Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2025/0015

 

2024 12 27 128/ШШ2025/0015

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би О******* СӨХ-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А*******ын ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А*******оос шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: ... О******* СӨХ тус шүүхэд Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/169 дүгээр захирамжийн Т******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Маргаан үүсгэсэн хугацаанд Нийслэлийн Газрын албанаас тус СӨХ-ны газрыг бүртгэхтэй холбоотой санал гаргасан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/816 дугаар захирамжаар манай холбоонд 15 жилийн хугацаатайгаар ашиглах эрх олгосон 2063 метр квадрат газрыг Т******* ХХК-д эзэмшүүлсэн газраас бусад хэсэгт давхцуулахгүйгээр кадастрын зураг хийлгэж бүртгүүлэхээр болсон. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-т тус тус заасны дагуу Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

         1. Тус шүүх, нэхэмжлэгч О******* СӨХ-ийн Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/169 дүгээр захирамжийн Т******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээр Нийслэлийн Засаг даргад холбогдуулан 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 9481 дүгээр шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байна.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргаж, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тус шүүхэд ирүүлжээ.

3. Энэ байдал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1. ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2. ... нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэхчлэн хуульд заасан нэхэмжлэгчийн эдлэх бүрэн эрхийн хүрээнд байна.

4. Ийнхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж бичгээр илэрхийлсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна гэж үзэж, нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

5. Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

6. Түүнчлэн нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж холбогдох баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч О******* сууц өмчлөгчдийн холбоо нь Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/169 дүгээр захирамжийн Т******* ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, О******* СӨХ-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох 128/2024/*******/з индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийг хэрэгсэхгүй болгосон энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                 У.БАДАМСҮРЭН