Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2023/ДШМ/659

 

 

 

   2023            06          29                                           2023/ДШМ/659                                             

Ж.Б -д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Эрдэнэбат,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/541 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор П.Эрдэнэбатын бичсэн 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 32 дугаартай прокурорын эсэргүүцлээр Ж.Б -д холбогдох 2308000000726 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

... ;

Шүүгдэгч Ж.Б нь 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... - тоотод хохирогч Б.У -гаас “Үхрийн арьсан буйдан захиалах” гэж урьдчилгаа 650.000 төгрөг шилжүүлэн авч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ж.Б -ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.Б -ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ж.Б -д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Прокурор П.Эрдэнэбат бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлийн тухайд, ... Хохирогч Б.У - мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгч зохиомол байдлыг зориудаар бий болгосон үйл баримт харагдаж байна. Шүүгдэгч мэдүүлэхдээ ... үйл ажиллагаа дампуурсан ажилчдын цалин өгч чадахгүй байсан гэдэг ба хохирогчийн мөнгийг өрөнд шилжүүлсэн болох нь тогтоогдсон нь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг залилсан болох нь тогтоогдож байна. Фэйсбүүк чатаар орж үзэхэд одоо хүртэл ОЗБ - гэсэн фэйс хаяг байж байгааг анхаарах нь зүйн хэрэг. Хэрэв үнэхээр компани дампуурч үйл ажиллагаа зогссон тохиолдолд фэйсбүүк хаяг, сурталчилгааг олон нийтийн сүлжээнээс арилгах ёстой, гэвч ийм үйлдэл огт хийгээгүй ба одоо хүртэл байгааг анхаарах ёстой. Хавтаст хэрэгт авагдсан Голомт банкны орлого зарлагын гүйлгээг харахад Ж.Б-ын дансаар 2022 оны 10 дугаар сарын 11-нээс 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 24,656,487.32 төгрөгийн орлого орж, зарлага гаргасан байдаг. Үнэхээр өгье гэсэн сэтгэл байсан бол энэ сүүлийн 6 сард орж ирсэн мөнгөнөөс яагаад 650.000 төгрөгийг өгөөгүй юм бэ гэдэг асуулт урган гарч ирж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 1.10 дахь хэсэгт заасан үнлэслэлийн тухайд, шүүх шүүгдэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийг барагдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан хүсэлт гаргаж, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдлыг хянан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх байтал цагаатгаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Цагаатгах тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг баримтлан удирдлага болгосон нь ойлгомжгүй байна. Хэрэв дээрхи зүйл заалтыг баримталсан тохиолдолд шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах ёстой. ... Цагаатгах үндэслэл тогтоогдоогүй байхад шүүгдэгч Ж.Б -д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10 дахь заалтад заасан хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна. Мөн цагаатгах тогтоолын 3 дугаар заалтад “... шүүгдэгч Ж.Б -д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай”, 5 дахь заалтад “... шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б -д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй” гэж өөрөөр тогтоож өгсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомхаой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна”, мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бол түүнийг хүчингүй болгосон тухай” гэснийг ноцтой зөрчсөн байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтад зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/541 дугаар цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ж.Б -д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн агуулгыг дотоод итгэлээрээ үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцэх учиртай.

Прокуророос Ж.Б -ыг “2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ... - тоотод хохирогч Б.У -гаас “үхрийн арьсан буйдан захиалах” гэж урьдчилгаа 650.000 төгрөг шилжүүлэн авч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилсан” гэж дүгнэж түүний үйлдлийг хохирогч Б.У -гийн /хх 4-9/, шүүгдэгч Ж.Б -ын /хх 33-34/ мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон хэмээн дүгнэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог болно. Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай. Дан ганц үр дагаварт түшиглэсэн объектив яллагааг хийхийг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог.

          Харин гэмт хэргийн субъектив талын зайлшгүй байх шинж чанар бол гэм буруу бөгөөд “Гэм буруугүй бол гэмт хэрэг байхгүй” гэж тооцогдоно. Энэ нь гэмт хэргийг, гэмт хэрэг бус үйлдлээс ялгах үндсэн шинж болдог. Гэм буруу нь сэдэл болон санаа зорилго гэсэн дотоод элементүүдээс бүрдэх тул эдгээрийг бодитой тогтоох шаардлагатай төдийгүй, ингэснээр тодорхой хүний үйлдэлд хууль зүйн зөв дүгнэлт хийх боломж бүрдэнэ. 

          Залилах гэмт хэрэг нь хуурч мэхлэх, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байх санаа зорилго, сэдэлтээр, эсхүл дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдах учиртай.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогч Б.У - нь 2022 он 7 дугаар сарын 5-ны өдөр гэрийнхээ буйданг засуулах зорилгоор “Буйдан засвар үйлчилгээ” гэх нэртэй фэйсбүүкийг ашигладаг шүүгдэгч болох Ж.Б -тай холбогдож, улмаар буйдангаа засварлуулахаар тохиролцож,  урьдчилгаа хөлсөнд 650.000 төгрөгийг бэлнээр өгсөн болох нь хохирогч Б.У -, шүүгдэгч Ж.Б - нарын мэдүүлэг болон төлбөр төлсөн нэхэмжлэхийн баримт зэргээр тогтоогдож байна.

Харин хохирогчоос “Буйдан засварын үйлчилгээний төлбөр төлсөн” гэх нэхэмжлэхийн баримт дээр “ОЗБ -” гэх тамга дарагдсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ж.Б -аас “ ... Тулгат гэх залуу тухайн айлд очиж, буйданг нь ачиж авчирсан ... манай нөхөр Д нь байгууллагынхаа буйданг засах үйл ажиллагааг эрхэлдэг байсан бөгөөд 2022 оны 7 сард гэнэт бие нь өвдөөд ходоодны хагалгаанд орохоор болсон. Тэгтэл манайд ажиллаж байсан оёдолчин, эсгүүрчин, туслах ажилчид ажлаас гарч, манай байгууллага дампуурч улмаар ажиллах хүчингүй болсон. ...” гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд шүүгдэгч Ж.Б - нь “ОЗБ -” ХХК-ийг ажиллуулж байсан эсэх, хэрэв ажиллуулдаг байсан бол хэдий хугацаагаар үйл ажиллагаа явуулсан, татвар төлсөн болон хэзээ дампуурсан зэргийг тодруулаагүй буюу тухайн компанийн үйл ажиллагаатай холбоотой баримтууд хэрэгт авагдаагүй байна.

Мөн шүүгдэгч  Ж.Б -аас “... манай байгууллагын ажилтан, жолооч Т тухайн айлд очиж буйданг ачиж авчирсан ... манай нөхөр Д нь манай байгууллагын буйдан засах үйл ажиллагааг эрхэлдэг байсан.  ...” хэмээн өгсөн мэдүүлийг хохирогч Б.У - давхар нотолсон байхаас гадна шүүгдэгчийн Хаан банкны дансны хуулгаар н.Т болон нэр бүхий этгээдүүдэд тодорхой мөнгө шилжүүлснээс үзэхэд шүүгдэгчийн “буйдан засварын үйлчилгээ явуулж ажилчиддаа цалинжуулсан” гэсэн мэдүүлэгтэй уялдаа холбоотой байхад энэ талаар огт шалгаагүй байхаас гадна хохирогчийн буйданг очиж авсан жолооч гэх н.Т, шүүгдэгчийн нөхөр н.Д нараас үйл ажиллагааны талаар огт тодруулж мэдүүлэг авахгүйгээр шүүгдэгчийг ялласан нь үндэслэлгүй байх бөгөөд нотолбол зохих байдлуудыг хангалттай нотлож чадаагүй байна. 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн бодит үнэнийг тогтоохын тулд нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор шалгах, ингэхдээ яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргийг мөрдөгч, прокурор хүлээдэг бөгөөд шүүгдэгчийн мэдүүлгийн эх сурвалжийг нь өөр бусад баримтаар нотлоогүй нь мөрдөгч, прокорор нь дээрх хууль ёсны зарчмыг хангаж ажиллаагүйг харуулж байхаас гадна шүүдэгч Ж.Б -ын үйлдэлд залилах гэмт хэргийн шинж тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүх гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэнийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/541 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор П.Эрдэнэбатын бичсэн 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 32 дугаартай “... цагаатгах тогтооыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/541 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор П.Эрдэнэбатын бичсэн 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 32 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.ОЧ

 

ШҮҮГЧ                                                                   Т.ШИНЭБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                                   Н.БАТСАЙХАН