Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 305/ШШ2025/00109

 
     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга би даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ******* сумын ******** багт оршин суух, ***** овогт Ц-н Д, ***** овогт Д-н Г нарын нэхэмжлэлтэй,

Хамтын амьдралтай болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага: Ц-н Д, Д-н Г нар 1994 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс одоог хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай.

2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Ц.Д, Д.Г бид хоёр 1990 онд танилцаж улмаас 1994 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хурим найраа хийж хамтран амьдрах болсон юм. Тухайн үед бид албан ёсоор гэрлэлтээ батлуулж амжаагүй учраас гэрлэлтийн гэрчилгээгээ аваагүй, 1999 онд хүү Д.А-г төрүүлсэн, дараагийн хүү Д.Э 2005 онд Говь-Алтай аймгийн төрөх тасагт төрсөн. Бид тус аймгийн******** сумд 1994 оноос хойш одоог хүртэл амьдарч байгаа бөгөөд Ц.Д нь малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл гэрлэлтийн баталгаа байхгүй учраас малчнаар ажилласан жилд тооцогдохгүй байна. Иймд биднийг 1994 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс одоог хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нарын хууль ёсны төлөөлөгч О.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Ц.Д, Д.Г, манай нөхөр бид 4 нэг өдөр хуримаа хийж байсан. ***** багт айл саахалт байсан. Одоог хүртэл найзлаад явж байгаа. Тэр үүднээсээ итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ... Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна ... гэжээ. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

3.Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Ц-н Д-н гэрлэсний бүртгэлгүй тухай лавлагаа

- Д-н Г-н гэрлэсний бүртгэлгүй тухай лавлагаа

- Д-н А-н төрсний бүртгэлийн лавлагаа

- Д-н Э-н төрсний бүртгэлийн лавлагаа

- Говь-Алтай аймгийн ********* сумын 3 дугаар сарын Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн албан бичиг /тодорхойлолт/

- фото зураг 3 ширхэг

- Говь-Алтай аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 01 оны дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаартай архивын лавлагаа, түүнд хавсаргасан 1994-1997оны жилийн эцсийн мал тооллогын А дансны хуулбарууд

-Говь-Алтай аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 84 дугаартай архивын лавлагаа, түүнд хавсаргасан 1992-1993 оны жилийн эцсийн мал тооллогын А дансны хуулбарууд

-Говь-Алтай аймаг ******** сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 03/32 дугаартай архивын лавлагаа, түүнд хавсаргасан 2019-2024 оны жилийн эцсийн мал тооллогын А дансны хуулбарууд

- Төрийн банкны зээлийн гэрээний хуулбар

4. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт:

- Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 15/445 дугаартай албан бичиг,

- Ц.Д-н иргэний давхцахгүй өгөгдлийн бүртгэл, иргэний үнэмлэх авах өргөдөл

-Д.Г-н иргэний давхцахгүй өгөгдлийн бүртгэл, иргэний үнэмлэх авах өргөдөл, пасторт авах өргөдөл

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Д, Д.Г нар нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах хамтын амьдралтай байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.

Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Ц.Д, Д.Г нар нь 1994 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс одоог хүртэл хамтын амьдралтай байсан болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах бичмэл нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

Говь-Алтай аймгийн ******** сумын 3 дугаар багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 67 дугаартай ... ********** регистрийн дугаартай Ц*н Д, ******** регистрийн дугаартай Д-н Г нар гэр бүл болж ******* багт амьдардаг нь үнэн болно ... гэх тодорхойлолт,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ************** дугаартай Д-н А нь 1999 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, эрэгтэй, эцгийн мэдээлэл хэсэгт О овогт Ц-н Д, эхийн мэдээлэл хэсэгт Т овогт Д-н Г гэж бичигдсэн төрсний бүртгэлийн лавлагаа,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн **************** дугаартай Д-н Э нь 2005 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, эрэгтэй, эцгийн мэдээлэл хэсэгт О овогт Ц-н Д, эхийн мэдээлэл хэсэгт Т овогт Д-н Г гэж бичигдсэн төрсний бүртгэлийн лавлагаа,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн О овогт Ц-н Д гэж бичигдсэн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, тодорхойлолт,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Т овогт Д-н Г гэж бичигдсэн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, тодорхойлолт,

Нэхэмжлэгч Ц.Д, Д.Г нарын гэр бүлээрээ авахуулсан 3 ширхэг фото зураг,

Төрийн банкны 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн МN090034240811627258 дугаартай зээлдэгч Ц-н Д, хамтран үүрэг гүйцэтгэгч Д-н Г гэж гарын үсэг зурсан барьцаат зээлийн гэрээний хуулбар,

Говь-Алтай аймаг ******** сумын Засаг даргын Тамгын газрын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 03/32 дугаартай ********* сумын ******* багийн иргэн Ц.Д-н А лавлагааг олгов гээд 2019-2024 оны жилийн эцсийн малын тоог тодорхойлсон бөгөөд түүнд хавсаргасан 2019-2024 оны жилийн эцсийн мал тооллогын А данснуудад өрхийн тэргүүлэгч Ц-н Д, ам бүл 3, малчдын тоо 2 гээд Ц-н Д, Д-н Г нарыг бүртгэсэн бүртгэл,

Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаартай тус аймгийн ******** сумын ******** багийн малчин, өрхийн тэргүүлэгч Ц-н Д-н мал маллаж байсан хугацаа (1994-1997 он) хүртэлх гээд тухайн онуудын малын тоог тодорхойлсон архивын лавлагаа,

Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 84 дугаартай тус аймгийн ******* сумын ******* багийн малчин, өрхийн тэргүүлэгч Ц-н Д-н мал маллаж байсан хугацаа (1992-1993 он) хүртэлх гээд тухайн онуудын малын тоог тодорхойлсон архивын лавлагаа,

1992 оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд Ц.Д нь ам бүл 7 гэж, 1993 оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд Ц.Д нь ам бүл 6 гэж, 1994 оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд Ц.Д нь ам бүл 2 гэж, 1995 оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд Ц.Д нь ам бүл 2 гэж, 1997 оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд Ц.Д нь ам бүл 2 гэж тус тус бүртгэгдсэн байгаа зэргээр тогтоогдож байна.

3. Иймд О овогт Ц-н Д, Т овогт Д-н Г нарыг 1994 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс одоог хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоох нь үндэслэлтэй байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан О овогт Ц-н Д, Т овогт Д-н Г нарыг 1994 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс одоог хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА