Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2023/ДШМ/580

 

           

 

 

    2023           05           30                                        2023/ДШМ/580

 

Г.О-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн  Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

прокурор П.Эрдэнэбат,

хохирогч Э.П-гийн өмгөөлөгч Ц.Мягмарсүрэн, Ж.Ганболд,

шүүгдэгч Г.О-, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/430 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.О-, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн 2108015072042 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

... ,

 Шүүгдэгч Г.О- нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 7 дугаар сарын 06-ны өдрийн хооронд хохирогч Э.П-гийн итгэмжлэн хариуцуулан өгсөн эд хөрөнгө болох 38 тооны хонь, 11 тооны хурга, нийт 49 тооны малыг завшиж 10,050,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.О-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Г.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл, хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-оос 10.050.000 төгрөг гаргуулан хохирогч Э.П-д олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.О- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 1 жилийн хорих ялаар шийтгэснийг огт зөвшөөрөхгүй байна. 2021 оны 07 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө П-тэй адилхан малаа алдчихаад би буруутай болж хоригдоод сууж байна. Намайг хилс хэрэгт гүтгэн хэлмэгдүүлж байна гэж үзэж байна. Иргэн П-, М-нар нь орой болохоор гэрээсээ яваад бага үдийн үеэр ирсэн байж харагддаг. Иргэн П-, М-нар нь байнга хонь зарна гэсэн зар тавьсан байдаг ч өөрсдөө өөрийн биеэр ирдэггүй, дандаа утсаар “хүн очно, хонь бариад өгөөрэй” гэдэг. Зарын дагуу ирсэн хүмүүс П-, М-ийн нэрийг барьж хонь авдаг байсан. Яагаад гэвэл П-, М-нар нь албан ёсны мэдэгдэлгүйгээр сайн дураараа хонио нийлүүлсэн ч хэдэн тооны мал нийлүүлсэнг тодорхой бичиг баримт гаргаж тоолж хүлээлгэн өгөөгүй байж адилхан малаа хулгайд алдчихаад би хэрэг хүлээхэд гомдолтой байна. Мөн П-гийнд манай хонь байна гэхээр нь очих үед П-, М-нар согтуу, үгийн зөрүүгүй намайг шанагаар зодож цус нөжтэй минь хольж, хөмсөг задалж гэмтээсэн, би юу ч хэлж амжилгүй гарсан. Гэтэл П-, М-нар нь шүүх хурал дээр  надад зодуулсан болж намайг гүтгэсэн. Бас П- нь намайг хонь малаа цагдаад алдсан тухайгаа бүртгүүлэхээр явж байхад би “танайхыг хамт цуг бүртгүүлсэн” гэсэн учир би түүнд итгэсэн. Мөн тухайн үед эгч Бадамцэцэг, эхнэр Г-нар өргөдөл бичиж СХД-ийн 1-р хэлтэс дээр очиж өргөдөл, гомдол хүлээн авдаг газарт учир байдлыг хэлээд өргөдлөө өгөх гэтэл хэсгийн байцаагч А-эд өг гэсэн. Тэгэхээр нь эгч, эхнэр хоёр А-эд өгөх гэхэд наад өргөдөл чинь надад байгаа авахгүй гэсэн. Ингээд бид Цагдаагийн хэлтсийн 2 давхарт гарч Эрүүгийн тасгийн даргад хэлэхэд А- байцаагчийг дуудаж өргөдлийг авч хэрэгт хавсарга гэхэд за гэж хэлээд биднийг дагуулж гарчихаад та нар нотлох баримтаа авч ир гээд бидний өргөдлийг үл тоож авч хэлэлцэхгүй шууд яваад өгсөн. А- хэсгийн байцаагч нь П-тэй садан төрлийн холбоотой хүн. Тэгээд бид нар гэрт ирэх үед П- биднийг харчихаад “Монголын цагдаа миний талд та нарыг шоронд явуулах болно” гэж хашгираад байсан. Ийм зүйлийг би цагдаа шүүхийн байгууллагад ярьж чадаагүйдээ харамсаж байна. Учир нь П- нь ковидоор далимдуулж Facebook-ээр зар тавьж хонио зардаг байсан. П-, М-нар шүүх хурал дээр илт худал ярьж намайг гүтгэж, хүнд байдалд оруулж хэлмэгдүүлсэн. Намайг хоригдсоны дараа эхнэр Г-рүү Facebook-ээр би буруугүй шүү тэр нөхрийнхөө дарвайсан эгчид гомд гэж сошиал орчноор дарамт үзүүлсэн. Манай эгч П-тэй ямар нэг холбоо тогтоож загнаж хэрэлдсэн асуудал байхгүй. Уг хэргийн учрыг олох гэж яваа хүнийг дарамталж байгааг анхаарч үзнэ үү. Миний ар гэрийн байдал группт байдаг өвчтэй хүүхэддээ эмчилгээ хийлгэх зорилгоор төв эмнэлэг бараадаж нүүдэл хийж ирсэн. Эхнэр бид хоёрын асрамжид байдаг. Манайх хэдэн малынхаа буянаар амьдралаа залгуулж явдаг. Миний насаараа мал маллаж туулсан замналыг минь авч үзэн эрхэм шүүгч та бүхэн үнэн учрыг минь тунгааж, намайг цагаатгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Г.О-ын өмгөөлөгч Б.Оюунгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Г.О- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй. Г.О-ыг энэ гэмт хэрэг үйлдсэн болохыг бүрэн дүүрэн нотлогдож тогтоогоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно" гэж хуульчилсан байхад ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Г.О-д холбогдох эрүүгийн хэрэгт нотолбол зохих байдал бүрэн дүүрэн нотлогдоогүй. Хохирогч Э.П- нь хэдэн хонь хэдэн хургатай байсан нь баримтаар нотлогдоогүй. Малын "А" данс хавтаст хэрэгт авагдаагүй. Э.П- хэдэн хонь, хэдэн хургыг Г.О-д хэдэн сарын хэдний өдөр ямар баримтаар хүлээлгэн өгсөн талаар ямар ч баримт хавтаст хэрэгт байхгүй. Гэрч М.О-ын: “... 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр О- ахын гэрээс нэг танихгүй эрэгтэй "хонь барилцаад өгөөч, би худалдаж авч байгаа юм” гэхээр нь би хонийг барилцаад өгтөл “гаргаад өгөөч, би гаргаж чадахгүй” гэсэн. Би тэр хүнд хонийг гаргаж өгөөд байж байтал О- ах, эхнэртэйгээ ирээд гэдсийг нь арилгаад тэр хүнд өгөөд явуулсан. Тэр хонь хүрэн хүзүүтэй, эр, толгойн орой дээрээ ногоон өнгийн будагтай байсан. Хонь гаргаж өглөө гээд тэр худалдаж авсан хүн нь надад 20.000 төгрөг өгсөн ...”/хх 39-40/ гэх мэдүүлэг, гэрч М.О-ын “ ... тэр хонь хүрэн хүзүүтэй, эр, толгойн орой дээрээ ногоон өнгийн будагтай байсан.” гэжээ. Э.П- нь өөрийн хонины толгойн орой хэсгийг ногоон өнгийн будгаар будаж тэмдэглэж байгаагүй болохоо мэдүүлсэн. Тэгэхээр гэрч М.О-ын мэдүүлсэн хүрэн хүзүүтэй, эр, толгойн орой дээрээ ногоон өнгийн будагтай хонь Э.П-гийн хонь биш болох нь нотлогдож байна. Гэрч Э.М-ээс “... толгой дээр нь ногооноор будсан 20 хонь ...- аймгаас худалдаж авсан байсан.” гэх мэдүүлэг өгсөн. Энэ мэдүүлгийн дагуу ...- аймгаас хэн гэдэг хүнээс худалдаж авсан талаар шалгаж тогтоогоогүй. Мөн Э.П-гийн хэдэн насны хэдэн хонь, хэдэн эр хонь, хэдэн эм хонь болон хэдэн эр хурга, хэдэн эм хурга байсныг ч шалгаж тогтоогоогүй. “Тэнцвэр Эстимэйт” ХХК хөрөнгийн үнэлгээ хийхдээ “хонь 1 ширхэг 250.000 төгрөг, 38x250.000=9.500.000 төгрөг, хурга 1 ширхэг 50.000 төгрөг 11x50.000=550.000 төгрөг” гэж үнэлсэн нь учир дутагдалтай болсон. Үнэлгээ хийхдээ нас, эр хонь, эм хонь өнөөдрийн зах зээлийн үнэлгээг гаргах байсан. Энэ хэрэгт мэдүүлэг өгсөн гэрчүүд нь Э.П- хэдэн тооны хонь, хургыг Г.О-д хүлээлгэн өгч байсан талаар огт мэдүүлээгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Г.О- нь гэм буруутай болох нь нотлогдохгүй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг заалтыг баримтлан мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь бодит байдалтай нийцээгүй байгаа тул Г.О-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Мягмарсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоосон үйл баримтыг үгүйсгэсэн, эргэлзээ төрүүлсэн баримт тогтоогдоогүй. Хохирогч, гэрч нар нь тогтвортой, зөрүүгүй мэдүүлгүүд өгч ирсэн. Хохирогчоос “...- аймгаас толгойдоо ногоон будагтай 20 хонь авч ирж 160 хоньтойгоо нийлүүлсэн” гэж мэдүүлдэг. Энэ нь шүүхийн шийдвэр болон хэрэгт авагдсан баримтуудад тусгагдсан. Хохирогч П- нь эцэг, эхээсээ мал таслаж аваад удаагүй байсан учир малын А данс байхгүй гэдэг. Харин хэдэн хоньтой байсан талаар тодорхой мэдүүлдэг. Шүүгдэгчийн өмгөөлөгч хэдэн хонь хүлээлгэн өгсөн талаар баримт байхгүй гэж байна. Монголчууд эрт үеэсээ саахалт айлдаа малаа захиж үлдээсээр ирсэн. Ингэхдээ малаа тоолж, гарын үсэг зуруулдаг тохиолдол бараг байхгүй. Хэрэв итгэж найддаггүй байсан бол малаа захиж үлдээхгүй байсан. Ийм учраас  шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэдэн хонь хүлээлгэн өгсөн талаарх баримт байхгүй гэсэн гомдол үндэслэлгүй байна. Хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдэж, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтууд бүрэн цугларсан төдийгүй шүүдэгчийн өгсөн мэдүүлэг нь эх сурвалжаа зааж чадаагүй учир дангаараа нотлох баримт болохгүй. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Ганболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Мягмарсүрэн өмгөөлөгчийн гаргасан саналыг дэмжиж байна.” гэв.

Прокурор П.Эрдэнэбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Үнэлгээний байгууллагаас хурга 50.000 төгрөг, нас бие гүйцсэн хонь 250.000 төгрөгөөр буюу тухайн үеийн зах зээлийн ханшаар үнэлгээ тогтоосон. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч нараас хууль сануулж мэдүүлэг авсан. Иймд хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хуулийн үндэслэлтэй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн агуулгыг логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

Прокуророос шүүгдэгч Г.О-ыг Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 7 дугаар сарын 06-ны өдрийн хооронд хохирогч Э.П-гийн итгэмжлэн хариуцуулан өгсөн эд хөрөнгө болох 38 тооны хонь, 11 тооны хурга, нийт 49 тооны малыг завшиж 10,050,000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагаа болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.О-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, санаа зорилгыг хөдөлбөргүй нотолж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх бөгөөд анхан шатны шүүх Г.О-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Аливаа хүний гэм буруутай үйлдэл нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдан, хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар нотлогдох ёстой бөгөөд шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож хууль зүйн үнэлэлт, дүгнэлтийг хийдэг.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.П-гээс “... өөрийн эзэмшлийн 98 тооны хонь, 30 тооны ямаа, 32 тооны хургыг саахалт айлын О- гэх залууд харж байгаарай гээд захиж үлдээгээд явсан. ...” /хх 25/, “... Бүгдийг хүйсээр нь ялгаж тоололцсон. Эднийх 172 байсан, манайх 162 байсан. ... хэдэн тооны хонь тоолж үлдээсэн гэсэн баримт байхгүй ..., манайх хэдэн хоньтой байсан талаарх тоо бүртгэл одоо байхгүй ...” /хх 180-181/,

гэрч Э.М-эээс “... Бид хоёр хот руу явахдаа О- ахад хонио захиж үлдээгээд явсан. ... Би О- гэх хүнд нийт 203 тооны хонь, ямаа, хурга, ишиг үлдээсэн. Хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл байхгүй ...” /хх 82-83/, “... Манайх 160 гаран малтай байсан. ... Малаа ялгаж авахад 110 гаран мал байсан. ...” /хх 181/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт тус тус мэдүүлжээ.

Дээрхээс үзэхэд Э.П-, Э.М-нар нь Г.О-д тодорхой тооны мал өгч 38 тооны хонь, 11 тооны хурга дутсан гэх боловч хохирогч нь анх өөрийн нэр дээр хичнээн тооны малтай байсан, үүнээс хэдэн тооны малыг Г.О-ын малтай нийлүүлж, хэдийг нь хариуцуулан өгсөн гэдэг нь тодорхойгүй, хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй, эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн бодит үнэнийг тогтоохын тулд нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор шалгах, ингэхдээ яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргийг мөрдөгч, прокурор хүлээдэг.

Гэтэл мөрдөгч Б.А- нь хохирогчоос ирүүлсэн дуудлага мэдээллийн дагуу хэргийн газарт очиж хэргийн газрын үзлэг хийгээгүй, хохирогчийн эзэмшлийн малыг тоолж тэмдэглэл хөтлөөгүй зэргээс дүгнэхэд мөрдөгч, прокурорын зүгээс дээрх хууль ёсны зарчмыг хангаж ажиллаагүйг харуулж байна.

Түүнчлэн хэргийн бодит байдлыг шууд харсан гэрч, хохирогчийн мэдүүлэг болон үндсэн эх баримт бичиг, хэргийн газраас олдсон эд мөрийн баримт зэрэг нь шууд нотлох баримт болдог. Харин хэрэгт ач холбогдол бүхий байдлыг шууд бус, дамжмал байдлаар хадгалж байгаа баримтат мэдээлэлийг дамжмал нотлох баримт хэмээн ойлгодог.

Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч Б.А- нь хохирогчийн малын тоо дутсан талаар хохирогч Э.П-гийн мэдүүлгийг хуульд заасан арга хэрэгслээр түүний мэдүүлгийн эх сурвалжийг /малын А данс гэх мэт/ баримтжуулж нотлох ажиллагааг хийгээгүй атлаа өөрөө уг сонссон зүйлийнхээ талаар гэрчээр мэдүүлсэн, хохирогч нь малын тооныхоо талаар зөрүүтэй мэдүүлж, мэдүүлгийн эх сурвалжийг зааж чадаагүй байх тул түүний өгсөн мэдүүлгийг хөдөлбөргүй үнэн зөв, хохирогчийн мэдүүлгийн эх сурвалжийг мөрдөгчийн мэдүүлгээр баталсан хэмээн үзэхгүй.

Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулалгүйгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж хохирогчид учирсан хохирлын хэмжээг бүрэн дүүрэн тогтоохгүйгээр Г.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж, түүнд ял шийтгэл оногдуулж, хохирол, хор уршгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. 

Бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах эрх, үүрэг нь гэмт хэрэг үйлдсэн этгээдэд өмчлөгчийн зөвшөөрлөөр эсхүл хууль тогтоомж, гэрээний үндсэн дээр үүссэн байх, мөн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг хууль бусаар өөртөө ашигласан байх гэсэн шинжээрээ “Завших” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргүүдээс ялгагдах онцлогтой бөгөөд “итгэмжлэн хариуцсан этгээд” гэдэгт аливаа аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар албан тушаалын хувьд үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг буюу өөрөөр хэлбэл өмчлөгчийн эд хөрөнгийг хууль ёсоор хариуцан хамгаалж буй этгээдийг ойлгох ба уг этгээд нь зохих зөвшөөрөлгүйгээр, дур мэдэн, хууль бусаар өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлэн авч, өөрийн үзэмжээр уг эд хөрөнгө буюу эрхийг захиран зарцуулах хүсэл зоригоо /санаагаа/ гүйцэлдүүлж хэрэгжүүлснээр завших үйлдэл төгссөнд тооцогдоно.

              Хэргийн үйл баримтаас үзэхэд хохирогч Э.П- нь өөрийн эзэмшлийн хөрөнгө болох малыг Г.О-ын малтай нийлүүлж, түүний эзэмшил, мэдэлд шилжүүлэн өгсөн гэж маргах боловч түүний хүлээлгэн өгсөн болон хүлээж авсан малын тоо, толгой тодорхойгүй байна.

              Өөрөөр хэлбэл, өөрийн өмч, эд хөрөнгийг итгэмжлэн хариуцуулахаар Г.О-ыг сонгох эрх нь Э.П-д байгаа боловч тэдний хооронд аман болон бусад хэлцэл байгуулагдсан нь эргэлзээтэй, малын тоо толгойг 2 талаас тоолж хүлээлгэн өгөлгүй тохироонд хүрсэн бол ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсэхгүй бөгөөд Э.П-тэй албан ёсны гэрээ, хэлцэл байгуулж бусдын малыг маллах үүрэг хүлээгээгүй тул шүүх эд хөрөнгийг хариуцахаар үүрэг хүлээсэн этгээд гэж үзэхгүй. 

              Хэдийгээр хохирогч Э.П-гээс мөрдөн байцаалтын шатанд “... би О- ахад бензин тосны мөнгө өгнө, та харж байгаарай гэж хэлсэн, ... 100.000 төгрөг өгсөн” гэж мэдүүлсэн байх боловч шүүх хуралдаанд “мөнгө өгнө гэж хэлсэн.” гэж мэдүүлсэн бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Г.О-д төлбөр төлсөн болон ямар нэгэн харилцан үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүх аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтууд чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг.

Мөн энэхүү зорилтын үүднээс хийгдэх шүүхийн үйл ажиллагаа нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон, түүнд ял оногдуулахаас гадна гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байхад мөн адил чиглэгдэх ёстой болохыг анхаарч уг ажиллагааны үр дүнд цугларсан бүхий л нотлох баримтыг шалгасны эцэст гэм буруутай болох нь хөдөлбөргүй нотлогдоогүй, энэ талаар эргэлзээ үүсвэл хэрэгт холбогдсон тухайн хүнд ашигтай байдлаар шийдвэрлэх нийтлэг үндэслэлийг баримтлах чиг үүргийг шүүх хүлээдэг.

Дээр дурдсан үндэслэлүүдэд тулгуурлан дүгнэлт хийвэл, Г.О-ын үйлдлийн улмаас Э.П-гийн эд хөрөнгөд хохирол учирсан болох нь хөдөлбөргүй нотлогдоогүй, түүнийг гэм буруутай гэж дүгнэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүсэж байх тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгод нийцнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Г.О-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, түүнийг цагаатгаж, энэ талаар шүүгдэгч Г.О-, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл нарын гаргасан “... шүүхийн тогтоолд заасан дүгнэлтүүд хэргийн бодит байдалд нийцээгүй, ... цагаатгаж өгнө үү ...” гэсэн агуулгатай гомдлуудыг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Г.О-ыг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/430 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.О-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Шүүгдэгч Г.О-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ хэрэгт нийт 53 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                    ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН