| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0209/З |
| Дугаар | 128/ШШ2024/0818 |
| Огноо | 2024-10-17 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2024/0818
2024 10 17 128/ШШ2024/0818
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: М ХХК /РД:/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.С //,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Х //,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Л /Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн/,
Хариуцагч: Хот байгуулалт, хөгжлийн газар /хуучин нэрээр/,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Э /тус газрын Дотоод хяналт, хуулийн хэлтсийн мэргэжилтэн/,
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/27 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/40 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Х, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л, хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э /цахимаар/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхсаруул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Процессийн түүхийн талаар:
1.1. Нэхэмжлэгч М ХХК-аас, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/27 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаснаар 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1916 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж эхэлжээ.
1.2. М ХХК-аас, Хот байгуулалт, хөгжийн газарт холбогдуулан Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/40 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан ба тус шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1363 дугаар шүүгчийн захирамжаар мөн захиргааны хэрэг үүсгэжээ.
1.3. Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/40 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нт 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 09/01 дугаар албан бичгээр захиргааны журмаар гомдол гаргасан ч тухайн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж гомдлыг шийдвэрлээгүй тул шүүхэд хандсан гэх тайлбартай.
1.4. Тус шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Хэрэг нэгтгэх тухай 4899 дүгээр шүүгчийн захирамжаар М ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжийн газарт холбогдох захиргааны хэргийг М ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэгтгэснээр нэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар хэргийг шийдвэрлэсэн болно.
2. Нийслэлийн Засаг даргад холбогдох шаардлагын тухайд.
2.1. Нэхэмжлэгч М ХХК-аас, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ... М ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/952 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 1 дугаартай газрыг контор, орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшдэг. Гэвч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/27 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжаар манай компанийн дээрх газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосныг дараах үндэслэлээр эрх зүйн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
2.2. Хууль ёсны байх зарчмыг хангаагүй болох нь. Захиргааны акт нь эрх зүйн үндэслэлтэй, мөн Үндсэн хууль, ердийн хууль болон тэдгээрт үндэслэсэн эрх зүйн бусад хэм хэмжээнд нийцсэн байх ёстой. Газрын тухай хуулиар нийслэлийн Засаг дарга нь гагцхүү тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-д заасан үндэслэл бий болсон тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхтэй байхаар зохицуулсан. Нийслэлийн Засаг даргын А/27 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40.1.2 дахь заалтыг үндэслэсэн буюу манай компанийг газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон гэж үзэж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.
Гэвч А/27 дугаар захирамжийн 1 дэх хэсэгт, Хотын стандарт, хяналт газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 02-13-01/025/198 дугаар дүгнэлтээр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эзэмшиж байсан газрыг М ХХК нь шилжүүлж, эзэмшихдээ Газрын тухай хууль, Барилгын тухай хууль тогтоомжийг зөрчиж, нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн нь тогтоогдсон гэж зөрүүтэй байдлаар дүгнэсэн байна. Энэ нь дараах хоёр байдлаар хууль ёсны байх зарчмыг хангахгүй байна.
2.2.1. Маргаан бүхий захиргааны актаар ийнхүү утга агуулгын зөрүүтэй дүгнэлт хийсэн, мөн Газрын тухай хууль, Барилгын тухай хууль тогтоомжийн аль зүйл заалтыг зөрчсөнийг дурдаагүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасан захиргааны актын агуулга хангалттай тодорхой байх шаардлагад нийцээгүй байна.
2.2.2. Хотын стандарт, хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 02-13-01/025/198 дугаартай дүгнэлтээр дараах дүгнэлтийг хийсэн байдаг. Үүнд Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаар тушаалаар батлагдсан Эмнэлгийн зориулалттай барилга төлөвлөх /БНбД 31-22- 21/-ийн хавсралт А-н палатны болон унтлагын корпусуудаас орон сууц, олон нийтийн барилга, гудамжны улаан шугам хүртэл 30 м байх заалт. Хот тосгоны барилгажилтын норм ба дүрэм /БНбД 30.01.04/-ийн 6.19 дэх заалт Гол гудамж, замын зорчих хэсгийн ирмэгээс барилгажилтын улаан шугам хүртэлх зай 50 м-ээс багагүй байх заалт. Барилгын ажлын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ байхгүй байгаа нь Барилгын тухай хуулийн 4.1.5, 26, 27, 28, 29 дүгээр зүйл, Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолоор батлагдсан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох журам-д тус тус нийцэхгүй байна гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, тус дүгнэлтээр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эзэмшиж байсан газрыг М ХХК нь шилжүүлж, эзэмшихдээ Газрын тухай хууль, Барилгын тухай хууль тогтоомжийг зөрчиж, нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн гэж дүгнээгүй.
М ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/952 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 1 дугаартай газрыг хууль ёсоор эзэмшсэнээс хойш тус газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглаж байгаагүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байгаа бөгөөд энэ талаар эрх бүхий байгууллагаас дүгнэж тогтоож байгаагүйг дурдах нь зүйтэй. Үүнээс маргаан бүхий захиргааны акт нь эрх зүйн хэм хэмжээнд нийцсэн байх шаардлагыг хангаагүй байна.
2.3. Шийдвэр гаргах ажиллагаанд тавигдах эрх зүйн шаардлагыг хангаагүй болох нь. Захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа хуульд заасан зарчмуудыг баримтлах ёстой. Гэвч Нийслэлийн Засаг дарга маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа судлан тогтоох зарчмыг баримтлаагүй. Учир нь тухайн захиргааны актыг гаргахдаа Хотын стандарт, хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 02-13-01/025/198 дугаар дүгнэлтээр тогтоогдоогүй (газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон гэх) нөхцөл байдлыг тогтоогдсон болгон дүгнэж манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж заасны дагуу бодит нөхцөл байдлыг үнэн зөв тогтоогоогүй болохыг илтгэж байна.
2.4. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна гээд 40.2.5-д захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах гэж заасан. Гэвч А/27 дугаар захирамжид тухайн захирамжид гомдол гаргах тохиолдолд хэнд гарrax, ямар хугацаанд гаргах талаар дурдаагүй буюу бичгээр гарах захиргааны актын шаардлагыг хангаагүй.
2.5. М ХХК-ийн 100 хувийн хувьцааг дангаар эзэмшиж буй Х ХХК нь Б ГХОХХК болон О.Т нараас 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр тус компанийн хувьцааг шилжүүлэн авах замаар компанийн эрх болон 1359 м.кв газрын эзэмших эрхийг өөртөө шилжүүлэн авч, өнөөдрийг хүртэл Архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулж, түүний дагуу 2023 онд И ХХК-аар загвар зургийг хийлгэн батлуулж холбогдох техникийн нөхцөлүүдийг авч, улмаар З ХХК-аар барилгын ажлын зургийг гүйцэтгүүлэн экспертизээр батлуулж барилга барих төслийг эхлүүлэхээр ажиллаж байна. Энэ хугацаанд бидний зүгээс их хэмжээний хөрөнгийг барилга барих төсөлд зарцуулсан бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож буй шийдвэрийн улмаас бид цаг хугацаа, хөрөнгө мөнгөөр хохирох нөхцөл байдалд хүрч байна.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална, 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах гэж заасан ба Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно гэж хуульд тайлбарласан ба манай компанийн хууль ёсны дагуу М ХХК-ийн хувьцаа болон газрыг шилжүүлэн авч, барилгын төслийн ажлыг эхлүүлэхээр шат дараалан ажлуудыг хийж гүйцэтгэж, их хэмжээний хөрөнгө зарцуулсан бидний хууль ёсны итгэл хамгаалагдах ёстой байтал үндэслэлгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосонд гомдолтой байна.
3. Иймд Нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/27 дугаартай захирамжийг хүчингүй болгож эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү гэв.
4. Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох шаардлагын тухайд. Нэхэмжлэгч М ХХК-аас, Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Соос шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Манай М ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/952 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 1 дугаартай газрыг контор, орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшдэг. Тус газартаа зориулалтын дагуу конторын барилга барих төслийг эхлүүлэхээр 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр батлагдсан ГБМЗХ2020/01-038 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу 2023 онд И ХХК-аар загвар зургийг хийлгэн батлуулж, холбогдох техникийн нөхцөлүүдийг авч, улмаар З ХХК-аар барилгын ажлын зургийг гүйцэтгүүлэн экспертизээр батлуулсан. Гэвч Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Захиргааны акт хүчингүй болгох тухай А/40 дугаар тушаалаар манай компанийн эзэмшил газарт олгосон ГБМЗХ2020/01-038 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2023 оны Загвар зургийг Хотын стандарт, хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 02-13-01/025/198 дугаартай дүгнэлтийн дагуу хүчингүй болгосныг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна.
4.1. Хууль ёсны байх зарчмыг хангаагүй болох нь. Үндсэн хуулийн 1.2-т Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, Захиргааны ерөнхий хуулийн 4.1-д Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ, 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална гээд 4.2.1-д хуульд үндэслэх гэж тус тус заасны дагуу захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэсэн байх буюу захиргааны байгууллагад захиргааны акт гаргах болсон эрх зүйн үндэслэл байх ёстой. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 40.2-т Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна гээд 40.2.3-т захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах, 40.3-т Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана, 40.4-т Захиргааны актал тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана, 40.2.5-д захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах гэж тус тус заасан.
Маргаан бүхий захиргааны акт буюу Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2023.12.07-ны өдрийн Захиргааны акт хүчингүй болгох тухай А/40 дугаар тушаал нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67.51, Захиргааны ерөнхий хуулийн 98.1.2, Газрын дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг үндэслэсэн байна. Эндээс үзвэл уг тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 40.2.3, 40.2.5, 40.3, 40.4-т заасан буюу бичгээр гарах захиргааны актад тавигдах шаардлагад нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, Хот байгуулалт, хөгжлийн газрын даргад хүчин төгөлдөр үйлчилж буй ямар хууль тогтоомжоор Архитектур төлөвлөлтийн даалгавар, Загвар зургийг хүчингүй болгох эрх хэмжээ олгогдсон болох нь тодорхойгүй байх ба аливаа төрийн байгууллага, албан тушаалтанд хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглодог нь нийтээр хүлээн зөвшөөрсөн эрх зүйт төрийн үндсэн зарчим юм.
4.2. Шийдвэр гаргах ажиллагаанд тавигдах эрх зүйн шаардлагыг хангаагүй болох нь. Захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд судлан тогтоох зарчим баримтлах ёстой. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж заасны дагуу хэрэгждэг.
Хотын стандарт, хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 02-13-01/025/198 дугаартай дүгнэлтээр дараах дүгнэлтийг хийсэн. Үүнд Барилга хот байгуулалтын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаар тушаалаар батлагдсан Эмнэлгийн зориулалттай барилга төлөвлөх /БНбД 31-22-21/-ийн хавсралт А-ын палатны болон унтлагын корпусуудаас орон сууц, олон нийтийн барилга, гудамжны улаан шугам хүртэл 30 м байх заалт. Мөн тус барилга нь туслах замаас 10-12 метрт байрлаж байгаа нь Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм /БНбД 30.01.04/-ийн 6.19 дэх заалт. Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ байхгүй байгаа нь Барилгын тухай хуулийн 4.1.15, 26, 27, 28, 29 дүгээр зүйл, Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолоор батлагдсан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох журам-д тус тус нийцэхгүй байна.
