Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2023/ДШМ/747

 

 

 

   2023            07            20                                          2023/ДШМ/747

Б.М-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Булаг-Ундрал,

шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч М.Бүжинлхам, Д.Батбаяр,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/332 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2211019990279 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

...,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/356 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

Б.М- нь 2022 оны 2 дугаар сарын 04-ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн ... -тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Д.С-гийн толгойн тус газарт цохиж хөнгөн гэмтэл учруулсан,

2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн ... -тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Д.С-тэй хэрүүл маргаан үүсгэж, толгой хэсэгт нь 2-3 удаа гараараа цохьсон,

2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... -тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Д.С-тэй хэрүүл маргаан үүсгэж, баруун гарын шуу хэсэгт 1 удаа гараараа цохьсон,

2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн ...-тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Д.С-тэй хэрүүл маргаан үүсгэж, толгой хэсэгт нь гараараа 4 удаа цохиж зодсон буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэгт холбогджээ. 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.М- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие одоо 53 настай, би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний бие бусдад төлөх хохирол төлбөргүй ба цаашид гэмт хэрэг холбогдохгүй амьдрах болно. Надад оногдуулсан хорих ялыг хуульд зааснаар доод хэмжээнээс доогуур оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Б.М-гийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна.
Миний үйлчлүүлэгчийн хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгчид оногдуулсан хорих ялын хугацааг 3 сар болгож багасгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.М-гийн өмгөөлөгч М.Бүжинлхам тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Батбаяр өмгөөлөгчийн гаргасан саналыг дэмжиж оролцож байна” гэв.

Прокурор Г.Булаг-Ундрал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.М-гийн төрсөн хүүхэд “Намайг төрсөн цагаас аав, ээжийг зоддог байсан” гэж мэдүүлдэг. Мөн шүүгдэгч нь 2022 онд эхнэр С-гийн биед хөнгөн гэмтэл учруулсан, түүний эрх чөлөөнд халдсан зэрэг зөрчлүүдийг удаа дараа үйлдэж зөрчлийн тухай хуулиар шийтгүүлж байсан. Хэргийн материалтай танилцахад шүүгдэгч нь өөрийн үйлдэлдээ гэмшиж байгаа байдал харагддаггүй. Анхан шатны шүүхээс түүний үйлдсэн хэрэг болон хувийн байдлыг нь харгалзаж тохирсон ялыг оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Б.М- нь 2022 оны 02 дугаар сарын 04-ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн ... -тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Д.С-гийн толгойн тус газарт цохиж хөнгөн гэмтэл учруулж байсан,

2022 оны 6 дугаар сарын 28-ны шөнө 22:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн ... -тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Д.С-тэй хэрүүл маргаан үүсгэж, толгой хэсэгт нь 2-3 удаа гараараа цохьсон,

2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... -тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Д.С-тэй хэрүүл маргаан үүсгэж, баруун гарын шуу хэсэгт 1 удаа гараараа цохьсон,

2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн ...-тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Д.С-тэй хэрүүл маргаан үүсгэж, толгой хэсэгт нь гараараа 4 удаа цохиж зодон гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийн үйл баримтууд тогтоогдсон байна. 

          Хохирогч Д.С-гийн: “... 2022 оны 11 дүгээр 13-ны өдрийн шөнө манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэртээ орж ирээд надтай хэрүүл маргаан хийж намайг хэл амаар доромжилсон. ... намайг хөөлөө гээд маргалдсан ... миний толгой хэсэгт 4 удаа цохисон. Өмнө 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ намайг хэл амаар доромжилж толгой хэсэг рүү цохиж үсдээд түүнээс болж миний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан. 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрүүдэд намайг зодож шүүхээр баривчилгаанд явж байсан юм ...” /хх 14/ гэж өөрийн биед халдаж, зодсон талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

гэрч М.Г-ийн “... Намайг бага байхаас аав М- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ээж С-г хэл амаар доромжилж түүнийг заримдаа зодож биед нь гар хүрдэг байсан. 2019 оныг хүртэл би нэг хашаанд зэрэгцээ амьдардаг байсан. Аав М-, ээж С-г 2022 оны цагаан сараар зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, Чингэлтэй дүүргийн шүүхээс 450,000 төгрөгийн торгуулийн ял авсан. Түүнээс хойш хоёр удаа зөрчил гаргаж зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахуулж баривчилгаанд явж байсан. Манай ээж С- нь бүх асуудлынхаа талаар хэлээд байдаггүй нуугаад байдаг юм. Одоогоос 10 жилийн өмнө нь аав М-, ээж С-г зодож түүнээс болж ээж С-гийн хөмсөг нь сэтэрч оёдол тавиулаад эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ аав М- ээжийг унтуулж амраахгүй амгалан тайван байдлыг алдагдуулдаг тул цагдаагийн байгууллагад дуудлага өгч аав М- нь олон удаа эрүүлжүүлэх, саатуулах байранд хонож байсан ...” /хх 20/,

            шүүгдэгч Б.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... Би өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. ... ” /хх 35-36/ гэсэн мэдүүлгүүд,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 2022/ЗШ/842 дугаар, 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ЗШ/1015 дугаар шийтгэвэрүүд /хх 50-54/, 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/356 дугаар шийтгэх тогтоол /хх 55-58/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Б.М-г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

            Шүүгдэгч Б.М-гээс “хуульд зааснаар доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгөхийг” хүссэн ба ингэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлуудыг иш татсан байна.

          Анхан шатны шүүх шүүгдэгч Б.М-гийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэг тус бүрийн нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, тухайн зүйл, заалтад заасан хэмжээний дотор 6 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэснийг эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзлээ.

          Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг шүүхэд хуулиар олгосон.

Шүүх дээрх заалтуудыг хэрэглэхдээ хохирогчийн гомдол санал, хор уршиг арилсан байдлыг харгалзан үзэхийн сацуу эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэх учиртай.

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлэлийг төрүүлдэг ач холбогдолтой.

            Хэдийгээр хохирогч Д.С-гээс “... гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй ...” гэх хүсэлтийг бичгээр гаргасан байх боловч шүүгдэгч Б.М- Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг санаатай үйлдсэн, цаашид гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрх ашгийг дахин зөрчихгүй байх баталгаатай байдал тогтоогдоогүй байна.

            Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүгдэгч Б.М-гийн үйлдсэн гэмт хэрэгт хуульд заасан төрөл, хэмжээний дотор хүнд биш ял оногдуулсан бөгөөд уг ялыг дахин хөнгөрүүлэх зайлшгүй шаардлага үүсээгүй, оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн аюул, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн санаа зорилго болон үйлдэлд тохирсон байх тул ял хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгч Б.М-гийн давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Б.М-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Б.М-гийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 65 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/332 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-гийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 7 дугаар сарын 20-ны өдрийн хугацаанд цагдан хоригдсон 65 /жаран тав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

                        ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН