Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2023/ДШМ/554

 

  2023             05                25                                     2023/ДШМ/554

 

Г.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч М.Алдар, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Т.Батмөнх,

цагаатгагдсан этгээд Г.Б-,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/168 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Т.Баянмөнхийн бичсэн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 13 дугаартай эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Г.Б-д холбогдох 2305000700254 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. ...,

Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй сүлжээ дэлгүүрийн гадна “эмэгтэй хүнтэй хэрүүл хийсэн” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар хохирогч Б.Н-ийн эрх чөлөөнд халдан зодож, түүний эрүүл мэндэд нь духанд зулгаралт, хамар ясны хугарал, дээд уруулд цус хуралт, салстын язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Б-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Г.Б-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Прокурор Т.Баянмөнх бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “... 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн талаар:

Шүүх цагаатгах тогтоолын үндэслэх хэсэгт хохирогч Б.Н-ийн өгсөн мэдүүлгээр “дэлгүүрт ороход тэр залуу өөр хүнтэй зодолдоод барьцалдаад зогсож байсан ба цээж нүцгэн, цээж нь улайсан, хамраас нь цус гарсан байсан ...” гэж хавтаст хэрэгт байхгүй нотлох баримыг цагаатгах тогтоолын үндэслэл болгосон. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэснийг зөрчсөн. Мөн шүүх “шүүгдэгч Г.Б- нь 2022 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй сүлжээ дэлгүүрийн гадна эмэгтэй хүнтэй хэрүүл хийсэн гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар хохирогч Б.Н-ийн эрх чөлөөнд халдаж, хохирогчийн эрүүл мэндэд духанд зулгаралт, хамар ясны хугарал, дээд урууд цус хуралт, салстын язарсан шарх бүхий хөнгөн хохирол учирсан хэргийн үйл баримт тогтоогдлоо” гэж цагаатгах тогтоолд бичсэн атлаа үйл баримт тогтоогдоогүй байна гэж дүгнэн шүүгдэгчийг цагаатгасан. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “... шүүгдэгч Э.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, бусдад төлөх төлбөргүй ...” гэх санал гаргасан ...” гэж бичсэн зэрэг нь шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Шүүх цагаатгах тогтоолын үндэслэх хэсэгт “... хохирогч Б.Н- нь бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг чиглэсэн довтолгооныг хэд хэдэн хүний эсрэг хийсэн бөгөөд шүүгдэгч Г.Б- нь тухай бүр хохирогчийн бусад этгээдийн эсрэг хийсэн довтолгоог зүй ёсны шаардлага тавьж таслан зогсоож улмаар өөрт тулгарсан довтолгооны эсрэг цохих үйлдэл хийснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Аргагүй хамгаалалт” гэж үзэж дүгнэсэн атлаа ... хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээтэй нөхцөл байдал бий болж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх талаар:

Хохирогч Б.Н, гэрч Ц.С нарын мэдүүлгийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн атлаа шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй, мөн яллах дүгнэлтэд бичсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотолж байгаа гэрч Ц.С-ийн мэдүүлгийг цагаатгах тогтоолд үгүйсгэсэн талаарх үндэслэлээ заагаагүй. Хохирогч Б.Н-ийн өгсөн “... шүүгдэгч Г.Б нь түүнийг 4-5 удаа цохисон, дэлгүүр дотор өөр бусдад зодуулаагүй, шинжээч эмчийн дүгнэлтэд дурдсан олон тооны гэмтлийг Г.Б- учруулсан ...” гэх мэдүүлгийг ямар үндэслэлээр няцаан үгүйсгэж байгаагаа дурдаагүй. Мөн тогтоолын үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн дүгнэлтийг огт хийгээгүй. Шүүгдэгчийн гэм бурууг нотолж буй хохирогч Б.Н, Ц.С нарын мэдүүлэг, цагаатгах тогтоолын үндэслэл болгосон гэрч Б.О, Г.А нарын мэдүүлгүүд нь хоорондоо харилцан зөрүүтэй байхад цагаатгах тогтоолын үндэслэл болгосон гэрч нарын мэдүүлгүүдийг шийдвэрийн үндэслэл болгож авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан заалтыг зөрчсөн байна.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх талаар:

Хэрэг гарахаас өмнөх цаг хугацаанд хохирогч дэлгүүрт дотор бусадтай зүй бусаар харилцаж, маргалдаж байсан. Болж өнгөрсөн асуудлыг тухайн хэрэгт хамаатуулж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал гэж үзсэн нь хууль зүйн хувьд алдаатай дүгнэлт болсон байна. Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар шалгаж үнэлэх, хуулийн шаардлагыг зөрчиж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруу, сэдэл, санаа зорилгын хандлага, шалтгаан, маргааны эхлэл, өрнөл, дэс дараалалд зөв үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй, хохирогч Б.Н- түрүүлж цохисон гэсэн баримтад тулгуурлан шүүгдэгчийн үйлдлийг аргагүй хамгаалалт мэтээр дүгнэснийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. ... Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэлбэрэлтгүй чанд сахиагүй, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн цагаатгах тогтоолыг хүчингүй болгох нь хууль дээдлэх болон шударга ёсны зарчимд нийцнэ. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/168 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Г.Б- тус шүүх хуралдаанд тайлбартаа: “Хэлэх зүйлгүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Г.Б-эд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн агуулгыг логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

Прокуророос Г.Б-ийг “2022 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” нэртэй сүлжээ дэлгүүрийн гадна “эмэгтэй хүнтэй хэрүүл хийсэн” гэх шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар хохирогч Б.Н-ийн эрх чөлөөнд халдан зодож, түүний эрүүл мэндэд “духанд зулгаралт, хамар ясны хугарал, дээд уруулд цус хуралт, салстын язарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Г.Б-ийг хохирогч Б.Н-ийн эрх чөлөөнд халдаж зодсон хэмээн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /мэдээлэл/-ийн дагуу 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, дараах нотлох баримтуудыг хэрэгт цуглуулж, бэхжүүлжээ.

Үүнд, хохирогч Б.Н-ийн “... үл таних 2 эмэгтэй хүнтэй шүргэлцсэний улмаас маргалдсан. Тэр хоёр эмэгтэйтэй маргалдаж байхад 3 залуу ирээд нэг залуутай нь би маргалдсаны улмаас барьцалдаж авсан ... би эхлээд нөгөө залууг нүүр орчимд нь цохисон. Тэгээд нөгөө залуу зөрүүлээд намайг нүүр хэсэгт 4-5 удаа цохисон. Миний хамар жаахан мурийж, зүүн нүд бага зэрэг хөхөрч хавдсан, толгой жаахан өвдөж байсан. Уруул бага зэрэг шалбарсан байсан. Би... халтираад унасан, унасан үед нөгөө залуу миний өвдөг рүү 1-2 удаа өшиглөсөн ...” /хх 12-13/,

2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр дахин өгсөн мэдүүлэгтээ “... Тухайн дэлгүүрт хөлбөмбөг үзэхдээ танилцсан залуутай хоорондоо бага зэрэг маргалдсан. Манай ах С  бид хоёрыг маргалдаж байхад салгасан.  Бас дэлгүүрт байсан хүмүүс салгасан.  Тухайн дэлгүүрээс би гарахад дэлгүүр дотор намайг салгаж байсан залуу намайг дэлгүүрийн гадаа  үүдэнд зодсон.” /хх 48-50/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 480 дугаартай “Б.Н-ийн биед духанд зулгарал, зүүн хөмсөгт шарх, зүүн дээд доод зовхинд цус хуралт, хамарт зулгаралт, хамар ясны хугарал, дээд уруулд цус хуралт, салстын язарсан шарх тогтоогдлоо.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх 39-40/,

гэрч Ц.С-ийн “... дэлгүүрээс гартал Н- гадаа нэг залуутай маргалдаж байсан. Тэгээд би очиж салгасан. ... Н- нь тухайн залуутай цохиж  зодолдсон зүйл би хараагүй, маргалдаж байсныг би салгасан. Н-ийн биед ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. Би нөгөө залууг боль гэхэд үгэнд ороод цаашаа 2 залуутай хамт яваад өгсөн. ...” /хх 23-24/,

