Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2023/ДШМ/647

 

2023             6             22                                          2023/ДШМ/647

   Д.Б-, Б.Д-, Б.М-,

   М.М-, Э.Т- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Энхбаатар,

шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Ю.Нямсүрэн,

шүүгдэгч М.М-, түүний өмгөөлөгч А.Бүдханд,

шүүгдэгч Э.Т-ийн өмгөөлөгч Н.Нарантуяа, Д.Энхцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/180 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч А.Бүдханд, шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Ю.Нямсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Б-, Б.Д-, Б.М-, М.М-, Э.Т- нарт холбогдох 2102004410177 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

  1. ... ,
  2. ...,

3. ...,

-Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 127 дугаа р шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

4. ... ,

-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 254 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн,

5. ...,

Д.Б- нь М.М-ыг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэн, гэмт хэрэг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцож, 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагарав автобусны буудлын орчмоос НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад хамаарах метамфетамины (methamphetamine) агууламжтай сэтгэцэд нөлөөт 0,1647 грамм мөс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

улмаар Д.Б- нь 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ... -тоот орон сууцанд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад хамаарах метамфетамины (methamphetamine) агууламжтай сэтгэцэд нөлөөт 0,1494 грамм мөс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт,

Б.Д- нь 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн ... -тоотод Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад хамаарах метамфетамины (methamphetamine) агууламжтай  0,1 грамм жинтэй мөс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт,

Б.М- нь 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 22 цагийн орчим  Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад хамаарах метамфетамины (methamphetamine) агууламжтай  0,0153 жинтэй мөс гэх нэршилтэй хориглсон сэтгэцэд нөлөөт бодисыг М.М-ас худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

улмаар 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад хамаарах метамфетамины (methamphetamine) агууламжтай  0,0153 грамм жинтэй мөс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ хадгалсан гэмт хэрэгт,

М.М- нь Б.Б-тай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэн, гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр хамтран оролцож 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Цамбагарав автобусны буудлын орчмоос НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын || жагсаалтад хамаарах метамфетамины (methamphetamine) агууламжтай сэтгэцэд нөлөөт 0,1647 грамм мөс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

улмаар М.М- нь 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ... -тоот орон сууцанд Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад хамаарах метамфетамины (methamphetamine) агууламжтай сэтгэцэд нөлөөт 0,1494 грамм мөс гэх нэршилтэй бодисыг Д.Б-ад худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн,

М.М-, 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад хамаарах метамфетамины (methamphetamine) агууламжтай сэтгэцэд нөлөөт 0,0153 грамм мөс гэх нэршилтэй бодисыг Б.М-д худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн гэмт хэрэгт,

Э.Т- нь 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо ... -тоот өөрийн орон сууцандаа Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад хамаарах “Дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol)” агууламжтай өвс гэх нэршилтэй 8,6018 грамм, шавар гэх нэршилтэй 0,0773 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг хадгадсан, мөн өдөр метамфетамины (methamphetamine) агууламжтай 0,1046 грамм  мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн  прокурорын газраас: Д.Б-, Б.Д-, Б.М-, М.М-, Э.Т- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Д.Б-ыг Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч М.М-ыг Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.М -ийг Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.Д-ийг Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүй хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Э.Т-ийг Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

шүүгдэгч М.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 5 сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Б.М -ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

шүүгдэгч Б.Д-ийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

шүүгдэгч Э.Т-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Ю.Нямсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ. ...” гэж заасан ба Д.Б- нь биеийн эрүүл мэндийн хувьд 2018 оноос хойш чихрийн шижин /сахарын диабит/, тулай өвчнөөр өвдөж улмаар Солонгос улсад, мөн Улсын 1 дүгээр эмнэлэг болон Топаз эмнэлэгүүдэд эмчилгээ хийлгэж, байнгын мэргэжлийн эмчийн хяналтад байж, хэвтэн эмчлүүлэх болон гэрээр эмнэлэгийн тусламж үйчилгээ авч эмчлүүлж байгаа. Түүний хувийн байдлын тухайд 0-16 насны буюу 16 нас, 8 нас, 05 сартай гурван хүүхэд, эхнэрийн хамтаар амьдардаг, Нийгмийн халамжийн мэргэжлээр Солонгос улсад дээд боловсрол эзэмшин тэндээ ажиллаж байгаад одоо “ТБК” ХХК-д Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажилладаг бөгөөд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн өөрийн үйлдсэн хэргээ шударгаар, тогтвортой, үнэн зөв мэдүүлж байгаа нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож, гэмшиж байгаагийн илрэл юм.

