| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2018/0035/Э |
| Дугаар | 39 |
| Огноо | 2018-02-05 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Д.Нямдэлэг |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 39
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч: Д.Нямдэлэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин
Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нарыг оролцуулан Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Баасанд холбогдох эрүүгийн 1831000000008 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1972 оны 11 дүгээр сарын 17 нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Ам бүл 6 эхнэр 4 хүүхдийн хамтаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг 3 дугаар хэсэг 040 тоотод ошин суух, Эрхэлсэн ажилгүй, Улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл хүлээж байгаагүй, Боргожин овогт Хишигдоржийн Баасан /МЬ72111712/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Баасан нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутаг дэвсгэр болох Харгистай гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэн тээвэрлэж байгаль орчинд 1.425.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч Х.Баасангийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Харгистай гэх газраас газарт унасан моднуудыг тайрч ачиж яваад замын цагдаад баригдсан. Энэ миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг
Хохирогч М.Ууганбаярын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Иргэн Х.Баасан нь Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутаг Харгистай гэх газарт хууль бусаар мод бэлтгэсэн талаар сонссон. Өөр надад мэдэх зүйл байхгүй. Түшиг сумын ЗДТГ-аас 2017 оны 12 дугаар сард иргэд мод бэлтгэх эрхийн бичиг ямар ч газарт олгоогүй. Х.Баасан мод бэлтгэх эрхийн бичиг авахаар манай сумын ЗДТГ-т хандаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар тал/
Гэрч Б.Мөнхдаваагийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хөдөлгөөнт эргүүлтэй үүрэг гүйцэтгэж байхад Сүхбаатар сумын 1 дүгээр баг Нүхэн гүүрний орчим цэнхэр өнгийн 12-96 СББ улсын дугаартай Портер маркийн автомашин бөөрөнхий нарс мод тээвэрлэж явж байхаар нь зогсоож шалгахад Х.Баасан нь зохих зөвшөөрөлгүй, мод тээвэрлэж явсан. Ингээд модыг Цагдаагийн газрын журмын хашаанд саатуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар тал/
Гэрч Л.Батмөнхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Х.Баасан бид хоёр хар багаасаа бие биенийгээ таньж мэдэх хүмүүс. Миний хуурай дүү байгаа юм. Манай хөршөөр 2 жилийн өмнөөс эхнэр хүүхдийн хамт амьдрах болсон. Эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Хоёулаа эрхэлсэн ажилгүй хувьдаа хөх өнгийн Портер маркийн автомашинтай. Галын түлээ багатай харагдсан Х.Баасан нь мод бэлтгэж зарж борлуулаад байдаггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар тал/
Гэрч Ц.Цэцэгсайханы 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хувьд Х.Баасантай гэр бүл болоод 11 жил болж байна. манай нөхөр галын түлээнд яваад Цагдаагийн ажилтанд саатуулагдан шалгагдаж байгаа. Зөвшөөрөлтэй эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр тал/
Шинжээчийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №18-04-015/01 дугаартай:
“1.Шинжээчээр томилогдсон Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Ганболд нь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт 2002 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд шинжээчид дүгнэлт гаргуулахаар тавьсан асуултууд болон цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байгаа модонд хэмжилт хийсний үндсэн дээр дараах дүгнэлтийг гаргаж байна.
....Шинжээчид ирүүлсэн хэргийн материал үзлэгээр хийсэн хэмжилтийг үндэслэн иргэн Х.Баасангийн хууль бусаар бэлтгэн тээвэрлэж явсан нийт 39 ширхэг нарс модны дундаж голч нь 21 см болж нийт эзлэхүүн нь 1.5м х 0.056м3 = 2.2м3 болж байна. Модны экологи эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2009 оны 394 тоот тушаалаар баталсан Ойн нөөцийн ойн нөөцийн экологи эдийн засгийн үнэлгээгээр тооцож гаргавал 2.2м3 х 120000 х 1.8 = 475200 төгрөг болно. /1.8-хэрэглээний бөрөнхий модны итгэлцүүр/
Монгол Улсын Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлд иргэн хууль бусаар мод бэлтгэж ойн санд хохирол учруулсан бол учруулсан шууд хохирлыг нөхөн төлнө гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-д Ойн санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхдээ ойн экологи эдийн-засгийн 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ногдуулна гэж заасан байдаг тул иргэн Х.Баасангийн ойн нөөцөд учруулсан хохирол 475200 х 3 = 1425600 төгрөг болж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 40-41 дүгээр тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-6 дугаар тал/
Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хх-ийн 18 дугаар тал/
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 19-20 дугаар тал/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 33-35 дугаар тал/
Эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 49 дүгээр тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дугаар тал/
Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 45 дугаар тал/
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 48 дугаар тал/
Х.Баасангийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 32 дугаар тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох
баримтуудыг дүгнэхэд
Шүүгдэгч Х.Баасан нь 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутаг дэвсгэр болох Харгистай гэх газраас зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэн тээвэрлэж байгаль орчинд 475.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдлоо.
Үүнд; Хохирогч М.Ууганбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн /хх-ийн 23-26/, гэрч Б.Мөнхдаваагийн /хх-ийн 27/ мэдүүлгүүд, шинжээчийн 18-04-015/01 тоот дүгнэлт /хх-ийн 40-41/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 04-06/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тай тогтоолууд, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэлүүд /хх-ийн 12-18/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-20/, эд зүйлд үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 49 тал/ тал зэрэг болно.
Тухайн хэрэгт хохирогч, гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр шүүгдэгч Х.Баасан нь Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Харгистай гэх газраас хууль бусаар унанги нарсан мод бэлтгэж 475.200 төгрөгийн эклоги эдийн засгийн хохирол учруулсан болох нь нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг шүүх үнэн зөв гэж үзэв.
Шүүгдэгч Х.Баасанд холбогдох хэрэгт Аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Х.Баасанг дээрх зүйлд ангид заасан “...Хууль бусаар мод бэлтгэх...” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Харин аймгийн Прокурорын газраас Х.Баасангийн хууль бус үйлдлийн улмаас учруулсан эклоги эдийн засгийн хохирлыг шинжээчийн дүгнэлтээр 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-д “...Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ногдуулна.” гэж заасан байх тул шинжээч өөрөө санаачлагаараа нөхөн төлбөр тавьж тогтоосон нь буруу байна.
Цаашид шинжээчийн гаргасан дүгнэлтэнд үндэслэн байгаль орчны хяналтын улсын байцаагчаар акт тогтоолгон шийдвэрлэж байх нь зүйтэй.
Шүүгдэгч Х.Баасан нь Эрүүгийн Хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас бодит учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж дээрх зүйл заалтанд заасан торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн аймгийн Цагдаагийн газрын түр саатуулах хашаанд хадгалагдаж буй 2,2 куб метр хэмжээтэй, 39 ширхэг нарсан мод, битүүмжлэн ирүүлсэн ирүүлсэн 840.000 төгрөгийн үнэлгээ бүхий 12-96 СББ улсын дугаартай цэнхэр өнгийн Портер маркийн тээврийн хэрэслийг хурааж улсын орлогод оруулахаар тогтов.
Учир нь: Дэрх хууль бусаар бэлтгэсэн модыг тээвэрлэсэн 12-96 СББ дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Х.Баасангийн өмчлөлийн хөрөнгө болох нь хэргийг шалгах явцад нотлогдсон байна.
Түүнчлэн хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэх гэмт хэргийг тээврийн хэрэгсэл ашилахгүйгээр үйлдэх боломжгүй юм.
Энэ гэмт хэргийн улмаас эклоги эдийн засагт учирсан хохирол 475.200 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Х.Баасан бүрэн төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7 дугаар зүйлийн 2,3, 36.8 дугаар зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Боргожин овогт Хишигдоржийн Баасанг мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боргожин овогт Хишигдоржийн Баасанг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Х.Баасанд оногдуулсан торгуулын ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 150 хоногийн дотор сар бүр 90.000 төгрөг төлөхийг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Х.Баасан нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Ялтан Х.Баасан нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн аймгийн Цагдаагийн газрын түр саатуулах хашаанд хадгалагдаж буй 2,2 куб метр хэмжээтэй, 39 ширхэг нарсан модыг, битүүмжлэн ирүүлсэн ирүүлсэн 840.000 төгрөгийн үнэлгээ бүхий 12-96 СББ улсын дугаартай цэнхэр өнгийн Портер маркийн тээврийн хэрэгслийг эсхүл 840.000 төгрөгийг хурааж тус тус улсын орлогод оруулсугай.
7.Ялтан Х.Баасанд урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