Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 103/ШШ2025/00162

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 103/ШШ2025/00162

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 60 настай, бүрэн дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, ******* ******* овогт ******* ******* ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Хүсэлт гаргагч: Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Гантогтох нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* ******* аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээнд 1988 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл тракторын жолоочоор ажиллаж байснаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна.

Хүсэлт гаргагч Б.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

Миний бие нь ******* аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээнд тракторчиноор 1988 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүйд хүрээд энд тэнд шүүлгэж үзэхэд баримт олдохгүй байна. Иймд намайг 1988 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээнд тракторчиноор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, 03**** дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, тракторч машинчийн үнэмлэхийн хуулбар, 27** дугаартай мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, ******* аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн тодорхойлолт, гэрэл зургууд зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн байгууллагаас нотлох баримт шаардан гаргуулсан байна.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Б.******* шүүхэд хандаж гаргасан улсад ажиллаж байснаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

1.Б.******* нь 1965 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн бөгөөд тэрээр 60 настай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн 65 нас хүрсэн даатгуулагч, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй, даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх авахад шаардлагатай баримт бичиг хангалтгүй байгаа шалтгаанаар ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд хүсэлтээ гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

2.Хүсэлт гаргагч Б.******* хөдөлмөрийн дэвтэрт түүний улсад ажиллаж байсан үйл баримтын талаар тэмдэглэгдсэн байгаа боловч, түүний ажилд орсон, ажлаас халагдсан тушаал архиваас гарч ирээгүй болох нь түүний тайлбар болон архивын байгууллагын тодорхойлолтоор тогтоогдож байх тул дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх Б.*******т үүсэж байх ба ажиллаж байсан үйл баримтыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоолгох боломжгүй байдалд хүрсэн байна.

3.Тэрээр тухайн үйл баримтыг тогтоолгох зорилгоо заахдаа Өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ.

4.Хүсэлт гаргагч Б.******* нь ******* аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээнд 1988 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл тракторчиноор ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

4.1.030076 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: ******* *******, мэргэжил: тракторт комбайнч, ХАА-н ТМС-ийн захирлын 1981 оны 03-р сарын 12-ны өдрийн 167 тоот тушаалаар Дорнод аймаг дахь ХАА-н ТМС-д трактор комбайны жолоочийн 1-р ангид сурагчаар элсүүлэв, ХАА-н яамны сайдын 1983 оны 05 сарын 25-ны өдрийн 200 тоот тушаалаар Трактор комбайны 2-р ангийг төгссөн тул *******ын ХААУГазар хувиарлав, Ахуй үйлчилгээний төвийн даргын 1988 оны 05-р сарын 15-ны өдрийн 03 тоот тушаалаар Ахуй үйлчилгээний төвд тракторчиноор томилон авч ажиллуулав, Ахуйн үйлчилгээний төвийн даргын 1995 оны 01-р сарын 04-ний өдрийн 27 тоот тушаалаар Өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөх болсон тул чөлөөлөв гэсэн бичилтүүд хийгджээ. /хх-ийн 5 дугаар хуудас/

4.2.******* аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн албан бичигт: ******* аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээний төвийн 1988-1995 оны баримтууд тус архивын сан хөмрөгт байхгүй тул ******* *******т лавлагаа олгох боломжгүй болно, /хх-ийн 6 дугаар хуудас/

4.3.1989 онд тракторын жолоочоор ажиллаж байхдаа авахуулсан гэрэл зураг, /хх-ийн 7 хуудас/

4.4.Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-21/Б/ маягтад: овог: *******, нэр: *******, төрсөн газар: ******* аймгийн ******* сум, төрсөн он сар өдөр: 1965.**.**, регистрийн дугаар ПМ6501****, байнга оршин суух хаяг: Баян-Өндар хэсгийн төвд, ажилладаг байгууллага: аж ахуйн нярав. 1988.07.13, БНМАУ Хүн амын регистрийн картад: ******* *******, РД: ПМ6501****, Мэргэжил-жолооч, зэрэг-2, эзэмшсэн он-1983, ажилладаг Багануур дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, ажилд орсон-2000, эрхэлдэг ажил-слесарь, эрхэлж эхэлсэн он 2000 он гэжээ.

4.5. Тракторч-Машинчийн үнэмлэхийн хуулбар,

4.6. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /1995-1999/ дуустал нөхөн даатгалд хамрагдсан байна.

5.Дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Б.*******ийг 1988 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээнд тракторчиноор ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Б.******* нь 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан байх тул 1995 оны 01 дүгээр сарын 01 нээс хойш ажиллаж байсныг тогтоолгох шаардлагагүй гэж үзлээ.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* ******* овогт ******* *******ий 1988 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Ахуй үйлчилгээнд тракторчиноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