.

          Дээрхээс дүгнэвэл шүүгдэгч Б.М -н Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаа болон үргэлжилсэн залилангийн гэмт хэргүүд нь 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хооронд үйлдэгдсэн буюу Өршөөл үзүүлэх тухай хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байхад шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

          Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ... 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Залилах /Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, ... дэх заалт/, ... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.”, 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж заасанд шүүгдэгч Б.М -н үйлдсэн гэмт хэрэг хамаарч байна.

Хууль тогтоогчийн зүгээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлийн хүрээг дээрх байдлаар тодорхойлсноор шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагыг тухайн хуулийг хэрэглэн аливаа шалгуургүйгээр шууд өршөөл үзүүлэхээр хуульчилсан байна.

Тодруулбал, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдож байвал тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгохоор, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор тогтоосон, уг заалтууд заавал хэрэгжих шинжтэй хуулийн хэм хэмжээ тул шүүх хэрэглээгүй нь үндэслэлгүй.  

          Өршөөл үзүүлэх тухай хуулийн гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамруулах үзэл баримтлалд нийцүүлэн мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М -д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон сольж, эдлэх ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоохоор, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.М -н албан ёсны хаяг болох Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор хуульчилсан бөгөөд бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар гэм хорыг арилгах үүрэгтэй.

          Нөхөн төлөгдөх эрүүл мэндийн хохирол нь хохирогчийн эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сайжруулахтай холбогдон гарсан бодит зардлын хэмжээгээр, харин эд хөрөнгийн хохирол нь гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээгээр тодорхойлогддог.

          Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Э -эд 809.700 төгрөгийн, З.Э-д 2.300.000 төгрөгийн, Б.Б-т 2.100.000 төгрөгийн бодит хохирол учирсан болох нь Дамно ХХК, “Ашид билгүүн” ХХК-иудын хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон байх бөгөөд шүүх, хохирогч нарт учирсан хохирлыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд үнэлж, шүүгдэгч Б.М -эс 350.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ц.Ганбатад, 2.200.000 төгрөг гаргуулж О.Түвшинбаярт, 2.100.000 төгрөг гаргуулж Б.Б-т олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

          Харин шүүгдэгч Б.М -эс 5.670.000 төгрөг гаргуулан хохирогч Б.М -т олгосон нь Эрүүгийн хуульд заасан хууль ёсны зарчимд нийцэхгүй юм.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.

          Гэтэл хохирогч Б.М - нь Б.М -д 5,670,000 төгрөгийг өгөхдөө өөрийн төрсөн ах Б.Н -н үйлдсэн гэмт хэргийг түүнд ашигтайгаар шийдвэрлүүлэхээр шүүгч, прокурор, цагдаа нарт хахууль өгөх санаа, зорилготойгоор өгсөн үйлдлийг түүний хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн гэж үзэхгүй тул шүүгдэгч Б.М -эс гаргуусан 5,670,000 төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэв.

          Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт болон нэмэлт заалтыг оруулж, шүүгдэгч Б.М -, түүний өмгөөлөгч Г.Энхболд нараас “... 1 жилийн тэнссэн хугацааг болон анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлд зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү.” гэсэн давж заалдах гомдлуудыг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.М - Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/189 дүгээр шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 68 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/189 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт

 “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.М -д Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.”,  

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.М -д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгосугай”,

 “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.М -д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ял, Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, 4 дэх заалтыг “шүүгдэгч Б.М -н биечлэн эдлэх ялыг нийт 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэж,

8 дахь заалтын “ .... хохирогч Б.М -т 5.670.000 төгрөг, ... олгосугай.” гэснийг “... 5.670.000 төгрөгийг улсын орлогод оруулсугай.”  гэж тус тус өөрчлөлт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч Б.М -, түүний өмгөөлөгч Г.Энхболд нараас “... 1 жилийн тэнссэн хугацааг болон анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлд зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү.” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.М -д оногдуулсан 1 жиийн зорчих эрх хязгаарласан ялыг түүний албан ёсны хаяг болох Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М -н 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 68 /жаран найм/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.             

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                        ШҮҮГЧ                                                           Л.ДАРЬСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН