| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 305/2025/00092/И |
| Дугаар | 305/ШШ2025/00136 |
| Огноо | 2025-03-07 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 305/ШШ2025/00136
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ********** сумын ******** багт оршин суух, Х овогт С-н М, Б овогт О-н М нарын нэхэмжлэлтэй,
Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр оролцов.
Нэхэмжлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч нар оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэсэн зохицуулалтад үндэслэн тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: С-н М, О-н М нар 1997 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс одоог хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай.
2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: О.М, С.М бид хоёр 1990 онд танилцаж улмаар 1997 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хурим найраа хийж хамтран амьдрах болсон юм. Тухайн үед бид албан ёсоор гэрлэлтээ батлуулж амжаагүй байсан учраас гэрлэлтийн гэрчилгээ аваагүй юм. 1998 онд хүү Н-г төрүүлсэн. Бид тус аймгийн ******** сумд 1997 оноос одоог хүртэл амьдарч байгаа бөгөөд С.М нь малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл малын А данс өрхийн тэргүүн О.М-н нэр дээр гардаг, мөн гэрлэлтийн баталгаа байхгүй учраас малчнаар ажилласан жилд тооцогдохгүй байна. Иймд биднийг 1997 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс одоог хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
- С-н М-н гэрлэсний бүртгэлгүй тухай лавлагаа
- М-н Н-н төрсний бүртгэлийн лавлагаа
- М-н Б-н төрсний бүртгэлийн лавлагаа
- М-н Б-н төрсний бүртгэлийн лавлагаа
- Говь-Алтай аймгийн ********* сумын 3 дугаар багийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 12 дугаартай албан бичиг /тодорхойлолт/
4. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт: Байхгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч О.М, С.М нар нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах хамтын амьдралтай байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.
Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч О.М, С.М нар нь 1997 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс одоог хүртэл хамтын амьдралтай байсан болох нь:
2.1. Говь-Алтай аймгийн ********* сумын 3 дугаар багийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 12 дугаартай ...С М нь ам бүл 5, О-н М-тай 1996 онд гэр бүл болж одоог хүртэл мал маллаж амьдардаг. ****** багийн харьяат иргэн мөн болохыг тодорхойлов ... гэх тодорхойлолт.
2.2. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн М-н Н нь 1998 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, эрэгтэй, эцгийн мэдээлэл хэсэгт Б овогт О-н М, эхийн мэдээлэл хэсэгт Х овогт С-н М гэж бичигдсэн төрсний бүртгэлийн лавлагаа.
2.3. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн М-н Б нь 1999 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, эрэгтэй, эцгийн мэдээлэл хэсэгт Б овогт О-н М, эхийн мэдээлэл хэсэгт Х овогт С-н М гэж бичигдсэн төрсний бүртгэлийн лавлагаа.
2.4. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн М-н Б нь 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, эмэгтэй, эцгийн мэдээлэл хэсэгт Б овогт О-н М, эхийн мэдээлэл хэсэгт Х овогт С-н М гэж бичигдсэн төрсний бүртгэлийн лавлагаа.
2.5. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Х овогт С-н М гэж бичигдсэн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, тодорхойлолт зэрэг шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан Б овогт О-н М, Х овогт С-н М нарыг 1997 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс одоог хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА