Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/00009

 

 

 

 

 

 

 

 

 

 

З.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/02688 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч З.Г-ийн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Бямбасүрэн, төрийг төлөөлөн оролцож буй хяналтын прокурор Г.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Миний өвөө, ээжийн аав Зоригт овогтой Мижиддорж нь 1938 оны 03 сарын 08-ны өдөр улс төрийн хэргээр баривчлагдаж, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 03 сарын 18-ны өдрийн 10-р хурлын тогтоолоор Шүүхийн цаазын бичгийн 43, 47-р зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэгджээ. Хэргийг хянаад ДЯЯ-ны дэргэдэх тусгай комиссын 1940 оны 11 сарын 04-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор байцаан шийтгэх хуулийн 72-ын 3-ыг баримтлан хэрэгт холбогдолгүй болгон суллажээ. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч З.Мижиддоржийн төрсөн охин Зина нь 2020 оны 03 сарын 27-ны өдөр нас барж нас барсны бүртгэлийн 1822 дугаарт бүртгэгдсэн болно. З.Г- миний бие эцэг эхээс тавуулаа, дүү Х.Ганцэцэг, дүү Х.Нандиа, дүү Х.Баярсайхан, дүү Х.Эрдэнэбаяр нар нь өвлөх эрхээсээ хуулийн дагуу татгалзсан. З.Г- 2020 оны 08 сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн нотариатаар өвлөх эрхийн гэрчилгээг авч хууль ёсны өвлөгчөөр тогтоосон.

Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу М.Зинагийн төрсөн охин Гансүхэд цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос 40 000 000 төгрөг олгохоор сонинд зарлагдсаны дагуу нөхөн олговрыг олгож өгнө үү гэжээ.

 

Төрийн нэрийн өмнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй прокурор тайлбартаа: Зоригтын Мижиддорж нь Хэнтий аймгийн Баян суманд мал маллан амьдарч байгаад 1938 онд улс төрийн хилс хэргээр баривчлагдан 10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн боловч хилс хэрэг байсан нь тогтоогдсон учир Дотоод явдлын яамны 1940 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 11 дүгээр хурлын тогтоолоор цагаатган, шоронгоос суллагджээ. Харин Зоригтын Мижиддоржийн төрсөн охин М.Зина нь нас барсан тул түүний хүүхдүүд болох Х.Ганцэцэг, Х.Нандиа, Х.Баярсайхан, Х.Эрдэнэбаяр нар нь өвлөх эрхээс татгалзах хүсэлт гаргасан, уг нөхөн олговортой холбоотой баримт бичгийг бүрдүүлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг З.Г-эд олгосон гэрээ хэрэгт авагдсан байна.

Нөхөн олговорт олгогдсон мөнгөнөөс хүү Бодонгууд овгийн Самбуугийн Цэдэв нь өөрт ногдох хувиас бүхэлд нь татгалзаж, хэлмэгдэгч З.Мижиддоржийн охин Бодон овгийн Мижиддоржийн Зинагийн хууль ёсны өвлөгч З.Г-эд уг нөхөн олговрыг бүгдийг өгөхөөр тохиролцсон хэлцлийг 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр С.Цэдэв З.Г- нар байгуулжээ. Монгол Улсын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 254 дугаартай албан бичгээр З.Мижиддорж болон түүний эхнэр Р.Цэрмаа нарт байр орон сууц болон худалдан авахад зориулсан мөнгөн олговор олгосон баримт бүртгэгдээгүй, Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 7/2428 дугаартай албан бичгээр улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн гэдэг үндэслэлээр орон сууц олгож байгаагүй болохыг гэрчилж байна.

Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т заасны дагуу 40 000 000 төгрөгийн нөхөн олговрыг олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч З.Г-ийн гаргасан 40 000 000 төгрөгийн нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, миний ээж болох /өвлүүлэгч/ М.Зина нь өөрийн эцэг З.Мижиддоржийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлсний нөхөх олговорт 40 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээ шүүхэд анх 2020 оны 02 сард өгч байсан ба шүүхээс 2020 оны 02 сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн байдаг. Ийнхүү шүүхэд нэхэмжлэлээ өгсний дараа буюу 2020 оны 03 сарын 27-ны өдөр нас барсан. Энэ нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж байх хугацаандаа, эсхүл шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дараа нас барсан бол түүний эрх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30, Иргэний хуулийн 24, 515, 518 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид шилжинэ... гэх заалтын дагуу миний ээжид олгогдох байсан нөхөх олговрын нэхэмжлэх эрх нь хууль ёсны өвлөгч надад гарцаагүй шилжихээр байна.

