Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 14

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярмаа би *******, *******, *******, ******* нарын нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн сонгуулийн хороонд холбогдох “Өмнөговь аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 16 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Өмнөговь аймгийн сонгуулийн хороо шүүхэд гаргасан хүсэлтдээ: Аймгийн *******ны 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 16 дугаар тогтоолоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 14 дүгээр тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшигч *******, *******, *******, ******* нарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хассан шийдвэрийг гаргасан.
Аймгийн ******* гаргасан шийдвэрээ хянаж үзээд, 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолоор дээрх 16 дугаар тогтоолыг хүчингүй болгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.
Хариуцагч Өмнөговь аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 106 дугаар албан бичгээр “Өмнөговь аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 16 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.
Ийнхүү хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Өмнөговь аймгийн сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан “Өмнөговь аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 16 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий *******, *******, *******, ******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Өмнөговь аймгийн сонгуулийн хороо хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
    3. Энэхүү шүүгчийн захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй.




ШҮҮГЧ                                          Ч.БАЯРМАА