4.3. Дээрх дүгнэлтээр барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр барилгын суурийн цутгалтыг хийсэн гэж буруутгадаг. М ХХК нь нэгж талбарын 1 дугаартай 1359 м.кв газрыг 2011 жил эзэмшиж эхэлсэн бөгөөд тус компанийн хувьцааг Х ХХК нь 2022 оны 03 дугаар сард худалдан авч үйл ажиллагаагаа явуулж байна. Манай компанийг тухайн газрыг эзэмшиж эхлэхэд тус газар хуучин барилгын суурь 10 гаруй жил болсон байсан ба Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/295 дугаар захирамжийн хавсралтаар батлагдсан хот төлөвлөлтийн болон барилгын норм дүрмийн шаардлагад нийцээгүй 22 иргэн, хуулийн этгээдийн барилга, байгууламжийн жагсаалтад багтаж, буулгах, нураах шаардлагатай байсан тул бид 2023 оны 07 дугаар сард тухайн барилгын суурийг нураасан. Үүний улмаас Улсын нэгдүгээр төв эмнэлгийн авто зогсоолын зүүн талаас эрэг нурах эрсдэлтэй нөхцөл үүсэж, мөн авто зогсоолоос гарах хэсгийн замын эрэг нурж эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тул өөрсдийн хөрөнгөөр нэг сар гаруй хугацаанд эргийн хамгаалалт, хэвийн байдалд оруулж, мөн эргийн хамгаалалтыг хүчитгэх зорилгоор барилгын суурийн бетон цутгалтыг хийсэн болно. Гэвч Хот байгуулалт, хөгжлийн газраас дээрх нөхцөл байдлыг судлан тогтоолгүй, биднийг зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлсэн гэж үзэж архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй. Энэ талаар бид Нийслэлийн Засаг даргад гаргасан гомдолдоо дурдсан хэдий ч мөн л тухайн нөхцөл байдлыг харгалзан үзээгүй болохыг дурдах нь зүйтэй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална гээд 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах гэж заасан ба Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно гэж хуульд тайлбарлажээ. Манай компани хууль ёсны дагуу хувьцаа болон газрыг авч, тус газартаа зориулалтын дагуу конторын барилга барих төслийг эхлүүлэхээр 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр батлагдсан ГБМЗХ2020/01-038 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу 2023 онд И ХХК-аар загвар зургийг хийлгэн батлуулж, холбогдох техникийн нөхцөлүүдийг авч, улмаар З ХХК-аар барилгын ажлын зургийг гүйцэтгүүлэн экспертизээр батлуулж шат дараалан ажлуудыг хийж гүйцэтгэж, их хэмжээний хөрөнгө зарцуулсан. Энэ нь М ХХК-ийн хууль ёсны газар, тухайн газарт барилга барих боломжтойг илэрхийлсэн эрх бүхий этгээдүүдийн хууль ёсны шийдвэр, магадлалд (батлагдсан Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг гэх мэт) үндэслэж хөрөнгө оруулсан. Гэвч өөрсдийн гаргасан шийдвэрээ гэнэт үгүйсгэж бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож буйд гомдолтой байна. Өмнөх нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсанчлан М ХХК нь 2022 онд тухайн газрыг худалдаж авснаас хойш их хэмжээний хөрөнгө оруулалтыг хийсэн. Энэхүү Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг хүчингүй болгосноор М ХХК нь тухайн хөрөнгө оруулалтаар хохирох эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж байна.
5. Иймд, Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/40 дугаар тушаалыг хүчингүй болгож эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү... гэв.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг хүлээж аваад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлэх журмаар гомдлыг тухай бүрд нь гаргасан. Энэ нь нэхэмжлэлд хавсаргагдсан байгаа. Гомдолд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 03/803 дугаартай албан бичгээр хариу өгсөн. Нэгэнт урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн учраас захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл хууль бус болоод дээрээс нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох шийдвэр гаргах талаар хууль тогтоогч хуульчилсан. Тэгэхээр захиргааны актыг хууль бус гэж үзэж байгаа үндэслэл болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдөж байгаа вэ, энэ нь яаж тогтоогдож байгаа вэ гэдэг агуулгын хүрээнд тайлбарлана.
6.1. Маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон Нэгжийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар Нийслэлийн Засаг дарга хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана гэж заасан. Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 35.1.6, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.2 дахь заалтыг үндэслэсэн. Өөрөөр хэлбэл, шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа үндэслэл нь хууль хэрэглээ зөв, буруу байсан эсэхээс эхэлнэ. Бидний сайн мэдэж байгаачлан Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх заалт нь газар эзэмших эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх зохицуулалт байгаа. 35.1.6 дахь заалт нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлгүйгээр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно гэсэн заалт байгаа. Агуулгаас нь харахаар ямар этгээдэд шилжүүлсэн гэдэг үйл баримтыг тогтооно гэдгийг хариуцагч нотлох ёстой мэтээр харагдаж байгаа. Харамсалтай нь энэ мэдэгдэл болон хариу тайлбарууд дээр хэнд, хэрхэн яаж шилжүүлсэн, тэр үйл баримт нь ямар байдлаар тогтоогдсон, үүнтэй холбоотой ямар ажиллагааг захиргааны байгууллагаас Захиргааны ерөнхий хууль тогтоомжид нийцүүлэн хийсэн бэ гэдэг үйл баримт нь харагдахгүй байгаа. Үүнтэй холбоотой нэг ч тайлбар хэлж байгаагүй гэдгийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгайлан тусгуулах хүсэлттэй байна.
6.2. Маргааны зүйл болж байгаа улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэсэн гэж байгаа мөртөө Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон гэсэн хуулийн зүйл заалт дээр жишээ нь, эрх бүхий байгууллагын дүгнэлт нь юу байв, ямар дүгнэлтийг тухайлан зааж нэрлэж хэрэглээд байгаа вэ гэдэг нь ойлгомжгүй. Маргаан бүхий захиргааны актад үндэслээд байгаа барилгатай холбоотой дүгнэлт байгаа. Энэ дүгнэлтээс дүгнэлт яагаад гарах болов гэдэг дээр шүүх бүрэлдэхүүн анхаараасай гэж хүсэж байна.
Хамгийн анх 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн удирдах ажилтны зөвлөгөөн дээр Нийслэлийн Засаг дарга Х.Н 1 дүгээр эмнэлгийн газрыг өмчилж аваад дээрэмдээд гуравдагч этгээдэд олгочихлоо. Энэ асуудал сошиалд маргаан дэгдээж байгаа учраас үүнийг Авлигатай тэмцэх газарт шалгуулна гэж мэдэгдээд, энэ мэдэгдэл дээрээ тухайн газрыг цуцална, цуцлах захирамжийн төслийг танилцуулж байна гээд захирамжийн төслийг шууд 10 дугаар сарын 30-ны өдөр танилцуулсан. Энэ бол ubn.mn веб сайт дээр байгаа. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын өөрийнх нь албан ёсоор эрхлэн гаргадаг хэвлэл мэдээллийн сайт дээр гарчихсан байдаг. Үүний дараа 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр /амралтын өдөр/ Нийслэлийн Засаг дарга Х.Н 1 дүгээр эмнэлгийн газар дээр очоод мэдээлэл хийсэн. Тухайн мэдээлэл нь эмнэлгийн газраас эвдлээд орон сууцны барилга барих гэж байна. Энэ барилга дээр ийм том зогсоол байхгүй. Дээрээс нь энэ өвчтэй хүмүүс эмчлүүлдэг газар хүн амын төвлөрөл үүсгэх нь буруу 6,000-8,000 хүний өдөр тутмын хөдөлгөөн байдаг гэж хэлсэн. Маргаан бүхий захиргааны акт 2024 оны 01 дүгээр сард гарахаас 2 сар гаруй хугацааны өмнө захирамжийнхаа төслийг танилцуулаад, энэ талаар иргэдэд албан ёсоор мэдээлэхдээ Нийслэлийн Засаг даргын албан ёсны цахим сүлжээн дээр мэдэгдсэн. Үүнд хоёр үндэслэл буюу орон сууц барих нь буруу, зогсоолын асуудал байхгүй, эмнэлгийн ажилчдаас энэ асуудлыг булааж авлаа гээд, газрын асуудал хариуцсан даргадаа үүрэг болгоод, энэ асуудлыг судлаад эдний газрыг цуцлах шийдвэр гарга гэдэг шийдвэр гаргасан.
Эхлээд Нийслэлийн Засаг дарга хууль тогтоомжид нийцээгүй байдлаар, амаар энэ шийдвэрийг гаргаад, араас нь төрийн байгууллага нөхөж хөөх ажиллагаануудыг хийсэн. Энэ хавтаст хэрэгт тухай бүрд нь баримтаар авагдчихсан байгаа. Хамгийн анх Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Хотын стандарт, хяналтын газраас М ХХК 14 давхар барилгын төлөвлөлтийн байдал болон холбогдох баримт бичиг нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Барилгын тухай, Хот байгуулалтын тухай хууль болон тэдгээртэй нийцэн гаргасан дүрэм журам, стандартад нийцэж байна уу гээд Барилга хяналтын улсын ахлах байцаагчийг ажиллуулаад, н.Г гэж хүн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-ны өдөр ажиллаад, 11 дүгээр сарын 16-ны өдрөө 02-13-01/025/198 дугаартай төлөвлөлтийн тухай гэсэн дүгнэлтийг явуулдаг. Тухайн дүгнэлтийг хүлээж авсан Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга энэ мэдээллийг Нийслэлийн Засаг дарга уламжлаад явж байгаа. Гэтэл нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироочхоод байгаа маргаан бүхий актад заасан хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан үйл баримтыг тогтоосон баримт байгаагүй. Нэгдүгээрт, батлагдсан Архитектур төлөвлөлтийн даалгаварт 550 метр байна. Үүнээс 98 м.кв-аар газрыг томруулчихжээ гэдэг үндэслэл хэлдэг. Хоёрдугаарт, эмнэлгийн хэвтэх палатнаас 30 метр зайтай байх ёстой. Гэтэл эднийх 30-аас дотогшоо орчихсон байна. Гуравдугаарт, олон нийтийн замаас авагдах ёстой зай талбайн хэмжээнд хүрэхгүй байна гэдэг гурван үндэслэлийг л дурдсан. Харин энэ үндэслэлд хүн амын эрүүл мэндтэй холбоотой болон түрүүн дурдаад байгаа үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан үйл баримтыг дурдсан нэг ч баримт байхгүй.
6.3. М ХХК-д газрын эрх нь хэзээ яаж үүсээд, хэрхэн дамжаад яваад байгаа вэ гэдэг энэ баримт хавтаст хэрэгт байгаа. Гэхдээ шууд тухайн баримт нь байхгүй. Шүүхээс авах ажиллагаа хийсэн. 2 удаа нотлох баримт цуглуулсан. Өнөөдөр шүүх хуралдаанаар хариуцагч илүү баримт байхгүй гэж тайлбарласныг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулмаар байна. Учир нь анх 1999 онд иргэний нэр дээр энэ газар эзэмших эрх нь үүссэн. Энэ иргэн тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Газрын тухай хууль болон холбогдох норм дүрэм журамд нийцсэн ажиллагаануудыг хийгээд газрынхаа эрхийг хадгалж явж байгаад, 2011 онд өөрийнхөө 100 хувь эзэмшиж байсан газраа М ХХК уруу шилжүүлсэн. 2011 онд М ХХК уруу шилжүүлэхээсээ өмнө 2005 онд тухайн үедээ мөрдөгдөж байсан дүрэм журмынхаа дагуу газрынхаа Архитектур төлөвлөлтийн даалгаврыг аваад, суурийн ажил хийж байсан. Суурь зоорины ажил хийгдээд, цаашаа яваагүй. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/952 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг дахиад олгосон. Өнөөдрийг хүртэл энэ захирамж хүчинтэй явж байтал Нийслэлийн Засаг дарга 2024 оны 01 дүгээр сард маргаан бүхий захирамжаар газрын эрхийг цуцалсан. Тэгэхээр Монгол Улсад байгаа төрийн байгууллагын шийдвэр, төрийн байгууллагын бүртгэл, хяналтыг ямар ч иргэн, аж ахуйн нэгж үнэн зөв гэж ойлгож, дагаж мөрддөг. Энэ бол Үндсэн хуулиар хүлээсэн иргэний байгууллагын үүрэг. Нөгөө талаасаа хууль ёсны байх зарчмыг хэрэгжүүлж байгаа төрийн байгууллагын бас үүрэг. Гэтэл 24 жилийн түүхтэй энэ газрын эрхийг нийтийн ашиг сонирхол болон үндэсний аюулгүй байдалд харшаар нөлөөлсөн гээд цуцалж байгаа үндэслэл нь нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах гол шалтгаан болоод байна. Энэ талаар үйл баримт байхгүй.
6.4. Мөн Нийслэлийн Засаг дарга Х.Нын маргаан бүхий захиргааны акт дээр дурдаагүй ч олон нийтэд удаа дараа хэлээд байгаа нөхцөл байдал нь гэнэт үүсчихсэн үйл баримт биш. Өнөөдрийг хүртэл 24 жилийн хугацаанд газрын эрх нь энэ этгээдэд үүсчихсэн. Өөрөөр хэлбэл, өөр хэн нэгэн этгээдийн эрх энэ газар дээр байгаагүй гэсэн үг. Тухайн газар дээр ийм хэмжээтэй барилга байгууламж барья гэдэг Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг Улаанбаатар хотын Ерөнхий архитектур буюу Хот байгуулалт, хотын стандартын газрын дарга баталсан.
М ХХК-ийн хувьцааг шилжүүлж авсан этгээдүүд маань гадаад этгээдүүдээс энэ компанийн хувьцааг шилжүүлж аваад, улсын бүртгэл, бүх ажиллагаа нь үнэн зөв юм байна гээд 2 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Энэ бүх үйл баримт, санхүүгийн тооцоо, анхан шатны баримт, банкны хуулга, гүйлгээний утга зэргийг нэг хавтаст хийгээд нотлох баримтаар өгсөн. Нийт 265 хуудас баримт байгаа. Өөрөөр хэлбэл, цаанаа төрд итгэж найдаад, алдаагүй шийдвэр гаргаж байгаа учраас энд контор, оффис барих нь зөв юм байна гээд 2 тэрбум гаруй төгрөгийг хөрөнгө оруулалт хийсэн. Өнөөдөр шүүхэд гаргаж өгсөн баримт дээр Нийслэлийн Засаг дарга Х.Нын хэлээд байгаа шиг орон сууц төлөвлөгдөөгүй. Энэ 1-6 давхарт нь эмнэлэг, дээшээ оффис, контор, 14 давхарт нь нийтийн хоолны газар буюу рестораны үйл ажиллагаа явуулах зорилгоор зураг төслийг өөрчилж өгсөн. Хүн амьдраад байхгүй. Нөгөө талаасаа 1 дүгээр эмнэлгийн үйлчлүүлэгчдээ илүү тав тухтай нөхцөл байдалд оруулах, хувийн лабораториудыг үүсгэх, цаанаа иргэн, хүн ам уруу чиглэсэн бизнес байж ашигтай болно. Ингээд явж байтал ийм хууль бус шийдвэр гаргаад үндэслээд байгаа 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заалтыг тогтоосон эрх бүхий байгууллагын дүгнэлт гараагүй байж байтал газрын эрхийг цуцалж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзээд байгаа юм.
6.5. Маргаан бүхий захиргааны актад үндэслээд байгаа төлөвлөлтийн тухай Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 02-13-01/025/198 дугаар дүгнэлтэд тухайн дүгнэлт гаргасан этгээдэд гомдол гаргаад, мөн дээд шатны байгууллагад нь гомдол гаргаад явж байтал Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг нь хүчингүй болчихсон. Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг дээрээ гомдол гаргаад, маргаад явж байтал газрын эрх нь хүчингүй болчхож байгаа юм. Газрын эрх нь хүчингүй болчихсон учраас шийдвэр гаргаад байгаа эрх бүхий гээд захиргааныхаа акт дээр дурдаад байгаа Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 02-13-01/025/198 дугаар дүгнэлт дээр маргах ямар ч боломжгүй болчхож байгаа юм. Яагаад гэвэл, хариу өгье гэхээр газрынх нь эрх нь хүчингүй болчихсон гэсэн баримт авагдлаа гээд, сүүлдээ дүгнэлттэйгээ маргах боломжгүй болоод байгаа юм. Зүй нь Газрын тухай хуульд заасны дагуу мөн хавтаст хэрэгт баримтаар авагдсан Нийслэлийн Засаг дарга болон М ХХК нарын хооронд байгуулагдсан газар эзэмших гэрээ байгаа юм. Энэ гэрээний 5 дугаар зүйлийн 5.3, 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт шүүхээр маргалдах нөхцөл байдал гэдгийг талууд тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, газрыг нэг талаасаа эрх бүхий этгээд олгоод байгаа боловч нөгөө талдаа гэрээний үндсэн дээр талууд тэгш байдлаар энэ газрыг эзэмшсэнээр ямар үүрэг үүсгэх вэ, эзэмшүүлснээр нөгөө талд нь ямар үүрэг үүсгэх вэ гээд гэрээгээр тохиролцдог харилцаа. Хэрвээ норм дүрэм буюу үндэслэл болгоод байгаа барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 02-13-01/025/198 дугаар дүгнэлтэд заагдаад байгаа ажиллагаа буруу байна гэвэл гэрээнийхээ дагуу энэ буруу байгаа учраас танайх засаж залруулах ёстой гэдэг мэдэгдлийг өгөх ёстой байсан. Мэдэгдлийг аваад энэ байгууллага дүгнэлт нь үндэслэлтэй эсэх, загвар зургийг өөрчлөх эсэх дээр шийдвэр гаргах боломж нь байж байтал загвар зураг, Архитектурыг төлөвлөлтийн даалгавар зэрэг бүх баримт бичгүүдийг эрх бүхий байгууллага нь баталж явж байснаа одоо цуцаллаа гэдэг шийдвэр гаргаж байгаад л миний үйлчлүүлэгч гомдолтой байгаа. Тэгэхээр би хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хариу тайлбар хэлэхдээ энэ хоёр үйл баримтыг дурдаад өгөөч ээ гэж хүсмээр байна. Нэгдүгээрт нь, Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 02-13-01/025/198 дугаар төлөвлөлтийн тухай дүгнэлтээс өөр хүн амын эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдалд байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан эрх бүхий байгууллагын дүгнэлт байвал тэр дүгнэлт нь ямар утга агуулга илэрхийлэгдэж байгаа юм бэ. Хоёрдугаарт нь, энэ нөхцөл байдал чинь газрын эрхийг хүчингүй болгох шууд үр дагавар үүсгэх нөхцөл байдал мөн юм уу, үгүй юм уу, хэрвээ мөн гэж үзсэн юм бол яагаад тэгж үзсэн бэ, тэр талаарх ямар баримт ажиллагаануудыг хийсэн юм. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулиас зугтааж байгаа нэг агуулга л харагдаад байгаа юм. Хүн амын эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг байх юм бол сонсох ажиллагаа хийлгэхгүй буюу энэ баримтад үнэлэлт дүгнэлт өгөхгүй шийдвэр гаргах боломжийг хууль тогтоогч олгосон. Гэхдээ энэ хууль тогтоомж бол зөв, ийм байх ёстой. Харин захиргааны байгууллага буюу хариуцагч этгээд маань үүнийг хэт явцууруулж ойлгоод, ямар ч хамааралгүй асуудлуудыг энд оруулж ийм хууль зүйн үндэслэлээр шийдвэр гаргаж байгаа нь буруу байна... гэв.
7. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч М ХХК-аас Нийслэлийн засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/27 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй танилцаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тухай дараах хариу тайлбарыг гаргаж байна.
7.1. М ХХК-ийн газар эзэмшлийн талаар:
7.1.1. Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 278 дугаар Барилгын байршил тогтоож, газар эзэмшүүлэх эрх олгох тухай захирамжаар 450 м.кв талбай бүхий газрыг эмнэлгийн тоног төхөөрөмж, засварын газрын барилгын зориулалтаар 2 жилийн хугацаатайгаар Улсын клиникийн төв эмнэлэгт эзэмшүүлэн нэгж талбарын 6 дугаартай бүртгэсэн байна.
7.1.2. Нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183 дугаар Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай захирамжаар Улсын клиникийн төв эмнэлгийн эзэмшлийн нэгж талбарын 6 дугаартай 450 м.кв талбай бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж, засварын газрын барилгын зориулалттай газрын эзэмших эрхийг Ж ХХК-д шилжүүлэн, газар эзэмших эрхийн 0******* дугаартай гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгосон байна. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар төрийн байгууллага нь газар эзэмших эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхгүй.
7.1.3. Нийслэлийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 363 дугаар Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай захирамжаар нэгж талбарын 6 дугаартай 450 м.кв талбай бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж, засварын газрын барилгын зориулалттай Ж ХХК-ийн газрын эзэмших эрхийг иргэн Г.Ст шилжүүлж, газар эзэмших эрхийн 0220700 дугаартай гэрчилгээг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.
7.1.4. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 204 дүгээр Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай захирамжаар нэгж талбарын 6 дугаартай 450 м.кв талбай бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж, засварын газрын барилгын зориулалттай газрын зориулалтыг контор, орон сууцны зориулалттай болгож өөрчлөн, эзэмшил газрын талбайн хэмжээг 1360 м.кв болгон нэмэгдүүлж, газар эзэмших эрхийн 0 дугаар гэрчилгээг иргэн Г.Ст 5 жилийн хугацаатай олгосон байна.
7.1.5. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 37 дугаар Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэн, талбай, зориулалт өөрчлөх тухай захирамжаар нэгж талбарын 6 дугаартай 1359 м.кв газрын эзэмших эрхийг иргэн Г.Сээс М ХХК-д шилжүүлж, газар эзэмших эрхийн 0 дугаартай гэрчилгээг 5 жилийн хугацаатайгаар олгосон байна.
7.1.6. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/519 дүгээр Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай захирамжаар нэгж талбарын 186433 дугаар бүхий газрын эзэмших эрхийг 2 жилийн хугацаатайгаар сунгаж, газар эзэмших эрхийн 000 дугаар гэрчилгээ олгосон байна.
7.1.7. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/952 дугаар Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилийн хугацаатайгаар дахин сунгаж нэгж талбарын дугаарыг 1 болгон өөрчилж, газар эзэмших эрхийн 0003******* дугаартай гэрчилгээг олгосон байна.
7.2. М ХХК нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1 дугаар бүхий 1359 м.кв газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмших, ашиглах болон гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэхгүй байгаагийн улмаас мэргэжлийн байгууллагуудаас дараах дүгнэлтүүдийг гаргасан байдаг.
7.2.1. Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 02-03/3730 дугаар дүгнэлтийн талаар. Улсын клиникийн төв эмнэлгээс Ж ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхдээ нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, нэгж талбарын хувийн хэрэгт байхгүй байгаа нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1 дэх (нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ) заалт. М ХХК нь эзэмшсэн газартаа үйл ажиллагаа явуулаагүй, хог хаягдал ихээр үүсгэсэн нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1 дэх (гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах) заалт, 35.3.1 дэх (газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх) заалт, Мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 дэх (газрын төлөв байдал, чанарыг хадгалах, байгалийн аясаар болон хүний үйл ажиллагааны улмаас хөрсний үржил шим буурах, газрын ургамлын бүрхэвч талхлагдах, хөрс элэгдэх, эвдрэх, хуурайших, намагжих, давсжих, бохирдох, хордохоос сэргийлэх арга хэмжээг өөрийн зардлаар хариуцах) заалт, Эрүүл ахуйн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8 дахь (...хог хаягдлыг ил задгай хаях...) заалт, Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.10 дахь (энэ хуулийн 9.4.12-т заасан нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас, мөсийг цэвэрлэх) заалтуудыг тус тус зөрчсөн байна гэх дүгнэлт гарсан.
7.2.2. Хотын стандарт, хяналтын газрын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн улсын ахлах 02-13-01/025/198 дугаар дүгнэлтийн талаар. Хяналт шалгалтын буюу дүгнэлт гаргах үед барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр зоорины давхар болон 1 давхрын төмөр бетон цутгалтыг хийж зогссон байдалтай байв. Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ГБМЗХ2020/01-038 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг контор, орон сууцны зориулалтаар нийт 1359.0 м.кв-аас 550.0 буюу 40.4 хувьд барилгажихаар баталж, зураг төслийн И ХХК-д боловсруулсан М ХХК-ийн конторын барилга нэршилтэй загвар зургийг 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр баталсан байна. Дээрх батлагдсан зураг төслийн тайлбар хэсэгт үйлчилгээний орцыг зүүн талаас, конторын орцыг хойд талаас буюу Нэгдүгээр эмнэлгийн талаас орохоор төлөвлөсөн талаар тусгасан ба нийт 1755 ширхэг суудалтай, 29708 м.кв эзлэхүүнтэй, 533 м.кв барилгажна гэж тусгасан боловч нийт тэнхлэгээрээ 36.0х18.0 хэмжээтэй, 648 м.кв байгаа нь анх олгогдсон ГБМЗХ2020/01-038 архитектур төлөвлөлтийн даалгавраар олгогдсон хэмжээ /550 м.кв/-ээс 98 м.кв-аар нэмэгдүүлсэн байна.
Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 01 дүгээр сарын сарын 14-ний өдрийн 03 дугаар тушаалаар батлагдсан Эмнэлгийн зориулалттай барилга төлөвлөх /БНбД 31-22-21/-ийн Хавсралт А (заавал мөрдөх)-ын (Эмнэлгийн байгууллагын барилгууд ба бусад барилгуудын хоорондох зай хэмжээ) палатны болон унтлагын корпусуудаас Орон сууц, олон нийтийн барилга, гудамжны улаан шугам хүртэл 30 метр байх заалт, Мөн тус барилга нь туслах замаас 10-12 метрт байрлаж байгаа нь Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм /БНбД 30.01.04/-ийн 6.19 дэх (Гол гудамж, зам зорчих хэсгийн ирмэгээс барилгажилтын улаан шугам хүртэлх зай 50 метрээс багагүй байна) заалт, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ байхгүй байгаа нь Барилгын тухай хуулийн 4.1.15, 26, 27, 28, 29 дүгээр зүйл, Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолоор батлагдсан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох журам-д тус тус нийцэхгүй байна гэх дүгнэлт гарсан.
7.2.3. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын улсын байцаагчийн дүгнэлт. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2023 оны 1/2672 дугаар албан бичгээр төрийн өмчийн газрыг бусдад шилжүүлэхдээ төрийн өмчөөс хассан тогтоол гарсан эсэх талаар тодруулга, лавлагаа авахад Улсын Клиникийн төв эмнэлгээс газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх асуудлаар зөвшөөрөл олгоогүй тухай 2023 оны А-1/2401 дугаартай албан бичгээр хариу ирүүлсэн байна.
Нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183 дугаар Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай захирамжаар Улсын клиникийн төв эмнэлгийн эзэмшлийн нэгж талбарын 1 дугаартай 450 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг анх Ж ХХК-д шилжүүлсэн байгаа нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийг зөрчсөн байх бөгөөд ийнхүү шилжүүлсэн гэрээ, хэлцэл байхгүй байгаа нь газар шилжүүлсэн гэх асуудал өөрөө хууль зөрчсөн болох нь тогтоогдож байна. Түүнчлэн нэхэмжлэгч М ХХК нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1 дугаартай 1359 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх заалт, 35.1.6 дахь заалт, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт болон Газар эзэмшүүлэх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй нь мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр тогтоогдсонтой холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын зүгээс 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/27 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжаар хүчингүй болгон газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн.
8. Ийнхүү эрх бүхий мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг үндэслэн газрын эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий захиргааны акт тул хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтын дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
9. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
9.1. Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 278 дугаартай барилгын байршил хэсгийг тогтоож, газар эзэмшүүлэх эрх олгох захирамжаар 450 м.кв талбай бүхий газрыг эмнэлгийн тоног төхөөрөмж, засварын газрын барилгын зориулалтаар 2 жилийн хугацаанд Улсын төв клиник эмнэлэгт эзэмшүүлж, нэгж талбарын дугаарт бүртгэсэн. Үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 183 дугаартай газар эзэмшүүлэгч түр баталгаажуулах тухай захирамжаар Улсын клиник төв эмнэлгийн эзэмшлийн нэгж талбарын дугаар 450 м.кв талбай бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж, засварын газрын барилгын зориулалтаар газар эзэмших эрхийг Ж ХХК-д эрх шилжүүлж, газар эзэмших эрхийг гэрчилгээ 5 жилийн хугацаагаар олгож шийдвэрлэсэн байдаг. Ингэхдээ Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2 дахь заалтыг зөрчсөн гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа. Анхнаасаа Улсын клиник төв эмнэлгийн зүгээс Ж ХХК-д шилжүүлэхдээ холбогдох хууль тогтоомжийг зөрчиж газрын эрхийг шилжүүлжээ.
Нийслэлийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 363 дугаартай газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн баталгаажуулах тухай захирамжаар 450 м.кв газрыг эмнэлгийн тоног төхөөрөмж, зориулалттай газрыг Ж ХХК-ийн газар эзэмших эрхийг иргэн Г.Ст шилжүүлэх, газар эзэмших эрхийн 0220700 дугаартай гэрчилгээг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байдаг. Мөн адил ингэж шилжүүлэхдээ Газрын тухай хуулийн холбогдох заалтыг анхнаасаа зөрчсөн байгаа учраас боломжгүй байсан гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа.
Нийслэлийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 204 дүгээр газар эзэмшүүлэх, ашиглуулах талбайн зориулалт, байршил өөрчлөх захирамжаар 450 м.кв талбай бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж, засварын газрын барилгын зориулалттай газрын зориулалт, конторын хэмжээг 1,360 м.кв болгон нэмэгдүүлж, газар эзэмших эрхийг иргэн Г.Ст 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2011 онд 01 дүгээр сарын 17-ны өдрийн 37 дугаар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэн талбай зориулалт өөрчлөх тухай захирамжаар нэгж талбарын 60200105 дугаартай 1,359 м.кв газрыг иргэн н.Сээс М ХХК-д эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж, 5 жилийн хугацаатай эзэмших эрх олгогдсон. Үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 519 дүгээр газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах захирамжаар М ХХК-ийн газар эзэмших эрхийг 2 жилийн хугацаатай сунгасан. Үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/952 дугаар захирамжаар М ХХК-ийн газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж шийдвэрлэсэн байна.
9.2. М ХХК Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 146 дугаар бүхий 1,359 м.кв газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах болон гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлээгүй байгаа улмаас мэргэжлийн байгууллага дараах дүгнэлтийг гаргасан. Үүнд Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 02033730 дугаартай дүгнэлтийг гаргасан. Энэ дүгнэлтийг гаргахдаа Улсын төв клиник эмнэлгээс Ж ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлэхдээ нотариатаар гэрчлүүлсэн гэрээ, нэгж талбарын хувийн хэрэг байхгүй байгаа нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1-т заасныг зөрчсөн. Мөн М ХХК нь эзэмшил газартаа үйл ажиллагаа явуулаагүй, хог хаягдал ихээр үүсгэж байгаа нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-т заасан гэрээнд заасан зориулалтын дагуу газар эзэмших, ашиглах, 35 дугаар зүйлийн 35.3.1 гэх заалтыг зөрчсөн. Мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т зааснаар газрын төлөв байдал, чанарыг хадгалах, байгалийн аясаар болон хүний үйл ажиллагааны улмаас хөрсний үржил шим буурах, газрын ургамлын бүрхэвч талхлагдах, хөрс элэгдэх, эвдрэх, хуурайших, намагжих, давсжих, бохирдох, хордохоос сэргийлэх арга хэмжээг өөрийн зардлаар хариуцах, мөн Эрүүл ахуйн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8-т зааснаар хог хаягдал ил задгай хаях, Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.10 дахь заалтыг зөрчсөн байна гээд Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2019 онд дүгнэж шийдвэрлэсэн.
Хотын стандарт, хяналтын газрын улсын байцаагчийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 02-13-01/025-198 дугаар хяналт шалгалтын дүгнэлт гарах үед барилгын ажлын зөвшөөрөлгүйгээр зоорины болон нэг давхрын төмөр бетон цутгамлыг хийж тус барилга зогссон байдалтай байсан. Хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 38 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг орон сууцны зориулалтаар 1,359 м.кв талбайгаас 550 буюу 40,4% барилгажихаар баталж, зураг төслийг Э ХХК-д боловсруулан М ХХК-ийн конторын барилга нэршилтэй загвар зураг 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан. Барилгын зургийг 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан хэрнэ 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Хот байгуулалтын улсын байцаагчийн дүгнэлтээр Архитектур төлөвлөлтийн даалгавар олгохоос өмнө зөвшөөрөгдсөн буюу газар эзэмших эрх олгогдсон талбай дээр барилга байгууламж зөвшөөрөлгүйгээр эхлүүлчихсэн ийм дүр зураг харагдаж байгаа. Үүний дараа дээрх батлагдсан зураг төслийн тайлбар хэсэгт үйлчилгээний орцыг зүүн талаасаа конторын орцыг хойд талаас буюу 1 дүгээр эмнэлгийн талаас орохоор төлөвлөгдсөн талаар тусгагдсан ба нийт 1,755 ширхэг суудалтай, 29,708 м.кв эзлэхүүнтэй, 533 м.кв барилгажна гэж тусгагдсан боловч нийт тэнхлэгээрээ 30*18 хэмжээтэй 648 м.кв байгаа нь анх олгогдсон хэм хэмжээнээс буюу 550 м.кв-аас 98 м.кв-аар нэмэгдүүлсэн байна. Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаар тушаалаар батлагдсан эмнэлгийн зориулалттай барилга төлөвлөх 30-22 хавсралтын эмнэлгийн байгууллагын барилгууд нь бусад барилгуудын хоорондох зай хэмжээ, палатны блок, уналтын корпусуудаас орон сууц, нийтийн барилга, гудамжны улаан шугам хүртэл 30 метрт байх заалт, барилгын туслах замаас 10-12 метрт байрлаж байгаа нь хот тосгоны төлөвлөлтөд баталгаажсан норм дүрмийн 6 дугаар зүйлийн 6.19 дэх заалт, барилгын ажлын зөвшөөрөл, гэрчилгээ байхгүй байхад Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15, 26, 27, 28, 29 дүгээр заалт, Засгийн газрын 2021 оны 203 дугаар тогтоолыг тус тус зөрчсөн байна гэж Хотын стандарт, хяналтын газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлт гарсан.
Мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын улсын байцаагчийн дүгнэлтээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2023 оны 1/202672 дугаар албан бичгээр Төрийн өмчийн газраас бусдад шилжүүлэхдээ төрийн өмчөөс хассан тогтоол гарсан эсэх талаар тодруулга, лавлагаа авахад Улсын клиникийн төв эмнэлгээс газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх асуудлыг зөвшөөрөл олгоогүй тухай 2023 оны А/012401 дугаартай албан бичгээр хариуг хүргүүлсэн байна. Нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183 дугаар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай захирамжаар Улсын клиник төв эмнэлгийн эзэмшлийн нэгж талбарын 1 дугаартай 450 м.кв бүхий газар эзэмших эрхийг анх Ж ХХК-д шилжүүлсэн байгаа нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.2 дахь хэсгийг зөрчсөн байх бөгөөд шилжүүлсэн гэрээ, хэлцэл байхгүй байгаа нь газар шилжүүлэх гэх асуудал нь хууль зөрчсөн болох нь тогтоогдож байна. Түүнчлэн нэхэмжлэгч М ХХК нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1 дугаартай 1,359 м.кв газрын талбай бүхий эзэмшил эрхийн нэгж талбарын дугаартай гэрчилгээг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1.4, 35.3.1.6 дахь заалт, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтыг болон газар эзэмшүүлэх заалт гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй нь мэргэжлийн байгууллагад дүгнэлтээр тогтоогдсон байх тул Нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/27 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн.
9.3. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд захиргааны актыг хүчингүй болгохдоо бусад этгээдийн хууль ёсны ашиг сонирхол эсвэл нийтийн ашиг сонирхолд нөлөөлсөн бол түүнийг мэргэжлийн болон эрх бүхий байгууллага дүгнэлтээр тогтоохыг шаарддаг. Уг хуулийн заалтыг үндэслэвэл эрх бүхий мэргэжлийн гурван байгууллагаар дүгнэлт гарсан байдаг. Тус дүгнэлтүүдийг үндэслэл болгосон учраас маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын захирамж ямар нэгэн байдлаар нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй, хуульд нийцсэн захирамж гарсан байна гэж хариуцагч үзэж байгаа. Ингэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааны мэдэгдэл болон хүчингүй захирамжийн төслийг М ХХК-д хүргүүлсэн.
10. Иймд маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын акт нь зорилгодоо нийцсэн, Захиргааны ерөнхий хуулийг зөрчөөгүй, мөн тус хуульд заасан бодит нөхцөл байдлыг тогтоосон бөгөөд хуульд нийцсэн, мэргэжлийн эрх бүхий байгууллагуудын дүгнэлтийг үндэслэсэн байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
11. Хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газраас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эгээс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбар, татгалзлын үндэслэлдээ: ... М ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох тус газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/40 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.
М ХХК-аас 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 21/09 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар хүсэх тухай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах өөрийн эзэмшлийн 1259 м.кв эзэмшил газрынхаа 1080 м.кв талбайд орон сууц, конторын зориулалттай барилга барихаар төлөвлөж байгаа тул бидний хүсэлтийг хүлээн авч, архитектур төлөвлөлтийн даалгавар олгож өгнө үү гэх хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг судлан 2020 оны Газар барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн 01 дүгээр хурлаар хэлэлцүүлж дэмжигдэн ГБМЗХ2020/01-038 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар олгож, Загвар зургийг 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр баталсан байна.
11.1. Хууль ёсны байх зарчмыг хангаагүй болох тухайд. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Дүрэм шинэчлэн батлах тухай А/115 дугаартай захирамжаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дүрмийг шинэчлэн тогтоосон. Уг дүрмийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм эдийн засгийн зорилтууд, Нийслэлийн хөгжлийн урт, дунд хугацааны хөтөлбөр, Нийслэлийн нийгэм эдийн засгийн зорилтууд болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргаас хот байгуулалт, төлөвлөлт, барилгын талаар бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах үндсэн чиг үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг мөн.
Газрын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д барилга байгууламжийн Архитектур төлөвлөлтийн даалгавар, авто зам, замын байгууламжийн төлөвлөлтийн даалгавар, нийтийн эдэлбэр газрын тохижилтын ажлын даалгавар боловсруулах, загвар зураг батлах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргах эрхтэй бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан Захиргааны актыг бичгээр гаргах гэсэн хуулийн заалттай нийцэж байна.
Түүнчлэн захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлд Захиргааны актад гомдол гаргах хуулийн зохицуулалтыг зааж 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй гэж маш тодорхой зохицуулсан байдаг.
11.2. Шийдвэр гаргах ажиллагаанд тавигдах эрх зүйн шаардлагыг хангаагүй болох тухайд. Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлд Захиргааны байгууллагын 22.1 дэх хэсэгт Захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, дээд шатны захиргааны байгууллагаас өгсөн үүргийг биелүүлэх, эсхүл оролцогчийн гаргасан өргөдөл, гомдлыг үндэслэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлнэ гэж заасны дагуу Хот байгуулалт, хөгжлийн газраас 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10/3239 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоохоор ажиллагаа явуулсан. Мөн Улсын нэгдүгээр төв эмнэлгээс ирүүлсэн хүсэлтийн дагуу Хотын стандарт хяналтын газар, улсын ахлах байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ний өдрийн 02-13-01/025/198 дугаартай дүгнэлтээр Сүхбаатар дүүргийн Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн зүүн урд М******* ХХК-ийн захиалгатай 14 давхар /конторын/ барилгын төлөвлөлтийн байдал болон холбогдох баримт нь Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, норм, стандартад нийцсэн эсэхэд дүгнэлт хийсэн нь бодит нөхцөл байдлыг тогтоосон байна.
Тус дүгнэлтээр Барилга хот байгуулалтын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаар тушаалаар баталсан Эмнэлгийн зориулалттай барилга төлөвлөх БНбД 31-22-21-ийн хавсралт А-ын палатны болон унтлагын корпусаас Орон сууц, олон нийтийн барилга, гудамжны улаан шугам хүртэл 30 м байх заалтыг, төлөвлөгдсөн барилга нь туслах замаас 10-12 метр байрлаж байгаа нь Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30-01-04-ийн 6.19 дэх заалтыг, мөн барилгын ажлын зөвшөөрөлгүй байна гэж бодит нөхцөл байдлыг дүгнэсэн байна. Түүнчлэн ЗП-23-17-160 шифртэй зоорь бүхий 36.0х18м хэмжээтэй зураг нь анх олгогдсон ГБМЗХ2020/01-038 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавраар олгогдсон төлөвлөлтийн талбайн хэмжээнээс 98 м.кв-аар нэмэгдүүлж баталсан байна.
12. Нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/27 дугаар захирамжаар М******* ХХК-ийн газрын эрх хүчингүй болсон байна. Барилгын ажлын зөвшөөрлүүдийг олгохдоо хүчин төгөлдөр газрын эрхийг үндэслэн олгодог байх тул тус газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/40 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
ҮНДЭСЛЭХ нь.
1. Нэхэмжлэгч М ХХК-аас Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар /хуучин нэрээр/-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.
2. Нийслэлийн засаг даргад холбогдох шаардлагын тухайд.
Хэрэгт авагдсан, маргаан бүхий газрын нэгж талбарын хувийн хэрэгт буй үйл баримтыг түүвэрлэн үзвэл,
2.1. Нийслэлийн Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн газар ашиглуулах, эзэмшүүлэх эрх олгох тухай А-226 дугаар захирамжийн хавсралтын 56-д зааснаар АУИС-ийн харьяа Клиникийн төв эмнэлэгт Сүхбаатар дүүргийн 1-р хороонд эмнэлгийн зориулалтаар 3,9 га /39000 м.кв/ газрыг 4 жилийн хугацаатай ашиглуулж шийдвэрлэсэн бол мөн Засаг даргын 2003 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай 395 дугаар захирамжийн хавсралтын 90-д зааснаар Улсын клиникийн төв эмнэлэгт Сүхбаатар дүүргийн 1-р хороонд эмнэлгийн зориулалтаар 2,6 га /26400 м.кв/ газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэснээр уг захирамжийн 3 дахь заалтаар өмнөх А-226 дугаар захирамжийн Клиникийн төв эмнэлэгт холбогдох хэсгийг хүчингүй болгосон байдаг.
2.2. Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Барилгын байршил тогтоож, газар эзэмшүүлэх эрх олгох тухай 278 дугаар захирамжийн 2 дахь заалтаар Улсын клиникийн төв эмнэлэг, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуульд оношилгооны төв, эмнэлгийн тоног төхөөрөмж, засварын газрын барилгын зориулалтаар 450 м.кв /0,045 га/ талбай бүхий газрыг 2 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэн нэгж талбарын 6 дугаарт бүртгэн, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г 2004 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан.
2.3. Нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай 183 дугаар захирамжаар Улсын клиникийн төв эмнэлгийн эзэмшлийн нэгж талбарын 6 дугаартай 450 м.кв талбай бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж, засварын газрын барилгын зориулалттай газрын эзэмших эрхийг Ж ХХК-д шилжүүлэн, 5 жилийн хугацаатайгаар 2005 оны 05 дугаар сарын 24-ний өдөр газар эзэмших эрхийн 0******* дугаартай гэрчилгээг олгосон.
Энэ захирамж гарахтай холбоотойгоор 1-р хавтаст хэргийн 155-160-р талд дараах баримтууд авагдсан. Үүнд:
Эрүүл мэндийн яамны 2001 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Хүсэлт дэмжих тухай 1/2899 дугаар албан бичгээр Нийслэлийн Хот байгуулалт, газрын харилцааны газарт хүргүүлсэн: Монгол-Японы хамтарсан Ж ХХК нь эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг улсын хэмжээнд хийх зорилготой байгуулагдсан, өөрийн хөрөнгөөр нэгдсэн төвийн барилга барих хүсэлт гаргасныг манай яам дэмжиж байна гэх,
Улсын клиникийн төв эмнэлгийн эзэмшил газрын хашааны заасан хэсэгт Ж ХХК-ийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний төвийн барилга барих газрын зөвшөөрөл олгоход татгалзах зүйлгүй талаарх Эрүүл мэндийн сайдын 2001 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 01/2899, Улсын клиникийн төв эмнэлгийн даргын 2001 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн A/246 дугаар албан тоот зэргийг үндэслэн Улсын клиникийн төв эмнэлэг болон Ж ХХК-ийн хооронд 2002 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Түншлэлийн гэрээ байгуулсан гэх,
Улсын клиникийн төв эмнэлгийн 2004 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Санал өгөх тухай а/98 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг дарга М.Э*******од хүргүүлсэн: Улсын клиникийн төв эмнэлгээс 2001 оны 10 дугаар сарын 11-ний өдөр зөвшөөрөл хүсэх тухай а\230 тоот бичгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Э*******од хүргүүлсэн бичигт дурдсан бидний хүсэлт хэвээр байгаа бөгөөд манай эмнэлгийн Оношилгооны төв барих саналыг дэмжиж түргэн шийдэж өгөх талаар анхаарна уу гэх,
Улсын клиникийн төв эмнэлгийн 2005 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Эзэмшил газрын эрхийг шилжүүлэх тухай а/110 дугаар албан бичгээр Нийслэлийн Газрын албанд хүргүүлсэн: Эдгээр албан тоот, баримт бичгүүд нь Нийслэлийн Засаг даргын 2004 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 278 тоот захирамжаар баталгаажин, Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын газрын даргын 2004 оны 6 дугаар сарын №2 тоот мэдэгдлийн дагуу хэрэгжиж байгаа. Ийм учраас Ж" ХХК-ийн зөвшөөрөлтэй 0,045 га газрыг манай байгууллагын эзэмшил газраас хасч, газар эзэмшүүлэх гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээг тус компанийн нэр дээр шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй гэх,
Ж ХХК-ийн 2005 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Эзэмшил газрыг баталгаажуулах тухай 49 дүгээр албан бичгээр Нийслэлийн Газрын албаны дарга Б.Төмөрхуягт хүргүүлсэн: Харин уг гэрчилгээний газар эзэмшигчийн оноосон нэр Улсын клиникийн төв эмнэлэг гэж бичигдсэн боловч, үүнийг дараа Ж ХХК-ийн нэр дээр өөрчлүүлэх боломжтой буюу энэ тухай протоколд тэмдэглэсэн гэж тайлбарласнаас гадна Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын газрын даргын 2004 оны 06-р сарын 14-ний 2-р мэдэгдэлд Улсын клиникийн төв эмнэлэгт Ж ХХК гэж баталгаажуулсан билээ. Манайд олгогдсон газрын хэмжээ 0.045 га буюу бид барилга угсралтын ажлыг өнгөрсөн оны 08 дугаар сараас эхлүүлсэн болно. Бид Эрүүл мэндийн яам, Улсын клиникийн төв эмнэлгийн зүгээс байнга дэмжлэг авч, хамтран ажиллах түншлэлийн гэрээ байгуулан ажиллаж байна. Иймд газар эзэмшүүлэх гэрээ, газар эзэмших эрхийн гэрчилгээг манай нэр дээр болгон, эзэмшил газрыг баталгаажуулж өгөхийг хүсье гэх,
Ж ХХК-ийн эзэмших газрын баталгаат хэмжээг тогтоосон акт гэх.
Эдгээр баримтууд нь дээр дурдсан 2.3-т бичсэн захирамжийг гаргахын тулд бүрдүүлэн өгсөн, газрын зориулалт, талбайн хэмжээ өөрчлөгдөөгүй байгааг харж болохоор байна.
2.4. Нийслэлийн Засаг даргын 2006 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай 363 дугаар захирамжийн хавсралтын 6-д зааснаар нэгж талбарын 6 дугаартай 450 м.кв талбай бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж, засварын газрын барилгын зориулалттай Ж ХХК-ийн газрын эзэмших эрхийг иргэн Г.Ст шилжүүлэн баталгаажуулж, 5 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн 0220700 дугаартай гэрчилгээ олгож, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г 2006 оны 07 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан. Энэ захирамжийн 3 дахь заалтаар 2005 оны 183 дугаар захирамжийн Ж ХХК-д холбогдох хэсгийг хүчингүйд тооцсон.
Энэ тохиолдолд 1-р хавтаст хэргийн 171-177-р талд иргэн Г.Сээс миний бие Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ж ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183 тоот шийдвэрээр батлагдсан нэгж талбарын 6 дугаар бүхий 450 м.кв эмнэлгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээний зориулалт бүхий газар дээр баригдах барилгад хөрөнгө оруулж байгаа тул уг газрыг миний нэр дээр шилжүүлж өгнө үү гэх газар эзэмших эрх шилжүүлэх тухай хүсэлтийг Нийслэлийн Газар албанд гаргасан баримт,
Ж ХХК, иргэн Г.С нарын хоорондын 2006 оны 03 дугаар сарын 10-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ээр худалдагч тал нь Нийслэлийн Засаг даргын 2005.04.29-ний өдрийн 183 тоот шийдвэрээр батлагдсан нэгж талбарын 6 дугаар бүхий 450 м.кв эмнэлгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээний зориулалт бүхий газрын 60 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий барилгын суурийг худалдан авагчид шилжүүлэхээр тохиролцсон гэх баримт,
Ж ХХК, иргэн Г.С нарын хоорондын 2006 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Газар эзэмших эрхий гэрчилгээ шилжүүлэх тухай гэрээ-ээр эрх шилжүүлэгч нь ... гэрээний үүргийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183 тоот шийдвэрээр батлагдсан нэгж талбарын 6 дугаар бүхий 450 м.кв эмнэлгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээний зориулалт бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг эрх шилжүүлэхээр тохиролцсон гэх баримт,
Ж ХХК-ийн 2006 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Газар эзэмших эрхий гэрчилгээ шилжүүлэх тухай 25 дугаартай хүсэлтээр Нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183 тоот шийдвэрээр батлагдсан 6 дугаар бүхий нэгж талбарын 450 м.кв эмнэлгийн тоног төхөөрөмж, засвар үйлчилгээний зориулалт бүхий Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Ж ХХК-ийн барилгад иргэн Г.С нь хамтран хөрөнгө оруулж байгаа тул манай газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэний үнэмлэхийн УБО 384717 дугаартай, регистрийн ХА62100705 дугаартай Гончигдоржийн Сийн нэр дээр шилжүүлж өгнө үү гэж Нийслэлийн Газрын албанд хүргүүлсэн гэх баримтууд авагдсан байна.
Энэхүү 363 дугаар захирамжаар зохицуулсан харилцаанд тухайн үед хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байсан Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх зохицуулалтаар шийдвэрлэгдсэн гэж үзэхээр байна.
2.5. Нийслэлийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 204 дүгээр захирамжаар нэгж талбарын 6 дугаартай 450 м.кв талбай бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж, засварын газрын барилгын зориулалттай газрын зориулалтыг нь контор, орон сууцны зориулалттай болгож өөрчлөн, эзэмшил газрын талбайн хэмжээг 1360 м.кв болгон нэмэгдүүлж, газар эзэмших эрхийн 0 дугаар гэрчилгээг иргэн Г.Ст 5 жилийн хугацаатай олгож, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г 2010 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан. Энэ захирамжийн 3 дахь заалтаар 2006 оны 363 дугаар захирамжийн Г.Ст холбогдох хэсгийг хүчингүйд тооцсон.
Тодруулбал, энэхүү Нийслэлийн Засаг даргын 2010 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил, өөрчлөх тухай 204 дүгээр захирамжийн нэг дэх заалтаар Нийслэлийн Газрын алба, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дэргэдэх техникийн зөвлөлийн 2010 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд уг захирамжийн хавсралтад заасан 58 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрын талбайн хэмжээ, зориулалт, байршлыг өөрчлөн баталгаажуулсны дотор хавсралт дахь жагсаалтын 43 дугаарт ...Г.С, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, зориулалт контор, орон сууц, хэмжээ 1360 м.кв, хугацаа 5 жил, эдэлбэрийн хэлбэр эзэмшүүлэх, өмнөх зориулалт байршил, талбай эмнэлгийн тоног төхөөрөмж, засвар 450..." гэж бичигдсэн.
2.6. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэн, талбай, зориулалт өөрчлөх тухай 37 дугаар захирамжаар нэгж талбарын 6 дугаартай 1359 м.кв газрын эзэмших эрхийг иргэн Г.Сээс М ХХК-д шилжүүлж, газар эзэмших эрхийн 0 дугаартай гэрчилгээг 5 жилийн хугацаатайгаар олгосон.
Тодруулбал, энэхүү Нийслэлийн Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэн талбай, зориулалт өөрчлөх тухай 37 дугаар захирамжийн нэг дэх заалтаар Нийслэлийн Газрын алба, Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дэргэдэх техникийн зөвлөлийн 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд уг захирамжийн хавсралтад заасан 15 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийн нэр шилжүүлэн талбай, зориулалт өөрчлөн баталгаажуулсны дотор хавсралт дахь жагсаалтын 10 дугаарт ... М ХХК, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, зориулалт контор, орон сууц, өмнөх эзэмшигч Г.С, хэмжээ 1360 м.кв, хугацаа 5 жил, эдэлбэрийн хэлбэр эзэмшүүлэх, урьд гарсан шийдвэр 2010 оны 204..." гэж бичигдсэн.
2.7. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай А/519 дүгээр захирамжаар нэгж талбарын 186433 дугаар бүхий газрын эзэмших эрхийг 2 жилийн хугацаатайгаар сунгаж, газар эзэмших эрхийн 000 дугаартай гэрчилгээ олгосон.
2.8. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай А/952 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилийн хугацаатайгаар дахин сунгаж, нэгж талбарын дугаарыг 1 болгон өөрчилж, газар эзэмших эрхийн 0003******* дугаартай гэрчилгээг олгосон, түүнчлэн хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/952 дугаар захирамжийг үндэслэн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Г.Ч*******ын гудамжинд байрлах, нэгж талбарын 1 дугаар бүхий газрыг контор, орон сууц зориулалтаар эзэмшүүлэхээр Иргэн, хуулийн этгээд газар эзэмшүүлэх №01119-2018/21110 дугаар гэрээг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгч М ХХК-тай 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулж, эрхийн улсын бүртгэлийн Э-220******* дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон байна.
2.9. Газар зохион байгуулалт геодези зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 3/1160 дугаар албан бичгээр ирүүлсэн нотлох баримтад газрын кадастрын мэдээллийн сангийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн зурган мэдээллээс хайлт хийж үзэхэд нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/952 дугаар захирамжийг үндэслэн нэгж талбарын 1 дугаартай 1359 м.кв талбайтай газар нь М ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн. Нэгж талбарын 1 дугаартай газрын байршил нь 2005-2007, 2010- 2015, 2017-2019, 2021-2022 онуудын агаар болон сансрын зургийн хил заагт хамаарч байна гэжээ.
3. Дээрхээс үзвэл, маргаан бүхий газрын эрх Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3.газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ, 3.1.7. газар эзэмших эрхийн гэрчилгээ гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг гэж заасан нэр томьёоны утгын агуулга, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1. газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.3. нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, 27.4. хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно зэргээр заасан агуулгаар тухай бүр хариуцагч Засаг даргын захирамж гарч, газар эзэмших эрхийн гэрчилгээ нэгээс нөгөөд шилжих, уг газрын хэмжээнд өөрчлөлт орох, зориулалтыг өөрчлөх зэргээр шийдвэрлэж байсан, харин газар эзэмших эрхийг хүчингүй болгох, цуцлах зэргээр дуусгавар болгож байгаагүйг дурдах нь зүйтэй.
4. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд.
4.1. Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/27 дугаар захирамжаар Хотын стандарт, хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 02-13-01/025/198 дугаар дүгнэлтээр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эзэмшиж байсан газрыг М ХХК нь шилжүүлж, эзэмшихдээ Газрын тухай хууль, Барилгын тухай хууль тогтоомжийг зөрчиж, нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн нь тогтоогдсон гэж үзэж, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт М ХХК-д контор, орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн нэгж талбарын 1 дугаар бүхий 1360 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож, тус захирамж гарсантай холбогдуулан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/952 дугаар захирамжийн хавсралтын 30 дахь хэсгийг буюу М ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцжээ.
4.2. Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/27 дугаар захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргана, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4. газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх, 35.1.6. газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно, 40 дүгээр зүйлийн 40.1.2. газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15. барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл гэж энэ хуульд заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгэхийг зөвшөөрч эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг, Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолоор баталсан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм, Дэд бүтцийн хөгжлийн сайд /хуучин нэрээр/-ын 2004 оны 130 дугаар тушаалаар баталсан Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм /БНбД 30.01.04/-ийг тус тус үндэслэн гарсан.
4.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс маргаан бүхий А/27 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар ...Газрын тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, газар эзэмших тухай гэрээг байгуулж, үйл ажиллагаа явуулж, хөрөнгө оруулалт хийсэн байтал тухайн газрын эрхийг хуульд үндэслэх, хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг үл хангаж, шийдвэр гаргах ажиллагаанд тавигдах эрх зүйн шаардлагыг зөрчсөн, хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан гэх дүгнэлтээр тогтоогдоогүй нөхцөл байдлыг тогтоогдсон гэж цуцалж байгаа нь хууль бус, маргаан бүхий захирамж нь бодит байдалд нийцэж гараагүй... зэргээр болон Тодорхойлох хэсгийн 2, 6-д заасан үндэслэлээр маргасан бол, хариуцагч захиргааны байгууллагын зүгээс ...анхнаасаа Улсын клиникийн төв эмнэлгийн зүгээс Ж ХХК-д холбогдох хууль тогтоомжийг зөрчиж газрын эрхийг шилжүүлсэн, эзэмшил газартаа үйл ажиллагаа явуулаагүй, хог хаягдал үүсгэсэн, эрх бүхий мэргэжлийн байгууллагын дүгнэлтүүдийг үндэслэсэн учраас маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын захирамж ямар нэгэн байдлаар нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй, хуульд нийцсэн, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдлыг тогтоосон, ...мэдэгдлийг хүргүүлсэн хэмээн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч буй энэ тохиолдолд шүүхийн зүгээс Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.6, 20.2.9, 35 дугаар зүйлийн 35.1.4, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.2-д заасныг тайлбарлаж, маргааны үйл баримтад дүгнэлт хийв.
5. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалтыг хуульчилсан ба уг хууль, зүйлийн 40.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, 40.1.2. газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон гэж зааснаар газар эзэмшигч нь газрын тухай хууль тогтоомж болон захиргааны байгууллагатай байгуулсан газар эзэмших талаарх гэрээний заалтыг зөрчсөн, байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй гэх зэрэг тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болох зохицуулалттай байна.
6. Тэгвэл газар эзэмшигч болох нэхэмжлэгч хуулийн этгээд нь өөрийн мэдэлд байлгаж буй газраа хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд хэрхэн, ямар байдлаар харшаар ашигласан болох, энэ байдал нь хэзээний ямар дүгнэлтээр тогтоогдсон болох, тухайн тогтоогдсон нөхцөл байдлыг маргаан бүхий захирамждаа тодорхой нэрлэн зааж үндэслэсэн үү зэрэгт дүгнэлт өгөхийн тулд хариуцагч Засаг даргын зүгээс Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.9. газар эзэмшигч, ашиглагч нь хууль тогтоомж, гэрээнд заасан үүргээ хангалтгүй биелүүлснээс байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан санал, гомдлын талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг гаргуулах хүсэлтээ газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргах нийтлэг бүрэн эрхээ хэрхэн хэрэгжүүлсэн болох, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2. Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах эрх хэмжээтэй байна, 23.2.18. энэ хуулийн 20.2.9-д заасны дагуу ... байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэх талаар дүгнэлт гаргах гэж заасны дагуу Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ямар агуулгатай дүгнэлт гарсныг авч үзэхэд,
7. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2023 оны 11 сарын 16-ны өдрийн 02-13-04/43 дугаар хяналт шалгалтын удирдамжид зааснаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 01-08/616 дугаар албан бичгээр ирүүлсэн улсын байцаагчийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлт /ГтХ-ийн 20.2.9/-ийн дагуу хяналт шалгалтыг явуулж, Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч Б.*******ын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн М ХХК-ийн газар эзэмшлийн тухай 02-13-04/018/03 дугаар улсын байцаагчийн дүгнэлт гарсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс уг улсын байцаагчийн дүгнэлтийг дурдан татгалзлын үндэслэлээ тайлбарласан.
7.1. Хууль тогтоогчоос, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан ба уг өөрчлөлт орсон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйл. Төлөвлөгөөт бус хяналт шалгалт, 52.1. Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр, түүнчлэн осол аваар, халдварт өвчин, хордлого зэрэг хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулсан тохиолдолд болон хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр хийнэ, 10 дугаар зүйл. улсын байцаагч, түүний нийтлэг бүрэн эрх, 10.4. хяналт шалгалтыг салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч хэрэгжүүлнэ, 10.9.1. хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас удирдлагын тодорхой салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтэд хяналт тавих, 10.9.11. улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах гэж зааснаар эрх бүхий улсын байцаагчаас дүгнэлт гаргах захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлснийг дурдаад,
7.2. Уг дүгнэлтийн дүгнэх нь хэсэгт: ...Нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 183 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Улсын Клиникийн төв эмнэлгийн эзэмшлийн нэгж талбарын 1 /хуучнаар 6/ дугаартай 450 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг анх "Ж" ХХК-д шилжүүлсэн байгаа нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно заалт, 35.2 дахь энэ хуулийн 35.1.4, 35.1.6-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй тус тус заасантай нийцэхгүй байна... гэжээ.
8. Дээрх 7-д заасныг шалтгаант холбоогоор нь авч үзвэл, газар эзэмших харилцааны явцад газрын эрхийн зөрчил гарсан, газар эзэмшигч /нэхэмжлэгч/-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлийг тогтоохын тулд Газрын тухай хуульд заасны дагуу дүгнэлт гаргуулахаар хандсаны үр дагаварт эрх бүхий улсын байцаагчийн 02-13-04/018/03 дугаар дүгнэлт гарсан гэж шууд харагдах боловч хариуцагчаас сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт болох маргаан бүхий А/27 дугаар захирамжийг гаргахдаа уг дүгнэлтийг дурдаж үндэслээгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан гэх дүгнэлтийг гаргаагүй гэх тайлбар үндэслэлтэй, хэрэв Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-д заасан зохицуулалтаар нэхэмжлэгчийг буруутгах гэвэл энэхүү үндэслэх хэсгийн 2.3-д бичигдсэн, өөрөөр хэлбэл, 1-р хавтаст хэргийн 155-160-р талд авагдсан баримтыг хэрхэн авч үзсэн нь тодорхой бус, Газрын тухай хуулийн 35.1.6-г заахдаа газар эзэмших /3.1.3/, газар ашиглах /3.1.4/ талаарх өөр, өөр зохицуулалтыг анхаараагүй, газар эзэмших эрхийг олж авч байгаа хуулийн этгээдийг буруутгахаасаа илүүтэй захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагааны буруутай үйлдэл байж болохоор байна.
9. Иймд хариуцагч захиргааны байгууллагаас гаргасан маргаан бүхий захирамжийн агуулга болон хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Газрын тухай хуулийн нарийвчилсан зохицуулалтыг үндэслээгүй, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй алдаа байна. Тодруулбал, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2. газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон гэх үндэслэл тогтоогдоогүй, дээрх /7-д заасан/ дүгнэлтийн агуулгад тусгагдаагүй, газар дээр үл хөдлөх хөрөнгө барилгын суурь байгааг анхаараагүй, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон атлаа захирамждаа хуулийн зүйл заалтыг бичээгүй, ингэснээрээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1.хуульд үндэслэх, 4.2.8. хууль ёсны итгэлийг хамгаалах захиргааны үйл ажиллагааны тусгай зарчим хангагдаагүй гэж үзнэ.
10. Нөгөөтээгүүр, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.6. газрын төлөв байдлыг илэрхий доройтуулсан нь мэргэжлийн эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон бол тухайн газрыг албадан чөлөөлүүлэх шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлсэн үйл баримт тогтоогдоогүй, төр /захиргаа/ өмчлөгчийн хувьд газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу хийлгүүлж баталгаажуулсан баримт хэрэгт авагдсан, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь газар эзэмшигчийн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-д заасан эрх үүргээ биелүүлсэн байгааг дурдах нь зүйтэй. Мөн энэ талаар дүгнэлт гаргасан үйл баримт байхгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дурдан маргасан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Арга хэмжээ авах тухай 02-03/3730 дугаар албан бичгээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн баримтыг дээр дурдсан газрын төлөв байдлыг илэрхий доройтуулсан нь мэргэжлийн эрх бүхий байгууллагын дүгнэлт гэж шүүх үнэлэх боломжгүй, тайлбар нь үндэслэлгүй байна.
11. Харин маргаан бүхий захирамжид энэхүү Үндэслэх хэсгийн 7.1-д заасан хууль тогтоомжийн хүрээнд гарсан Хотын стандарт, хяналтын газар улсын ахлах байцаагчийн 02-13-01/025/198 дугаартай дүгнэлтийг үндэслэсэн.
12. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Дүгнэлт гаргуулах тухай 03/6978 дугаартай хүсэлт, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Улсын байцаагчийн дүгнэлт гаргуулах тухай 01-08/6132 дугаартай хүсэлт, Хотын стандарт, хяналтын газрын даргын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр баталсан Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай 02-13-04/023/11 дугаартай удирдамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зүүн урд байрлах нэхэмжлэгч М ХХК-ийн захиалгатай 14 давхар конторын барилгын төлөвлөлтийн байдал болон холбогдох баримт бичигт тус газрын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч 3.Г хяналт шалгалт хийж, 2023 оны 11 дүгээр сарын 16-ний өдрийн Төлөвлөлтийн тухай 02-13-01/025/198 дугаар дүгнэлт гаргасан.
12.1. Улсын байцаагчаас дүгнэлтдээ ... барилгажих талбайн хэмжээг анх олгогдсон ГБМЗХ2020/01-038 архитектур төлөвлөлтийн даалгавар дахь 550 м.кв-ээс 98 м.кв-аар нэмэгдүүлж нийт тэнхлэгээрээ 648 м.кв байгаа нь, магадлалын нэгтгэсэн дүгнэлтэд Барилга архитектурын хэсгийн экспертээс 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангаагүй гэсэн атлаа мөн тухайн өдрөө хангасан гэж оруулсан нь батлагдсан зураг төсөлд тусгай хэрэгцээт иргэний төлөвлөлтийг стандартад нийцүүлж тусгасан нь тодорхойгүй, дүгнэлт гарах үед барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгүйгээр зоорины давхар болон нэг давхрын төмөр бетон цутгалтыг хийж зогссон, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/295 дугаар захирамжийн хавсралтаар хот төлөвлөлтийн болон барилгын норм дүрмийн шаардлагыг зөрчиж барилга барьсан 22 иргэн, хуулийн этгээдийн жагсаалтыг баталсны дотор дээрх байршилд буй барилга багтсан, тухайн төлөвлөгдсөн 14 давхар барилга нь урд талд байрлах О******* плаза гэх 6 давхар албан конторын барилгаас 14-15 метр, хойд талд байрлах Нэгдүгээр төв эмнэлгийн 2 давхар барилгатай жишүү байрлаж 14-15 метр, цахилгааны 4707 дугаартай дэд өртөөний барилгаас 8 метр, өргөтгөлийн 7 давхар барилгаас 27-28 метр, 188 дугаартай туслах замаас 10-12 метр тус тус төлөвлөгдөн батлагдсан ... гээд,
12.2. Дүгнэлтийн дүгнэх нь хэсэгт: ...Барилга, хот байгуулалтын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаар тушаалаар батлагдсан Эмнэлгийн зориулалттай барилга төлөвлөх /БНбД 31-22-21/-ийн Хавсралт А (заавал мөрдөх)-ын (Эмнэлгийн байгууллагын барилгууд ба бусад барилгуудын хоорондох зай хэмжээ) Палатны болон унтлагын корпусуудаас Орон сууц, олон нийтийн барилга, Гудамжны улаан шугам хүртэл 30 м байх заалтад, мөн тус барилга нь туслах замаас 10-12 метрт байрлаж байгаа нь тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм /БНбД 30.01.04/-ийн 6.19 дэх (Гол гудамж, замын зорчих хэсгийн ирмэгээс барилгажилтын улаан шугам хүртэлх зай 50 м-ээс багагүй байна) заалтад, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ байхгүй байгаа нь Барилгын тухай хуулийн 4.1.15, 26, 27, 28, 29 дүгээр зүйл, Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолоор батлагдсан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох журам-д тус тус нийцэхгүй байна... гэж үзжээ.
12.3. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-д барилга байгууламж шинээр барих гэж барилга байгууламж барих, эсхүл хуучин барилга байгууламжийг буулгаж барихыг ойлгохоор нэр томьёоны утгаар заасан ба мөн хууль, зүйлийн 4.1.13-д барилгын ажлын захиалагч гэж барилга байгууламжийн барилгын ажил гүйцэтгүүлэх сонирхол бүхий иргэн, хуулийн этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, техникийн нөхцөл, инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулагдсан байх шаардлагыг уг барилгын зураг төсөл хангасан байх, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-д зааснаар захиалагч нь барилга байгууламжийн зураг төслийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр өөрчлөхийг хориглодог бол, 38 дугаар зүйлийн 38.1.2-д зааснаар зураг төсөл зохиогч нь барилга байгууламжийн зураг төслийн холбогдох хэсгийг боловсруулсан зохиогч тухайн зураг төслийг баталгаажуулан, мэргэжлийн хариуцлага хүлээх чиг үүрэгтэй. Түүнчлэн Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6. барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх эксперт гэж барилга байгууламжийн зураг төсөлд хараат бус, бие даасан, мэргэжлийн түвшинд дүгнэлт гаргах иргэн, хуулийн этгээдийг, 39 дүгээр зүйлийн 39.4. Эксперт барилга байгууламжийн зураг төслийн холбогдох хэсэгт магадлалын дүгнэлт гаргаж, мэргэжлийн хариуцлага хүлээнэ, 39.5. Экспертийн эрх бүхий хуулийн этгээд барилга байгууламжийн зураг төслийг хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагад нийцсэнийг нотолж, техникийн шийдлийн талаарх дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ гэхчлэн зохицуулжээ.