Шүүгдэгч Д.Б-д анхан шатны шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ялыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл Д.Б- нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд оршин сууж амьдардаг, харин түүний ажлын тухайд оршин суугаа дүүргээс өөр дүүрэгт буюу Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байрлах өрөмдлөгө, тэсэлгээний компанид ажилладаг хот, орон нутагт гэрээгээр ажил гүйцэтгэдэг учраас шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг биелүүлэхийн тулд ажил төрлөө үргэжлүүлэн хийх, өрх гэрээ, үр хүүхдүүдээ авч явах, тэжээн тэтгэх эдийн засаг, санхүүгийн боломжгүй хүндхэн нөхцөл байдалд хүрч байна.

Өөрөөр хэлбэл, 2 өөр дүүрэгт ажиллаж, амьдардаг. Мөн өөрийн биеийн эрүүл мэндийн байдал байнгын эмчийн хяналтад байдаг, эмнэлэгийн тусламж үйлчилгээ авдаг, шаардлагатай үед цаг алдалгүй үзүүлэхэд гарч болзошгүй хүндэрлүүд үүсэх бодит нөхцөл байдлыг анхааран үзнэ үү. Мөн түүнчлэн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 606 дугаарт шинжээчийн дүгнэлтэд “... Д.Б-д одоогоор сэтгэц идэвхит бодисоос хамааралтай болсон гэх шинж, баримт үгүй байна. ...” гэсэн сэтгэцэт нөлөөт бодисын хэрэглээ, хамаарлын байдал нь комиссын дүгнэлтээр тогтоосон.

Иймд дээрх байдлуудыг харгалзан үзэж давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан тэнсэж хөнгөрүүлэн өөрчилж, анхан шатны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд анх удаа гэмт хэрэгт үйлдэж, өмнө нь гэмт хэрэгт холбогдож, ял шийтгүүлж байгаагүй. Өөрийн гэм буруугаа маш сайн ойлгож, гэмшин гэм буруугийн талаар маргаан байхгүй, хүлээн зөвшөөрч байна. Миний ар гэр хувийн байдлын тухайд, би 16 болон 8 нас, 5 сартай гурван хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг. Нийгмийн халамжийн мэргэжлээр Солонгос улсад боловсрол эзэмшсэн. Солонгос улсад ажиллаж, амьдарч байгаад уул уурхай, тэсэлгээний “ТБК” ХХК-ийг үүсгэн байгуулж, хувьцаа эзэмшдэг, ТУЗ-ийн даргаар ажиллаж байна. Манай компани Өмнөговь аймгийн Ухаа худаг, Ховд аймгийн Дарви суманд бусадтай байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэх ажил хийж байгаа. Манай том охин энэ жил ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг төгсөж, Орчлон сургуулийг онц дүнтэй, алтан медальтай төгссөн учраас гадаадын сургуульд бакалаврын боловсрол эзэмших болсон. Солонгос улс руу оюутан солилцоогоор явах гэж байгаа, эхнэр маань нялх хүүхэдтэй учраас ийш тийшээ явах боломжгүй тул би эцэг хүний хувьд охиноо гадаад руу сургуульд нь хүргэж өгөх, хичээл сургууль, амьдрах байрыг нь зохицуулж өгөх ажил байна. Биеийн эрүүл мэндийн тухайд, би 2017 оноос хойш сахарын тулаа өвчнөөр өвчилж, Солонгос улсад эмчлүүлж байгаад Монгол Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт эмчилгээ хийлгэж, мэргэжлийн эмчийн байнгын хяналтад байж, гэрээр тусламж үйлчилгээ авч эмчлүүлдэг. Мөн бага хүү маань Ковидын үед төрсөн учраас мөн хааяа эмнэлэгт үзүүлэх шаардлага гардаг. Шүүхээс надад 1 жил 6 сарын хугацаанд өөрийн оршин суух буюу Баянзүрх дүүргээс гадагш гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн. Энэ ял миний ажил, амьдралд маш хүндээр нөлөөлж байгааг эрхэм шүүгч нар зөвөөр ойлгоорой. Гэр маань Баянзүрх дүүрэгт, ажлын оффис Баянгол дүүрэгт байдаг. Гэрээгээр компаниудтай тохирч хөдөө, орон нутагт, алслагдсан дүүрэгт өрөмдлөг, тэсэлгээний ажил эрхэлж байгаа. Ажлын хувьд дандаа газар шорооны өрөмдлөгийн ажил явагддаг учир ажлын талбайд заавал хяналт тавихгүй бол хүн, мал эрсдэх аюултай, хариуцлагатай ажил юм. Дээр нь миний эрүүл мэнд муу, байнгын эмнэлгээр явдаг тул миний ар гэр, хувийн байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчилж өгнө үү. Би дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй гэдгээр амлаж чадна. Хар тамхи гэдэг зүйлийг баригдсан цагаасаа хойш огт хэрэглээгүй. Залуу хойч үедээ үүний хор уршгийг байнга ойлгуулж, цаашид захиж явах болно.” гэв.

Шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч А.Бүдханд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... М.М- нь эхнэр, 8 настай хүүгийн хамт амьдардаг. Эхнэр Ч.А нь F43,2 “мэдрэл сульдлын хам шинж” гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж одоо эмчийн хяналтад бусдын асаргаанд, эмийн эмчилгээ хийлгэж байгаа болно. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. М.М- нь гэмт хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй. Үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа тул түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жил 5 сарын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчилж өнгө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Энд хоригдсон нийт 5 сарын хугацаанд эрх чөлөө гэдэг зүйл ямар үнэ цэнэтэй болохыг чин сэтгэлээсээ мэдэрсэн. Эхнэр маань сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай бөгөөд зайлшгүй асран хамгаалах шаардлагатай байгаа. Би ийм зүйл гуйх эрхгүй ч гэсэн миний ар гэрийн байдлыг хүндэтгэн үзэж надад оногдуулсан хорих ялыг өөр төрлийн ялаар сольж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Э.Т-ийн өмгөөлөгч Д.Энхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч Э.Т- нь анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагаа хүлээн зөвшөөрч байгаа тул дээрх шийтгэх тогтоолын миний үйлчлүүлэгчид холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Э.Т-ийн өмгөөлөгч Н.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Д.Энхцэцэгтэй ижил байр суурьтай байна.” гэв.

Прокурор М.Энхбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. Шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ял тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон гэж үзэж байна. Учир нь, шүүгдэгч М.М-ын хувьд өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан бол Д.Б-ын хувьд биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас мансууруулах бодисыг тодорхой хэмжээгээр хэрэглэдэг болох нь тогтоогддоггүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд дурсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Д.Б-, Б.Д-, Б.М-, М.М-, Э.Т- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Прокуророос Д.Б-ыг М.М-ыг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэн, 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр метамфетамины (methamphetamine) агууламжтай сэтгэцэд нөлөөт 0,1647 грамм мөс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн ... - тоот орон сууцанд метамфетамины (methamphetamine) агууламжтай сэтгэцэд нөлөөт 0,1494 грамм мөс гэх нэршилтэй бодисыг худалдаалах гэмт хэрэгт,

Б.Д-ыг 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн ... -тоотод метамфетамины (methamphetamine) агууламжтай  0,1 грамм жинтэй мөс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт,

Б.М -ийг 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 22 цагийн орчим  Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт метамфетамины (methamphetamine) агууламжтай  0,0153 жинтэй мөс гэх нэршилтэй хориглсон сэтгэцэд нөлөөт бодисыг М.М-ас худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, дээрх бодисыг өөрийн биедээ хадгалсан гэмт хэрэгт,

М.М-ыг Б.Б-тай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэн, 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр метамфетамины (methamphetamine) агууламжтай сэтгэцэд нөлөөт 0,1647 грамм мөс гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн ... - тоот орон сууцанд метамфетамины (methamphetamine) агууламжтай сэтгэцэд нөлөөт 0,1494 грамм мөс гэх нэршилтэй бодисыг Д.Б-д худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн, 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 22 цагийн орчим сэтгэцэд нөлөөт 0,0153 грамм мөс гэх нэршилтэй бодисыг Б.М-д худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өгсөн гэмт хэрэгт,

Э.Т-ийг 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо ... -тоот өөрийн орон сууцандаа “Дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol)” агууламжтай өвс гэх нэршилтэй 8,6018 грамм, шавар гэх нэршилтэй 0,0773 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг хадгадсан, 0,1046 грамм  мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч нарыг яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, шүүгдэгч Д.Б-,  Б.М-, Б.Д- нарт 1 жил, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч М.М-д 1 жил, 5 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э.Т-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцэхгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Хэдийгээр анхан шатны шүүх шүүгдэгч нарт тухайн зүйл, хэсэгт заасан ял шийтгэлийг сонгон оногдуулж шийдвэрлэсэн нь шүүхийн эрх хэмжээний асуудал боловч эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан ялын зохистой харьцаа, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн оновчтой сонгон оногдуулж чадаагүй байна гэж дүгнэлээ.

Учир нь гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюул, гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруугийн хэлбэр, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харьцуулан үнэлж, ялыг сонгон оногдуулах талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх учиртай.

Тодруулбал, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний сэтгэцэд хортой нөлөөлөл үзүүлж, өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис бөгөөд хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг зэрэг нийгмийн хор аюулын уршиг ихтэй, өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь (methamphetamine) агууламжтай сэтгэцэд нөлөөт “мөс” гэх нэршилтэй бодисыг олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн байхад шүүх хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр ял оногдуулах нь шударга ёсны зарчим, эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.

Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч А.Бүдханд, шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч Ю.Нямсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Б-, Б.Д-, Б.М-, Э.Т- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох, шүүгдэгч М.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/180 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Д.Б-, Б.Д-, Б.М-, Э.Т- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох, шүүгдэгч М.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Б.БАТЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                                      Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                                      Н.БАТСАЙХАН