Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 35

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

               Нарийн бичгийн дарга Б.Намуунзул

 Улсын яллагч М.Энхбаатар

 Хохирогч Б.Мөнхцэцэг

 Шүүгдэгчийн өмгөөлөгч  А.Отгонбаяр нарыг оролцуулав.

        Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж, Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10-р зүйлийн 3-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Тогтохбаярт холбогдох эрүүгийн 1731001340094 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                                        

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1983 оны 03 дугаар сарын 17-нд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг Хайлаастын 82 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Боржигон овогт Жамъянгийн Тогтохбаяр /РД:МЗ-83031716/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Тогтохбаяр нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа 2017 оны 10 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө 03 цагийн үед Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р баг Бугант тосгоны Хустайн даваа гэх газарт самарт явж байхдаа Зил-131 29-98 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон уулын өөд өгсөх хөдөлгөөн хийх үедээ тухайн автомашины урд талд тороос бариад явж байсан Г.Энхбаатарыг машинаараа мөргөж толгойн тус газар нь гэмтэл учруулсны улмаас амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд: 

Хохирогч Б.Мөнхцэцэгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “Би хэргийн газарт байгаагүй болохоор болсон хэргийн талаар мэдэхгүй байна. 8 хоногийн дараа ослын талаар сонссон. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдолгүй..” гэх мэдүүлэг        

Иргэний нэхэмжлэгч Ш.Долгионы 2017 оны 09 дүгээр сарын 22-ны  өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хувьд гомдолтой байгаа талийгаач нас барснаас үүдэн би болон миний ганц охин Э.Анужин их хохирч үлдлээ нөхөр маань хар бор ажил хийгээд мөнгө олж бид 2-ыг тэжээдэг байсан гэтэл одоо байхгүй болоод бид 2 сэтгэл санааны болон, эд материалын хохирол хүлээж байна. Цаашдаа охины маань ирээдүй хэцүү байна би өөрөө ажил хийдэггүй, охиноо өнгөтэй өөдтэй авч явахын тулд их санаа сэтгэл зовож байна. Миний хувьд гэм буруутай Ж.Тогтохбаяраас нэхэмжлэл хүсэж байна сар болгон охиндоо тэтгэмж өгүүлж баймаар байна. Нас биеэнд хүртэл нь тэтгэмж өгөөд байвал миний охинд л хэрэгтэй сургуулиа төгсөөд дээд сургуульд суралцах төлбөр нь болж өгнө. Энэ байдлыг л хангаж өгөөч, охины маань ирээдүйд санаа тавиач гэж хүсэж байна. Миний хувьд бол яахав ээ өөрийгөө аваад явчихна охин маань л хэцүү үлдэж байна аавыгаа байнга асууж байгаа би юу гэж хэлэхээ мэдэхгүй их л хэцүү байна. Охин маань одоо 6 настай дөнгөж сургуульд орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 114-115 дугаар тал/

Гэрч Ш.Долгионы 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай нөхөр Ганбаатарын Энхбаатар бид 2 Сэлэнгэ аймгийн Мандал суманд охиныхоо хамтаар амьдардаг 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр  байх Мандал сумаас 14-лээ 3ил-131 маркын автомашинтай Тогтохбаяр жолоочийн хамтаар самранд явахаар Бугант тосгоны чиглэлтэй явсан. Ингэж явах замдаа машин эвдрээд янзлах гэж 7 хоносон байх ингэж арай хийж машинаа янзалж дуусаад 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хөдөлж явсан гэгээтэй байхад яваад шөнө болсон юм. Ингээд уулын өөдөө өгсөх замруу ороод уулын өөдөө өгсөх гэтэл машин нь хий эргээд явахгүй байсан. Тухайн үед ойролцоогоор шөнийн 02-03 цаг болж байсан байх их л орой болсон гадаа хүйтэрсэн байсан. Ингээд машины тэвшин дээрээс бууцгааж машины ливотик буюу машины тороосыг гаргаж чирээд модонд өлгөөд машин өөрийгөө татаад дээж өгсөж явсан. Ингэж өгсөх үедээ машин тороос нь татахаа больж тороос нь дугуйн доогуур орох гээд байсан учир манай нөхөр машины урд тороосыг нь бариад уулын өөдөөс гүйж байсан манай нөхрөөс гадна олон хүн тороосноос бариад мөн л дээшээ гүйж байсан, машинтай ойрхон урд нь гүйж байсан хүн нь манай нөхөр. Ингэж манай нөхөр тороосыг барьж машины урдхан талд гүйж яваад гэнэт халтираад эргэж хараад зүүн хөлөөрөө машин замын гүн ховил руу ороод өөдөөс нь машин очиж таараад машины гүперыг толгойгоороо мөргөсөн пүд гээд дуугарсан бүх зүйл маш хурдан болж өнгөрсөн машины урдхан талд халтираад ховил руу орох үед нь өөдөөс нь машин ирж таараад мөргөсөн юм. Ингэж машины гүперийг мөргөөд ховилд унасан харин машин дээш өгсөхөө больж хойш ухраад арагшаагаа хэсэг яваад зогссон. Машин талийгаачийн дээгүүр нь гараагүй би тэвэрэхэд бие нь зүгээр байсан харин толгой нь хэлбэр дүрсээ алдсан цус ихээр гарч байсан. Ингээд талийгаачийг машины тэвшин дээр гаргаад цагдаад мэдэгдэхээр сумын төв рүү явсан ойролцоогоор 6 цаг гаран явж байж сумын төврүү орж ирээд цагдаад мэдэгдсэн. Ийм л зүйл болсон....” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/

Гэрч М.Баяртогтохын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Ерөө суманд аав, ээж, ах, дүү нарынхаа хамтаар амьдардаг. 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байх Замын-Үүдээс 7 хүний хамтаар ажил хийхээр воганд суусан хотод буугаад шууд Зүүнхараа явах воганд шилжин суугаад 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 15 цагийн үед Зүүнхараа суманд буусан шиг санагдаж байна. Ингэж буугаад Тогтохбаяр гэх айлынд очсон ямар учиртай Зүүнхараа суманд очсон юм бэ гэхээр Сэлэнгэ аймгийн Бугант тосгонруу самар явж самар түүхээр хүн хүч цуглуулж явахаар болсон байсан юм. Ингээд Замын Үүдээс нийт надтай нийлээд 8-лаа Зүүнхараа суманд очсон Зүүнхараагаас дахин 6 хүн нэмэгдээд 14-лээ Тогтохбаярын Зил-131 маркийн автомашинтай явсан. Зүүнхараа суманд очоод 1 хоноод 2017 оны 10 дугаар сарын 09-ны үүрээр Бугант тосгон руу хөдөлж явж Бугант тосгон руу дөхөөд алтны уурхайтай газар машины мотор нь эвдрээд саатсан. Ингэж саатаад машинаа янзлах гэж нилээн хэд хоносон ба өчигдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр машинаа янзалж дуусаад хөдөлсөн ба маш их цастай, цас нь хайлаад шавар болсон машин явахааргүй болсон байсан ба шөнөжингөө явсан 2017 оны 10 дугаар сарын 16-ны шилжих шөнийн 02-03 цагийн үед байх машин шаварт суугаад хий эргээд уулын өөдөө өгсөж явахад хүндрэлтэй болсон учир машины тэвшин дээрээс бөөндөө бууцгаагаад машины липотик буюу өөрийгөө татдаг тороосыг машины хамраас татаж гаргаад тороосыг уулын өөдөө барьж бөөндөө гүйгээд машин хий эргэх үед нь тороосыг модонд ороогоод машин тороосоор өөрийгөө дээш нь татаж явж байсан тороос урт байсан учир ойрхон л байгаа ямар ч модонд уяж машиныг татуулж байсан, тороосны хувьд бага зэргийн хүнд учир тороосыг 4-5 хүн бариад явчихдаг юм ээлжилж ороод тороосыг модонд уядаг машин дээш өгсөөд хүчээ алдах үед нь л тороосыг модонд уядаг тороосоор татаж машин өөрийгөө татаад тороосоо хумих үед нь дахин тороосыг татаж гаргаад модноос уях мэтээр үйл явц үргэлжилдэг юм. Ингэж машин татах тороосыг уулын өөд барьж гүйх үед талийгаач Энхбаатар машинтай их ойрхон хамар хавьцаа нь тороосыг барьсан зогсож харагдсан миний хувьд тороосны үзүүр хэсгийг барьсан хамгийн түрүүнд нь явж байсан юм. Ингэж уулын өөд өгсөх үед гэнэт машин хойшоогоо жаахан алдаад зогссон. Гэтэл талийгаачийн эхнэр Дөлгөөн гэх эмэгтэй машины кабинаас бууж ирээд учир зүггүй уйлаад талийгаачийн хажууд суусан байсан би очиж харахад машины баруун гар талд нь буюу урд талд нь замын ховил хэсэгт талийгаач хэвтэж байсан дээшээ харсан байдалтай толгой нь уулын өөдөө харсан машинаас урагшаа 1 метр орчим зайтай байх шиг байсан их л ойрхон харагдсан. Талийгаач яг яаж яваад ямар байдлаар машинд мөргүүлснийг нь хараагүй нэг мэдэхэд л талийгаачийн эхнэр нь машинаас буусан уйлсан талийгаачийн хажууд байж байсан. Намайг харахад талийгаач машинаас урагшаа замын ховил хэсэгт орсон хэвтэж байсан машин мөргөж, дээгүүр нь гарч байгааг бол хараагүй газарт хэвтэж байгааг нь л харсан. Ингээд шууд талийгаачийг гудас, хөнжилд боогоод машины тэвшин дээр гаргаад сумын төв рүү машинтайгаа явсан замын нөхцөл байдал маш хүнд явахад хүндрэлтэй байсан учир Бугант тосгоны төв рүү орж ирэх гэж яваад өглөөний 10 цагийн үед ирсэн бүхэл бүтэн 6 цаг гаран явж байж ирсэн. Ингээд цагдаад юу болсон талаар мэдэгдээд машиныг журмын хашаанд хийгээд, талийгаачийг эмнэлгийн өрөөнд оруулаад орхисон. Ингээд та нар аймгаас ирцгээсэн юм ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/

Гэрч Х.Даваацэрэнгийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 14-ны өдөр санагдаж байна хамаатны ах Төрөөтэй мөн миний танихгүй 11 хүний хамт ЗИЛ-131 маркын машинаар Бугант тосгоны “Хустай” ам гэх нэртэй газар луу самар түүх гэж явсан юм. Би машины тэвшин дээр унтаад явж байсан. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 16-ны шөнө 04 цагийн үед ачааны машины тэвшин дээр байхад гэнэт л хүмүүс уйлалдаад, сандралдаад эхэлсэн. Тэгсэн намайг Төрөө ах хүмүүст мэдэгдэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Уул руу явж хүнд мэдэгд гэж хэлэхэд ойр орчим хүмүүс байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/

Гэрч Г.Оросоогийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Замын-Үүд сумаас Сэлэнгэ аймагт самар түүх гэж Бямбасүрэн, Бямбадорж, Ганзориг, Батнасан, Баярсайхан, Доржсүрэн, Бямбасүрэн би, ингээд 8-лаа ирсэн юм. Замдаа 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Мандал сумаас талийгаач Энхбаатар, эхнэр Даваацэрэн, бас танихгүй нэг залуу байсан. Бид нар ЗИЛ-131 маркын улсын дугаарыг нь мэдэхгүй машинаар Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны “Хустай ам” гэх нэртэй газар луу самар түүх гэж явж байсан. Тэгсэн 2017 оны 10 дугаар сарын 15- 16 ны шилжих шөнө 04 цагийн үед уулын өгсүүр газар машин хүч алдаад унтарсан. Жолоог Тогтохбаяр нь жолоодон яваад, хамт дотор нь Төрөө, талийгаач эхнэр бас нэрийг нь хэлж мэдэхгүй байна нэг залуу байсан. Бусад хүмүүс нь болохоор ачааны тэвшин дээр сууж явж байсан юм. Ингээд машин хүч алдахаар нь бүгд машины тэвшин дээрээс бууцгаасан. Би машиныг манюлдаж асаагаад урд нь гараад алхаад явж байхад бусад хүмүүс нь тороос модонд өлгөх гэж чирээд явж байсан. Тэгсэн чинь талийгаачийн эхнэр нь гэнэт л орилоод, хашгираад эхэлсэн. Тэгээд эргээд машин дээр очиход талийгаач Энхбаатарыг эхнэр нь тэвэрчихсэн, уйлчихсан байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/

