Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/728

 

    2023             7                18                                       2023/ДШМ/728

 

Б.Т-, Б.Н- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Соёлмаа,

шүүгдэгч Б.Т-ийн өмгөөлөгч Л.Жавзмаа,

шүүгдэгч Б.Н-ийн өмгөөлөгч Ц.Туяа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/632 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ө.Мөнхнавчийн бичсэн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 36 дугаар эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Б.Т-, Б.Н- нарт холбогдох 2202007350021 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ...,

-Дүүргийн 1 дүгээр шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 964 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан,

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 186 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар,

-Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлсэн.

2. ...,

-Сэлэнгэ аймгийн  Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

Б.Т- нь 2022 оны 11 дүгээр сарын 20-ноос 28-ны өдрүүдийн хооронд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б-” зочид буудлын ... - тоот өрөөнд өөрийн биедээ болон Баянзүрх дүүргийн ... -тоот буюу өөрийн гэртээ НҮБ-ын 1971 оны сэтгэцэт нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай өвс гэх нэршилтэй 11,975 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодис буюу ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Б.Н- нь 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б-” зочид буудлын ... - тоот өрөөнд өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны сэтгэцэт нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй 1,328 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис буюу ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Б.Т-, Б.Н- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Т-, Б.Н- нарыг Эрүүгийн хуульд заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-, Б.Н- нарыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Б.Т-т оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлаж, шүүгдэгч Б.Н- оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн газар нутгаар хязгаарлан тогтоож, тэдэнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Прокурор Ө.Мөнхнавч бичсэн эсэргүүцэлдээ: “... Б.Н- нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналтад байх хугацаандаа буюу 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б- зочид буудлын ... - тоот өрөөнд өөрийн биедээ “өвс” гэх нэршилтэй нийт 1,238 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж хуульчилсан бөгөөд тэнсэж байгаа шийдвэр нь Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд нэрлэн заасан 5 төрлийн ялд хамаарахааргүй байна. Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Н-ийг “тэнсэн харгалзах ял шийтгүүлж байсан ...” гэж дүгнэн, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан тэнссэн шийдвэрийг хэрхэх талаар ямар нэгэн шийдвэр гаргалгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн шийтгэх тогтоол гаргасан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж хуульчилсан байхад шүүгдэгч Б.Т-, Б.Н- нарын хувьд удаа дараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэж ял шийтгүүлсэн нөхцөл байдал тогтоогдсоор байтал зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь үндэслэлгүй, ял хөнгөдсөн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлагын зорилго, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэмжээг харгалзан үзээгүй байна. Мөн шийтгэх тогтоолын “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтад “шүүгдэгч ... овогт Б-ийн Т-, Х ургийн овогт Б-ийн Н- нарт Эрүүгийн хуульд заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай...” гэж, агуулгын хувьд алдаатай ойлгомжгүй байдлаар бичигдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийг 3 дахь хэсэгт заасныг, мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 50, 51 дугаар захирамжаар шүүгдэгч Б.Т-, Б.Н- нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авсан байхад шийтгэх тогтоолоор шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг тус тус зөрчжээ. Иймд улсын яллагчийн зүгээс Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Т-, Б.Н- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж, улмаар 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 632 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгахаар мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн.” гэжээ.

Прокурор Б.Соёлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “Прокурор Ө.Мөнхнавчийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна.” гэв.

Шүүгдэгч Б.Т-ийн өмгөөлөгч Л.Жавзмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч Б.Т-ийн ял шийтгэл хөнгөдсөн гэдэг. Өмнө нь 3 удаа ял шийтгүүлж байсан гэдгээр шүүх хүндрүүлж шийдвэрлэнэ гэдэг хуулийн заалт байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан. Ял шийтгүүлсэн боловч ялаа эдлээд дууссан. 2015 оны Эрүүгийн хуульд ялтай байдал, ялгүйд тооцох хугацаа гэж байхгүй. Цаг хугацааны хувьд өмнө шийтгүүлсэн шийтгэлээ хүлээгээд дуусгасан. Давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээний асуудал гэж бий. Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг. Үүнийг анхан шатны шүүх шийдвэрлээгүй орхигдуулсан. Давж заалдах шатны шүүх үүнийг шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулаад шийдвэрлэх боломжтой. Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдохгүй байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Шүүгдэгч Б.Н-ийн өмгөөлөгч Ц.Туяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Прокурорын эсэргүүцлийн 1 дүгээр хуудасны 2 дахь мөрөнд “шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Н-, Б.Т- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна” гээд ойлгоод бичсэн атлаа тогтоох хэсгийн 1 дэх заалт ойлгомжгүй байна гэж дурдсаныг үндэслэлгүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Н-ийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Б.Т-, Б.Н- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Прокуророос Б.Т-ийг 2022 оны 11 дүгээр сарын 20-ноос 28-ны өдрүүдийн хооронд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б-” зочид буудлын ... - тоот өрөөнд өөрийн биедээ болон Баянзүрх дүүргийн ... -тоот буюу өөрийн гэртээ НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай өвс гэх нэршилтэй 11,975 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт бодис буюу ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт,

Б.Н-ийг 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б-” зочид буудлын ... - тоот өрөөнд өөрийн биедээ НҮБ-ын 1971 оны сэтгэцэт нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй 1,328 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис буюу ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч нарыг яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, шүүгдэгч Б.Т-, Б.Н- нарт тус бүр 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцэхгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Хэдийгээр анхан шатны шүүх шүүгдэгч нарт тухайн зүйл, хэсэгт заасан ял шийтгэлийг сонгон оногдуулж шийдвэрлэсэн нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан ялын зохистой харьцаа, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн оновчтой сонгон оногдуулж чадаагүй байна гэж дүгнэлээ.

Учир нь гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюул, гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруугийн хэлбэр, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харьцуулан үнэлж, ялыг сонгон оногдуулах талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх учиртай.

Тодруулбал, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг зэрэг нийгмийн хор аюулын уршиг ихтэй гэмт хэрэг бөгөөд шүүх хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг хэрэгжүүлэхдээ нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр ял оногдуулах нь шударга ёсны зарчим, эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.

Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4-т “Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна.”, 5-д “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж хуульчилсан.

Дээрх хуулийн зохицуулалт болон хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч Б.Н-эд Сэлэнгэ аймгийн  Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох;” эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэсэн байхад шүүх урьд оногдуулсан тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгчид ял оногдуулах, нэмж нэгтгэх асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.

Түүнчлэн, шүүх хуульд заагаагүй онцгой нөхцөл байдлыг хагалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болдог. Онцгой нөхцөл байдал гэдэгт байгалийн гамшигт үзэгдэл зэрэг хүний санаа бодолд үл захирагдах давагдашгүй хүчний шинжтэй үйл явдал, нөхцөлийг ойлгоно.

Гэтэл шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “шүүгдэгч нарын өсөж хүмүүжсэн орчин нөхцөл, амьдралын талаарх хандлага, хүмүүжил, нийгэмд эзлэх байр суурь” зэргийг онцгой нөхцөл гэж үзэж, хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон нь үндэслэлгүй, өөрөөр хэлбэл хүнийг үндэс, угсаа, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болох, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрхийг зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Мөн шүүгдэгч Б.Т- нь урьд 2 удаа, шүүгдэгч Б.Н- нь урьд 1 удаа ял шийтгүүлсэн байхад анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ялтай байдал дууссан гэж үзсэн нь ойлгомжгүй. Тодруулбал, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж буй 2015 оны  Эрүүгийн хуулийн хуульд “ялтай байдал” гэх эрх зүйн ойлголт үгүй болсон учир “ялгүйд тооцох”, “ялгүй болох” зэрэг ойлголт хэрэглэгдэхгүй бөгөөд “ялтай байдал”-ын үр дагавар үүсэхгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Ө.Мөнхнавчийн бичсэн “анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох” тухай эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Н-, Б.Т- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/632 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Ө.Мөнхнавчийн бичсэн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 36 дугаар эсэргүүцлийг хангасугай.

2. Шүүгдэгч Б.Н-, Б.Т- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Б.ЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                                                      Ц.ОЧ

                        ШҮҮГЧ                                                                      Н.БАТСАЙХАН