| Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Орсоогийн Батдорж |
| Хэргийн индекс | 124/2024/0044/з |
| Дугаар | 124/ШШ2025/0001 |
| Огноо | 2024-12-24 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 124/ШШ2025/0001
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Батдорж даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэгийг оролцуулан, Б.А-ы нэхэмжлэлтэй, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.А шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Увс аймгийн ИТХ-ын даргад, ТАЗ-ийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолыг биелүүлэхгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, ИТХ-ын нарийн бичгийн албан тушаалд томилохыг даалгах шаардлагатай нэхэмжлэлээс татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.А шүүхэд “Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 292 дугаар “Нэр дэвшүүлж, санал болгох тухай тогтоолыг биелүүлж, Увс аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргын албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйн хууль бус болохыг тогтоож, Увс аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргын албан тушаалд томилохыг даалгах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гаргажээ.
Нэхэмжлэгч Б.А хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтад “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй...”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж тус тус заасантай нийцэж байна.
Түүнчлэн, нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх” талаар тайлбарласан ба нэхэмжлэгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн.
Иймд нэхэмжлэгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.А, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдуулан гаргасан “Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 292 дугаартай “Нэр дэвшүүлж, санал болгох тухай” тогтоолыг биелүүлж, Увс аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргын албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйн хууль бус болохыг тогтоож, Увс аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргын албан тушаалд томилохыг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.А-ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/-н төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод гардуулахыг шүүгчийн туслах Ц.Энхзаяад даалгасугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ О.БАТДОРЖ