| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2206029983646 |
| Дугаар | 2023/ДШМ/694 |
| Огноо | 2023-07-06 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Ариунжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2023/ДШМ/694
2023 07 06 2023/ДШМ/694
Ж.М-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Ариунжаргал,
шүүгдэгч Ж.М-, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,
нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/701 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гаргасан давж заалдах гомдлоор Ж.М-д холбогдох 2206029983646 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
...,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1470 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 10.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн.
Шүүгдэгч Ж.М- нь шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, ... -иргэн П.А -оос 2.000.000 төгрөгийн үнэ бүхий Монгол гэр худалдан авч П.А -ын Хаан банкин дахь ... -тоот дансанд урьдчилгаа 300.000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл мөнгөө өгөөгүй, мөн үргэлжилсэн үйлдлээр “Тендерийн ажил авч өгнө, жолооны үнэмлэхийн эрх сэргээж өгнө” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд хохирогч П.А -оос 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 3.250.000 төгрөгийг Хаан банкны ... - тоот дансаар шилжүүлэн авч нийт 4.950.000 төгрөгийн хохирол учруулж, залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ж.М-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.М-ыг “үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зуйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-д 7 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, зорчих эрх хязгаарлах ялын хугацаанд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явах эрхийг хязгаарлаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.М-д Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1470 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгуулийн ял болон энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 07 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан давж заалдах гомдол болон тус шүүхэд гаргасан тайлбартаа: “... Миний үйлчлүүлэгч болон өмгөөлөгч нарын зүгээс гэм буруугийн асуудал дээр маргадаггүй. М- нь мөрдөн шалгах ажиллагаанаас авахуулан хэргээ үнэн зөвөөр мэдүүлж хохирогчийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан байдаг. ... Ж.М- нь өмнө нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1470 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосон байдаг. Уг шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгч Ж.М-ы хамгийн сүүлийн үйлдэл нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ноос 14-ний өдрийн хооронд иргэн Ш.Мөнхбаяраас 13.000.000 төгрөг авсан үйлдэлд ял шийтгүүлсэн байдаг. Гэтэл Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хэлэлцсэн Эрүүгийн хэрэг нь миний үйлчлүүлэгч М-ы өмнөх шийтгэх тогтоолд дурдсан сүүлийн үйлдэл болох Мөнхбаярыг залилсан гэх үйлдлээс өмнө болсон үйлдэл байдаг бөгөөд анхан шатны шүүх нь дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, түүнд 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. ... Энэ тохиолдолд миний үйлчлүүлэгч Ж.М-ы хохирогч А -ыг залилсан гэх үйлдэл нь хохирогч М -нарыг залилсан гэх гэмт хэргүүд нь хуулийн дээрх заалтын дагуу үргэлжилсэн үйлдэлтэй нэг гэмт хэрэг бөгөөд цаг хугацааны хувьд хохирогч А -ыг залилсан гэх үйлдэл нь Ж.М-ы өмнөх шийтгэх тоггоолд дурдсан гэмт үйлдлүүдийн өмнө болсон үйлдэл байдаг.
|
|
Гэтэл анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж Ж.М-ыг Эрүүгийн хуулийн тусгаи ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Ж.М-ы хувийн байдлын хувьд хувиараа түүхий эд бэлтгэн нийлүүлж түгээдэг бөгөөд ажлын зайлшгүй шаардлагаар хөдөө орон нутаг Улаанбаатар хотын 9 дүүргээр явж түгээлт хийх, бэлтгэн нийлүүлэх ажилд гардаг. Гэтэл түүнд зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан нь Ж.М-ыг ажил хөдөлмөр эрхлэх эрхэд нь халдаж байгаа нэг хэлбэр гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Түүнчлэн миний үйлчлүүлэгч нь урьд 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1470 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10.000 нэгж буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн бөгөөд уг ялыг Ж.М- нь ажил хөдөлмөр эрхэлж төлж байгаа тул түүнд зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан тохиолдолд миний үйлчлүүлэгч ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг төлөх боломжгүй болоход хүрээд байна. Ж.М-ы үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “... учруулсан хохирлыг төлсөн ...” гэх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байхад анхан шатны шүүхээс Ж.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “... Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусд нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно ...” гэж хуульчилсан. Энэ тохиолдолд өмгөөлөгчийн зүгээс дээрх хуулийн зохицуулалтыг анхан шатны шүүхээс хэрэглэх үндэслэлтэй бөгөөд харин оногдуулсан ялын хувьд миний үйлчлүүлэгчийн ажил хөдөлмөр эрхлэх эрхэнд нь халдсан, эрх зүйн байдлыг нь дордуулсан гэж үзэж байна. Иймд миний үйлчлүүлэгч Ж.М-ы хувийн байдал тодорхой эрхэлсэн ажилтай, торгуулийн ялыг төлөх боломжтой, эхнэр хүүхдийн хамт амьдардаг зэргийг нь харгалзан үзэж 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Ж.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хувиараа ажил, хөдөлмөр эрхэлж ар гэрээ авч явдаг. Ажлаар хөдөө явах шаардлага их байдаг тул надад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар өөрчилж өгнө үү. Миний бие хэрэгт холбогдох үедээ өмнө хэрэгт холбогдсон байгаа талаараа прокурортоо хэлэхэд “хэргийг чинь хааж өгнө” гэж хэлж байсан боловч хэргийг нэгтгэлгүй шийдвэрлэсэн” гэв.
Прокурор Д.Ариунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Улсын яллагчаас 2022 оны 10 дугаар сард яллах дүгнэлт үйлдэж Ж.М-ыг яллагдагчаар татсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаа өмнөх хэргийнх нь шүүх хуралдаан 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр болсон. Тухайн шүүх хуралдаанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс дахин өөр хэрэгт яллагдагчаар татагдсан гэдгээ хэлэх боломжтой байсан гэж харж байна. Прокурорын зүгээс Ж.М-ыг яллагдагчаар татах үед прокурорын нэгдсэн системд түүнийг яллагдагчаар татсан талаарх мэдээлэл байгаагүй учир түүнийг яллагдагчаар татаж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Прокурорын зүгээс анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.М-д хорих ял оногдуулах санал гаргасан. Учир нь, шүүгдэгч Ж.М- нь өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгох ялаас 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 400.000 төгрөгийн торгуулийг төлсөн гэсэн албан бичгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн. Мөн шүүгдэгч Ж.М- нь шүүх хуралдаан хойшлох үеүдэд хохирогчид хохирол төлбөр төлсөн мэтээр худал хэлсээр ирсэн. Иймд түүний хувийн байдлыг харгалзаж анхан шатны шүүхэд гаргаж байсан хорих ял оногдуулах ялын саналаа дэмжиж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Ж.М- нь 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, ... -иргэн П.А -оос 2.000.000 төгрөгийн үнэ бүхий Монгол гэр худалдан авч П.А -ын Хаан банкин дахь ... -тоот дансанд урьдчилгаа 300.000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл мөнгөө өгөөгүй, мөн үргэлжилсэн үйлдлээр “Тендерийн ажил авч өгнө, жолооны үнэмлэхийн эрх сэргээж өгнө” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд хохирогч П.А -оос 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 3.250.000 төгрөгийг Хаан банкны ... - тоот дансаар шилжүүлэн авч нийт 4.950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
Хохирогч П.А -ын “... М- нь 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр надаас анх 4 ханатай гэр худалдан авах үедээ надтай танилцсан. Тухайн өдрөө 2.000.000 төгрөгийн үнэ бүхий гэрийн мөнгөнөөс 300.000 төгрөгийг миний ... -дугаартай данс руу шилжүүлээд гэрээ авч явсан боловч үлдэгдэл 1.700.000 төгрөгийг шилжүүлээгүй. М- нь надад Монгол гэрийн модны тендер авч өгнө, тендерийн ажил авахын тулд хүмүүстэй уулзахад ойр зуурын мөнгө хэрэг болно гэж хэлж байсан. Тэгээд тендерийн ажлын хүмүүстэй хамт хоол идэх гэж байна, амралтад явах гэж байна гэх мэтээр худлаа хэлж надаас 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 200.000 төгрөгийг, 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 200.000 төгрөгийг, 2020 оны 08 дугаар сарын 31 -ний өдөр 1.000.000 төгрөгийг, 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 250.000 төгрөгийг тус тус авсан бөгөөд гүйлгээний утга дээр зээл гэсэн байдлаар бичсэн юм. Үүнээс хойш М- нь тендерийн ажил удахгүй бүтэх гэж байгаа, портер машин байна уу гэхээр нь манайд портер машин байгаа боловч манай хүү жолооны эрхээ хасуулсан гэж хэлтэл хэд хоногийн дараа над руу залгаад жолооны эрх сэргээгээд өгөх хүн байна, 1.000.000 төгрөг шилжүүлчих гэж хэлэхээр нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр М-ы хэлсэн ... - дугаарын данс руу шилжүүлсэн. Гэтэл М- нь хэд хоногийн дараа дахин над руу утсаар яриад жолооны үнэмлэх сэргээхэд нийт 1.800.000 төгрөг болдог юм байна, яаралтай 800.000 төгрөг шилжүүл гэж хэлсний дагуу түүний эхнэрийн ... - тоот данс руу 800.000 төгрөгийг шилжүүлсэн...” /хх-ийн 14-21/ гэж шүүгдэгч Ж.М-д мөнгө өгөх болсон шалтгаан, өгсөн мөнгөнийхөө тоо хэмжээ, болсон үйл явдлын талаар тодорхой мэдүүлсэн байх түүний мэдүүлэг нь:
гэрч Б.Д-ийн “... Би М- гэж хүнийг танихгүй, уулзаж байгаагүй бөгөөд ээжийн ярианаас нь сонсож байсан. М- гэж хүн ээжид Монгол гэрийн модны тендер авч өгнө, жолооны эрх сэргээнэ гэж хэлээд мөнгө авсан ...” /хх-ийн 25-26/,
яллагдагчаар Ж.М-ы “... Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг болон өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Гаргасан үйлдэлдээ маши их харамсаж байна. Би А -ын хохирлыг барагдуулна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 83/ гэх мэдүүлгүүд,
П.А -ын Хаан банкин дахь ... -, ... -, Б.Д-ийн ... - тоот депозит дансны хуулга /хх 31-37/,
П.А -ын Хаан банкин дахь ... -, ... -, ... -дугаар данснуудад үзлэг хийсэн “... нийт 3.250.000 төгрөгийн зарлага 300.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн байх ба хохирогч П.А - нь 3.250.000 төгрөгийг П.С-ийн ... - дугаар дансанд шижүүлсэн болох нь тогтоогдож байна. ...” гэх тэмдэглэл /хх 39-40/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 8/ зэргээр нотлогджээ.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Ж.М-ыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан бөгөөд шүүхээс Ж.М-ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт заасан 07 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын хэмжээ нийцсэн байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Ж.М-ы өмгөөлөгч О.Баярбаясгалангаас “шүүхээс миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан ял шийтгэл оногдуулсан тул ял шийтгэлийг хөнгөрүүлж, торгуулийн ялаар сольж өгөхийг” хүссэн ба ингэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлуудыг иш татсан байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа төрийн цээрлэл нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг бөгөөд эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.
Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлийг төрүүлдэг ач холбогдолтой. Иймээс ч шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэн нэгний хүсэл зоригт нийцүүлэх шаардлагагүй болно.
Хэрэгт авагдсан “СК” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлаагаар шүүгдэгч Ж.М- нь хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн байх боловч энэхүү баримтаар түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдолд дурдсан нөхцөл байдлыг тодорхойлох боломжгүй бөгөөд хувьцаа эзэмшигчийн ноогдол ашиг авдаг талаарх нотлох баримт авагдаагүй байхаас гадна нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй, бүртгэлгүй болох нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын лавлагаагаар тогтоодож байна.
Нөгөөтэйгүүр шүүгдэгч Ж.М- нь урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 сая төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж /хх123/ торгох ялыг биелүүлж дуусаагүй, мөн тухайн гэмт хэрэгт шалгагдаж байх үедээ дахин энэ төрлийн гэмт хэргийг санаатай үйлдэж, хувийн байдалдаа дүгнэлт хийгээгүй байхаас гадна, шүүгдэгч Ж.М-ы хувьд торгох ялыг биелүүлэх бодитой үндэслэл тогтоогдоогүй болно.
Иймд анхан шатны шүүхээс сонгон оногдуулсан зочих эрх хязгаарлах ял нь шүүгдэгч Ж.М-ы үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэм буруу, хувийн байдалтай тохирсон бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “... Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно.”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй.” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.”, 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч Ж.М- нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1470 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 сая төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн боловч хувийн байдалдаа дүгнэлт хийлгүй дахин энэ төрлийн гэмт хэргийг санаатай үйлджээ.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ж.М- торгох ял шийтгүүлсэн хугацаандаа дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн нь дээрх хуулийн зохицуулалтуудад хамаарагдаж, өөрийн эрх зүйн байдлаа дордуулах үр дагаварыг үүсгэсэн байна.
Эдгээр байдлуудыг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч Ж.М-ы урьд Банзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1470 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 сая төгрөгөөр торгох ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 сарын зорчих эрх хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.
Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/701 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.М-ы өмгөөлөгч О.Баярбаясгалангийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН