Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 107

 

“М ш” ХХК, Б.А, Г.С нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн хот төлөвлөлт,

ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий

төлөвлөгөөний газрын даргын дэргэдэх Архитектур, инженерийн

орон тооны бус мэргэжлийн зөвлөлд тус тус холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                   Б.Мөнхтуяа

                                                  Д.Мөнхтуяа

                                                  П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                          Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга:            Д.Долгордорж   

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас баталж “Р л” ХХК-д олгосон 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн МЗХ2016/01-29 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг түүний хавсралт барилгажих талбайн эскиз зураг, ерөнхий төлөвлөгөөний загвар зургийн хамт, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын дэргэдэх Архитектур, инженерийн Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр хурлын шийдвэрийн “Р л” ХХК-д архитектур төлөвлөлтийн даалгавар олгохыг дэмжсэн хэсгийг хүчингүй болгуулах”  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2018/0654 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2019/0017 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, түүний өмгөөлөгч  М.М,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж, Б.Г, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж-ийн өмгөөлөгч Н.Ц нарыг оролцуулж,

Гуравдагч этгээд “Р л” ХХК-ийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2018/0654 дүгээр шийдвэрээр: Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.5, 12 дугаар зүйлийн 12.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1.4, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас баталж “Р л” ХХК-д олгосон 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн МЗХ2016/01-29 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, түүний хавсралт, барилгажих талбайн эскиз зураг, ерөнхий төлөвлөгөөний загвар зургийн хамт, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын дэргэдэх Архитектур, инженерийн Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр хурлын шийдвэрийн “Р л” ХХК-д архитектур төлөвлөлтийн даалгавар олгохыг дэмжсэн хэсгийг тус тус хүчингүй болгожээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2019/0017 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2018/0654 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Р л” ХХК-ийн төлөөлөгч Э.О, хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол       

3. Б.А, Г.С, “М ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх Архитектур, инженерийн орон тооны бус Мэргэжлийн зөвлөлд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2018/0654 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 221/MA2019/0017 дугаар магадлалыг эс зөвшөөрч гуравдагч этгээдээс дараах гомдлыг гаргаж байна.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

5. Нэхэмжлэгч нараас “Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас баталж “Р л” ХХК-д олгосон 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн МЗХ2016/01-29 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, түүний хавсралт, барилгажих талбайн эскиз зураг, ерөнхий төлөвлөгөөний загвар зургийн хамт бүхэлд нь хүчингүй болгуулах, Архитектур, Инженерийн орон тооны бус мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр хурлын шийдвэрийн “Р л” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийг хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний алдаа болсон гэж үзэж байна.

6. Учир нь: Нэг. Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн зохицуулалт нь дээрх маргаж буй захиргааны актыг гаргах харилцаанд огт хамааралгүй бөгөөд “Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгажих талбайн эскиз зураг батлахад бус “барилгын ажлын зөвшөөрөл” олгоход хамааралтай зохицуулалт юм.

7. Хоёр. Нэхэмжлэгчийн маргаж буй захиргааны акт нь зохицуулалтын хувьд өөр өөр үр дагаврыг агуулж байгаа. Тухайлбал Архитектур төлөвлөлтийн даалгавар нь барилга байгууламжийн зориулалт, хүчин чадал, талбайн ерөнхий төлөвлөгөө тохижилтод тавигдах шаардлага, хот төлөвлөлтийн онцгой нөхцөл, өндөржилт, архитектур төлөвлөлтийн шаардлага, инженерийн шугам сүлжээнд тавигдах шаардлага зэрэг асуудлыг зохицуулсан акт юм. Харин уг даалгаврын хавсралтаар баталсан Эскиз зургаар барилгын ерөнхий төлөвлөгөөг зурагласан болно. Гэтэл нэхэмжлэгч нарын хөндөгдөж байгаа эрх, хууль ёсны ашиг сонирхол гээд байгаа зүйл нь зөвхөн хавсралтаар батлагдсан эскиз зурагтай холбогддог. Тийм ч учраас шүүх: “Архитектур төлөвлөлтийн даалгаврыг 8, 9-д заасан шаардлагыг биелүүлээгүй Эскиз зураг баталсан” гэсэн утгатай дүгнэлт хийснээрээ “даалгавар” “эскиз” хоёр тусдаа гэдгийг зөвшөөрсөн байна. Өөрөөр хэлбэл “эскиз“ батлахад асуудал гарсан байна гэж дүгнэсэн хэрнээ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг “эскиз”-тэй хамтад нь хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

8. Гурав. Нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн хөндөгдөж буй эрх ашиг “хууль ёсны эсэх”-ийг анхаарах ёстой. Гэтэл гуравдагч этгээдийн төлөвлөж буй барилга нэхэмжлэгч “М ш” ХХК-ийн барилгатай нэг ханаар тусгаарлагдсан байна гэдгээр буруутгаж буй боловч даалгавар болон зургаар энэ ханийг буулгах, нураах тухай зохицуулаагүй. Харин гуравдагч этгээдийн хана нураасан үйлдэл бол даалгавар болон зурагтай холбоогүй бөгөөд захиргааны байгууллагаас баталсан эдгээр захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл болох учиргүй юм. Мөн нэхэмжлэгч Г.С-ы өмчлөлийн барилгын орц, гарцыг хааж ногоон байгууламж төлөвлөсөн гэж буруутгаж байгаа боловч зургаас харахад орц гарцыг хаасан зүйл байхгүй бөгөөд хаасан байлаа гэхэд энэ нь зурагт өөрчлөлт оруулах байдлаар шийдвэрлэх боломжтой асуудал юм. “М ш” ХХК-ийн газар дээр авто зогсоол төлөвлөсөн гэж буруутгасан. Гэтэл “М ш” ХХК-ийн хууль ёсны эзэмшлийн газар нь газар олгосон 1 захирамжтай, 1 нэгж талбарын дугаартай, нэг гэрчилгээтэй хэрнээ, байршлын хувьд 2 өөр байршилд байх бөгөөд 5510 мкв болон 1010 мкв гэсэн 2 өөр талбайтай байгаа нь газрын хууль ёсны эзэмшил гэж үзэхэд эргэлзээтэй байдаг. Тухайлбал авто зогсоол хийхээр төлөвлөсөн хэмээн буруутгаж байгаа 1010 мкв талбайтай газрын тухайд хууль ёсны эсэх нь туйлын эргэлзээтэй байсан тул анхан шатны шүүхэд үүнийг тодруулах талаар хүсэлт гаргасан боловч үүнийг гүйцэд шалгаагүй.

9. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт: “нэгж талбар” (парсель) гэж хилээр хязгаарлагдсан, ашиглалтын зориулалт адил, эзэмшигч, ашиглагч, өмчлөгч нь нэг, оноосон дугаартай, кадастрт тусгавал зохих эдлэн газар, объект буюу түүний хэсгийг хэлнэ” гэсэн зохицуулалт, 3.1.16. “нэгж талбарын дугаар” гэж газар өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг газрын улсын бүртгэлд бүртгэснийг нотолж, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон дахин давтагдахгүй дугаарыг” хэлнэ гэсэн зохицуулалт, Кадастрын зураглалын ажил БНБД 11-11-16 тоот Монгол улсын барилгын норм ба дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.10 дахь хэсгийн: “Газар дээрээ ямар нэгэн обьект /хашаа, хайс, тэмдэглэгээ/ байхгүй бол эрх бүхий Засаг даргын захирамжид заасан талбайн хэмжээнд тохируулан харьяалах газрын алба, сумын газрын даамлын зөвшөөрлийг үндэслэн нэгж талбарын хилийг шугамын эргэлтийн цэгийг газар дээр нь тэмдэгжүүлж, хэмжиж зураглана” гэсэн зохицуулалт зэргээс харахад нэг гэрчилгээтэй, 1 нэгж талбарын дугаартай газар 2 өөр байршилд зурагдсан байх боломжгүй харагдаж байна.

10. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2018/0654 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 221/MA2019/0017 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

11. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлал хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан хэрэглэвэл зохих Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хууль, Барилгын тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэргийг хуулийн дагуу үндэслэлтэй шийдвэрлэсэн байна.

12. Нэхэмжлэгч нараас “...”Р л” ХХК нь өөрийн эзэмшлийн газар дээрээ архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулж, барилга барих нөхцөлд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас тус компанийн эзэмшлийн газартай залгаа, хөрш зэргэлдээ байрлах, эрх ашиг нь хөндөгдөж байгаа газар эзэмшигч, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч “М ш” ХХК, иргэн Г.С, Б.А нарт мэдэгдэж, тэдний тайлбар, саналыг авах ёстой байсан...бусдын орц, гарцыг хааж, өмч хөрөнгөө эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг нь ноцтойгоор зөрчсөн...” гэж, хариуцагчаас “...”Р л” ХХК-ийн газар эзэмших эрх цуцлагдаагүй хэвээр байгаа тохиолдолд архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг хүчингүй болгох үндэслэлгүй...” гэж тус тус маргажээ.

13. Нэхэмжлэгч нараас гаргасан “Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас баталж “Р л” ХХК-д олгосон 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн МЗХ2016/01-29 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг түүний хавсралт барилгажих талбайн эскиз зураг, ерөнхий төлөвлөгөөний загвар зургийн хамт, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын дэргэдэх Архитектур, инженерийн Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр хурлын шийдвэрийн “Р л” ХХК-д архитектур төлөвлөлтийн даалгавар олгохыг дэмжсэн хэсгийг хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд гуравдагч этгээдээс “...нэхэмжлэгч нарын хөндөгдөж байгаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөвхөн хавсралтаар батлагдсан эскиз зурагтай холбогддог. ...Тийм ч учраас шүүх: ...“даалгавар”, “эскиз зураг” хоёр тусдаа гэдгийг зөвшөөрсөн...Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж “архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг “эскиз”-тэй хамтад нь хүчингүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй” гэх гомдлыг гаргасан боловч шүүх хуралдаанд хэлэлцсэн болон хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтад нэхэмжлэлийн шаардлагад эскиз зургийг хүчингүй болгох талаар байх тул энэхүү гомдол үндэслэлгүй байна.

14. Түүнчлэн гуравдагч этгээдээс “авто зогсоол хийхээр төлөвлөсөн газрын асуудлыг тодруулж, холбогдох баримтуудыг цуглуулах ёстой байсан” гэх агуулга бүхий гомдол нь үндэслэлгүй бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хамааралтай баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

15. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно”, 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна”, 27.4-т Сонсох ажиллагааг явуулах арга хэлбэрийг тус тус зохицуулсан байна.

16. Мөн Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо доор дурдсан асуудлыг харгалзан үзнэ”, 7.1.1-д “барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Барилгын зураг төсөл дараахь шаардлагыг хангасан байна”, 12.1.4-т “нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг орон зайг чөлөөтэй ашиглах, авто зогсоол түүний орц гарцыг хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөсөн байх”, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Барилга байгууламж дараахь шаардлагыг хангасан байна”, 14.1.4-т “зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх” гэж тус тус заасан байгаагаас үзэхэд нэхэмжлэгч нарын саналыг асууж, тайлбар гаргах боломжоор ханган, сонсох ажиллагааг явуулаагүй байх тул гомдолд дурдсан нотлох баримтуудыг цуглуулах нь хэрэгт ач холбогдолгүй юм.

17. Эрх бүхий барилга байгууламжийн “зураг төсөл зохиогч”-ийн барилга байгууламжийг төлөвлөх, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах загвар зураг, техник эдийн засгийн үндэслэл, техникийн болон ажлын зураг, инженерийн тооцоо зэрэг Барилгын тухай хуульд заасан нэг нь нөгөөгөө нөхцөлдүүлсэн баримт бичгийн иж бүрдэл буюу барилга байгууламжийн төлөвлөлтийг Захиргааны байгууллагаас баталснаар заавал биелэгдэх эрх зүйн үр дагавар үүсгэдэг. Тухайн тохиолдолд хөрш зэргэлдээ хэд хэдэн газар эзэмшигчтэй тодорхой орон зайд хэрэгжих барилга байгууламжийн төлөвлөлтийг захиргааны байгууллагаас хэлэлцэж баталгаажуулахдаа бусад иргэн, аж ахуйн нэгжийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй сөрөг нөлөө байгаа эсэхийг нягталж тодруулаагүй, сонсох үйл ажиллагаа явуулаагүй буруутай байна.

18. Анхан болон давж заалдах шатны шүүхийн “... барилга буулгах зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас олгоогүй байхад нэг цогц барилгын нэг ханаар тусгаарлагдсан, нэг суурьтай барилгыг нурааснаар нэхэмжлэгч нарын эрх ашгийг зөрчиж болзошгүй учир Архитектур, инженерийн орон тооны бус мэргэжлийн зөвлөл нь барилга барих хүсэлтийг хэлэлцэхдээ бусад иргэн, аж ахуйн нэгжийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй байдлыг хянаагүй, энэ үүргээ биелүүлээгүйгээр архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлахыг дэмжиж дүгнэлт гаргасан нь холбогдох хууль, журмыг зөрчсөн, нийтийн эзэмшлийн газрыг орц, гарцгүй болгон ногоон байгууламж, авто зогсоол төлөвлөсөн нь хууль бус” талаарх дүгнэлтүүдийг  гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлоор үгүйсгэх нөхцөл тогтоогдохгүй байна.

19. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2018/0654 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 221/МА2019/0017 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, гуравдагч этгээд “Р л” ХХК-ийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                      ШҮҮГЧ                                                                 Х.БАТСҮРЭН