Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2023/ДШМ/646

 

 

 

 

 

  2023             06             22                                          2023/ДШМ/646

 

Г.Т- Б.Э- нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Батзаяа,

хохирогч С.Г-ын өмгөөлөгч Д.Майдри,

шүүгдэгч Б.Э-, Г.Т-, тэдгээрийн өмгөөлөгч Б.Ганбат, Э.Мягмардорж

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/278 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч С.Г-, түүний өмгөөлөгч Д.Майдри нарын хамтран гаргасан болон шүүгдэгч Б.Э-, Г.Т-, тэдгээрийн өмгөөлөгч Б.Ганбат, Э.Мягмардорж нарын гаргасан давж заалдах гомдлуудаар 2211017732032  дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ...,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 789 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэрийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 863 дугаартай магадлалаар урьд шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг өршөөн хэлтрүүлж, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор дүйцүүлэн сольж 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

2. ... ,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 1443 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн.

Б.Э-, Г.Т- нар нь бүлэглэн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, хуучин автобусны эцсийн буудал орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэн Л.Б-ын араас тэвэрч, хэвлий орчим цохин биед нь халдах явцдаа, түүний халааснаас нь “Huawei” загварын гар утсыг хүч хэрэглэн авсан буюу бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэн хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг,

Г.Т- нь 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс болж хохирогч С.Г-той маргалдаж улмаар цаасны хутгаар нүүр хэсэг, ам орчим зүсэж эрүүл мэндэд нь “хоёр хацар, уруул баруун завжинд зүсэгдсэн шарх” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.Т-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар,

Б.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Э-, Г.Т- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэн хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Г.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Э-ийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Г.Т-г 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Т-г 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-г 2 жилийн хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-г 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад эдлүүлэхээр тогтоож, Г.Т-, Б.Э- нарт оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

Хохирогч С.Г-ын өмгөөлөгч Д.Майдри давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шүүх хурлыг 2023 оны 03 дугаар 21-ний өдөр 11 цагаас товлож тов мэдэгдэхээр хохирогч С.Г-ын утас руу залгахад холбогдох боломжгүй байсан гэжээ. Үүнээс хойшхи бүх хуралд хохирогч С.Г- тов мэдэгдээгүй. Харин хохирогчийн өмгөөлөгч Д.Майдри над руу нэг ч удаа шүүхээс тов мэдэгдээгүй. Ийнхүү хохирогчид огт мэдэгдэлгүйгээр шүүх хуралдаан болсон нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм. Прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэх үедээ ч хохирогч С.Г-, түүний өмгөөлөгч надад мэдэгдэж хэргийн материалтай танилцуулаагүй, хэрэг шүүхэд ирсэний дараа ч хэргийн материалтай танилцуулаагүй. Улмаар хохирогч С.Г-ын хохирлын хэмжээг яллах дүгнэлтийн хавсралтын 5-д 802,700 төгрөгийн төлбөртэй гэж илтэд үндэслэлгүй бичсэн байна. Учир нь хохирогчийн хохирлын хэмжээ эмчилгээний төлбөр 2,937,900 төгрөг /хх 201-211/, өвчний улмаас ажилгүй байсан 52 хоногийн цалин 2,836,363 төгрөг /хх 212/, өмгөөллийн хөлс 2,000,000 төгрөг /хх 201-211/ нийт 7,774,263 төгрөг байхад шүүгдэгч завсарлага авч яллах дүгнэлтэд бичсэн 802,700 төгрөгийг бүхэн төлж хохирол барагдуулсан мэтээр хэрэг хянан шийдвэрлэгджээ. Гэвч шийтгэх тогтоолд хохирол төлбөрийг хэрхэн шийдвэрлэсэн талаар дүгнээгүй бөгөөд иргэний журмаар хохирол төлбөр нэхэмжлэх заалт ч оруулаагүй байна. 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдрийн хооронд бусад оролцогчдод шүүхийн шийтгэх тогтоолыг гардуулсан атлаа хохирогч С.Г- болон өмгөөлөгч надад мөн л мэдэгдээгүй. Үүнээс 10 хоногийн дараа шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүргүүлэхдээ шийтгэх тогтоолыг нэг дугтуйд хамтад нь хийж шуудангаар ирүүлснээр бид ийнхүү хэрэг шүүх рүү шилжээд зогсохгүй бүхэл бүтэн 4 удаа хуралдаж хэрэг шийдвэрлэгдсэн болохыг анх олж мэдлээ. Энэ бол шүүхийн буруутай, хариуцлагагүй, шударга бус, хууль зөрчсөн үйл ажиллагаа мөн. Тиймээс анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр хэргийг буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Г.Т- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би Э-тэй бүлэглэн болон нийлж дээрэм хийгээгүй, түц орж тамхи авчихаад машиндаа сууж байсан. Миний бие үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж, ухаарч байгаа. Т- миний бие Баянзүрх дүүргийн 24-р хороонд эхнэр, хүүхдийн хамт оршин суудаг, хүүхэд маань 1 нас 6 сартай, миний бие ажил хийж эхнэр хүүхдээ тэжээж амьдардаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан энэ гэмт хэргийг Э-тэй үйлдээгүй учраас 2 жилийн хорих ялаар шийтгүүлсэндээ маш их харамсалтай гомдолтой байна. Энэ хэргийг зөвөөр шийдэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Б.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би үйлдсэн гэмт хэрэгтээ маш ихээр гэмшиж байгаагаа илэрхийлж байна. Гэвч энэ гэмт хэрэгт согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаас ямар нэгэн гэмт хэргийн шинж, санамсаргүйгээр хохирогчийн биед хүрч газарт унасан гар утсыг өөрийн утастай андууран авч харьснаа өглөө сэрээд мэдсэн. Тэр даруйд нь тухайн зүйл болсон түцний эгч дээр очиж хохирогчийн хаягийг авч хохирогчид хүргэж өгсөн билээ. Энэ гэмт хэргийг ганцаараа үйлдсэн нь үнэн болно. Би настай хөл муутай ээжийнхээ хамт амьдардаг. Би цагийн ажил хийж ээжийгээ асран хамгаалж сувилдаг байсан юм. Одоогоор ээжийг минь харж хандах хүнгүй тул энэ байдлыг харгалзан үзэж, зохих хууль журмын дагуу зүйлчлэлийг минь хөнгөрүүлэн өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Г.Т-, Б.Э- нарын өмгөөлөгч Э.Мягмардорж гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй. Шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдоогүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлээ заагаагүй, дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байхад шүүгдэгч Г.Т-г Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруутайд тооцож хорих ял оногдуулсан нь илт хууль бус гэж үзэж байна. ...  Шүүгдэгч Г.Т- бусдын эд хөрөнгийг авах үйлдэлд огт оролцоогүй, машин дотор сууж байсныг гэрч Х.Н, шүүгдэгч Б.Э- нар гэрчилдэг. Гэрч Х.Н Б.Э нь хохирогчтой зодолдож, муудалцсан зүйл байгаагүй, хохирогч Л.Б- эхнээсээ мэдүүлэхдээ Б.Э-ийг “ барилдах уу” гэж хэлснийг нотолж байгаагаас дүгнэхэд шүүгчийн тогтоолд дурдсан сүрдүүлэх, айлгах хэлбэрээр заналхийлсэн, хүч хэрэглэсэн, довтолсон гэх шинжийг үгүйсгэж байна. Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх аргыг заасан учраас объектив талын үндсэн шинжийг илэрхийлж, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл Б.Э- хохирогч Л.Б-ын гар утсыг барилцаж барилдах явцдаа илээр, хүч хэрэглэхгүйгээр авсан байдаг. Гар утас авсныг хохирогч Л.Б- мэдсэн явдал нь илээр авсныг нотолж байгаа юм. Хохирогч Л.Б- Б.Э-тэй хэрэлдэж маргалдсан, хэл амаар заналхийлсэн, айлган сүрдүүлсэн талаар огт мэдүүлдэггүй нь хүч хэрэглээгүй болохыг нотолж байна. Өөрөөр хэлбэл Б.Э- нь хохирогчийн бие махбодид болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, айлган сүрдүүлээгүй, хүч хэрэглэхээр заналхийлээгүй зөвхөн ил аргаар утсыг салган авч тэр даруйдаа машиндаа сууж хохирогчоос холдон явсан байдаг. Б.Э- хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглэсэн, айлган сүрдүүлсэн, хүч хэрэглэхээр заналхийлээгүй байна. ... Шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр, шүүгдэгч Г.Т- Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдэхэд ямар үйлдэл хийж, ямар оролцоотой оролцсон талаар шүүх дүгнэлт хийгээгүй. ... шүүгдэгч Б.Э-ийн үйлдэлд “хүч хэрэглэсэн” гэх нөхцөл байдал эргэлзээтэй байхад шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлээгүй гэж дүгнэхээр байна. ... Дээр дурдсан нөхцөл байдлыг үндэслэн Г.Т-г гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд зааснаар нотлогдоогүй үндэслэлээр цагаатгаж, Б.Э-ийн үйлдлийг 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж, хорихоос өөр төрлийн ял оногдуулах байдлаар анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/278 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Г.Т- Б.Э- нарын өмгөөлөгч Б.Ганбат гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Г.Т-гийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайгаа хүлээн зөвшөөрч байгаа. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Гэрч Х.Н, Э нарын мэдүүлгүүд хохирогчийн мэдүүлэгтэй эрс зөрүүтэй. ... Гэрч Х.Н, н.Э нарын мэдүүлгээр Г.Т- түцнээс түрүүлж гарч ирээд машиндаа сууж байсан болох нь тогтоогддог. ... хохирогч Л.Б-ыг дээрэмдүүлсэн гэх үйлдэлд Г.Т- ямар нэгэн үйлдэл оролцоогүй, мөн хохирогчийн гар утсыг нь барилдаж байхдаа авсныг нь Г.Т- мэдээгүй, түүнчлэн Э-ийг хохирогчтой барилдаж байна гэж машинд сууж байсан хүмүүс бодсон, ямар нэгэн маргаж байгаа зүйл харагдаагүй талаар гэрч нар мэдүүлсэн нь Г.Т-г бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт ямар нэгэн үйлдэл оролцоо байгаагүй болохыг нотолдог атал шүүх гагцхүү хохирогчийн мэдүүлэгт үндэслэн дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна. ... хохирогч Л.Б-ын хувьд шүүх хуралдаан дээр өмнө нь өгсөн мэдүүлгээсээ өөр зүйл ярьж эхэлдэг, мэдүүлгүүд нь маш тогтворгүй. ... Ганц хохирогчийн мэдүүлгээр энэ 2 хүүхэд шүүгдэгч болчихсон байна. ... Иймд Г.Т-гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэх гэх үйлдэл холбогдол нь бүрэн тогтоогдохгүй, эргэлзээтэй байгаа тул шүүгдэгчид ашигтай байдлаар дээрх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Прокурор Ц.Батзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны хувьд хохирогч 3 удаа мэдүүлэг өгөхдөө тогтвортой байдлаар мэдүүлгээ өгсөн. Ингэхдээ “Тухайн үед хэрэг учрал ТҮЦ-ний гадна болсон. ТҮЦ-ний гадна хоёр залуу машинтай ирээд намайг “Нааш ир, ах” гээд дуудахаар нь би очиход нэг нь араас тэвэрч аваад нөгөө нь элэг рүү цохиж унагаасан. Тэгээд миний халаасанд байсан гар утсыг авсан” гэж 2 удаа тогтвортой мэдүүлсэн. Харин 3 дахь удаагийн мэдүүлгээрээ “Хоёр шүүгдэгч миний гар утсыг авчирч хүлээлгэж өгсөн” гэж мэдүүлсэн. Үүнтэй холбоотой хоёр шүүгдэгч мэдүүлэг өгөхдөө “Цагдаагаас бидэн рүү ярихаар нь айсандаа хохирлыг нь барагдуулах зорилгоор хүргэж өгсөн” гэдэг. Энэ нь тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд өөрийгөө илчилж, гэмт хэргийн хохирлыг барагдуулах зорилгоор гар утсыг хүлээлгэж өгснийг илтгэнэ. Ингэхдээ хохирогчийг хаана байдаг талаар ТҮЦ-ний эзнээс тодруулж өгсөн болохоо мэдүүлсэн. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас ТҮЦ-ний хүнээс мэдүүлэг аваагүй гэж гомдол гаргасан байна. Гэтэл тухайн харилцаа ТҮЦ дотор үүсээгүй, гадна үүссэн бөгөөд тухайн үйл явдлыг ТҮЦ-ний эзэн харсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнээс заавал гэрчийн мэдүүлэг авах нь хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой биш гэж үзсэн. Мөн тухайн үед хамт байсан Нандинцэцэг, Энхсайхан нараас гэрчийн мэдүүлэг авахад “Т-, Э- хоёр буугаад явсан. ТҮЦ рүү яваад Э- нь хохирогч болох Б-той маргалдаж байгаа үйл баримт харагдсан. Харин Т- гэнэт машинд буцаад хүрээд ирсэн” гэж мэдүүлсэн. Гэрчийн мэдүүлгээр тухайн үед Б.Э-ийн маргалдаж зодолдсон, тэврэлдсэн нөхцөл байдлыг харсан, харин Г.Т-гийн үйлдлийг хараагүй болох нь тогтоогддог. Тухайн үед гэрч харсан зүйлээ ярьсан гэж үзсэн бөгөөд түүний мэдүүлгийг туйлын үнэн гэж үзэх хийгээд Г.Т- хохирогчийг зодоогүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Тийм учраас хохирогчийн 3 удаагийн мэдүүлгээр шүүгдэгч нар нь бусдад хүч хэрэглэж бусдын эд зүйлийг авсан буюу дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон тул прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч нарын үйлдэл тогтоогдсон гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Хохирогчийн өмгөөлөгчтэй холбоотой хохирлын асуудлыг анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо тусгаагүй байгаа ч үүнийг давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирлыг тусгах бүрэн боломжтой гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

          Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Б.Э-, Г.Т- нар нь бүлэглэн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, хуучин автобусны эцсийн буудал орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэн Л.Б-ын араас тэвэрч, хэвлий орчим цохин биед нь халдах явцдаа, түүний халааснаас нь “Huawei” загварын гар утсыг хүч хэрэглэн авсан буюу бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэн хууль бусаар авч дээрэмдэх,

Г.Т- нь 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс болж хохирогч С.Г-той маргалдаж улмаар цаасны хутгаар нүүр хэсэг, ам орчим зүсэж эрүүл мэндэд нь “хоёр хацар, уруул баруун завжинд зүсэгдсэн шарх” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тус тус тогтоогдсон байна

          1. Хохирогч Л.Б-ын ”... Би 2022 оны 09 дүгээр сарын 28-29 шилжих шөнө 01 цагийн үед Чингэлтэй дүүрэг 15-р хороо хуучин эцсийн автобусны буудлын түцнээс тамхи аваад гэр лүүгээ алхаад явж байхад автобусны буудлын зогсоол дээр хар өнгийн приус-30 загварын машин зогсож байсан. Би тухайн машины хажуугаар нь зөрөхөд машинаас 20 орчим насны 2 залуу бууж ирээд, нэг залуу нь барилдах уу? ахаа гэж хэлснээ нөгөө залуу нь миний араас тэвэрч авсан. Тэгээд барилдах уу? гэж хэлсэн залуу нь миний хэвлий тус газар нэг удаа цохисон. Би доош тонгойход миний куртикний халааснаас Huawei загварын утсыг минь авсан. Миний гар утсыг намайг цохисон залуу авсан. Тэгээд би бага зэргийн өндийгөөд утсаа авъя гэхэд тэр 2 залуу хоёулаа машиндаа сууснаа яваад өгсөн...” /1-р хх-ийн 17-18, 21-22, 25-27/ гэж тухайн газар, цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн бие, эд хөрөнгөд халдсан этгээдийн гадна төрх байдал, алдагдсан эд хөрөнгийнхөө шинж онцлогийн талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

гэрч Ө.Э-ны “... Тэгээд удалгүй дахин нэг 20 орчим насны эмэгтэй ирээд машин барихаар болсон ба би хойд талын зүүн талд суугаад унтаад явж байсан. Нэг сэрэхэд нөгөө эмэгтэй машин бариад, сүүлд суусан эрэгтэй нь машинаас буусан байсан ба машинд жолоочийн хүрдний ард эмэгтэй хүн, жолоочийн эсрэг талд Т- ах суугаад. Э- ах миний хажууд суугаад явж байсан. Тухайн үед тамхи дууссан байна гэж ярьж байсан ба дундаа түц нь дээр зогссон санагдаж байна. Ер нь би унтаад яваад байсан учраас хаана зогссоныг нь сайн мэдэхгүй байна. Нэг сэрэхэд Т- ах орж ирээд, араас нь Э- ах орж ирж байсан ба түцэнд нэг хун муудалцаад, түцний эгчийг загнаад байсан гээд ярьж байсан. Түцэн дотор болон тухайн зогссон газар юу болсныг сайн мэдэхгүй байна. Тэгээд бид нар явсаар Монельд би буугаад гэр лүүгээ орсон юм ...” /1-р хх-ийн 41-43/,

гэрч Х.Н-ийн “... Тухайн үед нэлээн орой болсон байсан ба замаар Хайлаастын зам дагуу түцэн дээр тамхи авах гэж зогсоод эхлээд Т- буугаад Түц ортол араас нь Э- буусан. Тэгээд Т- эхлээд удалгүй ороод ирсэн. Тэгтэл түцний гадаа замын хажууд Э- нэг ахтай ноцолдоод, барьцалдаад, зууралдаад байсан юм. Гэхдээ тэр хоёр бие биенийгээ зодож цохисон ямар нэгэн асуудал гараагүй. Тэгээд удалгүй Э- орж ирээд явцгаасан ...” /1- р хх-ийн 45-47/,

Дамно 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ЧД2-22-831 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 51-52/,

Таньж олуулах ажиллагаагаар хохирогч Л.Б- нь “3 дугаартай Б.Э-, 1 дугаартай Г.Т- нарыг зааж, таньж олсон” тухай тэмдэглэл /1-р хх-ийн 53-55/ зэргээр,

          2. Хохирогч С.Г-ын: “... ундаа аваад өг гээд миний өөдөөс агсраад бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгээд би Т-г түлхсэн чинь Т- гараа атгаж байгаад миний нүүрний зүүн хэсэгт 1 удаа цохисон. Тэгэхээр нь би Т-г машинд суулгаад хаалгыг нь хаасан чинь Т- намайг чаддаг юм бол ороод ир гээд байхаар нь би цонхоор нь толгойгоо оруулсан чинь юугаар нь мэдэгдэхгүй миний баруун зүүн хацрын хэсэгт зүсэгдсэн...” /1-р хх-ийн 124-125/ гэж тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед халдсан этгээдийн гадна төрх байдлын талаар мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

Шүүх шинжилгээний ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 80 дугаар “... Шарх эдгэрэлт нь тухайн хүний биеийн эсэргүүцэл, анхны тусламжийг хэрхэн үзүүлсэн байдал, шархны цэгцлэлт, байрлал, шархны хэмжээнээс хамаарч хугацаа нь харилцан адилгүй байна. 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр С.Г-ын биед хийсэн үзлэгээр хацар, ам, уруул, жавьжны шарх нь сорви тогтож эдгэсэн ба нүүрний тэгш хэм алдагдаагүй, ам ангайлт чөлөөтэй, уруулын хэлбэр алдагдаагүй байна. С.Г-ын нүүрний сорви нь бүр мөсөн арилахгүй, бүдгэрэх боломжтой... гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна ...” гэх шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 41-44/ ,

гэрч Б.Х-ын “... Т-, Г- нар хоорондоо хэрэлдээд байсан. Тэмүүлэн бид хоёр тэр хоёрыг болиоч гэж хэлээд байж байтал Тэмүүлэн дэлгүүр рүү орсон ба энэ үед Г- Т-гийн нүүрэнд цохиж авсан. Тэр 2 бие биеийнхээ бие рүү цохиж, зодолдож эхэлсэн. Би Г-ыг Т-гээс холдуулахад Т- машиндаа орж суусан. Г- Т-гийн цонхоор очоод түүнийг цохиж аваад байсан. Гэтэл Т- машинаасаа өндийгөөд Г-ыг алгадах шиг болсон ба Г-ын ам болон хацрыг зүсчихсэн байсан. Энэ үед би гүйж очоод салфеткаар Г-ын хацар амыг дарж өгсөн, Тэмүүлэн дэлгүүрээс гарч ирээд эмнэлгийн түргэн тусламжид дуудлага өгсөн...” /1-р хх-ийн 127/,

          гэрч А.Т-ийн “Т-, Г- 2 хоорондоо хэрэлдсэн зогсож байсан. Би Т-г “за болио” гэж хэлээд Г-ыг түлхсэн чинь Г- шууд уурлаад Т-г гараараа нүүр, бие толгой руу нь олон удаа цохиод эхэлсэн. Хосоо бид хоёр салгасан.  Т- машиндаа суусан ... би дэлгүүр ороод гараад ирсэн чинь Т- Ганбодын амыг зүссэн байсан, юугаар зүссэнийг нь мэдэхгүй  байна. Сүүлд Т- цаасны хутгаар зүссэн гэж ярьж байсан.” /1-р хх-ийн 129-130/ гэх мэдүүлэг зэргээр тус тус давхар нотлогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан төдийгүй нотлох баримтын хүрэлцээ хангалттай байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.

1. Шүүгдэгч Г.Т-, Б.Э-, тэдний өмгөөлөгч  Э.Мягмардорж, Б.Ганбат нараас гаргасан “ ...  шүүгдэгч Г.Т-г Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож хорих ял оногдуулсан нь илт хууль бус ... тэрээр бусдын эд хөрөнгийг авах үйлдэлд огт оролцоогүй, гэрч нарын мэдүүлгүүд эрс зөрүүтэй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж,   ... Б.Э- хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглэсэн, айлган сүрдүүлсэн, хүч хэрэглэхээр заналхийлээгүй, тухайн гэмт хэргийг бүлэглэж үйлдээгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлын тухайд,

Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад саад болж байгаа эзэмшигч, өмчлөгчийн амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон үйлдлийг ойлгоно.

Довтолсон гэдгийг бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авах зорилгоор илээр, хүч хэрэглэн халдсан үйлдлийг, амь биед аюултайгаар хүч хэрэглэх гэдгийг хохирогчийн эсэргүүцлийг дарахад чиглэгдсэн аливаа үйлдлийг хэлэх ба дээрмийн гэмт хэрэг нь довтолсноор төгсдөг онцлогтой юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсноор төгссөнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг буюу бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшил, ашиглалтад авсан байхыг шаарддаггүй.

Гэм буруу нь гэмт үйлдлийн хохирол, үр дагавар нь гэмт этгээдийн хийсэн үйлдэлтэй шууд холбогдсон байх сэтгэхүйн холбогдол, ухамсарт зан үйлийн объектив талтайгаа уялдсан байх ёстой.

Дээрэмдэх гэмт хэргийн субъектив талын шинжүүд нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авах гэсэн зорилго, бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөл, эзэмшилд түргэн хугацаанд шилжүүлэх гэсэн шунахайн сэдэл, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсноор бусдын амь нас, эрүүл мэндэд аюултай буюу гэмтэл, хохирол учрахыг ухамсарласан байдал, хүний амь биед аюултай байдал бий болохыг болон бий болох боломжтойг урьдчилан мэдсэн, энэхүү үр дагавар, хохирол, хор уршгийг зориуд хүсэж үйлдсэн байна.

Эрүүгийн хуульд гэмт хэргийн хамтран оролцогчийн төрлийг хуульчилсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.”, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ.,”, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ.” гэж тус тус хуульчилсан.

Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Б.Э-, Г.Т- нар нь бүлэглэн 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, хуучин автобусны эцсийн буудал дээр байрлах түргэн үйлчилгээний цэгээс тамхи авахаар орохдоо хохирогч Л.Б-ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон гартаа гар утсаа барьсан зэргийг харсан, улмаар түүнийг түцнээс гарч ирэхэд нь шүүгдэгч Б.Э- нь хохирогчоос “ахаа барилдах уу” гэж яриа өдөөх явцад Г.Т- хохирогч  Л.Б-ын ар нуруу хэсгээс тэвэрч, Б.Э- түүний хэвлий тус газарт цохин биед нь халдаж,  халааснаас “Huawei” загварын гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэн авсан болох нь дээр дурдсан хохирогч Л.Б-, гэрч Ө.Энхсайхан, гэрч Х.Н нарын мэдүүлэг болон таньж олуулах ажиллагаагаар хохирогч Л.Б- нь “3 дугаартай Б.Э-, 1 дугаартай Г.Т- нарыг зааж,  таниж олсон” тухай тэмдэглэл, Дамно 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ЧД2-22-831 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар дээрэмдэх гэмт хэргийн субъектив заавал байх шинж буюу хохирогч Л.Б-ын гар утсыг өөрийн болгож бүр мөсөн авах гэсэн санаа зорилго тогтоогдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь  ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно. Түүнчлэн, хугацаатай хорих ялыг эдлүүлэхдээ нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхдээ мөн адил эдгээр нөхцөл байдлыг харгалзахаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Э-, Г.Т- нарын хувьд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрлөөс хорих ялыг сонгон хэрэглэж, шүүгдэгч Б.Э-, Г.Т- нарт тус бүр 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тус тус тохирсон бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

2. Хохирогч С.Г-ын өмгөөлөгч Д.Майдригаас гаргасан “... хохирогчийн хохирлын хэмжээ эмчилгээний төлбөр 7.774.263 төгрөг байхад шийтгэх тогтоолд хохирол төлбөрийг хэрхэн шийдвэрлэсэн талаар дүгнээгүй ... шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхээр хангаагүй, шийтгэх тогтоолыг хугацаа хэтрүүлж гардуулсан ... Тиймээс хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр хэргийг буцааж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлын тухайд,

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, шүүгдэгч Г.Т- нь 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээс болж хохирогч С.Г-той маргалдаж улмаар цаасны хутгаар түүний нүүр хэсэг, ам орчим зүсэж эрүүл мэндэд нь “хоёр хацар, уруул баруун завжинд зүсэгдсэн шарх” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрч нарын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт болон анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл хохирогч С.Г-ын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч Г.Т-гийн цаасны хутгаар нүүр, ам орчим зүссэн үйлдлийн улмаас үүссэн, түүний гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой бөгөөд тухайн цаг хугацаанд хөндлөнгийн этгээдээс хохирогчид хүч хэрэглэсэн, өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Т-гийн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирчээ.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор хуульчилсан бөгөөд бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар гэм хорыг арилгах үүрэгтэй.

          Нөхөн төлөгдөх эрүүл мэндийн хохирол нь хохирогчийн эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг сайжруулахтай холбогдон гарсан бодит зардлын хэмжээгээр, харин эд хөрөнгийн хохирол нь гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээхэд шаардлагатай хөрөнгийн хэмжээгээр тодорхойлогддог.

          Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад, хохирогч С.Г-ын зүгээс эмчилгээний төлбөр 2.937.900 төгрөг /хх 201-211/, өвчний улмаас ажилгүй байсан 52 хоногийн цалин 2.836.363 төгрөг /хх 212/, өмгөөллийн хөлс 2.000.000 төгрөг /хх 201-211/ нийт 7.774.263 төгрөгийг нэхэмжилсэн байхад шүүх тус баримтуудыг үнэлж, хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй хэмээн үзсэн нь үндэслэлгүй.

          Тиймээс хэрэгт авагдсан хохирлын баримтуудыг нотлогдсон хэмжээнд үнэлж, эмчилгээний төлбөр 2.937.900 төгрөг, хохирогчийн ажилгүй байсан 52 хоногийн хугацааны цалин 2.836.363 төгрөг нийт 5.774.263 төгрөгийг шүүгдэгч Г.Т-гээс гаргуулж, хохирогч С.Г-од олгох нь зүйтэй байна.

Харин хохирогч өөрийн хүсэл зоригийг илэрхийлж өмгөөлөгчтэй тохиролцож гэрээ байгуулж болон байгуулахгүйгээр хөлс төлсөн асуудал нь талуудын тэгш байдал, харилцан хүсэл зоригоо илэрхийлсний дүнд хийгдсэн хэлцэл бөгөөд зайлшгүй гарах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй тул өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсны хөлс болох 2.000.000 төгрөгийг гаргуулах талаарх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

Түүнчлэн анхан шатны шүүх хэрэг хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр, 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр тус тус товлон зарласан атлаа хохирогч С.Г-, түүний өмгөөлөгч Д.Майдри нарт шүүх хуралдааны тов мэдэгдээгүй  буюу мэтгэлцэх эрхээр хангаагүй зөрчил гаргасныг дурдах нь зүйтэй байхаас гадна Нийслэлийн Эрүүгийн хэрийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 863 дугаар магадлалаар урьд шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг өршөөн хэлтрүүлж, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялын нэг хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор дүйцүүлэн сольж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, уг ялыг эдэлж байх хугацаанд дахин гэмт хэрэгт үйлдсэн байхад эдлээгүй үлдсэн ялын хугацааг зогсоох эсэх асуудлгыг шийдвэрлээгүй буюу уг ялыг эдэлж дууссан эсэх нь тодорхойгүй байх тул энэхүү ялыг тусад нь эдлүүлэх эсэх асуудлыг хуульд заасан журмаар шийдвэрлэхийг зориуд тэмдэглэв.

          Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, хохирогчийн өмгөөлөгч Д.Майдригийн гаргасан давж заалдах гомдлоос зарим хэсгийг хангаж, шүүгдэгч Г.Т-, Б.Э-, тэдний өмгөөлөгч Э.Мягмардорж, Б.Ганбат нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Шүүгдэгч Г.Т-, Б.Э- нарын 2023 оны 04 дүгээр сарын 19-нөөс 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл нийт 64 цагдан хоригдсоныг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/278 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт

          “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Т-гээс  5.774.263  /таван сая долоон зуун далан дөрвөн мянга хоёр зуун жаран гурав/ төгрөгийг гаргуулж, хохирогч С.Г-од олгож, өмгөөлөгчийн хөлс болох 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

          2. Хохирогчийн өмгөөлөгч Д.Майдригийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүгдэгч Г.Т-, Б.Э-, тэдний өмгөөлөгч  Э.Мягмардорж, Б.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

          3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-, Б.Э- нарын 2023 оны 04 дүгээр сарын 19-нөөс 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэл нийт 64 /жаран дөрөв/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

          3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.БАТЗОРИГ

 

                                    ШҮҮГЧ                                                          Ц.ОЧ

 

                                    ШҮҮГЧ                                                          Н.БАТСАЙХАН