Гэрч Ц.Бямбасүрэнгийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 09-ны өдөр байсан шиг санагдаад байна. Мандал сумаас Зил-131 маркын автомашинтай самарт бөөндөө явцгаасан жолоочоор Тогтохбаяр ах байсан юм. Ингэж яваад замд машин эвдэрээд 7 хоног машинаа янзалсан арай хийж янзалж асаагаад 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Бугант тосгон руу самарт уулын бартаа ихтэй замаар өгсөж явсан. Ингэж олон цаг яваад 2017 оны 10 дугаар сарын 16-нд шилжих шөнийн 03 цагийн үед байх машин уулын өөдөө өгсөж яваад гэнэт дугуй нь хий эргээд явахаа больсон ингээд машины левотик буюу өөрийгөө татдаг тороосыг чирч модонд өлгөөд машин өөрийгөө татаж явж байсан. Ингэж нилээн хол замыг туулсан ба ингэж явах үед дахин машины дугуй шаварт замын ховилд суугаад талийгаач машины хамартай ойролцоо тороос барьсан явсан, харин би талийгаачаас урагшаа тороосыг барьсан надаас урагдаа мөн хүмүүс барьсан байсан 60 орчим метр урттай тороос байдаг учир олуулаа барьж уулын өөдөө гүйж машин хий эргэвэл тороосыг модонд зүүгээд машин өөрийгөө татаад өөдөө өгсөж явж байсан юм. Энэ үед энэ байдлаар уулын өөдөө явж байхад гэнэт машин зогсоод арагшаагаа ухраад зогссон ба юу болов гэж эргэж харахад талийгаач машин замын хувилд толгойгоо уулын өөдөө харуулсан дээшээ харсан хэвтэж байсан харин эхнэр нь гүйж ирээд талийгаачийг тэвэрч аваад учир зүггүй уйлаад орилоод байсан. Ингээд юу болов гээд хажууд нь очиход талийгаач дээгүүр гарсан гэх машины ул мөр байхгүй байсан ба талийгаачийн толгойноос нь цус гарсан толгой нь зүүн талаасаа шалчийсан юм шиг их эвгүй харагдсан. Ингээд талийгаачийг нас барсан байна гээд гудас хөнжилөнд ороогоод машины тэвшин дээр гаргаад машинаа буцаж эргүүлээд Бугант орохоор явсан ойролцоогоор 6 цаг гаран явж байж өглөөний 10 цагийн үед орж ирээд цагдаад юу болсон талаар мэдэгдсэн юм. Замын нөхцөл байдал маш хүнд байсан Зил-131 маркын автомашинаас өөр машин явах боломжгүй байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар тал/

Гэрч Ж.Баянмөнхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”... Миний ах 5 дугаар анги хүртлээ сургуульд сураад сургуулиасаа гарсан тэгэхдээ уншиж бичиж чадна. 5 дугаар ангиасаа сургуулиасаа гараад шууд мал дээр гарсан ба мал маллаж байгаад Замын-Үүд сумын Улаанбаатар төмөр замын харъяа шилжүүлэн ачих ангид ачигчаар хэдэн жил ажиллаж байгаад Зүүнхараа суманд ирээд эрхэлсэн ажилгүй хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хэдэн тооны үхэртэй үхрээ маллаад л амьдардаг. Эхнэр 1 хүүхэдтэй ар гэрийн амьдралын түвшин нь дунд тэгтлээ баян цатгалан бол биш ямартай ч хоосон хонохгүй явдаг юм. Сая ах маань ЗИЛ-131 маркын 29-98 СЭА улсын дугаартай авто машиныг ах дүү нараасаа мөнгө зээлж авч байгаад хүнээс худалдан авсан юм 8 сая төгрөгөөр авч байсан. Ингэж уг автомашиныг худалдан аваад самарт явж мөнгө хийнэ гэж яваад хэрэгт холбогдсон байсан уул нь амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй хар бор ажилд сайн их дайчин хүн юм. Энэ машиныг худалдан аваад хамгийн анхны самарт явсан ажил нь байсан юм гэтэл самраа ч түүж чадалгүй хэрэгт холбогдсон байсан. Уян зөөлөн даруу төлөв л хүндээ үг дуу цөөтэй хүнтэй баргийн юм яриад байхгүй их томоотой төлөв хүн, хэрэг асуудал болсны дараагаар их сэтгэл санаагаар унаж дарамтанд байсан одоо л арай гайгүй болж байна. Хэргээс болоод их л шоконд орсон байсан талийгаачтай их ойрхон дотно байсан болохоор их хүндээр нөлөөлсөн юм шиг байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 дугаар тал/

Гэрч Ш.Долгионы 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “...Надад урд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байна. Болсон хэрэг асуудлын талаар дэлгэрэнгүй яръяа талийгаач хань маань машины урд талд тороос бариад гүйж байсан ба гэнэт халтираад зүүн хөл машин замын ховил руу ороод биеэрээ бүтэн эргээд харсан ба зүүн гараа өргөөд даллаж байна миний ойлгосноор зогсоорой л гэж байх шиг байсан. Үүнийг би хараад зогсоочээ гэж хэлсэн гэтэл зогсолгүй тэр чигтээ очоод мөргөсөн ба машинд талийгаач маш хүчтэй мөргүүлээд пүд гэх хүчтэй дуу машин дотор сонсогдоод жолоо барьж явсан Ж.Тогтохбаяр машинаа зогсоогоод арагшаагаа ухарсан энэ үед би машинаас нь үсрээд буусан ба талийгаач дээр гүйгээд очих үед талийгаач маань замын ховил руу ороод дээшээ харсан толгойгоо уулын өөдөө харуулсан байдалтай хэвтэж байсан. Ингээд биед нь хүрэхэд толгой хэсгээс нь цус гарч байсан ба толгойд нь хүрэхэд ясгүй цултганасан зүйл л баригдсан толгой нь хэлбэрээ алдаад баруун нүд нь бүлтэрээд гараад ирчихсэн зүүн талаасаа хавтгай болчихсон байдалтай их аймар харагдсан газар дээрээ нас барсан байсан. Би яваад очиход ямар ч ухаангүй нас барсан байдалтай байсан. Машин талийгаачийн толгой руу мөргөсөн байсан машинд мөргүүлээд талийгаач арагшаагаа үсрээд унасан бүх зүйл маш хурдан болоод өнгөрсөн машинаас холгүйхэн гүйж байсан ойролцоогоор 3 орчим метрийн зайтай гүйж явсан юм. Талийгаач гараа өргөөд зогс гэх дохио өгөхөд Ж.Тогтохбаяр машинаа зогсоолгүй тэр чигтээ давхиж очоод мөргөсөн ба мөргөөд шууд машинаа зогсоосон талийгаачийг гараа өргөхийг нь хараагүй байх гэж бодож байна миний хувьд бол хараад зогсоочээ гэж хэлсэн. Ингэж хэлээд удалгүй мөргөсөн юм бүх зүйл маш хурдан болоод өнгөрсөн. Тухайн үед Ж.Тогтохбаяр анхаарлаа сарниулсан байсан болов уу гэж бодож байна. Учир нь машины ар талд хүн эвээс хийгээд яваад байсан урд талд хүмүүс тороос бариад гүйж байсан манай нөхөр машины урдхан талд тороос бариад гүйж байсан юм. Ингээд халтираад унахад нь очоод шууд мөргөсөн уул нь мөргөхгүй зогсож болохоор л байсан гэтэл Ж.Тогтохбаяр тэр даруйд зогсоох арга хэмжээ авалгүй мөргөснийхөө дараагаар машинаа зогсоосон юм....” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74 дүгээр тал/

Гэрч Б.Батжаргалын 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Мандал суманд оршин суудаг юмаа болсон асуудлын талаар ярихад 2017 оны 10 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө байсан шөнийн 03 цагийн үед болсон байх Сэлэнгэ аймгийн Бугант тосгоны Хустайн даваа гэх газарт уулын өөдөө Зил-131 маркын 2 автомашинтай өгсөж явсан юм. Миний хувьд урд нь явж байсан Зил-131 маркийн машинд сууж явсан араас дүү Ж.Тогтохбаяр 2998 СЭА улсын дугаартай Зил-131 маркийн машинаа жолоодоод нилээн зайтай явж байсан ойролцоогоор 6-7 км зайтай урд нь явсан. Явах замд машин хий эргээд либотикоороо татуулж байгаад арай хийж уулын өөдөө гарч орой дээр нь зогсож байхад машин араас ирэхгүй 40 орчим минут болсон юм. Ингээд Ж.Тогтохбаярыг яачихав гэж бодоод хүлээгээд байж байхад ямар нэгэн дуу чимээ гарахгүй гэрэл харагдахгүй байхаар нь хүлээгээд байж байхад хамт явсан 2 хүүхэд нь гүйж ирсэн ба доор осол болчихлоо, Г.Энхбаатар халтираад машинд мөргүүлээд ухаангүй байна бид 2 сая очиж хараад та нарт хэл гэхээр нь наашаа гүйгээд хүрээд ирлээ яг мөргөж байхыг нь бол хараагүй мөргүүлсэн газарт хэвтэж байгааг нь харлаа гэж бөөн л юм яриад байсан. Ингээд бид нар машинаасаа буугаад доошоо 7-8 орчим км их хол газар алхаж яваад Ж.Тогтохбаяр дээр явж очсон. Очиход талийгаач нас барсан байдалтай талийгаачийг гудсанд боогоод машины тэвшин дээр гаргаад тавьчихсан байсан ба Ж.Тогтохбаяр шоконд орчихсон хөдөлж чадахгүй дуу нь гарахгүй хоолой нь чичрээд их хэцүү харагдсан. Ингээд би тайвшируулах эм уулгаад Баянмөнх гэх залуугаар машиныг нь бариулаад Бугант тосгон руу бид нар явсан харин үлдсэн хэд маань нөгөө машинтайгаа цаашаа явсан юм. Тухайн үед ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 дугаар тал/

Гэрч Л.Нямдаваагийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: “...2017 оны 08 сарын 20-ны өдөр байхаа хоног хугацааг нь нарийн сайн санахгүй байна. Би өмнө нь өөрийн 3ил-131 маркийн бор ногоон өнгийн 29-98 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээ зарна гэж байсан юм. Тэгсэн Ж.Тогтохбаяр гэх залуу намайг машинаа зарах гэж байгааг хүнээс сонсоод над дээр ирсэн тэгээд бид 2 ярилцаж байгаад миний машиныг Ж.Тогтохбаяр 8 сая төгрөгөөр авахаар болоод надад 8 сая төгрөгөө бэлэн өгсөн ингэхдээ бид 2 ямар нэгэн гэрээ хийгээгүй өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ хийгээгүй, тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэрээ солиулаагүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 дугаар тал/

           Шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 28/17 дугаартай:

“1.Жолооч Ж.Тогтохбаярын жолоодож явсан 29-98СЭА улсын дугаартай Зил- 131 маркийн тээврийн хэрэслийн бүрэн бүтэн байдал нь ямар байна вэ?

ЗИЛ-131 маркийн 29-98СЭА улсын дугаартай, тээврийн хэрэгслийн гэрчилгээ АЯ №0023574, арал №512756, бор ногоон өнгөтэй, хаяг нь Сэлэнгэ аймаг Мандал сум 3-р баг Лхагвасүрэн овогтой Нямдаваагийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл байна.

Тухайн зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг тодорхойлох зорилгоор техникийн хяналтын үзлэгийн тухай www.trаnsdep.mn ахим хаягаар мэдээпэл авахад ЗИЛ-131 маркийн 29-98 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2018 оны 4 дүгээр сарын 10-нд техникийн хяналтын үзлэгт дахин орохоор мэдээллийн санд бүртгэгдсэн байна.

Энэ нь техникийн хяналтын үзлэгт 2017 оны 4 дүгээр сарын 10-нд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаа шалгуулсан байна. Зил-131 маркийн тээврийн хэрэгслийг Оросын Холбооны Улсад 1980 онд үйлдвэрлэсэн, Монгол улсад 1982 онд импортлогдсон байна.

Иймд зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь техникийн оношлогоонд хуульд заагдсан хугацаандаа техникийн байдлаа шалгуулж “тэнцсэн” үнэлгээ авсан, хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлж болохуйц эд ангиудаас эвдэрсэн, салсан эд анги тодорхойлогдохгүй байгаа нь техникийн хувьд бүрэн замын хөдөлгөөнд оролцож явсан байх үндэслэлтэй байна.

2.Автомашины бүрэн бүтэн байдал шаардлага хангахгүй, эвдрэлтэй байвал хэзээ, ямар хүчин зүйлийн улмаас эвдрэл авсан болохыг тогтоох?

ЗИЛ-131 маркийн 29-98СЭА улсын дугаартай, бор ногоон өнгөтэй тээврийн хэрэгслийн техникийн эвдэрлийн байдлыг тодорхойлох зорилгоор техникийн ерөнхий үзлэгийг явуулахад зам тээврийн осол гарахад нөлөөлж болохуйц жолоо, тормосны эд ангиудаас эвдэрч салсан эд анги тодорхойлогдсонгүй.

Иймд зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь техникийн оношлогоонд хамрагдсан, хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлж болохуйц эд ангиудаас эвдэрсэн, салсан эд анги тодорхойлогдохгүй байгаа нь техникийн хувьд бүрэн замын хөдөлгөөнд оролцож явсан байх үндэслэлтэй байна.

2.3.Уг эвдрэл нь осол болох нөхцөл байдалд хүргэсэн эсэх?

Асуулт 2-т тодорхой хариулсан болно.

4.Шинжээчийн дүгнэлт гаргахдаа асуултанд дурьдагдаагүй техникийн үзлэгт илэрсэн зүйл гарвал тусгай мэдлэг, мэргэшлийнхээ хүрээнд дүгнэлтэнд дурьдана уу?

Тодорхой зүйл /эвдрэл гэмтэл/ илрээгүй болно...” гэх дүгнэлт /хх-ийн 83-84 дүгээр тал/

Шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 56 дугаартай:

“...Шинжээч, цагдаагийн хошууч Л.Мөнгөнхундагын 2017 оны 10 сарын 19-ний өдөр гаргасан “Дээрх гэмт хэрэг нь зам тээврийн осол, хэрэгт хамаарахгүй, зам тээврийн осол, хэрэг гэж үзэхгүй” гэх №995 дугаартай дүгнэлт нь үндэслэлгүй, Замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтуудыг үндэслэн “Зам тээврийн осол” мөн гэж үзэж байна.

Үүнд: Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.4 /Энэ дүрэмд байгаа дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно: "Зам" Тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан зурвас газар. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, таримал зүлэг, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна; 3ам тээврийн осол" Зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь бие, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд материалын хохирол учрах явдал, гэсэн заалтын үндэслэлтэй тул зам тээврийн осол мөн гэж үзэж байна.

2.Явган зорчигч Г.Энхбаатар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1. Явган зорчигч нь явган хүний замаар, ийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна. гэсэн заалтыг зөрчсөн.

3.Жолооч Ж.Тогтохбаяр нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх; гэсэн заалтыг зөрчсөн. Мөн дүрмийн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Мөн дүрмийн 1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэв.

4.Жолооч Ж.Тогтохбаяр нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 2.5а заалтыг зөрчөөгүй.

5.Жолооч зорчигч нарын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3а, 2.7а,б 15-р зүйл, 21-р зүйл заалтыг зөрчсөн эсэх нь тогтоох боломжгүй байна.

6.Жолооч Ж.Тогтохбаярын жолоодож явсан тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй ба жолооч Ж.Тогтохбаяр нь аюул саадыг мэдэх боломжтой, осол болох үед тээврийн хэрэгслийг зогсоох боломжтой байсан нь гэрчийн өгсөн мэдүүлэг, өөрийн өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна...” гэх дүгнэлт /хх-ийн 90-91 дүгээр тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 03-11 дүгээр тал/

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэгийн 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 103 дугаар тал/

Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 118 дугаар тал/

Автотээврийн үндэсний төвийн лавлагаа /хх-ийн 120 дугаар тал/

Банкуудын лавлагаа /хх-ийн 122-127 дугаар тал/

Э.Анужингийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 131 дүгээр тал/

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 136-137 дугаар тал/

Ж.Тогтохбаярын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар тал/ зэрэг болно.

 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох

баримтуудыг дүгнэхэд

 

Шүүгдэгч Ж.Тогтохбаяр нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа 2017 оны 10 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө 03 цагийн үед Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3-р баг Бугант тосгоны Хустайн даваа гэх газарт самарт явж байхдаа Зил-131 29-98 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон уулын өөд өгсөх хөдөлгөөн хийх үедээ тухайн автомашины урд талд тороос бариад явж байсан Г.Энхбаатарыг машинаараа мөргөж толгойн тус газар нь гэмтэл учруулсны улмаас амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.

Үүнд; Хохирогч Б.Мөнхцэцэгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 24-25, 111-112 тал/, иргэний нэхэмжлэгч, гэрч Ш.Долгионы мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 26-27, 73-75, 114-115 /, гэрч М.Баяртогтохын  /хх-ийн 28-29/, Х.Даваацэрэнгийн /хх-ийн 30-31/, Г.Оросоогийн /хх-ийн 32-33/,  Ц.Ганзоригийн /хх-ийн 34-36, Ц.Бямбасүрэнгийн /хх-ийн 37-38/ мэдүүлгүүд,  шүүх эмнэлэгийн магадлан шинжилгээ хийсэн 122 тоот дүгнэлт /хх-ийн 46-47/, цогцсонд үзлэг хийсэн тэмлэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 48-57/, зам тээврийн ослын талаар гаргасан шинжээчдийн 56 тоот дүгнэлт /хх-ийн 90-91/, Авто техникийн шинжээчийн гаргасан 28/17 тоот дүгнэлт /хх-ийн 83-85 тал/, болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-11 тал/ тал зэрэг болно.

          Тухайн хэрэгт гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлтүүдээр шүүгдэгч Ж.Тогтохбаяр нь “..Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх; Мөн дүрмийн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Мөн дүрмийн 1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн...” заалтуудыг зөрчиж Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны нутаг дэвсгэр Хустайн даваа гэх газарт Зил-131 маркийн 29-98 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон уулын өөд өгсөх хөдөлгөөн хийх үедээ тээврийн хэрэгслийн урд гүйж явсан хохирогч Г.Энхбаатарыг мөргөж амь насыг нь хохироосон байна.

          Шүүгдэгч Ж.Тогтохбаяр нь уулын өөд Зил-131 маркийн машинаар өгсөх хөдөлгөөнийг хийхэд бэрхшээлтэй зам даваа бартаатай, халтиргаатай байгаа нөхцөлд бусдын амь насанд аюултай аргаар замын хөдөлгөөнийг үргэлжлүүлсэн байдал нь энэ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна гэж шүүх дүгнэв.  

          Иймд дээрх гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлтүүдийг шүүх үнэн зөв гэж үзэв.

          Шүүгдэгч Ж.Тогтохбаярт холбогдох хэрэгт Аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

          Иймд шүүгдэгч Ж.Тогтохбаярыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан “...авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсний улмаас хүний амь насыг хохироох...” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

    Шүүгдэгч Ж.Тогтохбаяр нь Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас бодит учирсан хохирол төлбөр байхгүй, уг гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилж буй хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгахаа илэрхийлсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа зэргийг харгалзан үзэж дээрх зүйл заалтанд заасан хорих ял оногдуулж, дээрх ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв.

   Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

   Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн АЯ 0023574 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээг, битүүмжлэн ирүүлсэн Зил-131 маркийн 29-98 СЭА улсын дугаартай тээврийг битүүмжлэлээс чөлөөлж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох нь зүйтэй.

  Учир нь  иргэний нэхэмжлэгч Ш.Долгион нь өөрийн охин Э.Анужинд тэжээгчээ алдсны тэтгэмжийг сар бүр гаргуулан авах нэхэмжлэл гаргасан боловч холбогдох баримтаа гаргаж ирүүлээгүй болно.

   Иргэний нэхэмжлэгч Ш.Долгион нь насанд хүрээгүй Э.Анужинд тэжээгчээ алдсны тэтгэмж тогтоолгосон баримт, талийгаачийн ажил хөдөлмөр эрхэлж байсан талаарх баримтаа бүрдүүлэн түүний зөрүүг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1-д зааснаар Боржигон овогт Жамъяангийн Тогтохбаярыг мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчсний улмаас хүний амь насыг хохироох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Жамъяангийн Тогтохбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасч 02 жилийн хорих  ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Ж.Тогтохбаярт оногдуулсан 02 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Ж.Тогтохбаярт оногдуулсан 02 жилийн хорих тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзан уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.  

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар  ялтан Ж.Тогтохбаярыг оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урдчилан мэдэгдэх үүргийг  тус тус хүлээлгэсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

7.Ялтан Ж.Тогтохбаяр энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

8.Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн АЯ 0023574 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээг, битүүмжлэн ирүүлсэн Зил-131 маркийн 29-98 СЭА улсын дугаартай тээврийг битүүмжлэлээс чөлөөлж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан Ж.Тогтохбаярт олгосугай.

9.Иргэний нэхэмжлэгч Ш.Долгион иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай.   

10.Ялтан Ж.Тогтохбаярт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