Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 304/ШШ2025/00087

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Булган аймгийн Булган сумын 4 дүгээр баг, ******ний **** тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /иргэний бүртгэлийн дугаар: *******/-ийн хүсэлттэй

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч В.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.*******

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч В.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

-Миний бие В.******* нь 1965 онд Булган аймгийн ******* суманд төрсөн, 60 настай, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг. Би 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Булган аймгийн Авто 8 дугаар баазын даргын тушаалаар аймгийн Цагдаагийн хэлтсийн жолоочоор шилжүүлэн ажиллуулахаар Булган аймгийн Цагдаагийн газарт машинтайгаа хуваарилагдаж очсон. Тэгээд би уг өдрөөс шууд Цагдаагийн хэлтсийн даргын тээврийн хэрэгсэл болон шуурхай удирдлагын жижүүрийн Фургон загварын тээврийн хэрэгслүүдийг жолооддог, замын Цагдаагийн жолооч, даргын жолооч, аж ахуйн жолооч хийж байгаад машин маань хувьчлагдаад би машинаа аваад ажлаас гарсан. Хөдөлмөрийн дэвтэрт баазаас Цагдаагийн газарт шилжүүлсэн гэхээс өөр ямар ч тушаал байхгүй болоод шүүхэд хандсан. 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгоно. Тэтгэвэрт гарах нас болж нийгмийн даатгалаар тэтгэврээ тогтоолгох гэтэл орсон гарсан тушаал байхгүй, бичиг баримтын зөрчилтэй гэсэн. Иймд В.******* намайг Булган аймгийн Цагдаагийн хэлтэст 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.

 

2.Хүсэлт гаргагчаас:

-*******гийн *******т 1983 оны 03 дугаар сарын 21-ний өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэр-ийн хуулбар,

-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын даатгуулагч ******* овогтой ******* Булган аймгийн Цагдаагийн хэлтэс шимтгэл төлж ажилласан архивын лавлагаа,

-Булган аймгийн Цагдаагийн газраас В.*******т хүргүүлсэн 2024 оны 10 дугаар сарын 21-ний 34/01-4052 дугаар албан тоот, хуулбар үнэн тэмдэг дарж хүргүүлсэн цалингийн тооцооны карт,

-Булган аймаг Авто 8 дугаар баазын даргын 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Ажилчин шилжүүлэх тухай Б/120 тоот тушаал зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

3.Хүсэлт гаргагч В.*******ийн хүсэлтээр П.*******, Д.******* нараас асууж авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

 

-Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2/11 тоот албан бичиг, хавсарган ирүүлсэн баримтууд,

 

-Булган аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн *******гийн *******ийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан тухай архивын лавлагаа зэргийг бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч В.*******ийн Булган аймгийн Цагдаагийн хэлтэст 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2.Хүсэлт гаргагч В.******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор Булган аймгийн Цагдаагийн хэлтэст 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:

-Даатгуулагч *******гийн *******ийн Булган аймгийн Цагдаагийн хэлтэс 1996 он,1997 онд шимтгэл төлж ажилласан гэх Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын архивын лавлагаа,

-Булган аймгийн Цагдаагийн газраас 2024 оны 10 дугаар сарын 21-ний 34/01-4052 дугаар албан тоотоор хүргүүлсэн В.*******ийн тус хэлтэст ажиллаж цалин авч байх гэх цалингийн тооцооны карт,

-Булган аймаг Авто 8 дугаар баазын даргын 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Ажилчин шилжүүлэх тухай Б/120 тоот тушаал, /тушаалын 1-т: ... *******ийг Цагдаагийн газрын мэдэлд 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс шилжүүлэв./ гэсэн,

 

*******гийн *******т 1983 оны 03 дугаар сарын 21-ний өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэр-ийн Ажлын тухай мэдээ хэсэгт:

  Булган гурил тэжээлийн комбинатын даргын 1981 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 177 дугаар тушаалаар Булган гурил тэжээлийн комбинатын элеватор цехэд будааны түр ажилчнаар авч ажиллуулав,

  Булган гурил тэжээлийн комбинатын даргын 1981 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 214 дүгээр тушаалаар Будааны түр ажилчнаас чөлөөлж мөн комбинатын уур, сантехникийн цехэд гачегараар авч ажиллуулав,

  Булган гурил тэжээлийн комбинатын даргын 1983 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 69 дүгээр тушаалаар Ардын цэрэгт нас бие тэнцсэн учир ажлаас чөлөөлөв,

  Булган аймгийн Тээврийн удирдах газрын даргын 1986 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 97 дугаар тушаалаар Түр ажилчнаар томилов,

  Булган аймгийн Тээврийн удирдах газрын даргын 1986 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 109 дугаар тушаалаар Автомашины жолоочоор ажиллуулав,

  Авто тээврийн 8 дугаар баазын даргын 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/120 тоот тушаалаар Аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны 84 тоот тушаалаар аймгийн Цагдаагийн газрын мэдэлд шилжүүлэв гэсэн агуулга бүхий бичилтүүдтэй,

- Булган аймгийн Нийгмийн даатгалын газрын Цагдан сэргийлэх хэлтэс, Цагдаагийн хэлтэс нь шимтгэл төлөлтийн тайлан (НД)-аар 1991-1994 онд тус газарт нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсныг тодорхойлов. Даатгуулагч нэг бүрээр харах боломжгүй болно. Цагдаагийн хэлтсийн 1995 оны нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбогдох баримт байгаа боловч НД-8 тайлангаар даатгуулагч ******* овогтой *******д холбогдох баримт байхгүй тул лавлагаа гарах боломжгүй болно гэх 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2/11 тоот албан бичиг,

-Булган аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн *******гийн *******ийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан тухай архивын лавлагаа зэрэг баримтууд,

 

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:

 

-Гэрч Д.*******гийн: В.******* 1991 оноос эхлээд 2009 он хүртэл Булган аймаг дахь Цагдаагийн хэлтсийн жолоочоор ажилладаг байсан. 2009 оноос хойш 4703 улсын дугаартай Цагдаагийн хэлтсийн гуч /30/ машиныг хувьдаа аваад ажлаасаа гарсан гэх,

- Гэрч П.*******ийнВ.******* хуучин баазад жолооч хийж байгаад 1991 онд Булган аймгийн Цагдаагийн хэлтсийн замын Цагдаагийн тасагт машинтайгаа цагдаа жолоочоор шилжиж ирж байсан. Түүнээс хойш машинтайгаа замын Цагдаагийн тасагт ажиллаж байгаад Цагдаагийн хэлтсийн аж ахуйн жолоочоор ажиллаж байсан. 1999 онд машинаа аваад ажлаасаа гарсан гэх мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна.

3.Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

4.Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт *******гийн *******ийн Булган аймгийн Цагдаагийн хэлтэст 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА