| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 305/2025/00068/И |
| Дугаар | 305/ШШ2025/00135 |
| Огноо | 2025-03-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 305/ШШ2025/00135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ******* сумын ********** багт оршин суух, Т овогт Б-н Ц-н нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн ******** сумын ********** нэгдлийн *********** бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие 1967 оны 03 дугаар сарын 24-ний өдөр төрсөн одоо 58 настай. Би 1983 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 16 нас хүрч эцэг, эхийн хамт мал маллаж эхэлсэн. Говь-Алтай аймгийн ********* сумын ******** нэгдэл ********* бригадад 1983 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл малчнаар, 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдөр цэрэгт татагдаж 1988 оны 06 дугаар сарын 15-ны өдөр халагдаж ирээд 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тус нэгдэлд малчнаар томилогдон 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл аймгийн архивт 1989-1990 оны баримт байхгүй байна. Иймд миний бүрдүүлсэн нотлох баримтыг үндэслэн 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- Хөдөлмөрийн дэвтэр/Б.Ц/
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 157 дугаартай архивын лавлагаа, уг архивын лавлагааны хавсралт Б.Ц-н 1990-1991 оны цалингийн цэс
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 113 дугаартай албан бичиг
-Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 111 дугаартай архивын лавлагаа, уг архивын лавлагааны хавсралт Б.Ц-н 1989-1990 оны цалингийн цэс
4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: байхгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Ц нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.
Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Б.Ц нь 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн ******** сумын ********* нэгдлийн ********* бригадад малчнаар ажиллаж байсан болох нь:
2.1. Говь-Алтай аймгийн ****** сумын ******** нэгдлээс 1989 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Б-н Ц-т олгосон ...Говь-Алтай аймгийн ******** сумын ********** нэгдлийн даргын 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01-р тушаалаар 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ******* нэгдлийн ********* малчнаар томилов ... гэсэн бичилт хийгдсэн хөдөлмөрийн дэвтэр.
2.2. Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 157 дугаартай тус аймгийн ***** сумын ******** нэгдлийн хамтын хүч бригадад малчин байсан Б-н Ц нь 1990 оны 1-12 дугаар сарууд, 1991 оны 1-11 дүгээр саруудад цалин хөлс авч байсан-ыг тодорхойлсон лавлагаа.
2.3. Говь-Алтай аймгийн ********* сумын ****** нэгдлийн ********* бригадад малчнаар ажиллаж байсан Б.Ц-н 1990-1991 оны цалин хөлсний цэс.
2.4. Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 111 дугаартай тус аймгийн ******** сумын * нэгдлийн*********** хамтын хүч бригадад малчин байсан Б-н Ц /1989 онд Б.Ц/ нь 1989 оны 1-12 дугаар сарууд, 1990 оны 1-12 дугаар саруудад цалин хөлс авч байсан-ыг тодорхойлсон лавлагаа.
2.5. Говь-Алтай аймгийн ********** сумын ********* нэгдлийн хамтын хүч бригадад малчнаар ажиллаж байсан Б.Ц-н 1989-1990 оны цалин хөлсний цэс зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх дээрх хөдөлмөрийн дэвтэр, ажил олгогчийн шийдвэр, цалин хөлсний лавлагаа, цэс зэрэг бичмэл нотлох баримтуудын мэдээллийн агуулга, нотолгооны чадвар, түвшин зэргийг хооронд нь харьцуулан үзээд, харилцан бие биеэ дэмжин нотолсон, хэрэгт ач холбогдолтой, хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт ажиллаж байсан байдал-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулж, шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор заажээ.
Шүүх хуулийн дээрх заалтын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож буй нэхэмжлэгч Т овогт Б-н Ц-г 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн ********* сумын *********** нэгдлийн ************ бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэлээ.
Шүүхээс нэхэмжлэгч Б.Ц-н ажиллаж байсан байдлыг тогтоосон нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой болно.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт Хүсэлтэд уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана гэжээ.
- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 506 дугаартай албан бичигт Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа баримтад ******* сумын ******* нэгдлийн даргын 1986-1990 оны тушаал шилжиж ирээгүй тул Б-н Ц-т лавлагаа олгох боломжгүй болно гэжээ.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Б.Ц-н 1989-1990 онуудад ажиллаж байсан байдлыг гэрчлэх цаасан суурьтай анхдагч нотлох баримт болох ажилд томилсон, чөлөөлсөн шийдвэр дутуугийн улмаас онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт гаргах шаардлага үүссэн нь нотлогдож байна.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Т овогт Б-н Ц-г 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Говь-Алтай аймгийн ********* сумын ************ нэгдлийн *********** бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА