Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/00070

 

МАГАДЛАЛ

2021.01.04. Дугаар 70

 

 

 

 

 

 

Э.Ц-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2020/02568 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.Ц-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М Д ХК-д холбогдох, даатгалын нөхөн төлбөрт 5 223 685 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 3 дугаар сарын 27-ний өдөр Голомт банк ХХК-тай зээлийн гэрээ байгуулж цалингийн зээл авсан. Цалингийн зээл авах үедээ М Д ХК-тай зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээг байгуулсан. Миний бие даатгалын гэрээний хугацаанд буюу 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хэвлий хэсгээр хүчтэй хатгуулан өвдсөн бөгөөд 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар-Сонгдо эмнэлэгт оношлуулахад бүдүүн гэдэсний өмнү буюу хорт хавдар илэрсэн. Хорт хавдрын 3 дугаар шатанд орсон байна гээд 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр яаралтай мэс ажилбар хийлгэж Хан Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 0382149 дугаар шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 8 хувиар тогтоосон. Даатгалын гэрээний 1.3.14-т заасан гэнэтийн осол буюу урьдчилан харах боломжгүй гэнэтийн нөхцөл байдал юм. М Д ХК-аас даатгалын гэрээнд заасны дагуу гэнэтийн ослын нөхөн төлбөр төлөхийг хүссэн боловч гэрээнд заасан үүргээ биелүүлэхээс татгалзсан. Даатгалын гэрээний 2.1.2-т заасан тохиолдол гэж үүссэн. Иймд даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчид учирсан хохирол 5 223 685 төгрөгийг М Д ХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М Д ХК-ийн зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээний 2.1.2-т гэнэтийн ослын улмаас амь насаа алдах, гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа буюу 70 болон түүнээс дээш хувиар хугацаагүйгээр алдах тохиолдлыг даатгасан. Э.Ц нь 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар Сонгдо эмнэлэгт хэвлийн дээд хэсэг, аюулхай орчимд 7 хоногийн өмнөөс хүчтэй өвдсөн гэх зовиуртайгаар үзүүлэн дуран шинжилгээ, биопси шинжилгээнүүдээр бүдүүн гэдэсний хорт хавдар илэрч 2020 оны 3 дугаар сарын 23-наас 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Улсын нэгдсэн төв эмнэлэгт хэвтэн мэс ажилбар, эмчилгээ хийлгэсэн байна. Улмаар 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Хөдөлмөр магадлах комиссын шийдвэрээр ердийн өвчний 7-24 заалтаар хөдөлмөрийн чадвараа 80 хувиар 12 сарын хугацаатай алдсаныг тогтоосон. Мөн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын 9-т хөдөлмөрийн чадвар алдсан шалтгааныг ердийн өвчин гэж тэмдэглэсэн байна. Энэ нь даатгалын гэрээнд заасан гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдаагүйг нотолж байна. Гэрээний 1.3.14-т тодорхойлсноор гэнэтийн осол гэдэг нь даатгуулагчийн бие махбодид гэмтэл учруулах, санаандгүй, урьдчилан харах боломжгүй гэнэтийн үйлдлийг, 1.3.16-д гэмтэл гэдэг нь хүч хэрэглэсэн, гэнэтийн, харагдахуйц, гадны хүчний нөлөөгөөр учирсан гэмтэл учирснаас хойш 6 сарын хугацаанд даатгуулагчийн амь нас эрүүл мэндэд хохирол учрахыг ойлгоно гэж заасан. Харин даатгуулагчийн хөдөлмөрийн чадвараа алдсан шалтгаан болох бүдүүн гэдэсний хорт хавдар нь дотор талын давхаргад полипоос эхэлж ургадаг, улмаар хоргүй хавдараас хортой хавдарт шилжихэд удаан хугацаа шаардагддаг өвчин тул хүч хэрэглэсэн, гэнэтийн, харагдахуйц, гадны хүчний нөлөөгөөр учирсан шинжтэй гэмтэл биш байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т заасныг баримтлан Мандал женерал даатгал ХХК /М Д ХК/-иас 5 223 683,35 /таван сая хоёр зуун хорин гурван мянга зургаан зуун наян гурван төгрөг гучин таван мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Цд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.65 /нэг төгрөг жаран таван мөнгө/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98 530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 98 530 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Цд олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Даатгалын тухай хуулийн 4.1.4-т "даатгалын тохиолдол" гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол. тохиролцсон болзол бүрдэхийг ойлгоно гэж заасан. Мөн Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар даатгагч хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг олгох үүргийг хүлээнэ гэж заасан. Даатгалын гэрээний 2.1.2-т зааснаар даатгуулагч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 болон түүнээс дээш хувиар, хугацаагүй алдах тохиолдолд нөхөн төлбөр олгохоор тохиролцож гэрээ байгуулсан. Мөн гэрээний 8.2.4-т зааснаар аливаа өвчний улмаас учирсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй талаар гэрээндээ тусгасан. Гэтэл нэхэмжлэгч гэнэтийн ослын улмаас бус ердийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 80 хувиар 12 сарын хугацаатайгаар алдсан болохыг эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрт тодорхой тусгасан байхад шүүхээс даатгалын тохиолдол болсон гэж дүгнэсэнд гомдолтой байна. Гэрээнд даатгалын 3 нөхцөл хангагдсан тохиолдол даатгалын нөхөн төлбөр олгох талаар заасан. Энэхүү гурван нөхцлийн нэг нь хангагдсан хоёр нь хангагдаагүй байхад шүүхээс тохиролцсон болзол бүрдсэн, даатгалын тохиолдол болсон гэж үзсэн бөгөөд гэрээний 8.2.4-т зааснаар аливаа өвчний улмаас учирсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй талаар тохиролцсон гэрээний заалтыг огт хэрэглээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгч Э.Ц нь хариуцагч М Д ХК-д холбогдуулан даатгалын гэрээний дагуу учирсан хохиролд 5 223 685 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Мандал Женерал Даатгал ХХК, Голомт банк ХХК нарын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан ГБ/60 дугаар Зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын зуучлалын гэрээг үндэслэн даатгуулагч Э.Цтэй 1650 дугаартай зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээг 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 36 сарын хугацаатай байгуулж, даатгуулагч даатгалын зүйлийг гэрээнд заасан эрсдлээс даатгуулж даатгалын хураамж төлөх, даатгагч нь даатгалын тохиолдолд үүсэхэд даатгуулагчид нөхөн төлбөр олгох буюу даатгуулагчийн цалингийн зээлийн үлдэгдэл төлбөрийг даатгуулагчийн өмнөөс төлөхөөр харилцан тохиролцжээ. /7-9х/

 

Мандал даатгал ХХК нь 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хэлбэрээ өөрчлөн М Д ХК болгож өөрчилж улсын бүртгэлд бүртгүүлсэн. /хх26/

 

Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу Голомт банк ХХК-тай 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 13 000 000 төгрөгийн цалингийн зээлийг даатгалд хамруулж, даатгалын хураамж төлсөн талаар талууд маргаагүй. /хх-5-6/

 

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3 дахь хэсэгт зааснаар зээлдэгчийн гэнэтийн ослын гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан тул талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээ хүчин төгөлдөр.

 

Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх талаар Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зохицуулсан.

 

Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон шийдвэр болон 0382149 дугаартай актаар даатгуулагч Э.Ц 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр ердийн өвчний жагсаалтын 1-7-24 заалтаар хөдөлмөрийн чадвараа 80 хувиар алдсан буюу эрсдэл үүссэнээр даатгалын тохиолдол бий болжээ.

 

Нийгмийн даатгалын тухай хууль болон Засгийн газрын тогтоолоор батлагдсан Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэмд заасан эмч нарын комиссоор тогтоосон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь нь 70 ба түүнээс дээш байхыг хөдөлмөрийн чадвар бүрэн алдах гэж үзэх бөгөөд энэ нь нөхөн сэргээгдэхгүй тогтоогдож, хугацаагүйгээр тахир дутуу болохыг гэрээнд тодорхойлсон.

 

Иймд даатгалын тохиолдлын улмаас үүссэн нөхөн төлбөрийг нэхэмжлэгч даатгагчаас шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагч М Д ХК нь зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээний 2.1.2 болон Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч даатгалын нөхөн төлбөрийг шаардах эрхтэй. /хх-12-15х/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээний нөхцлийг хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбартай харьцуулан дүгнэж, М Д ХК-аас 5 223 683 төгрөгийг гаргуулж Э.Цд олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2020/02568 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 98 530 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.БАЙГАЛМАА