2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр дахин өгсөн мэдүүлэгтээ “Н-ийн нүүр нь шалбарч хөх туяа үүсч, дух хөмсөг хэсэгт шалбарсан байсан. Нүүр рүүгээ цохиулчихсан байсан. Дэлгүүрийн гадаа байсан залуу Н-ийг цохисон байсан. Дэлгүүрт орохоос өмнө болон дэлгүүр дотор өөр ямар нэгэн хүнтэй маргалдаж зодолдсон зүйл болоогүй.” /хх27/,

гэрч Б.О-ын “...  2022 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө би найз Б, А бид гурав ... нэртэй дэлгүүр орсон. Гэтэл дэлгүүр дотор цээж нүцгэн согтуу бололтой эрэгтэй хүн өөр хүмүүстэй маргалдаад, барьцалдаад зогсож байсныг дэлгүүрийн худалдагч салгаж дийлэхгүй байж байсан. Тэгээд манай найз Б- очиж тухайн 2 барьцалдаад зогсож байсан хүнийг салгаж гадаа гаргасан. Гадаа гарах үед цээж нүцгэн залуу хувцсаа өмссөн байсан. Дараа нь тэр дэлгүүрт үйлчлүүлж байсан үл таних 2 эмэгтэй дэлгүүрээс гараад явах гэтэл нөгөө цээж нүцгэн байсан залуу 2 эмэгтэйг араас нь хэл амаар доромжлоод цас шидээд хоргоогоод явуулахгүй байхаар нь Б- очиж тухайн залууг боль гэж хэлж болиулсан. Дараа нь дэлгүүрт цээж нүцгэн байсан залуу манай найз Б- рүү дайраад байсан. Тэгээд тэр 2 барьцалдаад авсан. Нөгөө залуу Б-ийг цохисон, Б- зөрүүлээд тэр залууг нэг удаа цохисон. Дэлгүүрт ороход тэр залуу өөр хүнтэй зодолдоод барьцалдаад зогсож байсан ба цээж нүцгэн, цээж нь улайсан, хамраас нь цус гарсан байсан...” /хх 30-31/,

гэрч Г.А-ийн “... 2022 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө манай ах Б-, ахын найз О бид гурав юм идэх гээд ... дэлгүүр орсон. Дэлгүүрт ороход 2 хүн зодолдож байсан ба дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнүүд газарт унаж сүйтгэгдээд байхаар нь бид 3 очиж больцгоо ингэж болохгүй гэж хэлээд тухайн 2 хүнийг салгатал гараад явцгаасан. Тэгээд бид 3 хэсэг хугацааны дараа дэлгүүрээс гарахад зодолдож байсан 2 хүний нэг нь явсан харин нөгөө залуу нь яваагүй гадаа үл таних 2 эмэгтэй хүнийг хэл амаар доромжлоод ална гээд салаавч гаргаад дайраад байхаар нь Б- ах очоод болиоч гэж хэлтэл тэд хоорондоо маргалдаж нөгөө залуу Б- ахыг эхлээд 1-2 удаа цохиод дараа нь тэд заамдалцаж аваад хоёулаа халтираад газарт унасан. Тэгээд Б- ах тэр залуу хоёрыг салгаад бид 3 явсан...” /хх 34-35/,

яллагдагчаар Г.Б-ийн “... 2022 оны 12 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө би А, О нарын хамт ... дэлгүүр ороод гарсан. Гадаа нэг эрэгтэй хүн өөр танихгүй эмэгтэй хүмүүстэй маргалдаж байхаар нь би болиоч гэж хэлтэл маргаан үүссэн. Тэгээд намайг нэг цохиход нь би зөрүүлээд цохисон. Тухайн үед би эрүүл байсан. Н-ний биед халдсанаа хүлээн зөвшөөрч байна...” /хх 70-71/ гэх мэдүүлгүүд зэрэг баримтууд авагджээ.

             Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Г.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж нь шийдвэрлэснийг хэлбэрийн хувьд буруутгах үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургаадугаар бүлэгт тодорхойлон хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангах ёстой.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна.” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх Г.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шийдвэрээ “цагаатгах тогтоол” хэлбэртэйгээр гаргасан нь дээрх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Харин анхан шатны шүүхээс хийсэн цагаатгах тогтоолын үндэслэлийг давж заалдах шатны шүүхээс  өөрчилж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог болно.  Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай. Дан ганц үр дагаварт түшиглэсэн объектив яллагааг хийх нь Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглогддог.

