Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2024/1063

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Хэрлэнчимэгээс Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Саранцэцэгт холбогдуулан гаргасан “улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 0877726 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий прокурорын дүгнэлттэй захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Саранцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Саранцэцэг би Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 189 дүгээр дүгнэлтийг хүлээн авч танилцлаа. Тус дүгнэлтэд Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч буюу эрх бүхий албан тушаалтан Б.Саранцэцэг иргэн Э.Бямбасүхийг Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн гэж дүгнэн түүнд шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон эрх бүхий албан тушаалтан Б.Саранцэцэгийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Э.Бямбасүхийг 0877726 дугаартай хуудсаар шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичив гэсэн байна. Иймд Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Саранцэцэг би Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 189 дүгээр дүгнэлтийг, хүлээн зөвшөөрч байна. Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Саранцэцэг би цаашид алдаа, дутагдал гаргахгүй анхаарч ажиллана” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Хэрлэнчимэгээс 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тус шүүхэд хандан “Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 0877726 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай 189 дүгээр дүгнэлтийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Саранцэцэгээс “Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 0877726 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай прокурорын 189 тоот дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай хариу тайлбарыг бичгээр гаргасан байх бөгөөд хариуцагчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй” гэж заасан болохыг тайлбарласан.

Тухайн хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.“Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ”, 21.1.1.“нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах” гэж заасан шаардлагыг хангасан ба ийнхүү прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй хуульд харшлаагүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Хэрлэнчимэгийн дүгнэлттэй, Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Саранцэцэгт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Хэрлэнчимэгээс гаргасан “Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 0877726 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий дүгнэлтийг Налайх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Саранцэцэг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар Прокурорын дүгнэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                                        Н.ДАМДИНСҮРЭН