Мөн дээрх хуулийн 10 дугаар зүйлд нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээдүүдийг нэрлэн заасан болохоос, өвлөх эрхийг ямар нэгэн байдлаар хязгаарлаагүй, өвлөх эрхтэй этгээдийг нэрлэн заагаагүй байх бөгөөд өв залгамжлалтай холбоотой харилцаа Иргэний хуулиар зохицуулагддаг тул Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 10.3, 10.4 дэх хэсгүүдэд заасан нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд нас барсан бол тэдгээрийн нэхэмжлэх эрх нь мөн хуулийн 10.3 дахь хэсэгт заасны дагуу шууд хууль ёсны өв залгамжлагчид шилжих нь хоёрдмол утгагүйгээр ойлгогдож байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэг ...Өвлүүлэгчийн эд хөрөнгө болон эрх өвлөгдөнө... гэх заалтаас авч үзвэл эрх гэдэгт шаардах эрх, нэхэмжлэх эрх, өвлөх эрх зэрэг бүхий л ойлголтууд хамаарах ба Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт заасны дагуу Нөхөх олговрыг нэхэмжлэх эрх нь өв залгамжлалаар шилжих нь тов тодорхой зохицуулагдсан атал анхан шатны шүүхээс нөхөх олговрыг нэхэмжлэх эрх нь өв залгамжлалаар шилжих эрхэд хамаарахгүй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй төдийгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 13 дугаар зүйлийн 13.2.2, Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсгүүдэд тус тус заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж нөхөх олговорт 40 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

 

Нэхэмжлэгч З.Г- нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т заасны дагуу 40 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийг төлөөлж оролцсон прокурор дэмжсэн тайлбарыг гаргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, хэлмэгдэгч З.Мижиддоржийн төрсөн охин М.Зина нь хуульд заасан үндэслэлээр нөхөх олговор 40 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан боловч нэхэмжлэгч М.Зина нас барснаар шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Улмаар талийгаач М.Зинагийн төрсөн охин З.Г- нөхөх олговор гаргуулахаар нэхэмжилсэн үйл баримтыг анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөв тогтоож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч М.Зина нь нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дараа нас барсан бол түүний эрх хууль ёсны өв залгамжлагчид шилжихээр зохицуулсан учир хэлмэгдэгч З.Мижиддоржийн төрсөн охин М.Зинагийн 40 000 000 төгрөгийн нөхөх олговор авах эрх түүнд шилжинэ хэмээн тайлбарладаг.

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлд нөхөх олговрыг шаардах эрхтэй субъектүүдийг хуульчилсан байх ба мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч өөрөө, хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр/нөхөр, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 000 000 төгрөгийн нөхөх олговрыг олгохоор зохицуулжээ.

 

Харин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасан эрх хууль ёсны өв залгамжлагчид шилжих зохицуулалтыг мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т заасан субъектүүдийн хүрээнд хэрэглэхээр ойлгогдож байна.

 

Зүй нь, хэрэв хэлмэгдэгчийн эхнэр/нөхөр нөхөх олговрын талаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа нас барсан бол түүний эрх хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд шилжихээр агуулгатай байна.

 

Хэлмэгдүүлэлтийн улмаас бие, сэтгэл санаа, эд хөрөнгөөрөө хохирол амссан, хэлмэгдүүлэлт, түүний үр дагаврыг шууд мэдэрсэн этгээдэд нөхөх олговрыг олгох нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгаж нэр төрийг нь сэргээх, тэдэнд нөхөх олговор олгох, улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах зорилтод нийцнэ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/02688 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч З.Г-ийн давж заалдах журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.НЯМБАЗАР