Харин гэмт хэргийн субъектив талын зайлшгүй байх шинж чанар бол гэм буруу бөгөөд гэм буруугүй бол гэмт хэрэг байхгүй гэж тооцогдоно. Энэ нь гэмт хэргийг, гэмт хэрэг бус үйлдлээс ялгах үндсэн шинж болдог. Гэм буруу нь сэдэл болон санаа зорилго гэсэн дотоод элементүүдээс бүрдэх тул эдгээрийг бодитой тогтоох шаардлагатай төдийгүй, ингэснээр тодорхой хүний үйлдэлд хууль зүйн зөв дүгнэлт хийх боломж бүрдэнэ. 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 480 дугаар дүгнэлтээр хохирогч Б.Н-ийн биед “духанд зулгарал, зүүн хөмсөгт шарх, зүүн дээд доод зовхинд цус хуралт, хамарт зулгаралт, хамар ясны хугарал, дээд уруулд цус хуралт, салстын язарсан шарх” бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон байхаас гадна прокуророос давж заалдах шүүх хуралдаанд “... дээрх хохирогчид учирсан гэмтлүүдийг бүгд нийлээд хөнгөн гэмтэл болно” хэмээн тайлбарлажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Б-ээс “... би боль гэтэл тухайн залуу надтай маргалдаад намайг 1 удаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд зүүн шанаа хэсэгт баруун гараа атгаж байгаад нэг удаа цохисон.” /хх 19-20/ хэмээн мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх боловч гэрч Б.О-ын “... дэлгүүр дотор цээж нүцгэн согтуу бололтой эрэгтэй хүн өөр хүмүүстэй маргалдаад, барьцалдаад зогсож байсныг манай найз Б- очиж тухайн 2 хүнийг салгаж гадаа гаргасан. ... Дэлгүүрт ороход тэр залуу өөр хүнтэй зодолдоод барьцалдаад зогсож байсан ба цээж нүцгэн, цээж нь улайсан, хамраас нь цус гарсан байсан...” /хх 30-31/, гэрч Г.А-ийн “... дэлгүүрт ороход 2 хүн зодолдож байсан, дэлгүүрийн бараа газарт унаж сүйтгэгдээд байхаар нь бид 3 очиж тухайн 2 хүнийг салгатал гараад явцгаасан. ... хэсэг хугацааны дараа дэлгүүрээс гарахад зодолдож байсан 2 хүний нэг нь явчихсан, харин нөгөө залуу үл таних 2 эмэгтэй хүнийг хэл амаар доромжлоод “ална” гээд салаавч гаргаад дайраад байхаар нь Б- ах очоод “болиоч” гэж хэлтэл нөгөө залуу Б ахыг эхлээд 1-2 удаа цохиод тэд заамдалцаж аваад хоёулаа халтираад газарт унасан. ... дэлгүүрт ороход тухайн залуугийн хамраас нь цус гарсан, уруулаас нь мөн цус гарсан, согтуу байсан ...” /34-35/ гэх мэдүүлгүүдээс дүгнэхэд хохирогчийн биед үүссэн “духанд зулгарал, зүүн хөмсөгт шарх, зүүн дээд доод зовхинд цус хуралт, хамарт зулгаралт, хамар ясны хугарал, дээд уруулд цус хуралт, салстын язарсан шарх” бүхий олон тооны гэмтлүүдийг шүүгдэгч Г.Б-ийн хохирогчийн зүүн шанаа хэсэгт цохисон нэг удаагийн үйлдлээр учруулсан гэж дүгнэхэд эргэлзээ үүссэн байна.

Хохирогч Б.Н-ээс шүүгдэгч Г.Б-ийг өөрийнх нь биед халдаж, нүүр хэсэгт нь 4-5 удаа цохисон талаар мэдүүлсэн боловч тэрээр нь хэрэг болсон тухайн цаг хугацаанд шүүгдэгч Г.Б-ээс өөр эрэгтэй хүнтэй маргалдсан, улмаар түүний цээж нь улайсан, хамараас нь цус гарч байсан талаар өгсөн гэрч Б.О, Г.А нарын өгсөн мэдүүлгүүдээс үзэхэд хохирогчид өөр этгээд халдаж, хамарт болон цээжинд нь гэмтэл учруулсан байхад түүнийг олж тогтоогоогүй нь үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх ёстой байтал тус үүргээ биелүүлж ажиллаагүй байхаас гадна хохирогч Б.Н-ийн биед учирсан олон тооны шарх бүхий гэмтлүүд нь бүхэлдээ хөнгөн гэмтэл байх бөгөөд тухайн гэмтлүүдийг бүгдийг нь Г.Б- учруулсан гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж тогтоогдсонгүй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.С-ээс “... дэлгүүрээс гартал Н- гадаа нэг залуутай маргалдаж байсан. Тэгээд би очиж салгасан. ... Н- нь тухайн залуутай цохиж зодолдсон зүйл би хараагүй, маргалдаж байсныг би салгасан. Н-ийн биед ил харагдах гэмтэл шарх харагдаагүй ...” /хх 23-24/, дахин өгсөн мэдүүлэгтээ “Н-ийн нүүр нь шалбарч хөх туяа үүсч, дух хөмсөг хэсэгт шалбарсан, нүүр рүүгээ цохиулчихсан байсан. Дэлгүүрийн гадаа байсан залуу Н-ийг цохисон байсан. Дэлгүүрт орохоос өмнө болон дэлгүүр дотор өөр ямар нэгэн хүнтэй маргалдаж зодолдсон зүйл болоогүй.” /хх27/ гэж хэргийн үйл баримтын талаар зөрүүтэй мэдүүлгүүд өгч, мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй байх тул түүний эргэлзээтэй мэдүүлгүүдийг үнэлэхгүй.

Иймд хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь шүүгдэгч Г.Б-ийг гэм буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг цагаатгасан анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Харин шүүх шүүгдэгч Г.Б-ийг цагаатгаж шийдвэрлэхдээ түүний үйлдлийг “... Г.Б- нь тухай бүр хохирогчийн бусад этгээдийн эсрэг хийсэн довтолгоог зүй ёсны шаардлага тавьж таслан зогсоож улмаар өөрт тулгарсан довтолгооны эсрэг цохих үйлдэл хийснийг аргагүй хамгаалалт гэж үзнэ ...” гэж тайлбарлаж, аргагүй хамгаалалт хэмээн үзсэн нь үндэслэлгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан “Аргагүй хамгаалалт” гэх ойлголт нь эрүүгийн эрх зүйн онолын хувьд аюул заналхийлсэн довтолгоон бодитой хийгдэж эхэлсэн бөгөөд дуусаагүй байх үндсэн шинжийг агуулдаг ба тухайн аргагүй хамгаалалт хийж буй субъектын санаа сэдэл, тухайн үеийн нөхцөл байдал зэргийг аливаа хэргийн үйл баримтад нарийвчлан тодорхойлох нь түүнээс үүдэн гарах нийгмийн аюулын шинж чанарыг үгүйсгэж, гэмт хэрэгт тооцох эсэх үр дагавартайг дурдах нь зүйтэй тул аргагүй хамгаалалт гэх ойлголтын хувьд объектив болон субъектив шинжийн зохицол болоод хоорондын уялдаа холбоог анхааран үзэх шаардлагатай юм.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хохирогч Б.Н-эс шүүдэгч Г.Б-эд хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөнд хүч хэрэглэж халдсан, түүний эсрэг шүүгдэгч аргагүй хамгаалалт хийж гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдоогүй байх тул энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй.

Түүнчлэн шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийн нэрийг “Э.Төгсжаргал” гэж буруу бичсэн, мөн Г.Б-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсгийн 1 дэх заалтад хуулийн заалтыг удирдлага болгохгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ утга найруулгын алдаатай бичсэн зөрчил гаргасан байх тул энэ удаад үүгээр зөвтгөж шийдвэрлэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолийг хэвээр үлдээж, прокурор Т.Баянмөнхийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэхь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/168 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Т.Баянмөнхийн бичсэн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 13 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ШИНЭБАЯР

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН