Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2017/0652

 

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар0221/МА2017/0652

Улаанбаатар хот

 “Ж ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч М.Э нарыг оролцуулан Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х-ын гаргасан давж заалдах гомдлоор “Ж ш” ХХК-ний нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Тендерийн үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Ж ш” ХХК-ийн захирал Н.Н 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Ховд аймгийн Жаргалант сумын сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад хүнсний мах нийлүүлэх ХОАЖСЗДТГ /201700010/ тендерийг үнэлсэн тендерийн хорооны үйл ажиллагааг хууль бус болохыг тогтоолгох, гүйцэтгэгчийн сонгон шалгаруулсан тус хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, “Ж ш” ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан шийдвэр гаргахыг даалгах”-ыг хүсчээ.

Хоёр. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 26 дугаар шийдвэрээр:

“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3, 27.4, 47 дугаар зүйлийн 47.2.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгч “Ж ш” ХХК-ийн өмгөөлөгч Д.Х дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1. Шүүхээс “Ж ш” ХХК-иас ирүүлсэн тендерийн бичиг баримтад байгаа ХААН банкны Ховд салбарын 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 110 дугаар “...40,000,000 /дөчин сая/ хүртэлх төгрөгийн зээлийн санхүүжилт хийх боломжтойг тодорхойлж байна” гэх агуулга бүхий тодорхойлолтыг Ховд аймгийн Жаргалант сумын хүүхдийн цэцэрлэгүүдийн хүнсний хэрэгцээний мах нийлүүлэх ХОАЖСЗДТГ /201700010/ тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ийн 12.1.ё/5/-д заасан “харилцагч банкны мэдэгдэл” гэсэн шаардлагыг хангасан гэх үндэслэлгүй байна гэсэн үндэслэлийн тухайд:

А. Тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ийн 12.1.ё/5/-д заасан “харилцагч банкны мэдэгдэл” гэсэн шаардлага нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу тендерт оролцогчоос гэрээний үүргийн биелэлтийг хангах санхүүгийн чадавхтайгаа нотлох харилцагч банкны мэдэгдлийг ирүүлэхийг шаардсан.

“Ж ш” ХХК-иас ирүүлсэн тендерийн бичиг баримтад байгаа ХААН банкны Ховд салбарын 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 110 дугаар “...40,000,000 /дөчин сая/ хүртэлх төгрөгийн зээлийн санхүүжилт хийх боломжтойг тодорхойлж байна” гэх агуулга бүхий тодорхойлолт нь хуулийн дээрх шаардлагад бүрэн нийцсэн гэж үзэж байна.

Б. “Ж ш” ХХК-иас Сангийн яаманд 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 24 дугаартай гомдол гаргасан. Уг гомдлын дагуу Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Н-ийн 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 1/1833 дугаар албан бичигт “...“Жаргалант шанд” ХХК-ний ирүүлсэн материалаас үзэхэд захиалагчийн боловсруулсан тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ийн 12.1.ё/5/-д шаардсан харилцагч банкны мэдэгдэл ирүүлсэн байна” гэж дүгнэсэн.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдааны явцад “Ж ш” ХХК-ийг харилцагч банкны мэдэгдэл ирүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байхад шүүхээс ТОӨЗ-ны 12.1.ё/5/-д харилцагч банкны мэдэгдэл гэсэн шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлгүй.

2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ-ны 18.1./д/-д заасан барааг нийлүүлсний дараах засвар үйлчилгээ “шаардлагатай” чанарын шаардлага хангаагүй барааг буцааж шинээр нийлүүлэх гэсэн шаардлага нь энэ талаар тусгайлсан албан тоот байхыг шаардсан бөгөөд хариуцагч энэ талаарх албан бичгийг тендерийн материалд ирүүлээгүй” гэх үндэслэлийн тухайд:

А. Тендерийн баримт бичгийн ТОӨЗ-ны 18.1./д/-д “Хэрэв ТШӨХ-д шаардсан бол Монгол Улсын нутаг дэвсгэрт бизнесийн үйл ажиллагаа явуулдаггүй тендерт оролцогч гэрээний дагуу хийгдэх засвар үйлчилгээ, техникийн тодорхойлолтод заасан сэлбэг, хэрэгслийг нийлүүлэх үүргийг Монгол Улсын нутаг дэвсгэрт тухайн этгээд өөрөө гүйцэтгэх, эсхүл уг тендерт оролцогчийн Монгол Улсад байгуулсан, эсхүл байгуулагдах төлөөлөгч биелүүлэх тухай баримт” гэж тодорхойлсон.

Энэ заалт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг “Ж ш” ХХК-д хамаарах заалт биш.

Б.Гэвч “Ж ш” ХХК нь ТШӨХ-ийн 18.1./д/-д заасан шаардлагын дагуу 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн “Баталгаа гаргах тухай” 21 дүгээр албан бичиг болон Ховд аймгийн Мал эмнэлгийн оношлогоо, ариун цэврийн лабораторийн дүгнэлтийг тендерийн баримт бичигт бүрдүүлсэн.

“Ж ш” ХХК-д байгаа 20000 кг хонины мах, 10000 кг үхрийн маханд хийгдсэн лабораторийн дүгнэлт нь тендерийн баримт бичгийн хоёрдугаар хэсгийн Бараа нийлүүлэлтэд тавигдах шаардлага, техникийн тодорхойлолт гэсэн 5 дугаар бүлгийн 1-д “хонины мах–уураг 15.1, өөх тос 9.9, илчлэг ккал 149.8, үхрийн мах–уураг 15.1, өөх тос 9.9, илчлэг ккал 149.8, малын шинэ мах, чанар сайтай” гэсэн шаардлагыг бүрэн хангасан бөгөөд тус компани нь чанарын шаардлага хангаагүй барааг нийлүүлэх боломжгүйг баталгаажуулсан нотлох баримт болох юм.

3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т “Тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”-д заасныг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй гэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн. Захиалагч тендерийн баримт бичгийн хоёрдугаар хэсгийн Бараа нийлүүлэлтэд тавигдах шаардлага, техникийн тодорхойлолт гэсэн тавдугаар бүлгийн 1-д барааны техникийн тодорхойлолт болон стандартад нийцсэн мах нийлүүлнэ гэсэн баталгаа гаргаж өгсөн байхад тендерийн үнэлгээний хорооноос ТОӨЗ-ны 18.1./д/-д заасан Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаггүй тендерт оролцогчид тавигдах шаардлагыг үндэслэл болгосныг шүүхээс үнэлж дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй.

Мөн Тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Б.Н Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д “Үнэлгээний хорооны гишүүд худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байна” гэж заасан шаардлагыг хангахгүй байгаагаа мэдсээр байж уг тендерийг үнэлж шийдвэр гаргахад оролцсон нь хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад зөв дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэсэн байх тул дараах үндэслэлээр хэвээр үлдээв.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан”, 28 дугаар зүйлд “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай нэхэмжлэгч болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж заажээ.

Ховд аймгийн Жаргалант сумын сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад хүнсний мах нийлүүлэх ХОАЖСЗДТГ /201700010/ тендерт оролцсон нэхэмжлэгч “Ж ш” ХХК-ийн ирүүлсэн тендер нь Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны /цаашид ТОӨЗ гэх/ “Харилцагч банкны мэдэгдэл”, мөн Барааг нийлүүлсний дараах засвар, үйлчилгээ хэсэгт “шаардлагатай чанарын шаардлага хангаагүй барааг буцааж шинээр нийлүүлэх” гэсэн шаардлагыг тус тус хангаагүй, холбогдох баримт бичгийг дутуу бүрдүүлсэн байна.

Тухайлбал, Хаан банкны 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 110 дугаар тодорхойлолтоор 40.000.000 хүртэлх төгрөгийн зээлийн санхүүжилт хийж гаргах боломжтой гэх тодорхойлолт нь ТОӨЗ-ийн 12.1.ё /5/-д заасан “харилцагч банкны мэдэгдэл” гэсэн шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэжээ.

Учир нь “Авах боломжтой зээлийн хэмжээ 40.000.000 /дөчин сая/ төгрөг байна” гэснийг хангах боломжтой гэх Хаан банкны өгсөн тодорхойлолтыг ТОӨЗ-ийн дээрх заалтад буй “харилцагч банкны мэдэгдэл” гэдэгт хамааруулах боломжгүй бөгөөд харин энэ хүрээнд нэхэмжлэгчээс зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл байгаа эсэхийг тодорхойлсон банкны тодорхойлолтыг бүрдүүлэн өгөх шаардлагатай байжээ.  

“Ж ш” ХХК нь ТШӨХ-ийн 18.1./д/-д заасан шаардлагын дагуу 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн “Баталгаа гаргах тухай” 21 дүгээр албан бичиг, Ховд аймгийн Мал эмнэлгийн оношлогоо, ариун цэврийн лабораторийн дүгнэлт нь ТОӨЗ-ны 12.1./ё/.6-д “Нийлүүлэхээр санал болгож буй бүтээгдэхүүний мал эмнэлгийн ариун цэврийн бичиг дүгнэлт” гэсэн нэмэлт шаардлагыг хангасан байх боловч эдгээр баримтуудыг Тендерт шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 18.1./д/-д “Барааг нийлүүлсний дараах засвар, үйлчилгээ “шаардлагатай” чанарын шаардлага хангаагүй барааг буцаж шинээр нийлүүлэх” шаардлагыг хангаж байгаа нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл чанарын шаардлага хангаагүй барааг буцаж шинээр нийлүүлэхийг баталсан баримтыг тусгайлан шаардсан байхад “Жаргалант шанд” ХХК нь уг баримтыг хангалттай ирүүлээгүй байна.

Түүнчлэн гуравдагч этгээд “Хүрэн хонх хоршоо” нь тендерт шалгарсны дагуу 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хэд хэдэн сургууль, цэцэрлэгтэй мах бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан, мөн нийлүүлсэн зэрэг бодит нөхцөл байдлыг анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахдаа харгалзан үзсэн болно.

Гэхдээ тендерийн шаардлагыг тодорхойлох баримт бичгийг хэрхэн гаргах нь ТОӨЗ-д төдийлөн тодорхой бус байгааг хариуцагч цаашид анхаарвал зохино.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН