| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/00187/И |
| Дугаар | 103/ШШ2025/00155 |
| Огноо | 2025-02-17 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 103/ШШ2025/00155
| 2025 оны 02 сарын 17 өдөр | Дугаар 103/ШШ2025/00155 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байрлах, Багануур дүүргийн ******* хэлтсийн хүсэлттэй,
Гуравдагч этгээд: 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 36 настай, эмэгтэй, боловсролгүй, оёдолчин, ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт, Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-Уулын ** дугаар гудамжны * тоотод оршин суух, ******* овогт ******* ******* архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч: Т.*******,
Гуравдагч этгээд: С.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хүсэлт гаргагч Багануур дүүрэг дэх ******* хэлтэс нь ******* овогт ******* ******* архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: С.******* нь гэмт хэрэг зөрчил үйлдэж болзошгүй, өөрт болон бусдад эрсдэл үүсгэж байгаа тул архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэжээ.
1.Хүсэлт гаргагч байгууллагын төлөөлөгч Т.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Т.******* миний бие 4 дүгээр хорооны хэсгийн байцаагч ажилтай, ******* нь бага насны олон хүүхэдтэй, архи уухаараа 1 хоног биш, олон хоногоор хүүхдүүдээ хаяад архи уудаг учраас ******* архины албадан эмчилгээнд хамруулахаар шүүхэд хүсэлт гаргасан гэв.
2.Гуравдагч этгээд С.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би архины албадан эмчилгээнд явахыг зөвшөөрөхгүй байна, одоо 2 дугаар сарын 20-нд хүүхэд маань эвэрхийний хагалгаанд орох гэж байгаа учраас зөвшөөрөхгүй байна. Би 0-18 насны 6 хүүхэдтэй, том хүүхэд маань хотод байдаг гэв.
3.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж ирүүлсэн Багануур дүүргийн ******* хэлтсийн Т.*******т олгосон 30к-/9** дугаартай итгэмжлэл/, Багануур дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын хүсэлт, илтгэх хуудас, Багануур дүүргийн 4 дүгээр хорооны нийгмийн ажилтан Б.******* авсан тайлбар, С.******* согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоосон тухай эрүүл мэндийн дүгнэлт, С.*******аас авсан тайлбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл зэрэг болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Багануур дүүрэг дэх ******* хэлтсээс ирүүлсэн С.******* архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар ******* байгууллага нь С.******* архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтээ шүүхэд гаргасан нь хууль зөрчөөгүй байна.
Гэхдээ Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна, 3.3-т .., 3 хүртэлх насны хүүхэдтэй эх .., хүнийг албадан эмчлэхийг хориглоно гэж тус тус заасныг ******* байгууллага зөрчжээ.
С.******* нь 1-3 насны 2 хүүхэдтэйгээ хамт амьдардаг болох нь төрсний бүртгэлийн лавлагаанууд, зөрчил гаргагчийн цагдаагийн байгууллагад болон шүүхэд өгсөн тайлбараар тогтоогдсон, Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, согтуурах, мансуурах донтой, сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан гэсэн хуульд заасан нөхцөлүүд хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, түүнийг албадан эмчлэх үндэслэлгүй байх тул ******* байгууллагын зөрчил гаргагч С.******* архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Согтуурах, мансуурах, донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Багануур дүүрэг дэх ******* хэлтсээс ирүүлсэн ******* овогт ******* ******* архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хүсэлт гаргагч Багануур дүүрэг дэх ******* хэлтэс нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Согтуурах, мансуурах, донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зөрчил гаргагч, түүний хуулийн ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