12.4. Эндээс, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-д зааснаар барилгын захиалагч /нэхэмжлэгч хуулийн этгээд/ нь Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон ГБМЗХ2020/01-038 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу барилгыг барихын тулд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.31-д заасан барилгын зураг төслийг зохиох эрх бүхий этгээдээр хийлгэх шаардлага үүсэх ба энэ тохиолдолд барилгын иж бүрэн зураг төслийн З******* ХХК-ийн ЕГ ШИФР: ЗП-23-17-160 дугаартай М ХХК-ийн конторын барилгын ажлын зургийг боловсруулж баталгаажуулсан, үүнд мөн хуулийн 4.1.6-д заасан барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертийг мөн хуулийн 39.4, 39.5-д зааснаар М ХХК-ийн конторын барилгын ажлын зураг төсөлд Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2. барилга байгууламжийн норм, нормативын баримт бичиг, стандарт боловсруулах ажлыг зохион байгуулах, 34.2. энэ хуулийн 34.1.2, 34.1.3, ... 34.1.5-д заасан чиг үүргийг эрх бүхий байгууллагын шийдвэрийн үндсэн дээр төрийн бус, мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх-ээр зааснаар Барилгын хөгжлийн төвөөс магадлал хийх ажлыг зохион байгуулж, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1620/2023 дугаар барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлийг гаргасан нь тогтоогдож байна.
12.5. Иймд М ХХК-ийн барих конторын барилга нь эмнэлгийн зориулалттай барилгаас орон сууц, олон нийтийн барилга, гудамжны улаан шугам хүртэл 30 м байх заалт, мөн гол гудамж, замын зорчих хэсгийн ирмэгээс барилгажилтын улаан шугам хүртэлх зай 50 м-ээс багагүй байх заалтад нийцээгүй гэсэн төлөвлөлтийн зөрчилд захиалагчийг шууд буруутгах ямар хууль зүйн үндэслэл байгаа болох, дээр дурдсаны дагуу тухайн барилгын ажлын зураг төсөл зохиогчийн мэргэжлийн хариуцлага, түүнчлэн тухайн барилгын зураг төсөлд магадлал хийсэн экспертийн үүрэг хариуцлагыг хэрхэн авч үзсэн болох, Барилгын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. Барилга байгууламжийн техникийн улсын хяналтыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ, 47.2. Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан чиг үүргээс гадна дараах хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ, 47.2.3. барилга байгууламжийн зураг төслийн хэрэгжилтэд, 47.2.10. зураг төсөл боловсруулах, магадлал хийх, ... үйл ажиллагаанд, 47.3. Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зураг төсөл зохиогч, барилгын материал үйлдвэрлэгч, ...үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавина гэж заасны дагуу тухайн барилгын зураг төсөл зохиогчийн хяналтыг хэрэгжүүлж гаргасан дүгнэлтэд Хотын стандарт, хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ний өдрийн Төлөвлөлтийн тухай 02-13-01/025/198 дугаар дүгнэлт орох уу гэдэгт шүүх дүгнэлт хийх шаардлагатай байна.
13. Нэгтгэн дүгнэвэл, хариуцагч нийслэлийн Засаг дарга нь Барилгын тухай хуулийн 35.1. Аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 35.1.1. нутаг дэвсгэртээ барилгын салбарт баримтлах төрийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавих, 35.1.2. барилгын үйл ажиллагаанд барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг мөрдүүлэх, 35.1.3. барилга байгууламжийн байршил тогтоох, газар олголт, загвар зураг батлах болон техникийн нөхцөл олгох үйл ажиллагааг зохион байгуулж, нэгдсэн бүртгэл хөтлөх, хадгалах, мэдээлэл түүний аюулгүй байдлыг хангах, мэдээллийн сангийн байнгын үйл ажиллагааг эрхлэх, хяналт тавих бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2. Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж заасныг хэрэгжүүлээгүй, маргаан бүхий захирамжид Хотын стандарт, хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ний өдрийн Төлөвлөлтийн тухай 02-13-01/025/198 дугаар дүгнэлтээр Газрын тухай болон Барилгын тухай хуулийг зөрчиж, нийтийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн нь тогтоогдсон гэх боловч уг дүгнэлтэд энэ талаар дүгнэж тусгаагүй, маргааны зүйл нь газрын эрх байхад барилгын төлөвлөлтийн зөрчлийг үндэслэсэн нь ойлгомжгүй, газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ зөрчиж үйл ажиллагаа явуулсан /газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашигласан/ гэдгийг тогтоогоогүй, Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж, хангах талаарх Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1. нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах, 20.2.2. газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1. гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүгээрээ маргаан бүхий захиргааны акт хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж шүүх үзлээ.
14. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1. захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байх шаардлагыг маргаан бүхий захирамж нь хангаж гараагүй, газар эзэмшигч /нэхэмжлэгч/-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон гэж захирамжийн агуулгаас харагдах боловч Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийг үндэслээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3. захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана гэснийг зөрчсөн, зөвхөн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон /Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл/ заалтыг үндэслэсэн нь хууль бус, гаргасан захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нийцээгүй байна.
15. Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох шаардлагын тухайд.
15.1. Маргаан бүхий Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2013 оны 12 сарын 07 өдрийн Захиргааны акт хүчингүй болгох тухай А/40 дугаар тушаал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5. ...Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ, Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.2. гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг захиргааны актыг бүхэлд нь, эсхүл холбогдох хэсгийг хүчингүй болгох Газрын дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1.1. хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргах... гэж заасныг тус тус үндэслэн гарсан ба,
15.2. Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/952 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 1 нэгж талбарын дугаартай контор, орон сууцны зориулалтаар М******* ХХК-д эзэмшүүлсэн газарт олгосон 2020 оны ГБМЗХ2020/01-038 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2023 оны Загвар зургийг Хотын стандарт, хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 02-13-01/025/198 дугаартай дүгнэлтийн дагуу хүчингүй болгожээ.
15.3. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/952 дугаар захирамжийн дагуу нэгж талбарын 1 дугаарт газар эзэмших эрхтэй, Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт контор, орон сууцны зориулалтаар олгосон 1359.0 м.кв газрыг үндэслэн М ХХК-ийн контор, орон сууцны барилгыг 550.0 м.кв талбайд багтаан төлөвлөх, барилга бүрхэцийн харьцаа /BCR/ 0.5 үзүүлэлтийг баримтлан эзэмшил газрын 50%-аас дээшгүй талбайд барилгажуулах, консоль, довжоо болон рампыг эдэлбэр газарт багтаан нормоор тооцон төлөвлөх, давхар талбайн харьцаа /FAR/ 10 үзүүлэлтийг баримтлан 13590.0 м.кв-аас хэтрүүлэхгүй, тухайлсан зураг төсөлтэйгээр Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагатай уялдуулж, барилгын нүүр талуудыг /фасад/ тухайн орчиндоо уялдуулан өнгө үзэмж нэмэхүйц шийдлийг сонгон, галын аюулгүй байдлын норм дүрмийг ханган төлөвлөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орц гарц пандусыг норм дүрэмд нийцүүлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдрах орчны шаардлагад нийцсэн зураг төсөл зохиох БД31-112-11, Б/Д31-101-04, MNS6055:2009, MNS6056:2009 стандартын дагуу төлөвлөх, барилгын зураг төслийг хийц архитектур төлөвлөлтийн шийдлийг бүрэн гаргаж боловсруулан MNS 6423:2013 стандартын шаардлага хангасан камер, харуул хамгаалалтын алба, хяналтын цэгийн өрөө төлөвлөх, орчны одоогийн болон төлөвлөлтийн барилга, газар олголтоос хамааран эдэлбэр газар болон авто замтай уялдуулж, газар, үл хөдлөх эзэмшигч, өмчлөгчтэй зөвшилцөн шийдэл гаргах бөгөөд норм стандарт хангуулан төлөвлөлт хийх талбайд багтаан төлөвлөх зэргээр архитектур төлөвлөлтийн шаардлагыг тусган Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ГБМЗХ2020/01-038 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлан олгосон бол,
15.4. И ХХК-д боловсруулсан М ХХК-ийн конторын барилга" нэртэй загвар зургийг 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр баталсан байна.
15.5. Улмаар М ХХК-ийн конторын барилгын ажлын зураг төслийг Зед прожект ХХК-аас ЗП-23-17-160 шифртэйгээр боловсруулж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Зураг төсөлд эрүүл ахуйн хяналт хийж зөвшилцсөн тухай 10-13-02/025/503 дугаар дүгнэлт, Онцгой байдлын ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Барилгын зураг төсөлд хяналт хийсэн тухай 329/04-163 дугаар дүгнэлт, Барилгын хөгжлийн төвийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн 1620/2023 дугаар нэгтгэлээр тус тус хянан баталгаажуулсан, энэ талаарх баримтууд хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.
16. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Дүрэм шинэчлэн батлах тухай А/115 дугаар захирамжийн хавсралтаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар-ын дүрмийг баталсан ба уг дүрэмд зааснаар Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, нийгэм эдийн засгийн зорилтууд, Нийслэлийн хөгжлийн урт, дунд хугацааны хөтөлбөр, Нийслэлийн нийгэм эдийн засгийн зорилтууд болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргаас хот байгуулалт, төлөвлөлт, барилгын талаар бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах үндсэн чиг үүрэг бүхий Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд маргаан бүхий захиргааны шийдвэр гаргах ажиллагааг чиг үүргийн хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 10/3239 дүгээр албан бичгээр эхлүүлсэн, ингэхдээ захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоосон гэж тайлбарлан маргасан.
17. Нэгтгэн дүгнэвэл, хариуцагч нь Хот байгуулалт, хөгжлийн газар нь Барилгын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1. барилгын тухай хууль тогтоомж Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг хангах, 34.1.6. барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ, барилгын үйл ажиллагаанд оролцож буй захиалагчийн хэрэгжүүлсэн мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-37.1.19-д заасан чиг үүргийг шууд үгүйсгэж алдаа гаргасан, энэхүү Үндэслэх хэсгийн 13-д заасан зарим үйл баримтад хамаарч, нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоогоогүй, барилгын суурь нь барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл хүчинтэй байсан хугацаанд баригдаад зогссон гэсэн агуулгатай тайлбарыг сонсох ажиллагааны явцад 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 09/44 албан бичгээр хүргүүлсэн, түүнчлэн З******* ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Зураг төсөлд тодруулга хүргүүлэх тухай ЗП-155/2023 албан бичгийг мөн хүргүүлсэн байхад Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2. Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж заасныг хэрэгжүүлээгүй, үүгээрээ маргаан бүхий захиргааны акт хууль зүйн үндэслэлгүй гарсан, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
18. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч тус бүрээс уг төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор зааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.6, 20.2.9, 27 дугаар зүйлийн 27.1, 34 дүгээр зүйлийн 34.1.1, 34.1.2, 35 дугаар зүйлийн 35.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.3, Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 47 дугаар зүйлийн 47.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 67 дугаар зүйлийн 67.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч М ХХК-аас Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/27 дугаар захирамжийг, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар /хуучин нэрээр/-ын даргын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Захиргааны акт хүчингүй болгох тухай А/40 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч хуулийн этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч тус бүрээс 70,200 төгрөг нийт 140,400 төлбөрийг гаргуулан нэхэмжлэгч хуулийн этгээдэд олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН