Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2020/02405

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00016

 

 

А.Чийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2020/02988 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч А.Чийн хариуцагч О.Мд холбогдуулан гаргасан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч А.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би О.Мтой 2012 оны 8 сард танилцаж, анх 2012 оны 8 дугаар сарын дундуур дотно харилцаанд орсон. Тэгээд л сарын тэмдэг ирэхгүй байсаар байгаад жирэмсэн болоод биологийн хугацаандаа төрсөн. Түүнийг баталж нотлуулах зорилгоор төрөх эмнэлгээсээ лавлагаа гаргуулсан. Намайг эмнэлгээр явахад хамт явсан. Тэгээд хүүхэд маань төрөөд сарын дараа буюу 2013 оны 11 дүгээр сард Тавантолгой руу ажил руугаа явлаа гээд сураггүй алга болсон. Тэгээд 2014 оны 5, 6 дугаар сард гэнэт гараад ирээд болно бүтнэ гээд надаас данс аваад мөнгө төгрөг гээд л би ч 42 дугаар сургуульд газарзүйн багшаар ажилдаа орсон. Манай ажил дээр ирээд хааяа хүүхэдтэйгээ уулздаг байсан. Гэтэл гэнэт нэг хүүхдийн асуудал гараад ирсэн тэр нь Дархан-Уул аймагт байдаг О.Мгийн анхны хүүхэд байгаа миний тооцоолж байгаагаар 7,8 дугаар ангийн хүү байдаг юм байна лээ. Тэгээд салахаар шийдээд О.Мд би хэлсэн хүүхдийнхээ тэтгэлгийг гаргуулъя өчнөөн сар жилээр чамайг хүлээж залуу насаа барлаа мөнгө төгрөгөө ч чамд зөндөө зориулж явсан. Ингээд тэтгэлэг тогтооно гэсэн чинь намайг аргацаагаад угаасаа л амьдарч л таараа шүү дээ гэж цаг хугацаа авсаар байгаад 2016 оны 10 сараар хойш би энэ хүнийг мартаж, орхихоор шийдсэн. 2017 онд би өөр хүнтэй танилцаад хүүхэдтэй болоод одоо хамт амьдарч байгаа. Тэгээд 2 жил орчим О.Мтой холбогдоогүй. Миний хүүг манай ээж, аав авч өсгөсөн. Өвөө эмээгийнхээ асрамжинд байдаг. Манай ээж О.М руу 2018 оны 12 дугаар сард утасдаад чи энэ хүүхдийн овог нэрийг бид 2-т солиод өгчих чамаас өөр юу ч хүсэхгүй Мөнхзолбоо гэдэг нэрээ н.Аюуш юм уу А.Чийн нэр дээр шилжүүлчихмээр байна, яагаад гэвэл энэ хүүхэд сургуульд орлоо зүгээр овог нэрийн солиулаад өгчих гэж ярьсан. Тэгсэн О.М миний нэрээр овоглоод явж байхад юу нь болохгүй байгаа юм, би хүүхдийнхээ овгийг солиулахгүй би А.Чтэй ойлголцох болно гэсэн. Гэтэл сүүлдээ өөрийнхөө хүүхдийг биш, өөрийгөө үр тогтоох чадваргүй гэж тодорхойлоод байна. Шууд шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд эцэг тогтоолгоё гэхээр хариуцагч талаас хүлээн зөвшөөрдөггүй. Иймээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нэмэхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие А.Чтэй 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдөр танилцаж, 2012 оны 08 дугаар сарын 21-нд анх дотно харилцаанд орж байсан. Улмаар А.Ч 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдөр амаржиж хүүтэй болсон. Тухайн үед миний бие А.Чийг төрөх үед эмнэлгээр явж байсан бөгөөд эмч нарын зүгээс төрөх хугацаа хэтэрсэн, 1 сар илүү тээлттэй гэж хүлээж байгаад 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр амаржиж байсан. Анх танилцаж дотно харилцаанд орсон үеэс хүүхэд төрөх хугацаа, төрөх хугацаанаасаа хэтэрсэн, илүү тээлттэй хугацааг тооцсон ч миний хүүхэд байх ямар ч боломжгүй юм. Тухайн үед А.Чийг гуйгаад байхаар нь хүүхдийг өөрөөрөө овоглохыг зөвшөөрсөн нь үнэн боловч А.Чийн төрүүлсэн хүүхдийн хувьд би биологийн эцэг нь биш. А.Ч нь 2012 оны 08 дугаар сард танилцаж дотноссон гэдэг. Харин О.Мгийн хувьд 9 сард дотно харьцаанд орсон гэдэг. Хүүхэд илүү тээлттэй төрсөн боловч 7 сартай төрсөн болж таараад байгаа. Нэхэмжлэгч тал эмнэлгийн байгууллагад хүсэлт гаргасан. Хүсэлт энэ дээр хүүхэд хэвийн төрсөн илүү тээлттэй, дутуу төрсөн гэсэн юм байхгүй гэсэн байдаг. О.М энэ миний хүүхэд биш эргэлзээтэй байдаг гэсэн үүднээс Гялс төв-д 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр очиж шинжилгээ өгсөн. Шинжилгээний хариу гарсан боловч энэ шинжилгээний хариу дээр үр тогтоох боломжтой, боломжгүй гэж дүгнэдэггүй юм байна. Өөрөөр хэлбэл эр бэлгийн эс нь хэчнээн замын дотор амьдрах чадвар хэр их байна гэдгийг тогтоодог юм байна. Тэгэхэд О.Мгийн эр бэлгийн эс амьдрах чадвар маш бага гэж гарч ирсэн. Шүүх хуралдаанд нотлох баримт эх хувиараа байгаа. Цаг хугацааг тооцож үзэхэд энэ шинжилгээний хариуны эргэлзээтэй байдлыг харсан ч гэсэн хүүхдийн эцэг байх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан насанд хүрээгүй 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Мөнхзолбоогийн Ихбаяр/РД:УН13250992/-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Авгаржин овогт Одсүрэнгийн Мөнхзолбоо/РД:НЭ88060993/-гоос сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50%-иас хэтрэхгүй болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37.030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Мгоос 37.030 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Чт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан. Учир нь нэхэмжлэгч хариуцагч нар анх 2012 оны 9 сард танилцаж 20 гаруй хоног мэссэжээр харилцсаны дараа О.Мгийн хамаатны айлд хөдөө очиж анх дотно харьцаанд орсон гэж мэдүүлсэн. Дотно харьцаанд орсоноос хойш буюу 7 сарын дараа 2013 оны 5 сарын 09-нд А.Ч нь амаржиж хүүтэй болсон байдаг. Мөн А.Ч шүүх хуралдааны явцад хариуцагч О.М нь хүү О.Ихбаярыг төрсөн хүүхдээ биш гэж маргаж байгаа тул шинжээч томилуулж эцэг тогтоолгуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлд тусгахдаа хариуцагч тал хүүхдийн эцэг тогтоолгоё гэхэд хамт явдаггүй гэж зөрүүтэй бичсэнд гомдолтой байна. О.М нь шүүхэд нотлох баримтаар эр бэлгийн эс үр тогтоох чадвар бага гэсэн Гялс төвд өгсөн шинжилгээний хариуг эх хувиар нотлох баримт болгож өгсөн боловч шүүхээс үнэлээгүй болно. Хэрэв шүүхээс А.Чийн шинжээч томилуулж эцэг тогтоолгуулах хүсэлт гаргасныг шүүхээс хангасан тохиолдолд О.М нь биологийн хувьд эцэг нь мөн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдвол А.Чийн хүүхдээ тэжээн тэтгэх боломжгүй байдлыг харгалзан үзэж хүүхдээ өөрийн асрамжиндаа авах сөрөг нэхэмжлэл гаргах, 7-гоос дээш настай хүүхдийн санал асуулгах хүсэлтэй байсан. Иймд дээрх шүүхийн шийдвэр нь анх танилцаж дотно харьцаанд орсон хугацаанаас хүүхэд төрөх хугацаа хүртэл 7 сар байгааг харгалзан үзээгүй, О.М нь үр тогтоох чадвар бага буюу эр бэлгийн эс амьдрах чадваргүй гэх Гялс төвийн шинжилгээний хариуг үнэлээгүй, А.Ч нь шүүх хурлын үеэр эцэг тогтоолгуулах хүсэлт гаргасныг хангаагүй. Мөн хүүхэд 7 наснаас дээш буюу хүүхдийн санал асуулга авах хуулийн зохицуулалттай байхад орхигдуулсан. Иймээс шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож маргааныг дахин хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч А.Ч нь хариуцагч О.Мд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид 2012 онд танилцан, мөн оны 8 дугаар сард дотно харилцаанд орсон ч хамтран амьдраагүй, 2013 оны 5 сарын 09-ний өдөр хүү Мөнхзолбоогийн Ихбаяр төрсөн болох нь тогтоогдсон. /хх 1, 8/

Хэргийн 8 дугаар талд авагдсан төрсний бүртгэлийн лавлагаанд ...Эцгийн нэр Одсүрэнгийн Мөнхзолбоо, эхийн нэр Аюушийн Чөдөр ... 2013-05-09-нд эмнэлэгт төрсөн, эрэгтэй, Мөнхзолбоо-ын Ихбаяр РД УН 13250992-г 2013-05-27-нд Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1116003063-т бүртгүүлсэн ... гэжээ.

Хариуцагч биологийн эцэг биш, хамтран амьдраагүй, нэхэмжлэгчтэй дотно харилцаанд орсон болон хүүхэд төрсөн хугацаа, мөн Гялс төвийн 2020 оны 9 сарын 10-ны өдөр өгсөн шинжилгээний хариугаар түүний эцэг биш гэж маргах боловч, захиргааны журмаар хүүхдийн эцэг болохыг тогтоосон, энэ талаарх Иргэний бүртгэлийн байгууллагын бүртгэсэн бүртгэл хүчинтэй байгаа тул түүнийг хүүхдийн эцэг гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020 оны 8 сарын 26-ны өдрийн болон 2020 оны 10 сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд хүүхдийн эцэг биш гэдэг нь баримтаар хангалттай тогтоогдсон, шинжээч томилох, эцэг тогтоолгох шаардлагагүй гэж тайлбарлаж, биологийн эцэг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргаагүй байна. /хх27,70/ Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлага гаргаж шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн учир Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт заасан асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд хүүхдийн саналыг харгалзах тухай зохицуулалтад нийцээгүй гэж үзэхгүй юм. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх шинжээч томилоогүй, хүүхдийн санал аваагүй гэх гомдол үндэслэлгүй байна.

Иймд, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэхэд тэгш үүрэг хүлээх бөгөөд хариуцагч О.Мгоос хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасантай нийцжээ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2020/02988 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37 030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Б.НАРМАНДАХ